Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01242

 

Н гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар магадлалтай,                                                                                                                                 

Н гын нэхэмжлэлтэй

О д холбогдох

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13, 11 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрх орон сууцуудын бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н га /танхимаар/, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүдсүрэн /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н га нь хариуцагч О д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13, 11 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрх орон сууцуудын бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н гыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32 м.кв талбай 1 өрөө орон сууц, Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрх орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Н гын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4100 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн тул хяналтын гомдол гаргаж байна.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас 2 байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр эрхийг нотлох бичиг баримтыг хуульд заасан журмын дагуу шилжүүлж өгөөгүй байна гэж дүгнэсэн төдийгүй намайг Н гын эрхийг зөрчсөн мэт дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Шүүх хүний эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэдэг гэж ойлгосон. Гэтэл Н гын ямар нэг эрхийг миний хувьд зөрчөөгүй, эрх нь ямар ч байдлаар хөндөгдөөгүй, өөрөө орон сууцандаа амьдарч байгаа, эзэмшиж, ашиглаж байгаагаа Н га нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа тодорхой бичсээр байгаа ба миний хувьд гэрчилгээг Төрийн банкны зээлээс чөлөөлж өгөх боломжтойгоо илэрхийлсээр байхад шүүхэд хандсан байдлыг анхаарахгүйгээр ямар ч хууль тайлбарлаж хэрэглэхгүйгээр намайг буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний зүгээс Н гын эрхийг зөрчөөгүй, түүний өмчлөх эрхэнд халдаагүй, ямар нэгэн байдлаар хохироогоогүй байхад шүүх хууль хэрэглэхгүйгээр намайг эрхийг нь зөрчсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ч үндэслэлгүй юм. Тэгсэн атлаа Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байхгүй байгааг дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй байхад намайг шүүх хуралдаанд оролцсон гэж 2021.01.07-ны өдрийн 08 дугаартай магадлалд бичсэн нь илт үндэслэлгүй байна. Миний хувьд уг хуралдаан болох үед биечлэн оролцох боломжгүй байсан түл шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдсэн байсан атлаа оролцуулсан гэж худал бичсэнд гомдолтой байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.20-ны өдрийн 1234 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.07-ны өдрийн 08 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Н га нь хариуцагч О д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13, 11 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрх орон сууцны бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг биет байдлаар нь түүнд хүлээлгэж өгсөн, одоо өөрөө тус орон сууцандаа амьдарч байгаа, нэхэмжлэгчийн хувьд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шууд биелүүлэх боломжгүй ...” гэж тайлбар гарган маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н гыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32 м.кв талбай 1 өрөө орон сууц, Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрх орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Н гын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О д даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О ын гомдлыг хангахгүй орхижээ.

8. Нэхэмжлэгч Н га, хариуцагч О нарын хооронд 2017.10.25, 2018.07.09-ний өдрүүдэд тус тус Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, 2017.10.25-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэгч О нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32 м.кв талбай 1 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулан захиалагч Н гад хүлээлгэн өгөх, захиалагч Н га орон сууцны үнэ 48,000,000 төгрөгийг төлөхөөр, 2018.07.09-ний өдрийн гэрээгээр гүйцэтгэгч О  нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулан захиалагч Н гад хүлээлгэн өгөх, захиалагч Н га орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.   

9. Н га нь дээрх хоёр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордеруудаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтад маргаагүй байна.

10. Хариуцагч О Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 2 орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээгүй, уг орон сууцуудыг барьцаалж Төрийн банк ХХК-аас зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.            

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... ” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА           

                                   ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

     Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД