Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01191

 

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2394 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156,307,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “С ” ХХК-д  холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156,307,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109,640,176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,667,344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 706,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2394 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг, өмгөөлөгч  Б.Дамба нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2394 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн талаар дүгнэхдээ нотолгооны эх сурвалжгүй, баримтаар нотлогдоогүй хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзээгүй, орхигдуулсан, мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бүрэн бодитой үнэлээгүйгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь:

4.1. Нэхэмжлэгч "Т " ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээний талаар. Давж заалдах шатны шүүх магадлалдаа "Талууд 13 ширхэг сингл хаусын барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй. ... Харин нэхэмжлэгч "Т " ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ тодорхой бус ... байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв..." гэжээ.

Магадлалын энэ хэсгийн заалтыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ нь хэргийн баримтаар хангалттай нотлогддог. Үүнд: Нэхэмжлэгч "Т " ХХК нь нийт 13 сингл хаусын барилгын заслын ажлыг гүйцэтгэснээс 7 сингл хаусын барилгын заслын ажлыг бүрэн буюу 100 хувь гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, нэхэмжлэгч болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын үр дүнг тэднээс хүлээж авсан тухай актууд хавтаст хэргийн 61-133, туслан гүйцэтгэгч бригадуудын ахлагч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 169-185, хариуцагчийн төлөөлөгч, инженер, гэрч Д.Мөнхбатын мэдүүлэг хавтаст хэргийн 214-216, 2 талын гарын үсгээр баталгаажуулсан явцын гүйцэтгэл хавтаст хэргийн 152-156 болон эцсийн гүйцэтгэл хавтаст хэргийн 134-139 зэрэг баримтуудаар нотлогддог. Түүнчлэн "... Нэхэмжлэгч "Т " ХХК нь 2018.04.26-ны өдрийн АГГ 18/17, АГГ 18/18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу А-2 блокын 1 айл, А-1 блокын 2 айл нийт 3 айлын барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн." гэх хариуцагч "С " ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн хариуцагч "С " ХХК-ийн төслийн удирдагч, гэрч Б.Баттөмөрийн “Би "Т " ХХК-ийн гүйцэтгэлийг өдөр тутам хянаж байсан. ... "Т " ХХК нь С-1-ээс С-4-ыг дуустал С блокын 4 сингл хаусын барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн." гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч "Т " ХХК нь А блокын З, С блокын 4, нийт 7 сингл хаусын барилгын заслын ажлыг бүрэн буюу 100 хувь гүйцэтгэж дуусгасан болох нь нотлогддог. Хариуцагч "С " ХХК энэ талаар маргаагүй.

Үлдэх 6 сингл хаусын хувьд тэдгээр 6 сингл хаусын барилгын заслын ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн тухай актууд хавтаст хэргийн 157-163-р хуудсанд авагдсан. Тодруулбал, нэхэмжлэгч "Т " ХХК нь А блокын нийт 9 сингл хаусын барилга дээр дараах заслын ажлыг гүйцэтгэсэн. Үүнд өрлөг өрөх, шавардлага хийх, замаск татах, уур, ус тусгаарлагч хийх, бетонон шал цутгах, гоёлын болон энгийн гипсэн тааз угсрах, хаалга, цонхны амлагаа хийх, эмульс хийх, обой наах, плита наах, плитаны чигчээс хийх зэрэг нийт 12 нэр төрлийн ажлыг гүйцэтгэсэн ба хариуцагч энэ талаар маргаагүй. Манай Компани нь 6 хаусд хийгдэх дээрх 12 нэр төрлийн ажлаас 2 ажлыг буюу обой наах, плитаны чигчээс хийх ажлыг 80-90 хувьтай гүйцэтгэж, бусад 10 нэр төрлийн ажлыг бүрэн буюу 100 хувь гүйцэтгэсэн болох нь дутуу хийгдсэн ажлын актуудаар нотлогддог. /хх-ийн 157-163/.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ нь тодорхой бус, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь дутуу хийгдсэн ажлын актуудыг шүүх огт авч үзээгүй, тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй орхигдуулсан нь магадлалаар харагддаг ба үүгээр шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзсэн гэхэд эргэлзээтэй байна. Нөгөө талаар жишээ болгоход 1 м2 талбайд обой наахын тулд тухайн 1м2 талбай эхэлж шавардлага хийж, өнгө шавар хийнэ. Үүний дараа тухайн 1 м2 талбайд 2 үе замаск тавьж тэгшилгээ хийнэ. Ингээд обой наах юм. Тэгвэл бид дээрх 6 хаусын барилгын заслын ажлын хувьд шаврын ажлаа 100 хувь, 2 үе замаск, тэгшилгээгээ 1 хувь хийж, обой наах ажлын 80-90 хувийг гүйцэтгэсэн нь обой наах цогц ажлыг 5 хувь гүйцэтгэсэн гэж үзэхэд шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

4.2. "Т " ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... Нэхэмжлэгч "Т " ХХК-ийн хийсэн ажлын хэмжээ тодорхой бус ... 1 ширхэг хаусд заслын ямар ажлыг ямар хэмжээтэй хийх байснаас нэхэмжлэгч хэдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв..." гэжээ.

Магадлалын дээрх хэсгийн заалтыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь нэхэмжлэгч "Т " ХХК өөрийн гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон хаус тус бүр хийсэн ажлын нэр, төрөл, тоо, хэмжээг нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, тэдгээрийн үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд өөрийн санаачилгаар энэ гомдлын эхний хэсэгт дурдсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч "Т " ХХК нь хаус тус бүрт заслын ямар ажлыг ямар хэмжээтэй хийх байснаас хэдий хэмжээний ажлыг ямар хэмжээтэй гүйцэтгэсэн болох нь нотлогддог ба тодруулбал нэхэмжлэгч нь 7 сингл хаусын барилгын заслын ажлыг бүрэн буюу 100 хувь гүйцэтгэж, 6 сингл хаус тус бүрт хийх 12 нэр төрлийн заслын ажлаас 10 нэр төрлийн ажлыг 100 хувь, үлдэх 2 нэр төрлийн ажлыг 80-90 хувь гүйцэтгэсэн тухай тодорхой баримтуудыг үндэслэн дээр дурдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн шүүхээс өгсөн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөө талаар 13 сингл хаусд хийгдсэн заслын ажлын нийт хэмжээ болон хаус тус бүрт хийгдсэн заслын ажлын тоо, хэмжээний талаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй ба энэ нь хариуцагчийн хариу тайлбар, 2 шатны шүүх хуралдаанд гаргасан түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нотлогддог. Харин хариуцагч нь 6 хаусын талаарх дутуу хийсэн ажлын актуудыг үндэслэн хх-ийн 157-163 нэхэмжлэгчийг ажлаа дутуу гүйцэтгэж, орхиж явсан гэж маргадаг боловч ийнхүү маргахдаа тэдгээр 6 хаусын барилгын заслын ажлаас нэхэмжлэгч аль хаусын ямар заслын ажлыг ямар хэмжээнд дутуу орхиж явсан болохыг тодорхой тоо, хэмжээ бүхий баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй нь түүний тайлбарыг үндэслэл бүхий гэхэд илт эргэлзээтэй юм.

4.3. Ажлын хөлс, үнэлгээний талаар. Шүүх магадлалдаа "...Талууд 13 ширхэг сингл хаусын барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй, харин хийсэн ажлын үнэлгээ, хөлс дээр маргажээ..." гэжээ. Ажлын хөлс, үнэлгээний талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг би эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтууд тухайлбал анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргасан АГГ 18/17, АГГ 18/18 дугаартай бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийг нэхэмжлэгч "Т " ХХК хүлээн зөвшөөрч байгаа тул хяналтын журмаар гаргаж буй энэ гомдолдоо ажлын хөлс, үнэлгээний талаар аливаа гомдол гаргаагүй, өмнө гаргасан гомдлоосоо татгалзаж байгааг энэ тайлбараараа хүргэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Т " ХХК нь ажлын хөлс, үнэлгээний талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг, өмгөөлөгч Б.Дамба бид энэ гомдлын 4.1, 4.2 хоёр дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг, өмгөөлөгч Б.Дамба нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

6. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “С ” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156,307,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр шаардлагаа дэмжин “... талууд 2018.04 сард амаар, 13 сингл хаусын дотоод заслын ажлыг 6 сарын хугацаанд, захиалагчийн зардлаар хийхээр тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ... 2018.05.18-ны өдөр урьдчилгаа 19,000,000 төгрөг хүлээн авсан. 2018.08.02-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт ажлын хөлс 205,307,520 төгрөг болсноос хүлээн авсан 50,000,000 төгрөгийг хасаж ажлын үлдэгдэл хөлсөө нэхэмжилнэ” гэж тайлбарласан байна.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ажлаа бүрэн гүйцэтгээгүй, ... нийт 82,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс бид 50,000,000 төгрөг шилжүүлсэн. ... үлдэгдэл 31,000,000 төгрөгийг манай зүгээс зөвшөөрөхгүй. ... дутуу орхисон ажилд нь нэмж хүн оруулаад дуусгасан. ... төлбөрийн 30 хувийг мөнгөөр, 70 хувийг бартераар төлөхөөр тохирсон. Бид 30 хувийн төлбөрөө мөнгөөр шилжүүлсэн.” гэж мэтгэлцсэн байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 109,640,176 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, 2018.06.21, 2018.07.29-ний өдөр тус тус ажлын гүйцэтгэл тооцсон баримт, 2018.08.14-ний өдрүүдэд ажил хүлээлцсэн актад үндэслэвэл нийт ажлын хөлс 159,640,176 төгрөг байна. Үүнээс хүлээн авсан 50,000,000 төгрөгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажил болон гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ тодорхой бус, хэрэгт авагдсан баримтууд өөр хоорондоо зөрүүтэй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

9. Зохигчийн хэн аль нь нэг талаас “Т ” ХХК, нөгөө талаас “С ” ХХК харилцан тохирч 2018.04 дүгээр сараас Арцат виллаж төслийн 13 ширхэг сингл хауст дотор заслын ажлыг хариуцагчийн материалаар 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр, ажлын гүйцэтгэлийг 15 хоног тутам үе шаттайгаар хүлээн авахаар тохирсон үйл баримтын тухайд маргаагүй байна. Талууд ажлын хөлсийг зах зээлийн үнэ ханшаар тооцон олгохоор тохиролцсон талаар шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл гүйцэтгэсэн ажлыг 15 хоног тутамд дүгнэхдээ ажлын хөлс, нэгж үнийг нэг мөр тогтохоор тохирсон гэх үндэстэй байна.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 13 сингл хаус нь А1.2, А1.4, А1.5, А2-1, А2-2, А2-3, А2-4, А2-5, С1, С2, С3, С4 гэсэн дугаарлалт, ялгах тэмдэглэгээгээр нэрлэгдсэн байна. Зохигч гэрээний зүйл болох эдгээр хувийн сууцны зориулалттай барилгын тухайд маргаагүй. Талуудын гэрээний үндсэн тохиролцоо буюу хийх ажлын ерөнхий нэршлийг байшин тус бүрийн дотоод заслын ажил гэх боловч энэ нь өрлөг өрөх, шавардлага хийх, замаск татах, уур, ус тусгаарлагч хийх, бетонон шал цутгах, гоёлын болон энгийн гипсэн тааз угсрах, хаалга, цонхны амлагаа хийх, эмульс хийх, обой наах, плита наах, плитаны чигчээс хийх гэсэн 12 нэр төрлийн дэд ажлаас бүрдэж байна. Тус тайлбарыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн хамт шүүхэд ирүүлсэн баримтад жагсаан нэрлэсэн байх ба хариуцагч энэ тайлбарыг үгүйсгээгүй, няцаасан нотлох баримт хэрэгт бүрдүүлээгүй.

Эндээс дээр дурдсан 12 нэр төрлийн дэд ажлыг сууц бүрийн хэрэгцээ, онцлогоос шалтгаалан ялгамжтай хэмжээгээр хийхээр харилцан тохирсон гэж дүгнэхээр байна.

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан туслан гүйцэтгэгч тус бүртэй үйлдэж байсан ажлын гүйцэтгэлийн баримт, фото зураг болон гэрээ цуцлахын өмнө захиалагчийн инженертэй хүлээлцсэн ажлын акт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нийт 13 байшинд хийсэн дотоод заслын ажлын цар хүрээг тодорхойлж, үнийн дүнг ерөнхий гүйцэтгэгч ба туслан гүйцэтгэгчтэй тохирсон гэрээний харилцаанд үндэслэн тогтоосныг буруутгахгүй. Зохигчийн тайлбар, хариуцагчийн инженер Д.Мөнхбатын мэдүүлгээр гэрээ цуцлагдах үеийн байдлаар нийт ажлын 60 орчим хувь хийгдсэн, түүнчлэн ажлын хөлсийг ажлын нэр төрөл, талбайн нэгж хэмжээ тус бүрээр гэрээ байгуулах үед нарийвчлан тохироогүй, тухайн үеийн зах зээлийн ханшаар төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.

11. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үед ажлын хөлсийг гэрээ байгуулах үед ажлын нэр төрөл, ажил хийгдэх талбайн хэмжээгээр нарийвчлан тохироогүй ч зах зээлийн жишиг үнээр төлөхөөр тохиролцож болох бөгөөд энэ нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхэд саад болохгүй.

12. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн болохыг зөвшөөрсөн хэдий ч гүйцэтгээгүй, эсхүл доголдолтой гүйцэтгэсэн ажлын талаар аливаа баримт гаргаагүй, харин нэхэмжлэгч нь үе шат бүрт ажил хүлээлцсэн акт үйлдээгүй ч гэрээ цуцлах үед акт үйлдсэн, түүнчлэн туслан гүйцэтгэгч тус бүртэй шаардлагатай үе шатны ажлыг хүлээлцэж байсан баримтыг хэрэгт бүрдүүлсэн байх тул тус баримтад үндэслэн ажлын гүйцэтгэлийн хэмжээ ба нийт хөлсийг 156,640,176 төгрөгөөр тогтоож, уг мөнгөн дүнгээс нэгэнт хүлээн авсан 50,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 109,640,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэстэй гэж үзлээ.

13. Давж заалдах шатны шүүх гүйцэтгэх ёстой ажил болон гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ тодорхой бус, хэрэгт авагдсан баримтууд өөр хоорондоо зөрүүтэй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгохдоо талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсаны зэрэгцээ нэхэмжлэгч тал өөрийн хийж гүйцэтгэсэн, хийхээр тохирсон ажлыг нотлох зорилгоор шаардлагатай, өөрөөс хамаарах баримтыг шүүхэд гаргасан, хариуцагч талаас ажил гүйцэтгэснийг үгүйсгээгүй, дутуу гүйцэтгэсэн хэмээн маргаж байгаа боловч энэ талаарх үндэслэл бүхий баримт бүрдүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг анхаарсангүй.

14. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалцэцэг, өмгөөлөгч  Б.Дамба нарын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2394 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 706,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА           

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН