Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01187

 

 

“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                               

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2301 дүгээр магадлалтай,    

“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г т холбогдох

Гэм хорын хохиролд 40,999,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг                  

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч Г т холбогдуулан гэм хорын хохиролд 40,999,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г т холбогдох олох байсан орлого 40,999,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2301 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 2302 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, өөр хуулийг, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл баримт байхгүй, тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зохигчийн хууль ёсны ашиг сонирхлыг эдлүүлж, эрхийг хамгаалж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж, нотлох хуульд заасан эрхээ эдэлсэн, түүнчлэн шүүх хуралдааныг 4 удаа зохигчийн хүсэлтээр хойшлуулж өмгөөлөгчийг биечлэн оролцуулж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, хариуцагчийг захиалж үйлдвэрлэсэн мэт, нэхэмжлэгчийн маргаан бүхий зүйлийг борлуулалтын орлогын тоо буурсан нь гэм буруу байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй нотлох баримтаар үнэлсэнгүй гэх үндэслэл гаргаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь дээрх магадлалын тогтоох хэсгийн хуулийн зүйл хэсэгтэй нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж байгаа алдаа болж магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Б ” ХХК-аас хариуцагч Г т холбогдуулан хохиролд 40,999,966 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

7. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “манай патентын эрх бүхий 4 бүтээгдэхүүнийг хуулбарлан гадаад улсад захиалан хийлгэж, худалдан борлуулснаас компанийн борлуулалт илт муудаж алдагдалд орж хохирсон” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “тухайн бүтээгдэхүүнийг гадаад улсад захиалж хийлгээгүй, БНХАУ-ын Эрээн хотоос хэдэн ширхгийг авч худалдсан, тухайн үедээ улсын байцаагчийн торгуулийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлсөн, түүнээс хойш худалдан борлуулсан зүйл байхгүй” гэж маргажээ.

8. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

9. Учир нь, анхан шатны шүүх “хариуцагчийг патентын эрх бүхий бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн актаар торгосон, уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул зөрчил гаргасан гэм буруутай гэж үзнэ, иймд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа “... нэхэмжлэгчийн эзэмшдэг загварын патент бүхий хатан ээмэг гэх бүтээгдэхүүнийг хариуцагч худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж оюуны өмчийн улсын байцаагчийн шийдвэрт заагаагүй байна, иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн эзэмшдэг гэх хатан ээмэг загварын патентыг ашиглаж, уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул тухайн бүтээгдэхүүнээс олох орлого 12,409,966 төгрөгийг шаардах эрхгүй...” гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

10. Түүнчлэн, “... нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдсан материалын зарлагын падаан гэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримт нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулан үйлдэгдэж буй санхүүгийн анхан шатны баримт бөгөөд түүнд заасан бүтээгдэхүүний тоо, ширхэг, үнэ нь бодитоор маргаангүйгээр тогтоосон баримт биш. Өөрөөр хэлбэл, зарлагын баримтаар гарсан бараа, бүтээгдэхүүний төлбөр, тооцоо хийгдсэн болохыг нотлох анхан шатны өөр баримтгүйгээр нэр бүхий загварын бүтээгдэхүүнийг падаанд тусгасан тоо, үнээр худалдан борлогдсон болохыг нотлохгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан нь тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийн нэр заасан бүтээгдэхүүн бүрийн борлуулалтын тоо буурсан нь хариуцагчийн гэм буруугаас шалтгаалсан эсэхэд дүгнэлт өгөх, олох ёстой орлогоос гадна бүтээгдэхүүний загварыг гаргах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан зардал зэрэг бодит хохирлын хэмжээг тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж  заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй.

12. Иймд “давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, хариуцагчийг захиалж үйлдвэрлэсэн мэт, борлуулалтын орлого буурсанд хариуцагчийн гэм буруу байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх үндэслэл зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарласан тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2301 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА        

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН