Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2020/00005

 

“Хаан банк ХХК”-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                    хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Анхбаяр,  А.Солонго нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 45 077 381.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа, Х.Хишигсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Зээлдэгч Ж.Анхбаяр, А.Солонго нар нь ХААН банк ХХК-ийн нэг цэг төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээ болон БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 тоот Зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картын зориулалтаар зээлж авсан. Өмнөх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэл дээр нэмж зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Ж.Анхбаярын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай №000240647, Ү-1427002793 дугаартай 72 мкв хувийн сууц, мөн тус хаягт байршилтай №000329170, Ү-1427002924 дугаартай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000275111, Г-1427003310 дугаартай 500 мкв талбайтай өмчлөх эрх бүхий газар, мөн дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл, босоо шилэн хөргөгч том, босоо шилэн хөргөгч жижиг, хөлдөөгч зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 45,077,981.12 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа, Д.Наран нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Анхбаяр, А.Солонго нар нь ХААН банкны Төв салбарын нэг цэг төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээ болон БГҮ201844008184, БГХ201844008184 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 201843669315 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай №000240647, Ү-1427002793 дугаартай 72 м.кв хувийн сууц, тус хаягт байршилтай №000329170, Ү-1427002924 дугаартай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000275111, Г-1427003310 дугаартай 500 м.кв өмчлөх эрхтэй газрын хамт, мөн дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл, босоо шилэн хөргөгч том, босоо шилэн хөргөгч, жижиг хөлдөөгч зэргийг тус тус барьцаалж зээлийг авсан. Зээлдэгч бизнесийн зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,843,208.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,726,413.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,124.90 төгрөг, нийт 12,581,747.04 төгрөгийн төлбөрийг төлсөн. Зээлдэгч Кредит картын гэрээний 2.1.7-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 634,599.51 төгрөг, нийт 634,599.51 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /143 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн зүгээс зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-ийг үндэслэн: нэгд, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/20844008184 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрт 41,355,739.03 төгрөгийг гаргуулах, мөн Анхбаярын 201843669315 тоот кредит картын зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрт 3,642,245.09 төгрөгийг гаргуулах, нотариатын үйлчилгээний төлбөрт 23,500 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн нотариатын үйлчилгээний төлбөр 26,500 төгрөг, өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 80,000 төгрөгийг, бүгд нийт 45,077,981.12 төгрөгийг хариуцагч Ж.Анхбаяр, хамтран зээлдэгч А.Солонго нараас гаргуулж, үүргийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Ж.Анхбаярын эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байршилтай 72 м.кв хувийн сууц, тус хаягт байршилтай 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай 500 м.кв өмчлөх эрхтэй газар бусад бараа материалуудын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 383,339.92 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад 70,200 төгрөгийг төлснийг хуульд зааснаар гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ж.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Хаан банк”-ны тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 20/24 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан хүсэлт нь нэхэмжлэгчийн хуваарь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа эсэх тодорхойгүй эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн аль хэлбэр болох нь тодорхойгүй байна. Тус албан бичигт хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг жагсаан бичсэн байх ба дээрх хөрөнгүүдийн үнийн дүн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичгийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хариуцагч нарын хувьд үндсэн зээлийн төлбөр буюу 38.156.791 төгрөгийг гаргуулахад маргахгүй. Харин зээлийн хүү 3.126.893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.054 төгрөгийг бодохдоо Иргэний хууль болон Банк, эрх бүхий байгууллага хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монгол банкнаас гаргасан хүү бодох аргачлал, журмыг зөрчсөн гэж үзэж байна. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр миний бие хариуцагч А.Солонготой 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хаан банкны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болсон. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхээс миний 88050184 дугаарын утас руу залгаж "..өнөөдөр А.Солонгод холбогдох шүүх хуралдаан болно, та ирэх юм уу." гэсэн. Миний бие тухайн үед Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэгт Эрүүгийн шүүх хуралтай байсан тул очиж амжихгүй гэдгээ хэлсэн Гэтэл шүүх Хаан банкны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Солонгод холбогдох шүүх хуралдааныг хийж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, мөн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар итгэмжлэл хийлгэсэн хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж Иргэний хэрэг хянан шийдвэрпэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан "..Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ..", мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т "..төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй." гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр миний бие xэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч А.Солонгоос олгосон итгэмжлэлийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн “Хаан банк” ХХК нь Ж.Анхбаяр, А.Солонго нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хариуцагч 45 077 981 төгрөгийг гаргүулахаар нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч Ж.Анхбаяр, А.Солонго нараас хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ны нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нэхэмжлэл байхад шүүх өөрийн санаачилгаар хариуцагч нараас үнийн дүнг хувиарлаж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн заалтад нийцээг/й байх тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.“ гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ны Төв салбар Зуунмод тооцооны төв нь  хариуцагч Ж.Анхбаяр,А.Солонго нартай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, уг зээлийн гэрээний болон  Ж.Анхбаяртай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 60 сарын хугацаатай, кредит картын зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний, үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүү, үүргийн зөрчлөөс үүссэн хохиролд 80 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг Ж.Анхбаярын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар хариуцагч Ж.Анхбаяр, хариуцагч А.Солонго нарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбараас /хх-89 тал/ өөрөөр нэмж хариуцагч нар  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар үгүй байна.

Шүүх нэхэмжлэгч “Хаан банк”-ны нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэлх   хугацаанд хариуцагч Ж.Анхбаярт 11 дүгээр сарын 28-ны өдөр, хариуцагч А.Солонгод 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байна.  

Үүнээс үзвэл хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан атлаа шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар “Хаан банк”-ны Төв салбар, Зуунмод тооцооны төвтэй Ж.Анхбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр кредит картын зориулалтаар буюу кредит карт эзэмшигчийн хэрэглээндээ зориулан 3,000,000 төгрөгийн зээлжих эрхийг нээж, жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картын гэрээ, Ж.Анхбаяр, А.Солонго нар нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бизнесийн зээлийн зориулалтаар 45,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ тус тус байгуулсан байна.   

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Анхбаярын өмчлөлийн  Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт байрлах, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоотод байрлах 72 мкв хувийн сууц, 50 мкв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 500 мкв талбайтай өмчлөх эрх бүхий газар, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл, шилэн том, жижиг хөргөгч, хөлдөөгч зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр талууд байгуулжээ.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэлүүд байна.

Зээлдүүлэгч “Хаан банк” нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,зээлдэгч нарын нэр дээр 5756067516 дугаар данс нээж, уг харилцах дансанд 45 000 000 төгрөгийг    2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шилжүүлсэн бол Ж.Анхбаяр нь кредит картын  зээлжих эрхээр мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан байх бөгөөд зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Тухайлбал  Зээлдэгч Ж.Анхбаяр, А.Солонго нар нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зээлийн төлбөрт  6 843 208 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5 726 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  12 124 төгрөг нийт 12 581 747 төгрөг төлсөн, зээлийн төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтмол, тогтсон хэмжээгээр гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, Ж.Анхбаяр нь картын зээлийн хүүгийн төлбөрт 634 599 төгрөг төлж, кредит картын гэрээний дагуу сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогджээ.

Иймээс зээлдэгч нарын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Хаан банк нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийн үлдэгдэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй болно.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн зээлийн харилцааны зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  нь  хуульд нийцэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаярын  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Солонго нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан, хариуцагчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж 2 ч удаа гарсан байх ба уг  ажиллагааг гүйцэтгэж, түүнийг шүүхэд албадан ирүүлж  2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

Гэтэл А.Солонго нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулж   Ш.Амарбаярт эрх олгосон итгэмжлэлээ шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс итгэмжлэлийг хүлээн авсан даруй  утсаар холбогдоход тэрээр “би өнөөдөр очихгүй“ гэж утсаар мэдэгдсэн болохоос биш ямар учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаанаа тайлбарлаж шүүхэд мэдэгдээгүй байна.

Дээрх нөхцөл байдалд тулгуурлан шүүх хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй, буруутгах боломжгүй байна.  

Харин шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлага гаргах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д заалтыг хэрэглээгүй байх тул уг алдааг залруулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “227 дугаар зүйлийн 227.1” гэсний дараа “221 дүгээр зүйлийн 221.3-д“ гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 133 төгрөгийг орон нутгий төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧИД                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                    Т.ЭНХМАА