| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2019/04384/И |
| Дугаар | 001/ХТ2022/01276 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/01276
Ш -ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03662 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалтай,
Ш -ын нэхэмжлэлтэй
“Х ” ХХК-д холбогдох
Цалин, олговорт 6,933,458.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш , нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан цалин, олговорт 6,933,458.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03662 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “Х ” ХХК-аас 3,612,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,380,677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,754 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,612,781” гэснийг “3,502,151” гэж, “3,380,677” гэснийг “3,431,307” гэж, 2 дахь заалтын “72,754...” гэснийг “70,984...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.09.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсийг тооцохдоо: 1,800,000:21,5=83,721 /нэг өдрийн цалин хөлс/, 83,721:12=6,977 /нэг цагийн цалин хөлс/, 6,977x488=3,404,776 төгрөг /үндсэн цалин хөлс/ Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж зааснаар долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл цалин хөлс 83,721x1,5=125,581x9,3=1,167,903 төгрөг /долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлс/ Гэвч нэхэмжлэгч долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсөнд 529,205.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр хугацаанд нийтээр амрах баярын өдөр байгаагүй ба нэхэмжлэгчийн авах 3,933,981.00 /3,404,776+529,205/ төгрөгөөс зохигчдын маргаагүй буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 234,200.00 төгрөг болон бараа материалын үнэ 87,000,00 төгрөгийг тус тус хасвал нийт 3,600,781.00 төгрөг болж байна хэмээн тооцоолсон.
Дээрх анхан шатны шүүхийн тооцооллыг амралтын өдрийн нэмэгдлийг давхардуулан гаргасан гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажлын цагийг нэгтгэн бодох журам"-ын 2 дугаар зүйлд заасны дагуу ажилтны ажилласан цагийг анхан шатны шүүх нэгтгэн бодсон нь үндэслэлтэй боловч амралтын өдрийн нэмэгдлийг давхардуулан гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш -т 2018.09.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдрийг хүртэл нийт ажилласан 488 цагийн ажлын хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн атлаа 7 хоногийн амралтын 10 өдөр буюу 120 цагийн ажлын хөлсийг давхардуулан гаргасныг дараах байдлаар залруулах боломжтой. Үүнд: Нэхэмжлэгч нь 2018.09.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдрийг хүртэл нийт 488 цаг ажилласнаас 120 цаг нь долоо хоногийн амралтын 10 өдөр ажилласан байна. Иймд амралтын 10 өдөр ажилласан 120 цагийн ажлын хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж 1,255,815 төгрөг, ажлын өдөр ажилласан 368 цагийн ажлын хөлс 2,567,536 төгрөг, нийт 3,823,351 төгрөг гаргуулахаас хариуцагчийн цалинд өгсөн 234,000 төгрөг, мөн 87,000 төгрөгийн бараа материалыг хасаж тооцож 3,502,151 төгрөгийг “Х ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,431,307 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч би Ш -ын ажилласан цагийг цагийн бүртгэлд үндэслэн тооцоолохдоо нийт 488 цаг ажилласны 10 хоног буюу 120 цаг нь долоо хоногийн бямба, ням гариг байна гэж үзэж байна. Ш -ын сарын цалин хөлс нь 1,800,000 төгрөг байна. Ингээд нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцвол 1,800,000:21,5=83,721 /нэг өдрийн цалин хөлс/, 83,721:12=6,977 /нэг цагийн цалин хөлс/, 6,977x368=2,567,536 төгрөг /үндсэн цалин хөлс/, 120x6,977x1,5=1,255,860 төгрөг /бямба, ням гаригт ажилласан ажлын хөлс/ Гэвч нэхэмжлэгч долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсөнд 529,205 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр хугацаанд нийтээр амрах баярын өдөр байгаагүй ба нэхэмжлэгчийн цалин хөлс нь нийт 3,096,741 /2,567,536+529,205/ төгрөг байна. Нийт цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 11 хувийг хасаж тооцоход 2,756,099 төгрөг болно. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн дүнгээс хүн амын орлогын албан татварын 10 хувийг хасаж тооцоход 2,480,489 төгрөг, үүнээс хариуцагчийн цалинд өгсөн 234,000 төгрөг, мөн 87,000 төгрөгийн бараа материалыг хасаж хариуцагчаас 2,189,489 төгрөгийг гаргуулах нь үндэслэл бүхий байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 101/ШШ2020/03662 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч Ш -аас хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан цалин, олговорт 6,933,458.07 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 3,612,781 төгрөгийг гаргуулж, үлдэх 3,380,677 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг 3,380,677 төгрөг болгож багасгасан.
7. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан “ажиллаж байсан хугацааны ажлын хөлсний үлдэгдэл, илүү цагийн хөлсийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч ажлаа хаяж явсан тул цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл оногдуулсан, ажил хаяж явснаас компанийн олох ёстой орлогыг алдагдуулсан тул цалинг олгохгүй” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч нь 2018.08.27-ны өдрөөс 2018.10.17-ны өдөр хүртэл хариуцагч байгууллагад уулын инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсний талаар маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь сарын 1,800,000.00 төгрөгийн цалин хөлс авдаг байсан бөгөөд цалинг олгохдоо цагийн бүтээмжийг удирдлага болгож, хийж гүйцэтгэсэн ажлын тайланг үндэслэдэг байжээ. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.6-д заасныг үндэслэх боломжтой.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь сард 5 хоног амарч, өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амардаг байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.3-т заасныг тайлбарлавал, ажилтны долоо хоногт ажиллах цаг нь нийт 40 цаг, үүнээс ажлын 1 өдөр 8 хүртэл цаг ажиллах ба дараалсан 2 өдөр ажиллах тохиолдолд эдгээр ажлын өдрийн амралт нь 12 цаг болон түүнээс дээш хугацаатай байх учиртай. Хариуцагчийн ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамаарч ажилтан ажлын өдөр 8 цагаас илүү ажиллахын зэрэгцээ нийтээр амрах баяр ёслолын өдөр болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажиллах шаардлага гардаг байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3-т заасан хөдөлмөрийн норм, норматив-ыг батлаагүйгээс нэхэмжлэгчийн ажлын цагийг тухай бүр нэгтгэн бодох боломжгүй байна.
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажилтны цагийн бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч нь 2018.09.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг ажилласан ба 2018.09.01-ний өдрөөс 2018.09.30-ны өдөр хүртэлх хугацаанд ердийн журмаар ажиллах тохиолдолд ажлын 20 өдөр буюу 160 цаг ажиллаж, 10 хоног амрах ёстойгоос 300 цаг ажиллаж, 140 цаг буюу 5.8 өдөр илүү ажилласан, мөн 2018.10.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдөр хүртэлх хугацаанд 188 цаг ажилласан бөгөөд ердийн журмаар ажиллах тохиолдолд ажлын 13 өдөр буюу 104 цаг ажиллаж, 4 өдөр амрах ёстой байснаас нэхэмжлэгч нь 84 цаг буюу 3.5 өдөр, нийт 244 цаг буюу 9.3 өдөр илүү ажилласан боловч түүнийг нөхөн амраагаагүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Ажлын цагийг нэгтгэн бодох журмын 2, 5-7 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн 2018.09.01-ний өдрөөс 2018.10.17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсийг тооцвол 1,800,000:21.5=83,721 /нэг өдрийн цалин хөлс/, 83,721:12= 6,977 /нэг цагийн цалин хөлс/, 6,977x488=3,404,776 төгрөг /үндсэн цалин хөлс/ байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл цалин хөлс 83,721x1.5=125,581x9.3=1,167,903 төгрөг /долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлс/ болно. Гэвч нэхэмжлэгч нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсөнд 529,205.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр хугацаанд нийтээр амрах баярын өдөр байгаагүй ба нэхэмжлэгчийн авах 3,933,981 /3,404,776+529,205/ төгрөгөөс зохигчдын маргаагүй буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 234,200 төгрөг болон бараа материалын үнэ 87,000 төгрөгийг тус тус хасвал нийт 3,612,781 төгрөг болж байна. Иймд, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна.
9. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш -т 2018.09.01-ний өдрөөс 2018.10.18-ны өдрийг хүртэл нийт ажилласан 488 цагийн ажлын хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн атлаа 7 хоногийн амралтын 10 өдөр буюу 120 цагийн ажлын хөлсийг давхардуулан гаргасныг залруулах боломжтой. Нэхэмжлэгч нь 2018.09.01-ний өдрөөс 2018.10.18-ны өдрийг хүртэл нийт 488 цаг ажилласнаас түүний 120 цаг нь долоо хоногийн амралтын 10 өдөр ажилласан байна. Иймд долоо хоногийн амралтын 10 өдөр ажилласан 120 цагийн ажлын хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж 1,255,815 төгрөг, ажлын өдөр ажилласан 368 цагийн ажлын хөлс 2,567,536 төгрөг нийт 3,823,351 төгрөг гаргуулахаас хариуцагчийн цалинд өгсөн 234,200 төгрөг, мөн 87,000 төгрөгийн бараа материалыг хасаж тооцож 3,502,151 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,431,307 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэжээ.
10. Анхан шатны шүүхийн тооцооллын алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, уг шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
11. Хариуцагчийн өмгөөлөгчийн “... Ш -т 2,189,489 төгрөгийг олгох байсан, гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан эсэхийг хянадаг ба хоёр шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
12. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН