Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 08

 

Н.Б нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Хд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Хд холбогдох ,

 

“Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42.5 м.кв/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 1 өрөө /32м.кв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрх орон сууцнуудын бичиг баримтыг гаргуулах” тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.Хын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүдсүрэн, хариуцагч О.Х нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н овогтой Б нь 2017.10.25-ны өдөр иргэн О.Хтай Орон сууц захиалан бариулах тухай" гэрээ хийж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны барилгаас 11 тоот 32мкв 1 өрөө мөн 2018.07.09-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 13 тоот 42,5мкв 2 өрөө байруудыг худалдаж авахаар болсон. 2018.10.01-ний өдөр гэхэд дээрх байрнуудын үлдэгдэл төлбөр мөнгийг 100% бүрэн төлж барагдуулж байрнууддаа нүүж орж өдийг хүртэл буюу 1 жил 7 сар амьдарч байна. Уг хугацаанд барилга гүйцэтгэгч болох О.Х нь:

 

1.Гэрээний үүргийн дагуу өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч талд шилжүүлээгүй. 2.Захиалагч талтай зөвлөлдөн асуухгүйгээр 40-н айлын орон сууцны барилгаа Төрийн банкны барьцаанд тавьсан.3.Төрийн банкнаас байрныхаа гэрчилгээ авах эрхүүдийг чөлөөлж авч байсан ч миний худалдан авсан 11 номер, 13 номерын байрыг одоо болтол чөлөөлж аваагүй банкны барьцаанд хэвээр үлдээсэн. 4.Бусдад зарагдаагүй орон сууцуудыг бартерын байр зарагдсан байр гэж хэлэн банкнаас чөлөөлөн авч зарсан. Гүйцэтгэгч тал болох иргэн О.Хын уг үйлдлүүд нь захиалагч талд эрсдэлтэй байдал үүсгэж байна гэж үзэж байна. Иймд гүйцэтгэгч тал болох иргэн Оюунцэрэн овогтой Хишигжаргалаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч тал болох иргэн Н овогтой Б надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Н.Б миний бие иргэн О.Хд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг захиалагч тал болох иргэн Н овогтой Б надад гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.Одоо нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч миний бие хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, орон сууцнуудын үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй байна. Үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42,5мкв/, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 11 тоот 1 өрөө /32мкв/ орон сууцнуудын өмчлөгчөөр Н.Б намайг тогтоож, эдгээр орон сууцнуудын өмчлөх эрхийн бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянагдаж буй Н.Баттулгын нэхэмжлэлтэй О.Хд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг биет байдлаар нь түүнд хүлээлгэн өгсөн. Одоо өөрөө тус орон сууцандаа амьдарч байгаа болно. Өмчлөх эрхийн бичиг баримтын хувьд одоогоор гаргаж өгөх боломжгүй гэж нэхэмжлэгчид хэлсэн байх ба нэхэмжлэгчийн хувьд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шууд биелүүлэх боломжгүй шаардлага байна. Иймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

О.Х, В.Б нар нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 800 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй Орхон аймагт 40 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулах зориулалтаар зээл авсан.Одоогийн байдлаар зээлдэгч нар нь зээлээ төлж дуусаагүй хугацаа хэтэрсэн тул зээлийг бүрэн төлж дууссан тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг бүрэн чөлөөлөх боломжтой. Эсвэл иргэн Н.Баттулгын нэхэмжлэлийн дагуу Ү-21010221524, Ү-21010221531 улсын бүртгэлийн дугааруудтай орон сууцуудыг 127 806 000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөс чөлөөлөх боломжтой гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баттулгыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг сум 11-р хороолол, 80-р байр 11 тоот 32м.кв талбай 1 өрөө орон сууц, Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 42,5мкв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрхи орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Баттулгын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О.Хд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4100 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ Н.Б нь орон сууцны үнийг төлсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Баттулгын зүгээс орон сууцны үнэ гэх мөнгө, төгрөгийг надад өгөөгүй бөгөөд харин манай захиалж бариулсан барилгын гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд авсан  бартерын орон сууцны худалдан авагчаар ирсэн. Түүнээс Н.Б нь орон сууцны үнийг төлсөн гэж худал дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх намайг бусдад худалдсан орон сууцыг Төрийн банканд барьцаалсан гэж худал дүгнэлтийг хийж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.-т заасан шаардлагыг хангажээ.

       Нэхэмжлэгч Н.Б хариуцагч О.Хд холбогдуулан “Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байр 13 тоот 2 өрөө /42.5 м.кв/, 11 тоот 1 өрөө /32м.кв/ орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчаас дээрх орон сууцнуудын бичиг баримтыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Х “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг биет байдлаар нь түүнд хүлээлгэж өгсөн, одоо өөрөө тус орон сууцандаа амьдарч байгаа, нэхэмжлэгчийн хувьд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шууд биелүүлэх боломжгүй шаардлага байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж маргажээ.

       Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б дээрх 2 байрыг бартер хийж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч тэрээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй болох нь тогтоогджээ.

        Хариуцагч О.Х  талуудын хооронд байгуулсан  Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.3-д заасны дагуу 2 байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн  өгсөн боловч тэрээр өмчлөх эрхийг нотлох бичиг баримтыг хуульд заасан журмын дагуу шилжүүлж  өгөөгүй байна.

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

       Хариуцагч О.Х гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс   нэхэмжлэгчийн орон сууц  өмчлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул түүний гаргасан “...Н.Баттулгын зүгээс орон сууцны үнэ гэх мөнгө, төгрөгийг надад өгөөгүй бөгөөд харин манай захиалж бариулсан барилгын гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд авсан бартерын орон сууцны худалдан авагчаар ирсэн, шүүх орон сууцны үнийг төлсөн, худалдсан орон сууцыг Төрийн банканд барьцаалсан гэж худал дүгнэлтийг хийж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй юм.

     Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.Хын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ