Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/02462

 

 

2020 9 15 183/ШШ2020/02462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт байрлах, Т.ХХК /РД:/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, давхарт байрлах С.ХХК /РД:/ -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156 307 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.ХХК нь 2018 оны 4 дүгээр сард С.ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Т.ХХК нь хариуцагч С.ХХК-ийн хэрэгжүүлж байсан Арцат виллаж төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 13 ширхэг синглэ хаус барилгын дотор заслын ажлыг буюу энэ нэхэмжлэлийн хавсралт 1, 2, 3, 4, 5-т заасан ажлыг хариуцагчийн хөрөнгөөр 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч С.ХХК нь ажлын үр дүнг үе шаттайгаар буюу 15 хоног тутамд хүлээн авч зах зээлийн үнийн ханшаар тооцон тухайн 15 хоног бүрийн ажлын хөлсний 70 хувийг бэлнээр, 30 хувийг бартерийн нөхцлөөр төлөхөөр тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ буюу нэхэмжлэлийн хавсралт 1, 2, 3, 4, 5-т заасан ажлыг барилгын тухай хууль болон барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэж, тохирсон ёсоор ажлыг 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний явцад хариуцагч С.ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 19 000 000 төгрөг шилжүүлсэн ба харин дараа дараагийн 15 хоногийн ажлын хөлсийг мөнгө орж ирээгүй байна гэх шалтгаанаар өгөхгүй удаа дараа хойшлуулж, хэтрүүлж байсан. Компанийн зүгээс бид хариуцагчийн төлөөлөгч, төслийн удирдагч Бт хандаж тооцоо нийлэх, гүйцэтгэлээ бодуулах талаар амаар болон бичгээр удаа дараа шаардлага, мэдэгдэл өгч байсан ч элдэв шалтгаан тоочин хойшлуулах, эсхүл мөнгө байхгүй, орж ирэхээр нь нэг дор өгнө, материалаа арайхийж авч байна зэрэг тайлбарыг өгдөг байсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр захиалагч талын инженер Дтай хамт 4 удаагийн буюу 60 хоногийн ажлын гүйцэтгэлийг бодоход 103 338 000 төгрөг болсон ба санхүүд нь материалаа өгөхөд гүйцэтгэлийг чинь хүлээн авлаа, гэхдээ мөнгө өгөх боломжгүй байна, ерөнхий захирал танайд 100 хувиар бодож бартерын байр өгнө гэсэн гээд мөнгө өгөөгүй. Энэ талаар төслийн удирдагч Бт хэлэхэд С.ХХК нь одоо мөнгөгүй байгаа, нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй тул ажлаа аргалаад хийж бай, мөнгө орж ирэхээр нь шийдэж өгнө гэсэн. Ажлаа зогсоохгүйн тулд өөр газраас орж ирсэн мөнгө болон зээл авах зэргээр ажлаа үргэлжлүүлсэн ч нөхцөл байдал улам хүндэрч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр туслан гүйцэтгэгч бригадууд ажлаа орхин явах болоход захиалагч талаас 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч С.ХХК нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлж байснаас гадна тус компанийн ерөнхий инженер н.Сайнаа гэх хүний нийлүүлж байсан барилгын материал нь дутуу байх, чанаргүй материал нийлүүлэх, материалын хомсдолд оруулах зэргээр ажил зогсоох, саатуулах, мөн бусад деталь ажилбаруудыг заслын ажилтай уялдуулж явуулаагүйгээс гэрээгээр тохирсон ажлаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх, мөн чанар стандартын шаардлага хангахгүй, гологдол доголдолтой барилгын материалаар ажил гүйцэтгүүлж байсан нь нэг ажлыг дахин дахин гүйцэтгүүлэх зэрэг хүндрэл учруулж байсан. Миний бие Сити паластай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын 15-ныг хүртэл С1-С4, А2-1-ээс 2-5, 1-2-оос 1-5 гэх 13 сингил хаусыг засварласан ажлын үлдэгдэл хөлс 156 307 520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Т.ХХК, С.ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2017/2 тоот ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Гэрээгээр таун хаусад хийх ажлын хөлсийг тохирч гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээд гэрээний харилцаа дуусгавар болсон. 2018 оны 04 сараас инженер Бөөр дамжуулаад ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохирсон байдаг. Синглэ хаусын хувьд бичгээр гэрээ байгуулаагүй, өмнө нь өөр хаус дээр ажлын хөлсний талаар гэрээ хийгээд явж байсан. Манай компани огт ажил гүйцэтгээгүй гэхгүй, тодорхой хэмжээнд ажил гүйцэтгэсэн боловч ажлыг 100 хувь бүрэн гүйцэтгэж өгөөгүй, дутуу орхисон тул гомдолтой байна. Бүрэн гүйцэтгэсэн бол ажлын хөлсийг олгоход татгалзах зүйлгүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний үнийн дүнг харахад ялгаатай. Туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ нь нэхэмжлэлд хавсаргасан гэрээний үнийн дүнгээс 1000-2000 төгрөгөөр бага байгаа. Манай компанийн талбайн инженер Д, Б, Д.Ж гурав 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нийт үнэ, нэгж хэмжээний үнэ гээд байгаа. Үүн дээр А2-1, А2-5 хүртэл гүйцэтгэсэн ажлын хэмжээ нийт үнийг тавьсан. Эндээс энэ актаар талууд тохироод тооцоо нийлсэн байдаг. Энэ үнийн дүнг харахад нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс бага байдаг. Зах зээлийн бодит ханш, талуудын тохиролцсон үнэлгээнээс өндөр үнэтэй нэхэмжлэл гараад байна. Гаргаж өгсөн баримтаас харахад нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэ хөлс харагдаж байгаа. Нийт 82 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, манай компани акт үйлдсэнээс хойш 30 000 000 төгрөг шилжүүлсэн, өмнө нь 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 50 000 000 төгрөг авсан дээр маргахгүй байгаа. Гүйцэтгэлийн зөрүү 31 000 000 төгрөг харагдаж байгаа. Манай зүгээс үүнийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, зохих журмын дагуу ажлаа манайд хүлээлгэж өгөөгүй, дутуу орхисон. Дутуу орхисон ажилд нь нэмж хүн оруулаад ажлаа гүйцээж, орон сууцыг ашиглалтад өгсөн. Хуулиараа гүйцэтгэсэн ажлын дүнг хүлээлгэж өгснөөр төлбөр төлөхийг зохицуулдаг тул төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй. Төлбөрийн 30 хувийг мөнгөөр, 70 хувийг бартераар төлөхөөр тохирсон ч татгалзсан. 30 хувийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Бартерын байрны асуудал яригдана. Туслан гүйцэтгэгч нар ажлаа хаяж явсан. Цалин мөнгөө өгөөгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Манайх туслан гүйцэтгэгч нарын цалин хөлсийг хариуцах үүрэг хүлээхгүй, Т.ХХК-ийн захирал Д.Ж хүнтэй гэрээ байгуулж хамтран ажилласан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэсний үндсэн дээр ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК нь хариуцагч С.ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 156 307 520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч С.ХХК-ийн хэрэгжүүлж байсан Арцат виллаж төслийн 13 ширхэг сингил хауст дотор заслын ажлыг хариуцагчийн материалаар 6 сарын хугацаанд хийж, гүйцэтгэхээр, ажлын гүйцэтгэлийг үе шаттайгаар 15 хоног тутам хүлээн авч, зах зээлийн үнэ ханшаар тооцон ажлын хөлс олгохоор тохиролцож амаар гэрээ байгуулсан. Нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 205 307 520 төгрөг болсноос 50 000 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 156 307 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргаж байсан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд гэрээ байгуулсан, нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн үйл баримтын талаар маргахгүй, харин гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

Шүүх дараах хууль зүйн үндэслэлэр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК нь нэр бүхий иргэдтэй 2018 оны 5 болон 6 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С1, 2, 3, 4, А2.1-А2.5, А1.2, А1.4, А1.5 дугаарлалт бүхий сингил хаусын дотор заслын ажлыг 2018 оны 4 сараас 8 сарыг хүртэл хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр, нийт ажлын хөлсөнд 131 776 592 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна. Улмаар гэрээ тус бүрийн ажлын үр дүнг актаар хүлээн авч, ажлын явцыг фото зургаар баталгаажуулжээ. /хх-40-133/

Хариуцагч С.ХХК-ийн талбайн инженер болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар гарын үсэг зурж, 2018 оны 06 сарын 21-ний өдөр ажлын гүйцэтгэлийг тооцож акт үйлдэж байсан байх ба 2018 оны 07 сарын 05-ны өдөр А2.1-А2.5, 1.2, 1.4, 1.5 дугаарлалт бүхий хаусын дотор заслын ажил гүйцэтгэсэн, шалгаж хүлээлцсэн акт үйлдэж, зургийн дагуу чанартай сайн гэж дүгнэсэн байна. /хх-132-155/

Гэрч Б ...Тэргэл-Ирээдүй ХХК нь 9 хаус дээр ажилласан... гэж, гэрч ...Д 14 хаусын дотор засал хийсэн... гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба 2018 оны 06 сарын 21-ний өдрийн төслийн удирдагч Б, талбайн инженер Д, ажил гүйцэтгэсэн Тэргэл-Ирээдүй ХХК /Д.Ж/ нарын гарын үсэгтэй ажлын гүйцэтгэлийн баримтыг гэрч Бийн ...засгаврын байрны зориулалтаар нэг хаусын дотор заслыг 2, 3 хоногийн хугацаанд шахаж хийлгүүлсэн... гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн 13 ширхэг сингил хаусын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл гэрчүүдын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК нь 2018 оны 04 сараас 2018 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн хэрэгжүүлж буй Арцат виллаж төслийн 13 ширхэг сингил хаусын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба тухайн үр дүн нь ямар шинж чанар, хэмжээтэй байх талаар болон гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга журам, хугацааг талууд хэрхэн тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-ийн туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний ажлын хөлс төлөх нөхцөл 15 хоног тутамд захиалагчийн гүйцэтгэлээр тооцон төлөх гэх тохиролцоо, хариуцагч С.ХХК-иас 2018 оны 05 сарын 18-ны өдөр 19 000 000 төгрөг, 2018 оны 08 сарын 02-ны өдөр 30 000 000 төгрөгийн ажлын хөлсний шилжүүлэг, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын гүйцэтгэлээр мөнгө олгохыг хүсч байсан талаар мэдүүлсэн гэрч Б, Д нарын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд ажил гүйцэтгэгч Тэргэл-Ирээдүй ХХК гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй боловч гэрээний хугацааг үргэжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч компанийн төслийн удирдагч Бийн үүрэг болгосноор талбайн инженер Д нь 2018 оны 08 сарын 14-ны өдөр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн нь ажил гүйцэтгэгчийн гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, өөрт ашиггүй гэх үндэслэлээр маргаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр нь хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдож байгаа нь дээр ажил гүйцэтгэгч Тэргэл-Ирээдүй ХХК нь тухайн нөхцөл байдалд гэм буруугүй тул гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчээс тодорхойлсон нэгж ажлын үнэлгээ өндөр буюу 2018 оны 06 сарын 21, 07 сарын 29-ний өдрүүдийн ажлын гүйцэтгэл тооцсон баримт дахь ажлын нэгж үнэлгээтэй зөрүүтэй байх ба тухайн баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул тус баримтан дахь нэгж ажлын үнэлгээг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин 2018 оны 07 сарын 29-ний өдрийн ажлын гүйцэтгэл тооцсон баримтыг 2018 оны 08 сарын 14-ны өдрийн ажил хүлээлцэн акттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ үндэслэлтэй. Тухайлбал 2018 оны 08 сарын 14-ний өдрийн ажил хүлээлцсэн актад А2-2, А1-4, А2-1, А2-3 гэх дугаарлалт бүхий хаусын дутуу гүйцэтгэсэн ажлыг нэрлэн зааснаас үзэхэд актад дурьдагдаагүй дугаарлалт бүхий хаусын ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч 2018 оны 07 сарын 29-ний өдрийн ажлын гүйцэтгэл тооцсноос хойш нэмж ажил гүйцэтгээгүй гэж маргаж байх боловч тэрээр татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолоогүй байна.

 

2018 оны 08 сарын 14-ний өдрийн ажил хүлээлцсэн актад А2-2, А1-4, А2-1, А2-3 гэх дугаарлалт бүхий хаусын нэрлэн заасан дутуу гүйцэтгэсэн ажлаас үзэхэд чигжээс дутуу, обойн хэсэгчилсэн газруудад дутуу байгааг талууд хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан тул обойн ажлын гүйцэтгэлийг 90 хувиар тооцох нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Хэрэг хянан шийдэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн дагуу явагддаг. Зохигчдын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргаагүй ба шүүх хөндлөнгийн байр суурьтай, санаачилгаараа шинжээч томилох хуулийн боломжгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож дараах дүгнэлтийг хийлээ.

 

Дээрхээс дүгнэхэд, С1-5 дугаарлалт бүхий хауст нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэхэмжлэгчийн тодорхойлсноор хавтаст хэргийн 22-р талд авсанд баримтыг үндэслэн, нэгж үнийг 2018 оны 06 сарын 21-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн баримтны нэгж үнэлгээгээр тооцоход 24 071 350 төгрөг, А1-2-А1-5, А2-1-А2-5 дугаарлалт бүхий хауст гүйцэтгэсэн ажлын хэмжээг мөн баримтыг үндэслэн, нэгж үнийг 2018 оны 07 сарын 29-ний өдрийн ажлын гүйцэтгэлийн баримтын нэгж үнэлгээгээр тооцоход 135 568 826 төгрөг, нийт нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 159 640 176 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд хүлээж авсан 50 000 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч С.ХХК нь нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д ажлын хөлс 109 640 176 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109 640 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д олгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 46 667 344 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 945 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 706 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109 640 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46 667 344 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 706 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэргэл-Ирээдүй ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ