Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02394

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156 307 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2018 оны 4 дүгээр сард С ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-ийн хэрэгжүүлж байсан Арцат виллаж төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 13 ширхэг синглэ хаус барилгын дотор заслын ажлыг буюу энэ нэхэмжлэлийн хавсралт 1, 2, 3, 4, 5-т заасан ажлыг хариуцагчийн хөрөнгөөр 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч С ХХК нь ажлын үр дүнг үе шаттайгаар буюу 15 хоног тутамд хүлээн авч зах зээлийн үнийн ханшаар тооцон тухайн 15 хоног бүрийн ажлын хөлсний 70 хувийг бэлнээр, 30 хувийг бартерийн нөхцлөөр төлөхөөр тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ буюу нэхэмжлэлийн хавсралт 1, 2, 3, 4, 5-т заасан ажлыг Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэж, тохирсон ёсоор ажлыг 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний явцад хариуцагч С ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 19 000 000 төгрөг шилжүүлсэн ба харин дараа дараагийн 15 хоногийн ажлын хөлсийг мөнгө орж ирээгүй байна гэх шалтгаанаар өгөхгүй удаа дараа хойшлуулж, хэтрүүлж байсан. Компанийн зүгээс бид хариуцагчийн төлөөлөгч, төслийн удирдагч Б.Баттөмөрт хандаж тооцоо нийлэх, гүйцэтгэлээ бодуулах талаар амаар болон бичгээр удаа дараа шаардлага, мэдэгдэл өгч байсан ч элдэв шалтгаан тоочин хойшлуулах, эсхүл мөнгө байхгүй, орж ирэхээр нь нэг дор өгнө, материалаа арайхийж авч байна зэрэг тайлбарыг өгдөг байсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр захиалагч талын инженер Д.Мөнхбаттай хамт 4 удаагийн буюу 60 хоногийн ажлын гүйцэтгэлийг бодоход 103 338 000 төгрөг болсон ба санхүүд нь материалаа өгөхөд гүйцэтгэлийг чинь хүлээн авлаа, гэхдээ мөнгө өгөх боломжгүй байна, ерөнхий захирал танайд 100 хувиар бодож бартерын байр өгнө гэсэн гээд мөнгө өгөөгүй. Энэ талаар төслийн удирдагч Б.Баттөмөрт хэлэхэд С ХХК нь одоо мөнгөгүй байгаа, нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй тул ажлаа аргалаад хийж бай, мөнгө орж ирэхээр нь шийдэж өгнө гэсэн. Ажлаа зогсоохгүйн тулд өөр газраас орж ирсэн мөнгө болон зээл авах зэргээр ажлаа үргэлжлүүлсэн ч нөхцөл байдал улам хүндэрч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр туслан гүйцэтгэгч бригадууд ажлаа орхин явах болоход захиалагч талаас 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч С ХХК нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлж байснаас гадна тус компанийн ерөнхий инженер н.Сайнаа гэх хүний нийлүүлж байсан барилгын материал нь дутуу байх, чанаргүй материал нийлүүлэх, материалын хомсдолд оруулах зэргээр ажил зогсоох, саатуулах, мөн бусад деталь ажилбаруудыг заслын ажилтай уялдуулж явуулаагүйгээс гэрээгээр тохирсон ажлаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх, мөн чанар стандартын шаардлага хангахгүй, гологдол доголдолтой барилгын материалаар ажил гүйцэтгүүлж байсан нь нэг ажлыг дахин дахин гүйцэтгүүлэх зэрэг хүндрэл учруулж байсан. 2018 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын 15-ныг хүртэл С1-С4, А2-1-ээс 2-5, 1-2-оос 1-5 гэх 13 сингил хаусыг засварласан ажлын үлдэгдэл хөлс 156 307 520 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК, С ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2017/2 тоот ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Гэрээгээр таун хаусад хийх ажлын хөлсийг тохирч гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээд гэрээний харилцаа дуусгавар болсон. 2018 оны 4 дүгээр сараас инженер Б.Баттөмөрөөр дамжуулаад ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохирсон байдаг. Синглэ хаусын хувьд бичгээр гэрээ байгуулаагүй, өмнө нь өөр хаус дээр ажлын хөлсний талаар гэрээ хийгээд явж байсан. Манай компани огт ажил гүйцэтгээгүй гэхгүй, тодорхой хэмжээнд ажил гүйцэтгэсэн боловч ажлыг 100 хувь бүрэн гүйцэтгэж өгөөгүй, дутуу орхисон тул гомдолтой байна. Бүрэн гүйцэтгэсэн бол ажлын хөлсийг олгоход татгалзах зүйлгүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний үнийн дүнг харахад ялгаатай. Туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ нь нэхэмжлэлд хавсаргасан гэрээний үнийн дүнгээс 1000-2000 төгрөгөөр бага байгаа. Манай компанийн талбайн инженер Д.Мөнхбат, Б.Баттөмөр, Д.Жаргалцэцэг гурав 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нийт үнэ, нэгж хэмжээний үнэ гээд байгаа. Үүн дээр А2-1, А2-5 хүртэл гүйцэтгэсэн ажлын хэмжээ нийт үнийг тавьсан. Эндээс энэ актаар талууд тохироод тооцоо нийлсэн байдаг. Энэ үнийн дүнг харахад нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс бага байдаг. Зах зээлийн бодит ханш, талуудын тохиролцсон үнэлгээнээс өндөр үнэтэй нэхэмжлэл гараад байна. Гаргаж өгсөн баримтаас харахад нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэ хөлс харагдаж байгаа. Нийт 82 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, манай компани акт үйлдсэнээс хойш 30 000 000 төгрөг шилжүүлсэн, өмнө нь 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 50 000 000 төгрөг авсан дээр маргахгүй байгаа. Гүйцэтгэлийн зөрүү 31 000 000 төгрөг харагдаж байгаа. Манай зүгээс үүнийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, зохих журмын дагуу ажлаа манайд хүлээлгэж өгөөгүй, дутуу орхисон. Дутуу орхисон ажилд нь нэмж хүн оруулаад ажлаа гүйцээж, орон сууцыг ашиглалтад өгсөн. Хуулиараа гүйцэтгэсэн ажлын дүнг хүлээлгэж өгснөөр төлбөр төлөхийг зохицуулдаг тул төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй. Төлбөрийн 30 хувийг мөнгөөр, 70 хувийг бартераар төлөхөөр тохирсон ч татгалзсан. 30 хувийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Бартерын байрны асуудал яригдана. Туслан гүйцэтгэгч нар ажлаа хаяж явсан. Цалин мөнгөө өгөөгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Манайх туслан гүйцэтгэгч нарын цалин хөлсийг хариуцах үүрэг хүлээхгүй, Т ХХК-ийн захирал Д.Жаргалцэцэг хүнтэй гэрээ байгуулж хамтран ажилласан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109 640 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46 667 344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 706 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анх "Сити Палас" ХХК-тай гүйцэтгэх ажлынхаа талаар харилцан тохиролцохдоо 3 хаусын барилгын заслын ажлыг гүйцэтгэхээр болж, ажил гүйцэтгэх гзрээ бичгээр байгуулсан. Гэрээнд заасан ажлууд хийгдэх явцад хариуцагч "Сити Палас" ХХК-иас өдөр тутам хяналт тавьж байсан бөгөөд 1 сар шахам хугацаанд ажиллах үед "Сити Палас" ХХК-иас " ... Танай Компанийн ажлын гүйцэтгэл чанартай, сайн явж байнз. Та нар 3 биш, 13 хаус дээр заслын ажил хийгээч." гэсэн санал тавиахад нь бид " ... Хаврын ажлын үнэлгэз хямд байдаг. Бид 3 хаус дээр хямд үнэлгээгзэр тохиролцсон. 13 хаус дээр ажиллавал зуны улирал дуусна. Ажлын хөлсөө нэмж, дахин тохиролцвол бид 13 хаус дээр заслын ажил хийх боломжтой." гэсэн хариу өгсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа "Сити Палас" ХХК-ийн удирдлагаас ирж, ажлын хөлсийг нэг бүрчлэн ярьж, нэмэхээр тохиролцоод бид 13 хаус дээр заслын ажил хийхээр болсон. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-тай амаар тохиролцож, нэгж ажлын үнэлгээг нэмүүлсэн ба уг дүнгээр шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан юм. Иймд дээрх үндэслэлээр буюу ажил гүйцэтгэх гэрээний явцад нэхэмжлэгч "Тэргэл Ирээдүй" ХХК нь хариуцагч "Сити Палас" ХХК-тай харилцан тохиролцож, нэгж ажлын үнэлгээг өөрчлөн нэмүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл ч бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч Т ХХК-тай ажил хүлээлцсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд Т ХХК нь 2018 оны 8 дугаар сараас хойш сингл хаусны ажил гүйцэтгээгүй. Т ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь 2018 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарыг хүртэл гүйцэтгэсэн ажлын тооцооноос үзвэл тухайн ажлын хэр хэмжээ илэрхий дүгнэгдэх боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 60 хоногийн ажлын гүйцэтгэлийг бодоход 103 388 000 төгрөг гэж бичсэн нь худал бөгөөд мөн ажлын үнэлгээг тооцоо нийлсэн баримтын үнэлгээнээс өндрөөр үнэлэн худал үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн агуулгад 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэгч баригадууд ажил хаяж явсан талаар бичсэн, мөн тухайн үед ажиллаж байсан 6 хүний бүрэлдэхүүнтэй бригадаар гүйцэтгүүлэхээ мэдэгдээд явсан гэж бичсэн байдаг. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Баттөмөрийн мэдүүлэгт ажиллаж байсан 4 хүнээ аваад явсан гэж мэдүүлсэн. Үүнээс дүгнэхэд Т ХХК нь 2018 оны 8 дугаар сард ажиллах хүч хомс, ажил гүйцэтгээгүй гэдэг нь нотлогддог. Шүүхээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн бодит ажлын хэмжээг хэрхэн дүгнэсэн тодорхогүй, нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан дутуу ажлын акт гэх баримтууд бүрэн биш, дийлэнх баримтуудад хариуцагч талын инженерүүд хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байдаг. Эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж 90 хувиар шууд тооцон нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Шүүхээс А2-2, А1- 4, А2-1, А2-3 гэх дугаарлалт бүхий хаусын дутуу гүйцэтгэсэн ажлыг нэрлэн зааснаас үзэхэд актад дурдагдаагүй дугаарлалт бүхий хаусын ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Т ХХК-ийн захирал Д.Жаргалцэцэгийн ажлын хөлс нэхэмжлэхгүй гэж бичиг үлдээгээд явсныг анхаарч үзээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн нотлох үүрэгтэй энэхүү үүргээ биелүүлээгүй байхад үндэслэлгүйгээр төлбөр гаргуулсанд хариуцагч талаас гомдолтой байна. Нэхэмжлзгч хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээ цуцлан ажлаа орхин явсан байхад шүүхээс нэхэмжлэгчийг гэм буруугүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Дээрх баримтад дурьдсан болон дурдагдаагүй хаусны ажлыг манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй. Харин гүйцэтгэсэн ажлын бодит хэмжээ хэрэгт гаргаж өгсөн ажил хүлээж авсан баримтаар нотлогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156 307 520 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 13 ширхэг сингл хаус барилгын дотор заслын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэж 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн, ажлын хөлс 205 307 520 төгрөг болсноос урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл хөлс 156 307 520 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа 13 ширхэг синглэ хаусын ажлыг дутуу орхиж явсан, талууд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хийсэн ажлын гүйцэтгэл дээр акт үйлдэж 83 481 095 төгрөгний ажил гүйцэтгэсэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хийсэн ажлыг хүлээлцээгүй гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Талууд 13 ширхэг сингл хаусын барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаангүй, харин хийсэн ажлын хэмжээ, ажлын үнэлгээ, хөлс дээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ тодорхой бус, хийсэн ажлын хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь талууд 13 ширхэг сингл хаусын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч 1 ширхэг сингл хаусад дотоод заслын ямар ажлыг ямар хэмжээтэй хийгдэх байснаас нэхэмжлэгч хэдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй, зохигчдын тайлбар зөрүүтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Иргэний хэргийн нотлох баримт нь хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслэлээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг хамааруулахаар хуульчилжээ.

 

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлагын үндэслэл болгон гаргасан дээрх нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байх учиртай. Гэвч дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй байгаагаас үзвэл хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ