Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2020/00177

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2020/00177

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар баг, Т оршин суух Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр 2015 оны 01 сард томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороогүй ажиллаж байсан гэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Улмаар миний бие шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаар шийдвэрээр Д.Б-г төрийн албаны шалгалт өгөөгүй гэж ажлаас нь шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Д.Б-г төрийн сангийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилон ажиллуулах шийдвэр гарсан. Гэтэл ажил олгогч ажил томилохгүй байсаар буюу шүүхийн шийдвэрийг 2019 оны 10 сарын 11-ний өдөр биелүүлж Б/21 тоот тушаалыг гаргаж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилон ажиллуулахаар эгүүлэн томилсон. Д.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд томилох болсон 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нэхэмжилж байна. Мөн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цалингийн цэст өөрчлөлт орсон тул цалингийн цэс тодорхойлолтыг гаргуулж /ажил олгогчоос/ өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай гэр бүлийн хүн Д.Б нь Тонхил сумд 10 гаруй жил ажилласан. Тонхил сумын Засаг дарга М.Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тушаал гаргахгүй байсан. Сүүлд эрхэлж байсан албан тушаалд нь түр гэсэн тушаалыг нь гаргасан. Ажилгүй байсан 1 жил 9 сарын хугацааны цалинг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрээр олон үйл ажиллагаа явуулсан. Түр ажилд авсан гэсэн тушаалыг бид хууль бус тушаал гэж үздэг. Төрийн албаны шалгалтыг нь зарлаж өгнө үү гэсэн боловч зарлаагүй. Э.У нь 2017 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар хүртэл ажилласан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн материалаас харагдана. Э.У Тонхил сумд ажлаа авч ажилласан. Тонхил сумд ажиллах боломжгүй, Завхан аймагт эхнэр хүүхэд нь байдаг учраас Завхан аймагт ажиллахаар явсан. Д.Б төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод унасан эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад ороогүй асуудал байхгүй. 05 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан байсан бөгөөд тухайн өдөр Д.Б аавыгаа оршуулаад явж байсан.

Ийм учраас шүүхийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзээд дүйцүүлэх албан тушаалд томилохыг даалгасан. Э.У сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас ажилд томилогдох нь аргагүй. Э.У томилогдоод ажлаа хийж байгаад сүүлд нь арын гэрийн шалтгаанаар Завхан аймаг руу явсан. Д.Б гэдэг хүн шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж ярьж байна. Хавтаст хэргийн материалд Д.Б шүүхийн шийдвэр биелүүлээгүй юм уу? үгүй юм уу? гэдэг нь харагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар яагаад Д.Б-гийн асуудлаар ажиллагаа хийхгүй Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулаад байдаг юм бэ? 2, 3 удаа ажиллагаа явуулсан байдаг. Хамгийн сүүлд М.Х-г дуудаж ирүүлээд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол олон нийтийн сүлжээнд тавих хуультай. Дахин биелүүлэхгүй бол төрийн албанд ажиллах эрхийг чинь хасах хуультай гэж сануулсан учраас аргагүй байдалд орж тушаал гаргасан. М.Х Тамгын газрын даргын ажлыг хүлээж авангуутаа ажил үүргээ мэдээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байсан. Түр хугацаагаар томилсон тушаал гэж гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон нэхэмжлэгч зөвшөөрдөггүй. Мөн сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү удаа дараа санал, хүсэлт өгч байсан боловч одоо болтол сонгон шалгаруулалт зарладдаггүй. Ажил олгогчийн буруутай үйлдэл харагдаж байна. Уг шийдвэрээр дүйцэхүйц албан тушаалд томилох, үндэслэл болгож чөлөөлсөн. 02 дугаар тушаалаар өөр ажил албан тушаалд томилсон шийдвэр гараагүй. Үүнтэй холбоотой энэ шийдвэрэр томилох ёстой байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дахин ажил хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Буцаагаад дүйцэхүйц албан тушаалд томилсон шийдвэр хэрэгжээгүй. Тухайн шийдвэрийг биелүүлэхээр хүсэлт гаргасан. М.Х-тэй хувийн таарамжгүй харилцаатай байдаг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Тонхил сумын төрийн сангийн мэргэжилтний албан тушаал бол төрийн жинхэнэ алба бөгөөд сонгон шалгаруулалтад Э.У гэх хүн тэнцсэн байдаг. Ажилдаа орох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Д.Б ажлаа хүлээлгэж өгөөгүй. Э.У-ыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрээр Төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон байдаг. Харин Д.Б-г Тонхил сумын Тамгын газрын тухайн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаал томилохыг шаардсан шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Д.Б нь Э.У-т ажлаа өгөлгүйгээр өөрийн үндсэн ажлаа хийж цалин, хөлсөө бүрэн авч байсан. Харин 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн ирүүлсэн шийдвэрийн дагуу Д.Б-г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөлж Э.У-ыг томилсон. Харамсалтай нь Э.У нь Д.Б-гаас ажлаа авч чадаагүй. Ажлын хэсэг томилоод ажлыг авч чадаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Э.У болон Д.Б нар хоёулаа цалин хөлсөө нэхэмжилсэн. Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн боловч шүүхээс энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Э.У энэ хугацаанд томилогдсон учраас цалингаа нэхэмжилсэн боловч авч чадаагүй. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тушаалаар сумын хүн амын тоонд нийцүүлэн Тамгын газрын ажил албан тушаалыг баталж өгсөн байдаг. Д.Б-г томилох тухайн албан тушаалд нь дүйцэхүйц албан тушаал манай байгууллагад байхгүй. Тийм учраас Д.Б-г 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Төрийн албаны шалгалтад ороогүй хүнийг түр томилсон. Дүйцэхүйц албан тушаалд биш тухайн албан тушаалд нь сонгон шалгаруулалтад орж тэнцэх хүртэлх хугацаанд түр томилсон. Харамсалтай нь Д.Б ажлаа аваагүй. 2018 оны 7, 8 дугаар сар буюу бүтэн 2 сар төрийн албан хаагчдыг цалингүй байлгасан. Төрийн байгууллагуудын аж ахуйн болон бусад бүх гүйлгээ гацсан. Ийм учраас энэ хүнийг чөлөөлөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн тул дахин чөлөөлсөн. Э.У нь ажлаа ач чаддаггүй. Д.Б ирж ажлаа хийхгүй байсан. 2018 оны санхүүгийн асуудал бүхэлдээ цалгардсан нөхцөл байдал дунд бид төрийн албыг залгуулж ирсэн. Э.У ажлаа авч чадахгүй байсан учраас бид дахин өөрийнх нь албан тушаалд томилсон боловч энэ хүн одоо хүртэл ажлаа ирж аваагүй байгаа. Энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа огтхон ч үүсээгүй. Д.Б нь зөвхөн тушаал гаргуулж ажилд орохыг л хүсдэг. Хөдөлмөрлөөгүй байж цалин авахыг шаарддаг. Энэ хугацаанд санхүүгийн ажил, алба маш хүндрэлтэй байсан. Д.Б ажлаа хийдэггүй. Би тушаал гаргаагүй биш, гаргасан боловч ажлаа авдаггүй. Тушаал гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гаргасан. Дүйцэхүйц албан тушаал байгаагүй, байх боломжгүй. Өөрийнх нь ажиллаж байсан албан тушаалд 2 удаа томилсон. Хоёуланд нь ирж ажлаа аваагүй. Иймд Д.Б-гийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хууль бус, шударга бус, ажиллаж хөдөлмөрлөөгүй атлаа цалин нэхэмжилж байна гэж үзэж байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2 удаа ажилд томилсон боловч ирдэггүй, ажлаа хийгээгүй, ажлын хэсэгт ажлаа хүлээлгэж өгдөггүй. Тухайн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2018 оны 07 дугаар сараас 8 дугаар сар хүртэл томилсон боловч ажлаа ирж аваагүй талаар цагийн бүртгэл, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Х нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрээр сонгон шалгаруулалтад нэгээр гарч ирсэн Э.У-ыг Санхүүгийн албаны төсөв, Төрийн сангийн мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгч Д.Б-г Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн албаны төсөв, Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалтай дүйцхүйц албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл тус Тамгын газарт Санхүүгийн албаны төсөв, Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалтай дүйцхүйц албан тушаал байхгүй учраас энэ заалтыг хэрэгжүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж Э.У-т ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд Д.Б-г 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Б-г санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилсон. Гэтэл Д.Б нь ажил үүргээ хүлээж аваагүй тул 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Б-г ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжлтний албан тушаалд томилсон боловч өнөөдрийг хүртэл уг ажлаа хүлээж аваагүй, хийхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Учир нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дугаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.У-ыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 3 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-г эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцхүйц ажилд томилохыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Д.Б-г Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Улмаар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Б-г санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилсон боловч 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ...Төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилогдсон Д.Б нь хариуцсан ажлаа хүлээн авч ажиллахгүй байгаагаас төсөвт байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарсан учир Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /ХХ-52, 53, 56, 57/

Хэдийгээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-г Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалтай дүйцхүйц ажил албан тушаалд томилохыг даалгасан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа, шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтэц ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой юм.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалтай дүйцхүйц өөр ажил албан тушаал байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Харин Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Д.Б-г 2 удаа томилж, 2 удаа чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд, зохигчдын шүүх хуралдаанд өгч байгаа тайлбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаал нь Д.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д ...энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны олговор олгох зохицуулалт нь ажлаас буруу халагдсан буюу буруу шилжүүлсэн үед шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох зохицуулалт юм.

Гэтэл Д.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалууддаа буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Тухайн ажлаас чөлөөлсөн тушаал буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрх үүсээгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь шүүх хуралдаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга түр томилсон тушаал гаргасан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан тушаалуудад түр томилсон гэх тушаал байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129. дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


 

                                         

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ