Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01270

 

 

Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02602 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 255 дугаар магадлалтай,

Н гийн нэхэмжлэлтэй

“М ” ТББ, “У ” ХХК, Ц , Б  нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Н гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ц , Б  нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Ц , Б  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Уранзаяа, “М ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н , нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н  нь хариуцагч “М ” ТББ, “У ” ХХК, Ц , Б  нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Н гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ц , Б  нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02602 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н  нь хариуцагч “М ” ТББ, хариуцагч “У ” ХХК, хариуцагч Ц , Б  нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Компьютер молл худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н гийн нэр дээр шилжүүлэхийг Ц , Б  нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “У ” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 554,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 255 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н гийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Компьютер молл худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 дугаар давхрын 40.09 м.кв 6004 тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н гийн нэр дээр шилжүүлэхийг Ц , Б  нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтад бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт "... Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ нь бусдын өмчлөлийн хөрөнгийг бусдад шилжүүлж өгөхөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байна, нэхэмжлэгчийн “У ” ХХК-тай байгуулсан талбай захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн гүйцэтгэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, М ” ТББ-аас 51,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваад “У ” ХХК-д шилжүүлсэн гэх баримт байхгүй” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэгдүгээрт. Тухайн үед өрөөнүүдийн хуваалт хийгдээгүй, барилгын дотоод зураг бэлэн болж, тус талбайн өмчлөгч тодорхой болоогүй байсан тул тус оффист талбай захиалж буй бүх иргэн, ААНБ-ууд бүгд барилгын үндсэн захиалагч болох “М ” ТББ-тай гэрээ байгуулж байсан тул нэхэмжлэгч мөн “М ” ТББ-тай анхлан 2014.01.20-ны өдөр 15 дугаартай захиалгын гэрээ байгуулсан бөгөөд “М ” ТББ-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4, 3.1.5 “Барилгын дотоод зураг бэлэн болж, тус талбайн өмчлөгч тодорхой болсон үед гэрээг өмчлөгчтэй шинэчлэн байгуулна” гэж заасны дагуу 2015.01.20-ны өдөр 01/05 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г өмчлөгч болох “У ” ХХК-тай байгуулж Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40.09 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалсан байдаг. Талбай захиалж буй бүх иргэд, ААНБ-ууд эхлээд “М ” ТББ-тай гэрээ байгуулж байсан нь дараах шалтгаануудтай. Тухайн үед барилгын ажил дөнгөж эхэлж барилгын давхрын угсралтын ажил явагдаж байсан тул гурван талт гэрээний дагуу захиалагч болох “М ” ТББ-тай бүх иргэн, ААНБ-ууд гэрээгээ байгуулж, төлбөрөө тушааж байсан. Барилга тодорхой хэмжээнд баригдаж өрөөний хуваалт хийгдэх боломжтой болох үед захиалагч болох “М " ТББ нь өмчлөгч нарт талбайнуудыг хуваан өгөх ёстой байсан, хэдэн м.кв талбайг, хэд хэдэн давхраас авах нь тодорхой болсны дараагаар өмчлөгч нар нь захиалагч Н  зэрэг хүмүүстэйгээ гэрээгээ өөрсдийнхөө нэр дээр дахин байгуулах ёстой байсан.

Хоёрдугаарт. Иргэн Н  нь төлбөрөө бүрэн тушаасан байдаг. 2014.01.20-ны өдөр 1,200,000 төгрөг, 2014.08.22-нд 50,000,000 төгрөгийг буюу нийт 51,200,000 төгрөгийг бүрэн тушаасан.

Гуравдугаарт. Иргэн Н  нь барилга ашиглалтад орсноос хойш 2019.12.04-ний өдрийг хүртэлх хугацаанд захиалсан маргаан бүхий талбайг ашиглаж кофе шоп ажиллуулж байсан /энэ хугацаанд хэн ч миний өмч гэж маргаж байгаагүй, ямар ч Банк бус санхүүгийн байгууллагаас хүн ирж барьцаанд авч байгаа тухай мэдэгдэж байгаагүй буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.12.04-ний өдөр ирж албадан сулласан байдаг./ Жишээ баримт: Хэрэгт авагдсан 2019.11.22-ны өдрийн ашиглалтын нэхэмжлэх, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд байгаа.  

Дөрөвдүгээрт. Хэрэгт байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээрх бичгийн баримтуудаар хууль ёсны өмчлөгч нь иргэн Н  болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Иргэн Н  нь хамгийн түрүүнд захиалгын гэрээ байгуулж, төлбөрөө 100% тушаасан байсан тул хууль ёсны өмчлөгч байх ёстой, зээлийн барьцаанд тавигдсан байсан нь өмчлөгч гэж үзэхэд саад болохгүй, түүнчлэн банк бус санхүүгийн байгууллага өөрсдөө барьцааны зүйлийг биеэр очиж үзэх, шалгах үүргээ биелүүлээгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хэрэв тухайн үед банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны зүйлээ шалгаж үзсэн бол иргэн Н  кофе шоп ажиллуулж байгааг, иргэн Н гийн өмч гэрээтэй гэдгийг мэдэх боломжтой байсан, банк бус санхүүгийн байгууллага өөрсдөө Монгол банкны тухай хуульд зааснаар барьцааны зүйлээ шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтуудад бодитой дүгнэлтийг өгөөгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй. Жич: Шүүх гол дараах зүйлийг анхаарч үзнэ үү. “У ” ХХК-ийг хариуцагчаар татаад татгалзсан шалтгаан нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь "У ” ХХК байхаа больсон, "У ” ХХК, түүний захирал Д  нь Улсын хэмжээнд 8 газарт эрэн сурвалжлагдаж байсан буюу энэхүү иргэний хэрэг үүсэхээс өмнө эрэн сурвалжлагдаад эхэлсэн, багагүй хугацаа өнгөрсөн ч олдоогүй буюу 2 жил гаран хууль хүчний байгууллагад олдоогүй байсан, үүнээс улбаатай хэрэг удааширсан тул хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг СD дээрх “У ” ХХК-ийн захирал Д  нь нэхэмжлэгч Н тай өөд өөдөөсөө харж суугаад маргаан бүхий 6004 тоот талбайн гэрчилгээг нэхэмжлэгчид ойрын хугацаанд гаргаж өгөхөө амлан, мөн амлалтаа өөрийн гараар бичиж байгаа дуу, дүрстэй бичлэг авагдсан байсан. /2018.10.15-ны өдрийн дотор гаргаж өгнө гэсэн амлалт бүхий бичиг эх хувиараа хэрэгт авагдсан/ Хэрэв дээрх дуу дүрс бүхий СD-ийг судалсан бол маргаан бүхий 6004 тоот талбайд Н  кофе шоп ажиллуулж байгааг, мөн энэ кофе шоп-д нэхэмжлэгчийн өмнө өмчлөгч болох “У ” ХХК-ийн захирал Д  сууж байгаад хэрхэн амлалт өгч, хэрэгт авагдсан амлалт бүхий гар бичвэрийг өөрийн гараар бичиж байгааг буюу өмчлөгч “У ” ХХК-тай үнэхээр гэрээ байгуулсан, төлбөр тооцооны маргаангүй буюу бодит байдал ямар байсан нь тодорхой болж хэрэгт авагдсан “У ” ХХК-тай холбоотой бүхий л бичгийн баримтууд “У ” ХХК нь хэрэгт хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ороогүй ч бүх зүйл тодорхой харагдах байсан, олон зүйлд шүүх дүгнэлт хийж болох байсан, хэргийн оролцогчид бүгд Д ын бичлэгийг хараад Д ыг танина, шүүх 3 удаа СD-д үзлэгт хийлгүүлэхээр нэмэгдүүлсэн шаардлагатай хамт өгөхөд СD-ийг хүлээн авчхаад олон хоногийн дараагаар туслах нь буцаан өгсөн, дээрх бичлэгээс бүх зүйл тодорхой болох байсан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч Н  хариуцагч “М ” ТББ, “У ” ХХК, Ц , Б  нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Компьютер молл худалдааны төвийн 6-р давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 40.09 м.кв 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н гийн нэр дээр шилжүүлэхийг Ц , Б  нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “У ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна. 

Хариуцагч “М ” ТББ нь талбайн урьдчилсан захиалгын гэрээг өмчлөгчийн өмнөөс зөвшөөрлийн дагуу 2014.01.20-ны өдөр байгуулж, улмаар өрөөний зохион байгуулалт, хуваалт зэрэг бүх зүйл тодорхой болсны дараа өмчлөгчтэй гэрээг шинэчлэн байгуулах талаар тохиролцсон, өмчлөгч нь “У ” ХХК байсан тул нэхэмжлэгч тус компанитай дахин гэрээ байгуулсан, нэхэмжлэлийг тус компани хариуцна” гэж,

Хариуцагч Ц  нь ““Ж ББСБ” ХХК-аас арилжааны гэрээний дагуу маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг авч, улмаар Б д худалдсан бөгөөд одоо өмчлөгч биш болсон” гэж,

Хариуцагч Б  нь хууль тогтоомж зөрчилгүй гэрээ байгуулан 6004 тоотын шударга өмчлөгч болсон гэж тус тус маргасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж ББСБ” ХХК нь бид тухайн 6004 тоотыг хууль ёсны өмчлөгчөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх замаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н  нь хариуцагч “У ” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан үндэслэлээр тус компанид холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, бусад хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н  болон хариуцагч “М ” ТББ-ын хооронд байгуулагдсан 2014.01.20-ны өдрийн талбай урьдчилан захиалах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжтэй гэж үзсэн нь үндэслэл муутай, харин тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

9. Хэргийн баримтаас үзэхэд, 2014.03.05-ны өдөр хариуцагч “М ” ТББ нь “У ” ХХК, иргэн Р  нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 14 давхар оффис, үйлчилгээний барилга барих төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх тухай гурван талт хамтран ажиллах гэрээг байгуулж, “У ” ХХК нь төслийн ажлыг удирдан зохион байгуулж, эрсдэл эцсийн үр дүнг хариуцах, улмаар барилга байгууламжийн үйлчилгээний 6, оффисын 8, 9, 10, 13 дугаар давхруудыг, иргэн Р  нь төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн төслийн хэрэгцээнд зориулан барилга байгууламжийн үйлчилгээний 3 дугаар давхар, 5 дугаар давхар болон оффисын 11, 12 дугаар давхруудыг, хариуцагч “М ” ТББ нь захиалагчдаас захиалга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4 оффисын 7 дугаар давхруудыг тус тус  эзэмшихээр харилцан тохиролцсон нь тогтоогдсон байна.       

Үүнээс өмнө нэхэмжлэгч Н  нь 2014.01.20-ны өдөр хариуцагч “М ” ТББ-тай гэрээ байгуулж, дээрх 14 давхар оффис үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгын 6 давхрын 40 м.кв талбайг худалдан авах зорилгоор 51,200,000 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч, уг гэрээний зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө гэж талууд тодорхой харилцан тохиролцоогүй, тухайлбал талбайн хуваалт хийгдээгүй байжээ.          

Харин тухайн барилгын талбайн хуваалт тодорхой болсны дараа Н  нь 6004 тоотын өмчлөгч “У ” ХХК-тай  2015.01.20-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан байна.      

“У ” ХХК нь 2016.12.27-ны өдөр өмчлөлийн зүйл болох дээрх 6004 тоот талбайг “Ж ББСБ” ХХК-аас зээл авахдаа барьцаалсан, улмаар уг барьцааны зүйл зээлийн төлбөрт тооцогдон тус банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд 2018.10.03-ны өдөр, дараа нь тус байгууллагаас Ц  гийн өмчлөлд арилжааны гэрээний дагуу, хожим худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ц  гаас Б гийн өмчлөлд тус тус шилжсэн үйл баримт тогтоогджээ.         

10. Дээрх үйл баримтаас шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 6004 тоотын анхны өмчлөгч нь “У ” ХХК байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд харин хариуцагч “У ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Н  болон “М ” ТББ-ын хооронд гэрээ байгуулагдах үед талбайн өмчлөгч хэн болох нь тодорхой бус байсан, 2015.01.20-ны өдөр тус холбооны тэргүүн Н  өөрийн төрсөн дүү Н д банкны зээлээр талбай авч өгөх гэсэн юм, захиалгын гэрээг хийж өгөөч, зөвхөн арилжааны банканд үзүүлнэ гэсний дагуу уг гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу манай компанид ямар нэгэн төлбөр төлөөгүй, уг гэрээнд Н  гарын үсэг зураагүй, уг өмчийн зүйлээ “Ж ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавьж улмаар шилжүүлэн өгсөн” гэж маргасан тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байснаас гадна,  нэхэмжлэгч Н  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан учир түүний тус компанитай байгуулсан 2015.01.20-ны өдрийн талбай захиалгын гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн гүйцэтгэлийн биелэлттэй холбоотой шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу “У ” ХХК нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэхгүй.

11. Үүнээс гадна “У ” ХХК нь нэхэмжлэгч Н д худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх тохиолдолд ч маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө буюу 6004 тоот нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болж, улмаар зээлийн төлбөрт тооцогдон бусдын өмчлөлд, улмаар цааш дамжин өмчлөх эрх өөр бусдад шилжсэн энэ нөхцөлд эдгээр этгээдийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан үйлдлийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “У ” ХХК-ийн захирал Д ын маргаан бүхий объектын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөх тухай амлалт бичиг бичсэн, энэ баримтад шинжээч томилуулах, уг бичгийг бичиж өгөх үеийн бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх тухайн компанид холбогдох нэхэмжлэлээс татгалзсан учир хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангахгүй орхисон нь буруу биш байна.            

13. Иймд нэхэмжлэгч Н гийн хариуцагч “М ” ТББ, Ц , Б  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

14. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зохих этгээдэд нь холбогдуулан нэхэмжлэл гаргах, хохирлоо шаардахад энэ маргааныг шийдвэрлэсэн нь саад болохгүйг давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой заасан байна.           

15. Дээрх дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.                       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 255 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 554,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН