Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00517

 

 Д.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаар шийдвэр,

 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00014 дүгээр магадлалтай,

 Д.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болормаа нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр 2015 оны 01 сард томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017.01.24-ний өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороогүй гэж ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Улмаар шүүхэд хандсанаар 2017.11.10-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрээр Д.Болормааг төрийн сангийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилон ажиллуулах шийдвэр гарсан. Ажил олгогч 2019.10.11-ний өдөр Б/21 тоот тушаалыг гаргаж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон. Д.Болормаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, 2018.01.12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд 2018.01.12-ны өдрөөс ажилд томилох болсон 2019.10.11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нэхэмжилж байна. Мөн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2017.01.24-ний өдөр цалингийн цэст өөрчлөлт орсон тул цалингийн цэсний тодорхойлолтыг ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Хүүхнээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Тонхил сумын төрийн сангийн мэргэжилтний албан тушаал бол төрийн жинхэнэ алба бөгөөд сонгон шалгаруулалтад Э.Ууганбаяр гэх хүн тэнцсэн байдаг. Ажилдаа орох хүсэлтийг удаа, дараа гаргасан боловч Д.Болормаа ажлаа хүлээлгэж өгөөгүй. Э.Ууганбаярыг 2017.11.10-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрээр Төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон байдаг. Харин Дагвын Болормааг Тонхил сумын Тамгын газрын тухайн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг шаардсан. 2017.01.24-ний өдрөөс 2018.01.12-ны өдөр хүртэл Д.Болормаа нь Э.Ууганбаярт ажлаа өгөлгүйгээр өөрийн үндсэн ажлаа хийж цалин, хөлсөө бүрэн авч байсан. Харин 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн ирүүлсэн шийдвэрийн дагуу Д.Болормааг 2018.01.12-ны өдөр ажлаас нь чөлөөлж Э.Ууганбаярыг томилсон. Харамсалтай нь Э.Ууганбаяр нь Д.Болормаагаас ажлаа авч чадаагүй. Ажлын хэсэг томилоод ажлыг нь авч чадаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Э.Ууганбаяр болон Д.Болормаа нар хоёулаа цалин хөлсөө нэхэмжилсэн. Д.Болормаа нь 2018.01.12-ны өдрөөс 2018.04.28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн боловч шүүхээс энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Э.Ууганбаяр энэ хугацаанд томилогдсон учраас цалингаа нэхэмжилсэн боловч авч чадаагүй. Засгийн газрын 2015.11.02-ны өдрийн 425 дугаартай тушаалаар сумын хүн амын тоонд нийцүүлэн Тамгын газрын ажил албан тушаалыг баталж өгсөн байдаг. Д.Болормааг томилох тухайн албан тушаалд нь дүйцэхүйц албан тушаал манай байгууллагад байхгүй. Тийм учраас Д.Болормааг 2018.07.26-ны өдөр хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Төрийн албаны шалгалтад ороогүй хүнийг түр томилсон. Дүйцэхүйц албан тушаалд биш тухайн албан тушаалд нь сонгон шалгаруулалтад орж тэнцэх хүртэлх хугацаанд түр томилсон боловч Д.Болормаа ажлаа аваагүй. 2018 оны 7, 8 дугаар сар буюу бүтэн 2 сар төрийн албан хаагчдыг цалингүй байлгасан. Төрийн байгууллагуудын аж ахуйн болон бусад бүх гүйлгээ гацсан. Ийм учраас энэ хүнийг чөлөөлөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн тул дахин чөлөөлсөн. Э.Ууганбаяр нь ажлаа авч чаддаггүй. Д.Болормаа ирж ажлаа хийхгүй байсан. 2018 оны санхүүгийн асуудал бүхэлдээ цалгардсан нөхцөл байдал дунд бид төрийн албыг залгуулж ирсэн. Э.Ууганбаяр ажлаа авч чадахгүй байсан учраас бид дахин өөрийнх нь албан тушаалд томилсон боловч энэ хүн одоо хүртэл ажлаа ирж аваагүй байгаа. Энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа огтхон ч үүсээгүй. Д.Болормаа нь зөвхөн тушаал гаргуулж ажилд орохыг л хүсдэг. Хөдөлмөрлөөгүй байж цалин авахыг шаарддаг. Энэ хугацаанд санхүүгийн ажил, алба маш хүндрэлтэй байсан. Д.Болормаа ажлаа хийдэггүй. Би тушаал гаргаагүй биш, гаргасан боловч ажлаа авдаггүй. Өөрийнх нь ажиллаж байсан албан тушаалд 2 удаа томилсон. Хоёуланд нь ирж ажлаа аваагүй. Иймд Д.Болормаагийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хууль бус, шударга бус, ажиллаж хөдөлмөрлөөгүй атлаа цалин нэхэмжилж байна гэж үзэж байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2 удаа ажилд томилсон боловч ирдэггүй, ажлаа хийгээгүй, ажлын хэсэгт ажлаа хүлээлгэж өгдөггүй. Тухайн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2018 оны 07 дугаар сараас 8 дугаар сар хүртэл томилсон боловч ажлаа ирж аваагүй талаар цагийн бүртгэл, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00014 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаар шийдвэр, Завхан Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 205/МА2020/00014 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан үйл баримт дээр дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ажил олгогч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.10-ны өдрийн 39 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2019.10.11-ний өдөр нэхэмжлэгч Д.Болормааг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ажил олгогч өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийг удаа дараа ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаалыг үйлдэж гаргадаг боловч тухайн тушаалыг ажилтанд танилцуулж байсан удаа байхгүй энэ талаар ч шүүх хурал дээр яригддаг боловч шийдвэр гаргахдаа дүгнэлт хийгээгүй. Ажил олгогч нь 2018.01.12-ны өдөр б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Болормааг дахин чөлөөлсөн гэх боловч тус тушаалын чөлөөлсөн үндэслэл нь 2017.11.10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэс болгон чөлөөлсөн болохыг анхан шатны шүүх хурал дээр ажил олгогчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөхөд мэдсэн. Хэрэв тус шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Болормааг ажлаас чөлөөлсөн бол ажил олгогч мөн 2017.11.10-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилсон тохиолдолд хөдөлмөрлөх эрх сэргээгдэх ёстой. Гэтэл ажил олгогч шийдвэрийг санаатай биелүүлэхгүй явсаар 2019 оны 11 сарыг хүргэж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Тус хугацаанд Д.Болормаагийн ажиллаж байсан албан тушаал болох Тонхил сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдаж байсан бөгөөд хэн ч тус албан тушаал дээр томилогдоогүй тамгын газрын ажилтан нь хавсран гүйцэтгэдэг байсан. Гэтэл анхан болон Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар , зүйлийн 36.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Болормаа нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж ойлгомжгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй буюу нэхэмжлэгч Д.Болормаа нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажилд эгүүлэн томилсон 2019.10.11-ний өдрийн тушаалыг мэдсэнээс хойш буюу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад тус хуулийн заалтыг хэргийн нөхцөл байдалд холбогдолгүйгээр буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Д.Болормаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Д.Болормаа нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан 2018.01.12-ны өдрөөс ажилд томилсон 2019.10.11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зохицуулжээ.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018.01.12-ны өдрийн Б/02 тушаалаар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.2.-т заасан үндэслэлээр Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Д.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ажилтан ажил олгогчийн дээрх тушаалд гомдол гаргаагүй, түүнийг ажлаас буруу халсан тухай шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ажил олгогч 2019.10.11-ний өдөр Д.Болормааг ажилд томилохдоо Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.10-ны 39 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосныг анхаарсангүй... гэжээ.

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.10-ны өдрийн №39 дугаартай шийдвэрээр 2017.01.24-ний өдрөөс томилогдсон ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа иргэн Э.Ууганбаярын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд томилсон бөгөөд тухайн үед дээрх албан тушаалыг эрхэлж байсан Д.Болормааг ажил албан тушаалд нь дүйцэхүйц ажилд томилохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.

 Д.Болормаа 2008 оноос Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор, 2015.01.28-ны өдрөөс Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажилласан, 2017.01.24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан боловч ажил үүргээ хүлээлгэж өгөөгүй, улмаар 2017 оны шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсаар 2018.01.12-нд ажил олгогч дахин тушаал гаргасан боловч ажилтан ажлаа хүлээлгэж өгөөгүй талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй.

 Э.Ууганбаярыг Тонхил сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд томилогдсоны дараа ажил олгогч Д.Болормаад бололцооны дагуу өөр ажил өгөх үүрэгтэй боловч Д.Болормаа ажил үүргээ хүлээлгэж өгөөгүйгээс Б.Ууганбаяр ажлаа хүлээж аваагүй, улмаар шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байсаар ажил олгогч 2018.01.12-ны өдөр Д.Болормааг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргасан, ажил олгогчийн дээрх шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй байна.

 Мөн ажилтан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөгүй тул тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018.01.12-ны өдрөөс 2018.04.30-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 133/ШШ2018/00345 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

 Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийн Тогтоох хэсэгт цалин хөлстэй холбоотой хуулийн заалтыг баримталсан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00177 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00014 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                Х.СОНИНБАЯР

                                 Б.УНДРАХ

                                    Д.ЦОЛМОН

                                            Х.ЭРДЭНЭСУВД