Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00879

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00879

 

 

************ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00262 дугаар шийдвэртэй,

************ нэхэмжлэлтэй, **********-д холбогдох,

22,892,547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, И.Чимэдбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн Н.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ************ нь Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богинын 14093, 6-р хэсэг гудамж, 633 тоот хаягт байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр зуслангийн байшин барих ажлыг Люкс сити ХХК-аар гүйцэтгүүлсэн.

Зуслангийн байшиндаа дээврийн материал авахын тулд 2017 оны 08 сард Баясах Атлас ХХК-ийн зар сурталчилгаа болон Иэйл хаягуудаар орж судалсан. Тус компани Турк улсын Ондумит компанийн PVC дээврийн хавтан дагалдах хэрэгслийн хамт дуу чимээ тусгаарлалт сайн, галд тэсвэртэй, ус чийгт тэсвэртэй, цохилтонд тэсвэртэй, бат бөх, өнгөний гандалтгүй, шинэ технологи, шинэлэг шийдэл, шалгарсан чанартай гэсэн сурталчилгаа хийж байсан учир итгэж уг бүтээгдэхүүн болох дээврийн материалыг сонгосон.

Баясах Атлас ХХК-иас 36 ширхэг дээврийн хуванцар хавтанг дагалдах хэрэгсэл болох дээврийн орой, дээврийн хөмсөг, шрупны тав, шрупны малгай зэрэг бүтээгдэхүүнийг нийт 5,818,620 төгрөгөөр худалдан авсан.

Манай байшин өвөл, зун амьдрах зориулалттай ба 2017 оны 12 дугаар сараас уг байшиндаа амьдарсан. 2018 оны хавраас дээвэр цуурч эхэлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сараас дээврээс цас борооны ус ихээр гоожин дээвэр дээр гарч харахад дээврийн хавтан энд тэндгүй их хэмжээтэй хагарч цуурсан байдалтай болсон байсан.

Дээврийн нүүрэн тал, нар ихээр тусдаг талдаа цуурч хагарч, арын хэсэг нь хагарч цуурсан зүйлгүй байсан. Дээврийн хавтангийн цууралтаас болж, дээврийг бүхэлд нь солих шаардлагатай болж энэ талаар Баясах Атлас ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч хүлээж аваагүй.

Ингээд би 2019 оны намар Ти энд жи ХХК-иас дээврийн материал зээлээр аваад байшингаа зассан.

Тухайн үед Люкс сити ХХК-ийн захирал н.Харцага бид хоёр дээврийн материалыг үзэж авсан ба худалдан авах үед Баясах Атлас ХХК материалын чанартай холбоотой хагаралт цууралт үүсдэг эсэх тухай мэдээлэл өгөөгүй. Харин 30 жилийн баталгаатай гэж сурталчилж байсан бөгөөд 2 жилийн баталгаа өгсөн.

Баталгаат хугацааны 2 жил ч бололгүй дээвэр хагарч ус гоожиж хохирол учирч энэ талаар барилгын мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулсан.

Баясах Атлас ХХК нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу шаардлага гаргасан боловч биелүүлээгүй.

Дээврийг буулган дахин засварлахад 22,892,547 төгрөгийн зардал гарах нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон.

Иймд 22,892,547 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу худалдсан. Биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Бид үйлдвэрлэгч Турк улсын Ондумит компанитай байгуулсан гэрээ, гарал үүслийн гэрчилгээг нотлох баримтаар өгсөн.

Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт үйлдвэрлэгчид хамааралтай шаардлага ба Монгол улсын зах зээлд худалдагч, нийлүүлэгч барилгын материал худалдахад тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг 2003 онд батлагдсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолоор зохицуулагдана.

Монгол улсын нэгдэн орсон стандарт, гэрээний дагуу нийлүүлж байгаа бараанд тохирлын гэрчилгээ авахгүй гэж заасан. Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар Европын холбооны ISO стандартад нэгдэж орсон. Манай компанийн худалдсан дээврийн хавтан ISO9001 стандартыг хангасан, чанарын удирдлагын системийн гэрчилгээтэй, энэ тохиолдолд давхар тохирлын гэрчилгээ авахгүйгээр хэрэглэнэ.

************ нь барилга бариулахдаа зураг төсөлгүй барьсан ба дээврийг технологийн дагуу угсраагүйгээс хагаралт цууралт үүссэн гэж үзэж байна.

Манай худалддаг дээврийн хавтанг барилга барих тусгай зөвшөөрөлтэй компанийн төлөөлөгчтэй буюу Люкс сити ХХК-ийн захирал н.Харцагатай хамт ирж танилцуулгыг үзэж сонгон авсан. Барилгын мэргэжилтэн хүнтэй ирж бүтээгдэхүүн авсан тул хэрхэн яаж суурилуулах бэ гэдгийг мэдэж байгаа гэж үзсэн. Дээврийн хавтанд дай мод хадаад хөөс цацаад химийн өөрчлөлтөд оруулсан байсан ба дээврийн хавтанг бага зэрэг хөдөлдөг байхаар суурилуулах ёстой. Дээврийн урд тал халахаараа агшин, хөрөхөөрөө сунадаг ба хөөсөөр шүршээд хөдөлгөөнийг нь барихаар хөдөлгөөнт байдалдаа орж чадахгүй хагарал үүссэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч Баясах Атлас ХХК-иас 22,892,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баясах Атлас ХХК-иас 272,413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Баясах Атлас ХХК-иас 350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************од олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 4.1 Анхан шатны шүүх нь хариуцагчийг "технологийн заавар болон тохирлын гэрчилгээ авсны дараа худалдан борлуулах байсныг зөрчсөн" буюу "Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг зөрчсөн" хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Барилгын тухай хуулийг буруу хэрэглэсэн. Тус хуулийн 43.1 дэх хэсэгт тохирлын гэрчилгээ авах үүргийг үйлдвэрлэгчид тусгайлан хүлээлгэсэн байхад гадаадаас худалдан авч борлуулагчид хүлээлгэсэн нь буруу.

4.2. "Тохирлын гэрчилгээ байхгүй бараа материал хэрэглэсэн гэж дүгнэсэн нь мөн хуульд нийцээгүй. Тохирлын үнэлгээний стандартыг Монгол улсын нэгдэн орсон стандартыг

a. 2003 оны Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай /тухайн барааг худалдан авах үед хүчин төгөлдөр байсан/ хууль болон

б, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиудын дагуу хэрэглэж байгаа тул Монгол улсын нэгдэн орсон ISO стандартын дагуу тохирлын гэрчилгээ бүхий Турк улсын Ондумит маркийн дээврийн хавтанг шууд худалдах эрх бүхий юм.

4.3. Ондумит дээврийн хавтанг худалдаж авсан үйлдвэрлэгч ба худалдагчийн албан ёсны интернэт хуудсыг судалж хэргийн нотлох баримтаар үнэлж өгөх хүсэлтийг шүүхэд тавьсан боловч хангаагүй тул хэргийг буруу шийдвэрлэх нэг үндэслэл болсон.

4.4. Мөн хариуцагчийн зүгээс 2 шинжээч 2 өөр дүгнэлт гаргасан, дээврийн хавтан нь Монгол улсын цаг агаарын нөхцөлд тохирох эсэх талаар үндэслэл бүхий лабораторийн дүгнэлт гаргуулж өгөх хүсэлтийг шүүхэд тавьсан боловч мөн хангаагүй.

Дээврийн хавтанг суурилуулах үеийн технологийн горим буюу хэдэн градуст угсралтын ажил хийж болох үеийн нөхцөлийг ашиглах үеийн цаг агаарын горим хэмээн дүгнэж буруу дүгнэлт гаргасан.

Н.Ариунболд нь тусгай зөвшөөрөл бүхий барилгын угсралт хийх эрхтэй гэх компанийн ажилтан нартай хамт ирж барааг сонгон худалдан авсан. Материалын бүтцэд нөлөөлөх байдал үүсгэсний улмаас халуун хүйтэнд технологийн дагуу холлох, хөөх агших хөдөлгөөнийг хаасан нөхцөлийн улмаас эвдрэл хагарал үүссэн байсан нөхцөл зэргийг шүүх харгалзаж үзээгүй нь буруу болсон

4.5. 300 шахам хэрэглэгч нараас нэг хуулийн этгээд нэг иргэний барилгад суулгасан дээврийн байдлыг сонгон авч үзлэг хийх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч мөн л үндэслэлгүйгээр татгалзсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх талаар үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй. 2016 онд хариуцагч дээврийн хавтанг оруулж ирсэн. ISO стандартыг орчуулаагүй, ажилчид нь мэдэхгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр зүйлүүдийг орчуулж, нөхөж бүрдүүлж, хэрэгт өгсөн байдаг.

Нэхэмжлэгч талаас эрхийн доголдлын талаар маргаагүй. Интернэт хуудсанд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргадаг. Энэ маргаан 2017 онд барааг худалдаж авснаар эхэлж, 2019 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байх үед 2022 онд үзлэг хийлгэх хүсэлт гаргадаг нь үндэслэлгүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч Баясахтлас ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот хаягт байршилтай, хувийн сууцны дээврийг буулган, дахин засварлах зардалд 22,892,547 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь Доголдолгүй бараа бүтээгдэхүүн байсан. ************ угсрахдаа алдаа гаргасан. гэж маргажээ.

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч Баясахтлас ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 17, 18, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 36 ширхэг дээврийн хуванцар хавтан, дээврийн орой, дээврийн хөмсөг, шрупны тав, шрупны малгай зэрэг бүтээгдэхүүнийг нийт 5,818,620 төгрөгөөр худалдан авсан нь төлбөрийн баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон.

Уг бүтээгдэхүүнд 2 жилийн баталгаат хугацаа олгосон нь талуудын тайлбар, зарлагын падааны бичилтээр тогтоогдсон, талууд маргаагүй. /1хх6-9/

Дээрх хувийн сууц нь ************, Л.Уянга, А.Домог нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ./1хх10/

2.б. Нэхэмжлэгч ************ нь дээрх сууцандаа 2017 оны 12 дугаар сараас амьдарсан гэх ба 2018 оны хавраас дээвэр цуурч, 2019 оны 05 дугаар сараас дээврээс цас, борооны ус гоожин, дээврийн нүүрэн тал, нар тусдаг тал цуурч хагарсан, худалдагч Баясах Атлас ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргахад хүлээж аваагүй гэх бөгөөд энэ талаар маргаагүй./1хх11/

2.в. Баясах-Атлас ХХК нь Турк улсын Ондумит барилгын материал компанитай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр борлуулалтын тусгай гэрээ байгуулан Ондумит дээврийн хавтанг тус компанийн гэрээт борлуулагчийн эрхтэйгээр Монгол улсад худалдаалж эхэлсэн үйл баримт тогтоогдсон.

2.г. ************ нь сууцны дээврийг буулгах, дахин барихад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 22,892,547 төгрөгийн зардал гарах нь /ажиллах хүчний зардал 8,552,927 төгрөг, материалын зардал 13,909,356 төгрөг, тээврийн зардал 75,936 төгрөг, машин ашиглалт 354,328 төгрөг/ хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Хариуцагч зардлын тайланг үгүйсгэж маргаагүй.

Мөн хэрэгт ************ дээвэр засварлахтай холбоотой зардлыг Ти энд Жи ХХК, Кристалвүүд ХХК-д тус тус төлсөн баримт авагджээ. /1хх12-47, 2хх159-172/

 

3. Талууд дээвэр цуурсан шалтгааны талаар, хохирлыг төлөх эсэх асуудлаар маргасан.

3.а. Нэхэмжлэгч нь дээврийн материалыг худалдахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирол учирсныг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаар худалдсан бараа бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанар, хэрэглэх, нөхцөл, журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх байдал тогтоогдоогүй.

Баясах-Атлас ХХК нь угсралтын технологийн талаарх зааварчлага бүрэн өгөөгүй, PVC хавтангийн хөндлөн үе болгонд буюу 20 см тутамд хөндлөн дай мод хийгдэн бэхлэгдэх байсныг 50 см-ийн зайтай бэхлэх зааварчлага өгснөөс тухайн дээврийн хавтанд хагарал, цуурал үүссэн болох нь удаа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

4.б. Монголбанкны дээвэрт үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18349 дугаар шүүгчийн захирамжаар тухайн байгууллагын дээврийн хавтанг Баясах-Атлас ХХК-иас худалдан авсан эсэх нь тодорхойгүй, мөн тухайн хавтан Монгол орны цаг уурын нөхцөлд таарсан эсэх, эвдрэл цуурал гарсан эсэх, хэрхэн угсарсан талаарх үйл баримтыг үзлэгээр тогтоолгох боломжгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Дээрх хүсэлт нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17449 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг өөрсдийн борлуулж буй бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд оруулах эсэх нь тухайн хуулийн этгээдийн шийдвэрлэх асуудал болно гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 254 дүгээр зүйлийн 254.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,223 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД