Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2020/00014

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Намхайдорж

Шүүгчид: Ж.Баттогтох, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

/Говь-Алтай аймгаас онлайнаар/: Т.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч/Говь-Алтай аймгаас онлайнаар/: Ж.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч

/Говь-Алтай аймгаас онлайнаар/: Б.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.******* нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр 2015 оны 01 сард томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороогүй гэж ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Улмаар миний бие шүүхэд хандсанаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрээр Д.*******г төрийн албаны шалгалт өгөөгүй гэж ажлаас нь шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Д.*******г төрийн сангийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилон ажиллуулах шийдвэр гарсан. Гэтэл ажил олгогч ажил томилохгүй байсаар буюу шүүхийн шийдвэрийг 2019 оны 10 сарын 11-ний өдөр биелүүлж Б/21 тоот тушаалыг гаргаж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон. Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд томилох болсон 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нэхэмжилж байна. Мөн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цалингийн цэст өөрчлөлт орсон тул цалингийн цэсний тодорхойлолтыг гаргуулж /ажил олгогчоос/ өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Манай гэр бүлийн хүн Д.******* нь Тонхил сумд 10 гаруй жил ажилласан. Тонхил сумын Засаг дарга М.*******ээ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тушаал гаргахгүй байсан. Сүүлд эрхэлж байсан албан тушаалд нь түр гэсэн тушаалыг нь гаргасан. Ажилгүй байсан 1 жил 9 сарын хугацааны цалинг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрээр олон үйл ажиллагаа явуулсан. Түр ажилд авсан гэсэн тушаалыг бид хууль бус тушаал гэж үздэг. Төрийн албаны шалгалтыг нь зарлаж өгнө үү гэсэн боловч зарлаагүй. Э.******* нь 2017 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар ажилласан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн материалаас харагдана. Э.******* Тонхил сумд ажлаа авч ажилласан. Тонхил сумд ажиллах боломжгүй, Завхан аймагт эхнэр хүүхэд нь байдаг учраас Завхан аймагт ажиллахаар явсан. Д.******* төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод унасан, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад ороогүй асуудал байхгүй. 05 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан байсан бөгөөд тухайн өдөр Д.******* аавыгаа оршуулаад явж байсан. Ийм учраас шүүхийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзээд дүйцүүлэх албан тушаалд томилохыг даалгасан. Э.******* сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас ажилд томилогдох нь аргагүй. Э.******* томилогдоод ажлаа хийж байгаад сүүлд нь арын гэрийн шалтгаанаар Завхан аймаг руу явсан. Д.******* гэдэг хүн шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж ярьж байна. Хавтаст хэргийн материалд Д.******* шүүхийн шийдвэр биелүүлээгүй юм уу? үгүй юм уу? гэдэг нь харагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар яагаад Д.*******гийн асуудлаар ажиллагаа хийхгүй Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулаад байдаг юм бэ? 2, 3 удаа ажиллагаа явуулсан байдаг. Хамгийн сүүлд М.*******ээг дуудаж ирүүлээд хуулинд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол олон нийтийн сүлжээнд тавих хуультай. Дахин биелүүлэхгүй бол төрийн албанд ажиллах эрхийг чинь хасах хуультай гэж сануулсан учраас аргагүй байдалд орж тушаал гаргасан. М.*******ээ Тамгын газрын даргын ажлыг хүлээж авангуутаа ажил үүргээ мэдээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байсан. Түр хугацаагаар томилсон тушаал гэж гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон нэхэмжлэгч зөвшөөрдөггүй. Мөн сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү удаа дараа санал, хүсэлт өгч байсан боловч одоо болтол сонгон шалгаруулалт зарлагддаггүй. Ажил олгогчийн буруутай үйлдэл харагдаж байна. Уг шийдвэрээр дүйцэхүйц албан тушаалд томилох, үндэслэл болгож чөлөөлсөн. 02 дугаартай тушаалаар өөр ажил албан тушаалд томилсон шийдвэр гараагүй. Үүнтэй холбоотой энэ шийдвэрээр томилох ёстой байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Буцаагаад дүйцэхүйц албан тушаалд томилсон шийдвэр хэрэгжээгүй. Тухайн шийдвэрийг биелүүлэхээр хүсэлт гаргасан. М.Хүүхнээтэй хувийн таарамжгүй харилцаатай байдаг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргаагүй.

Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хүүхнээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төрийн сангийн мэргэжилтний албан тушаал бол төрийн жинхэнэ алба бөгөөд сонгон шалгаруулалтад Э.******* гэх хүн тэнцсэн байдаг. Ажилдаа орох хүсэлтийг удаа, дараа гаргасан боловч Д.******* ажлаа хүлээлгэж өгөөгүй. Э.*******ыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрээр Төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон байдаг. Харин Дагвын *******г Тонхил сумын Тамгын газрын тухайн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаал томилохыг шаардсан шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Д.******* нь Энхбатын *******т ажлаа өгөлгүйгээр өөрийн үндсэн ажлаа хийж цалин, хөлсөө бүрэн авч байсан. Харин 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн ирүүлсэн шийдвэрийн дагуу Д.*******г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөлж Э.*******ыг томилсон. Харамсалтай нь Э.******* нь Д.*******гаас ажлаа авч чадаагүй. Ажлын хэсэг томилоод ажлыг авч чадаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Э.******* болон Д.******* нар хоёулаа цалин хөлсөө нэхэмжилсэн. Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн боловч шүүхээс энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Э.******* энэ хугацаанд томилогдсон учраас цалингаа нэхэмжилсэн боловч авч чадаагүй. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаартай тушаалаар сумын хүн амын тоонд нийцүүлэн Тамгын газрын ажил албан тушаалыг баталж өгсөн байдаг. Д.*******г томилох тухайн албан тушаалд нь дүйцэхүйц албан тушаал манай байгууллагад байхгүй. Тийм учраас Д.*******г 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Төрийн албаны шалгалтад ороогүй хүнийг түр томилсон. Дүйцэхүйц албан тушаалд биш тухайн албан тушаалд нь сонгон шалгаруулалтад орж тэнцэх хүртэлх хугацаанд түр томилсон. Харамсалтай нь Д.******* ажлаа аваагүй. 2018 оны 7, 8 дугаар сар буюу бүтэн 2 сар төрийн албан хаагчдыг цалингүй байлгасан. Төрийн байгууллагуудын аж ахуйн болон бусад бүх гүйлгээ гацсан. Ийм учраас энэ хүнийг чөлөөлөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн тул дахин чөлөөлсөн. Э.******* нь ажлаа ач чаддаггүй. Д.******* ирж ажлаа хийхгүй байсан. 2018 оны санхүүгийн асуудал бүхэлдээ цалгардсан нөхцөл байдал дунд бид төрийн албыг залгуулж ирсэн. Э.******* ажлаа авч чадахгүй байсан учраас бид дахин өөрийнх нь албан тушаалд томилсон боловч энэ хүн одоо хүртэл ажлаа ирж аваагүй байгаа. Энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа огтхон ч үүсээгүй. Д.******* нь зөвхөн тушаал гаргуулж ажилд орохыг л хүсдэг. Хөдөлмөрлөөгүй байж цалин авахыг шаарддаг. Энэ хугацаанд санхүүгийн ажил, алба маш хүндрэлтэй байсан. Д.******* ажлаа хийдэггүй. Би тушаал гаргаагүй биш, гаргасан боловч ажлаа авдаггүй. Тушаал гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гаргасан. Дүйцэхүйц албан тушаал байгаагүй, байх боломжгүй. Өөрийнх нь ажиллаж байсан албан тушаалд 2 удаа томилсон. Хоёуланд нь ирж ажлаа аваагүй. Иймд Д.*******гийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хууль бус, шударга бус, ажиллаж хөдөлмөрлөөгүй атлаа цалин нэхэмжилж байна гэж үзэж байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2 удаа ажилд томилсон боловч ирдэггүй, ажлаа хийгээгүй, ажлын хэсэгт ажлаа хүлээлгэж өгдөггүй. Тухайн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2018 оны 07 дугаар сараас 8 дугаар сар хүртэл томилсон боловч ажлаа ирж аваагүй талаар цагийн бүртгэл, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаатарын өмгөөлөгч Ж.******* миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Учир нь анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан үйл баримт дээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ажил олгогч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан байдаг. Ажил олгогч өөрөө тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд ажилд тус үндэслэлээр эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч /Говь-Алтай аймгаас онлайнаар/: Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан үйл баримтад дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Д.*******гийн хууль ёсны эрх ашиг буюу хөдөлмөрлөх эрх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зөрчигдсөн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Үүний дараа Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 39 дугаартай шийдвэр гарсан байдаг. Тухайн шийдвэрээр Д.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна, эгүүлэн ажилд томилох нь зүйтэй гэж шийдвэр гарсан. Гэтэл ажил олгогчийн хувьд тухайн шийдвэрийг биелүүлэхгүй явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажилд томилсон тушаалыг гаргасан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 39 дугаартай шийдвэрийг үндэслээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар ажил олгогч тухайн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тушаалаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байдаг, гэтэл үүн дээр анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилснийг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.*******г ажлаас нь чөлөөлчихөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ажилд томилсон тушаалыг танилцуулсан үйл баримт хэргийн материалд байдаггүй. Хариуцагч тайлбартаа ажилд томилсоор байхад ирдэггүй гэсэн байдаг. Гэтэл тэр тушаал нь түр томилсугай гэсэн тушаал байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шүүхийн шийдвэрээр түр томилох тушаалыг үйлдэх нөхцөл байдал огт байхгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 40.2 дахь заалтыг буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40.2-т дүйцэхүйц албан тушаалд томилохдоо тухайн ажилтны албан тушаалтай дүйцэхүйц өөр ажил байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл 2017 оны 01 сараас ажлаас чөлөөлөгдөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн албан тушаалын орон тоо нь хэвээрээ, хэн нэгэн нь томилогдоогүй байсан. Үүнийг нь зохигчид анхан шатны шүүх хуралдаанд хэлдэг ч хэргийн үйл баримтад дүйцэхүйц албан тушаал байхгүй байсан гэж дүгнэлт хийсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй. Тухайн ажлын байр нь хасагдсан зүйл байхгүй, 2 жил хоосон хариуцсан эзэнгүй байж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1.2-ыг анхан шатны шүүх хэрэглэж хуулийг тайлбарлахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 тушаалыг шүүхэд хандаж гомдол гаргаагүй байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 тушаал нь ажил олгогч өөрийнхөө эрх хэмжээнд үйлдсэн тушаалыг албан ёсоор ажилтанд танилцуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж тухайн ажилтанг ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдэх ёстой. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.*******г ажлаас чөлөөлчихөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-нд дахин ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогддог. Гэтэл 2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлчихөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд томилсон тушаал байдаггүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Говь-Алтай аймгаас онлайнаар/:Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн газрын эрхлэгчийн албан тушаал дээр ажиллаж байгаад 2012 онд Засгийн газрын тогтоолд заасны дагуу төрийн сангийн албан тушаалд томилогдож 2017 оны 01 дүгээр сард төрийн албан хаагчийн шалгалтыг өгөөгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр тус сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.*******гийн өрөөнд орж ирж ажлыг нь хийлгэхгүй хэл амаар доромжилж байсан. Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Хүүхнээ гэх хүн нь тушаалыг гаргаж өгөхгүй байсан. Энэ хооронд шүүхийн шийдвэрээр удаа, дараа Тонхил сумд очиж ажиллагаа явуулж байсан. 2017 оноос 2019 он хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч/Говь-Алтай аймгаас онлайнаар/: Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь эрхээ шаардаад байгаа болов ч үүргээ биелүүлдэггүй байгаа. Д.******* нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гээд байгаа, гэвч үндэслэлгүй халсан гэх нотлох баримт байдаггүй. Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Э.******* нь 2016 онд Монгол Улсын их сургуулийн Завхан сургуулийг төгсөөд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон Төрийн албан хаагчийн шалгалтад ороод Сумын төсөв, төрийн сангийн сул орон тоон дээр тэнцэж ажиллах эрхтэй болсон. Үүний дагуу аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс Тонхил сумын засаг даргын тамгын газарт ажилд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн байсан. Гэтэл Д.******* нь Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй. Мөн ажлаа өгөхгүй байгаа байдлаас болж төрийн албаны салбар зөвлөлөөс Э.*******ыг томилох талаар удаа дараа шийдвэрүүдийг ирүүлсэн байдаг. Э.******* нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд томилуулахаар гомдол гаргасан байдаг. Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Тонхил сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилсон. Харин Д.*******г дүйцэхүйц албан тушаалд томилохоор шийдвэр гаргасан. Ингээд Тонхил сумын засаг даргын тамгын газар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийг биелүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д.*******г ажлаас халж Э.*******ыг ажилд томилсон байдаг. Гэтэл Д.******* нь шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхгүй ажлаа хүлээлгэж өгдөггүй. Энэ үйлдлээс нь болж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.*******г ажилд нь эгүүлэн томилсон байдаг. Гэтэл ажилдаа ирж ажлаа хийдэггүй. 2018 оны 07 дугаар сарын 26-нд яагаад ирж ажлаа хийгээгүй талаар анхан шатны шүүх дээр асуухад тухайн тушаал нь түр тушаал байсан гээд байдаг. Энэ тушаал нь түр тушаал биш байгаа. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаал дээр Д.*******г төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж тэнцсэн боловсон хүчинг томилогдох хүртэл гэсэн байдаг. 2019 онд мал эмнэлгийн газар нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн байдаг. Шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ий өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэнээр ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар төрийн албаны мэргэжлийн шалгалтанд ороогүй гэдэг үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажил үүрэгээ гүйцэтгэж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар дахин чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.*******гийн ажиллаж байсан дээрх ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд уг ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж хамгийн өндөр оноо авч тэнцсэн гэх Э.*******ыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэрээр уг албан тушаалд томилж, бие даасан шаардлага гаргаж оролцсон Д.*******г эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажилд томилохыг хариуцагч Тонхил сумын засаг даргын тамгын газрын даргад үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч Д.******* нь дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговорыг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтаныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд олгохоор байна.

Гэтэл хэрэгт авагдсан Говь-алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч Д.*******г урьд эрхэлж байсан албан тушаалд тогтоосон шийдвэр биш байна. Хэрэгт нэхэмжлэгч Д.*******г Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Д.******* нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн129.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР