Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2020/00212

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

    Дугаар 151/ШШ2020/00212

     Төв аймаг

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... байранд байрлах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........  тоотод оршин суух ..........  овогт Ж.А, 

Хариуцагч: ...... тоотод оршин суух ......... овогт А.С нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 45,077,981.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Зээлдэгч Ж.А, А.С нар нь “Х” ХХК-ийн нэг цэг төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээ болон БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 тоот Зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картны зориулалтаар зээлж авсан.

Өмнөх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэл дээр нэмж зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Ж.Анхбаярын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай №000240647, ........дугаартай 72 мкв хувийн сууц, мөн тус хаягт байршилтай №000329170, ........ дугаартай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000275111, ........дугаартай 500 мкв талбайтай өмчлөх эрх бүхий газар, мөн дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл, босоо шилэн хөргөгч том, босоо шилэн хөргөгч жижиг, хөлдөөгч зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээг хугацаанаас нь

өмнө цуцалж, зээлийн төлбөрт 45,077,981.12 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Д.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч Ж.А, А.С нар нь Х-өөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээ болон БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картны зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай №000240647, ........дугаартай 72 м.кв хувийн сууц, тус хаягт байршилтай №000329170, ........ дугаартай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000275111, ........дугаартай 500 м.кв өмчлөх эрхтэй газрын хамт, мөн дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл, босоо шилэн хөргөгч том, босоо шилэн хөргөгч, жижиг хөлдөөгч зэргийг тус тус барьцаалж зээлийг авсан. Зээлдэгч бизнесийн зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,843,208.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,726,413.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,124.90 төгрөг, нийт 12,581,747.04 төгрөгийн төлбөрийг төлсөн. Зээлдэгч Кредит картын гэрээний 2.1.7-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 634,599.51 төгрөг, нийт 634,599.51 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /143 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн зүгээс зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдэлийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-ийг үндэслэн: нэгд, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/20844008184 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрт 41,355,739.03 төгрөгийг гаргуулах, мөн А-ын 201843669315 тоот кредит картын зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрт 3,642,245.09 төгрөгийг гаргуулах,  нотариатын үйлчилгээний төлбөрт 23,500 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн нотариатын үйлчилгээний төлбөр 26,500 төгрөг, өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 80,000 төгрөгийг, бүгд нийт 45,077,981.12 төгрөгийг хариуцагч Ж.А, хамтран зээлдэгч А.С нараас гаргуулж, үүргийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Ж.А-ын эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай 72 м.кв хувийн сууц, тус хаягт байршилтай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай 500 м.кв өмчлөх эрхтэй газар бусад бараа материалуудын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 383,339.92 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад 70,200 төгрөгийг төлснийг хуульд зааснаар гаргуулж өгнө үү”

гэжээ.

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч "Х" ХХК нь тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 20/24 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан хүсэлт нь нэхэмжлэгчийн хуваарь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа эсэх тодорхойгүй эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн аль хэлбэр болох нь тодорхойгүй байна. Тус албан бичигт хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг жагсаан бичсэн байх ба дээрх хөрөнгүүдийн үнийн дүн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичгийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ж.А, А.С нарт  холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 43,548,534.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 ны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.А, А.С нараас 45,077,984.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлжээ /хх-1-2, 4, 71-73/.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын барьцааны хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, 45,077,981.12 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Ж.А-т нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардуулж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаа талаар тайлбарлаагүй байна /хх-48, 55, 81, 82, 85-87, 89/.

Хариуцагч А.С-д нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус гардуулсан,  мөн түүнийг шүүхийн дуудсан цагт ирэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШЗ2020/00218 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШЗ2020/00513 дугаартай шүүгчийн захирамжаар тус шүүхэд албадан ирүүлж, эрх үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааныг товыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан байна /хх-46-48, 50, 51, 54, 64, 65, 68, 70, 79, 80, 82, 85-88/.

Хариуцагч Ж.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч А.С нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох үндэслэл болохгүй бөгөөд хариу тайлбарыг гаргах эсэх, нэхэмжлэлийн

шаардлагад маргах эсэх нь тэдний эрхэд хамаарна.

Хариуцагч А.С нь “А.С-оос Ш.А-т ....... нэхэмжлэлтэй мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч намайг төлөөлөн оролцох...” гэх эрх олгосон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 32 дугаартай итгэмжлэл гэх нэг хуудас бичгийн нотлох баримтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минутад тус шүүхэд гаргаж өгсөн нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй, Ш.А нь “би өнөөдөр очихгүй” гэж 88050184 дугаарын утсаар тайлбарласан  /хх-91/, хариуцагч А.С нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг өөрөө мэдсэн, хэргийн материалтай өөрөө танилцаж гарын үсгээ зурсан, ямар нэг хүсэлт, тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд нэхэмжлэгч талын хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарыг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч ... шүүхэд ирж хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ж.А, А.С нартай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201844008184 дугаартай зээлийн гэрээг байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалттайгаар олгож, мөн өдрийн БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулан, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу жишиг хорооллын гудамжны 06 тоот хаягт байрлах 50м.кв талбайтай дэлгүүр /......../ болон 72м.кв талбайтай хувийн сууц /Ү-1427002793/, мөн хаягт байрлах 500м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /нэгж талбарын дугаар-........, Г-1427003310/ болон гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгүүдийг зээлдэгч Ж.А, А.С нарын нэхэмжлэгч “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны ЗГ/201844008184 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, зээлийн болон барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Уг зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч нарт олгосон, мөн нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Ж.А, А.С нарын хооронд байгуулагдсан дээрх ЗГ/201844008184 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна /хх-ийн 5, 6, 8-14, 19, 31-33/.

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/201844008184 тоот дугаартай зээлийн гэрээ, БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүдийг авч үзвэл зохигч талууд нөхцлөө харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан, хуульд заасан хэлбэрийн болон бүртгэлийн шаардлага хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй. /хх-11-14, 31-33, 5/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар зээлдэгч Ж.Анхбаяр, А.Солонго нар нь үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Ж.А, А.С нар нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны ЗГ/201844008184 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5, 2.2.1-т заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар зээлийн төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүрэгтэй байхад хариуцагч Ж.А, А.С нар нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээл болон зээлийн хүүг төлөхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэл, зээлийн тооцоолол, зээлийн бүртгэлийн карт болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар энэ талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна /хх-ийн 1-2, 8-10, 20, 71-72/.

Иймд 2019 оны 6 дугаар сараас зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, хуваарьт хугацаандаа төлөлтийг хийгээгүй үндэслэлээр зээлийг эргэн төлөхийг хариуцагч Ж.А, А.С нараас шаардаж, нэмэлт хугацаа тогтоон мэдэгдсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 05, 24, 30-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн баримт, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл, нэхэмжлэгч талын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх ба зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс хойш 5 сарын дараа нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалтад нийцжээ. /хх-22-23, 29-30, 40/

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч Ж.А, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 38,156,791.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,126,893.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,054.14 төгрөг, нийт 41,355,739.03 төгрөгийг  шаардах эрхтэй байна.

Барьцааны БГҮ201844008184, БГХ201844008184 дугаартай гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр, мөн тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх-11-14, 31-32/

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БГҮ201844008184-ний гэрээгээр барьцаалсан Ү-1427002793, ........ улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ........улсын бүртгэлийн дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ж.А, А.С нар нь зээлийн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгийг хууль заасан журмаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Кредит картын зээлийн төлбөрийн шаардлага

Мөн нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч Ж.А нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 дугаартай “Кредит картын гэрээ” байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын эрхтэйгээр, бэлэн зарлагын жилийн 30 хувийн, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг байх гэрээний саналыг хариуцагч Ж.А хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулжээ. /хх-7,15-17/

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч Ж.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Зээлдэгч Ж.А нь сар бүрийн 27-ны өдөр кредит картын зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөнөөс картын зээлийн үлдэгдэл 3,053,187.25 төгрөг, зээлийн хүү 487,249.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,805.24 төгрөг, нийт 3,642,245.09 төгрөгийг шаардах эрх үүссэн гэж дүгнэв.

Иймд хариуцагч Ж.А-аас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 дугаартай “Кредит картын гэрээ”-ний үүрэгт нийт 3,642,245.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Үүргийн зөрчлөөс үүссэн хохирлын шаардлага

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчснөөс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээнд 50,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 30,000 төгрөг, нийт 80,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардаж, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иймд хариуцагч Ж.А, А.С нараас гэрээний үүргээс үүссэн хохиролд 80,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /хх-3, 38, 40/.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 41,435,736.03 төгрөг /дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин таван мянга долоон зуун гучин зургаан төгрөг гурван мөнгө/-ийг хариуцагч Ж.А, А.С нараас, 3,642,245.09 төгрөг /гурван сая зургаан зуун дөчин хоёр төгрөг хоёр зуун дөчин таван төгрөг есөн мөнгө/-ийг хариуцагч Ж.А-аас тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.А, А.С нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ж.анхбаярын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу жишиг хорооллын гудамжны 06 тоот хаягт байрлах 50м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалттай, ........ улсын бүртгэлийн дугаартай болон 72м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ........улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, ........ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ........улсын бүртгэлийн дугаартай газрыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,539.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 380,313.92 төгрөгийг хариуцагч Ж.А, А.С нараас, 73,226 төгрөгийг хариуцагч Ж.А-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХБҮРЭН