Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00045

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 дугаар шийдвэр,

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 223/МА2020/00005 дугаар магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Анхбаяр, А.Солонго нарт холбогдох,

 Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 45,077,981.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Ж.Анхбаяр, А.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 45,077,981.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахыг хүсчээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, хариуцагч Ж.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсны дараа ...нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 2020.01.20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй, эсхүл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн аль хэлбэр болох нь тодорхойгүй байна гэжээ.

 

2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 дугаар шийдвэрээр: ...хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, ...77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/201844008184 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 41,435,736.03 төгрөгийг хариуцагч Ж.Анхбаяр, А.Солонго нараас, 3,642,245.09 төгрөгийг хариуцагч Ж.Анхбаяраас тус тус гаргуулан, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Анхбаяр, А.Солонго нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ж.Анхбаярын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу жишиг хорооллын гудамжны 06 тоот хаягт байрлах 50м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалттай, Ү-1427002924 улсын бүртгэлийн дугаартай болон 72м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, Ү-1427002793 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, 18646285391607 нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-1427003310 улсын бүртгэлийн дугаартай газрыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 223/МА2020/00005 дугаар магадлалаар: ...анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй... гэх үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00212 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 227 дугаар зүйлийн 227.1 гэсний дараа 221 дүгээр зүйлийн 221.3-д гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч А.Солонгын хувьд үндсэн зээлийн төлбөр буюу 38,156,791 төгрөгийг гаргуулахад маргахгүй. Харин зээлийн хүү 3,126,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,054 төгрөгийг бодохдоо Иргэний хууль, Банк, эрх бүхий байгууллага хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монгол банкнаас гаргасан хүү бодох аргачлал, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. 2020.02.10-ны өдөр тус шүүхээс миний 88050184 дугаарын утас руу залгаж ..өнөөдөр А.Солонгод холбогдох шүүх хуралдаан болно, та ирэх юм уу... гэсэн, миний бие тухайн үед Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн шүүхэд эрүүгийн шүүх хуралтай байсан тул очиж амжихгүй гэдгээ хэлсэн, гэтэл шүүх Хаан банкны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Солонгод холбогдох шүүх хуралдааныг хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, мөн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар итгэмжлэл хийлгэсэн хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч А.Солонгоос олгосон итгэмжлэлийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

4.4. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар тодорхой дурдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нэхэмжлэл байхад нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн шийдвэрийг хууль ёсны мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.6. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Ж.Анхбаяр, А.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,077,984.12 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар нэхэмжлэл гаргасанд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

7. Зохигч 2018.11.02-ны өдөр №ЗГ/201844008184 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, банк 45,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар олгохоор, зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Ж.Анхбаярын өмчлөлийн Төв аймгийн Зуун мод сумын 3-р баг, Баянхошуу Жишиг хорооллын гудамж, 06 тоот хаягт байрлалтай 72 м.кв талбай бүхий хувийн сууц, 50 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 500 м.кв талбайтай, өмчлөх эрх бүхий газрыг, мөн хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалан, Барьцааны гэрээ байгуулсан,

2018.06.20-ны өдөр Хаан банк ХХК, Ж.Анхбаяр нар №201843669315 дугаартай Кредит картын гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий кредит картын зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүрийн санхүүгийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан үйл баримт тогтоогджээ.

 

8. Гэрээний хугацаанд зээлдэгч нар Зээлийн гэрээний үүрэгт 12,581,747.04 төгрөгийг, Кредит картын зээлийн гэрээний үүрэгт 634,599.51 төгрөгийг тус тус төлсөн боловч 2019 оны 05 дугаар сараас зээлийн төлбөрийн төлөлгүй 143 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр банк гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 41,355,739.03 төгрөг, кредит картын зээлийн гэрээний үүрэгт 3,642,245.09 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 80,000 төгрөг, нийт 45,077,984.12 төгрөгийг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

9. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заажээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

10.1. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлээгүй бөгөөд хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 

11. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т заасан гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

12. Хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, ...шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, мөн итгэмжлэл олгосон хариуцагчийн эрх ашгийг хамгаалуулахаар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, ...улмаар нэхэмжлэлийн шаардлага хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн... тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

12.1. Анхан шатны шүүх 2020.02.10-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч А.Солонгод 2020.02.05-ны өдөр мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан баримт хэргийн 87, 88 дугаар талд авагдсан байх бөгөөд шүүх хуралдаан товлогдсон 2020.02.10-ны өдрийн 11.10 цагт хариуцагч А.Солонгоос Ш.Амарбаярт 2020.01.31-ний өдөр олгосон итгэмжлэлийг шүүхийн бичиг хэргээр дамжиж ирүүлснийг үндэслэн шүүгчийн туслах 14.00 цагт хуралдах хуралдаанд ирж байгаа эсэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс лавлахад би өнөөдөр очихгүй гэсэн тайлбар гаргасныг тэмдэглэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж, 105 дугаар зүйлийн 105.1.-д ...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг ...шүүгч даруй шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч А.Солонго болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаярын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 223/МА2020/00005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч А.Солонгоос 2020.05.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД