Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01251

 

Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00026 дугаар магадлалтай,

Д гийн нэхэмжлэлтэй

Б т холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 8,718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Сайнбат, Л.Отгондорж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б аас нийт 6,901,072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,816,928 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,367 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.  

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00026 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Б аас нийт 6,901,072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,816,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...хариуцагч Б аас нийт 473,072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,244,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,367 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэснийг “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,842 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Б  нь 2020.10.05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Төмстийн 3-301-313 тоот хашааны баруун талын хашаанд ТОЗ-8 маркийн буугаар буудаж миний эрүүл мэндэд зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун гуяны няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцож Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхээр 2021.01.28-ны өдөр нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсэн. Иймд хариуцагч Б аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 8,718,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д  миний бие Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.13-ны өдрийн 226\МА2022\00026 тоот магадлалыг хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Миний бие 2021.01.28-ны өдөр болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын төвд зүүн гуяндаа мэдрэл шилжүүлэх мэс засалд орсон боловч зүүн хөл нь мэдээ ороогүй бөгөөд эмнэлгээс хөл чинь хатаж эхэлбэл тайруулахаас өөр арга байхгүй, мөн гадаад улсад эмчлэгдэх боломжтой эсэхийг нарийвчлан судалж үзээрэй гэж хэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар миний зүүн хөл мэдээгүй өсгийнөөсөө мах нь үхсэн байдалтай суга таягтай гэр зуураа явдаг. Дээрх гэмтлийн улмаас 2020.10.05-нд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу зүүн хөлийн мэдрэлийн гэмтэл гэсэн оноштой Х-23 гэсэн заалтаар группэд орсон бөгөөд өөрийн бие эрхтэн сэтгэл санаагаараа насан туршдаа хохирч эхнэрийн асрамжид амьдарч байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу миний бие Турк улсад шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор эхнэртэйгээ явсан онгоцны нислэгийн үнэ, замын зардал 5,483,200 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэхээр явах “Шинэсгэ мед” олон улсын төвийн үйлчилгээний хураамж 300,000, Турк улсад буудлын хөлс, эмчилгээний үзлэгийн төлбөрт нийт 1,067,872 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 1,484,000 төгрөг, Монгол Улсад эмчилгээ хийлгэхээр хот хооронд явахад машиндаа хийсэн шатахууны зардалд 385,087 төгрөг, нийт  8,718,000 төгрөгийг нотлох баримтын хүрээнд хариуцагч Б аас нэхэмжилснийг анхан шатны шүүх Турк улсад эмчилгээ хийлгэхээр явсан онгоцны тасалбарын үнэ 5,483,200 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг нотариатаар баталгаажуулж өгсөн бөгөөд дээр нотлох баримтаар миний зүүн хөлийн гэмтэл бүрэн эдгээгүй тухай гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь тодорхой харагдаж байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Турк улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай талаар мэргэжлийн байгууллага эмчийн тодорхойлолт шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Б  нь намайг эрүүгийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнөх байдалд буюу зүүн хөлийг минь эмчлүүлж эрүүл саруул болгож хөл дээр минь босгох үүрэг хүлээж байгаа. Жич: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Б  нь Турк улсад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмчийн бичиг байхгүй байна гэсэн байр суурьтай хандаж байгааг би ойлгохгүй байна. Намайг гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар үзээд дахин мэдрэлийн эс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлага байхгүй, эмчилгээгүй болсон байна. Гадаад улсад эмчилж магадгүй судалж үзээрэй гэж зөвлөсний үндсэн дээр Турк улсад эмчилгээ, хагалгаа хийлгэх боломжтой эсэхийг зуучлалын газраар дамжуулан судалж үзсэний үндсэн дээр эмчилгээ, хагалгаа хийлгэх боломжтой гэсэн хариу ирсний дагуу Турк улсыг эрүүл саруул болж хөл дээрээ босох чин хүсэл эрмэлзэлтэй зорьсон. Гэтэл харамсалтай нь очиж үзүүлээд хагалгаа хийлгэх хугацаа өнгөрсөн байна гэсэн хариуг авсан. 2022.03.01-ний өдөр Улаанбаатар хотоос Турк улс руу нисэхэд тийзийн үнэ хоёр талдаа нэг хүн 4,600,000 төгрөгийн үнэтэй байсан тул миний бие санхүүгийн боломж бололцоогоо харгалзан үзэж аяллын виз 1 сарын хугацаатай авсан. Тухайн үедээ хагалгаа хийлгээд эргээд ирэхэд цаг хугацаа таарна гэж тооцоолсон боловч Турк улсад очиж үзүүлээд эмчилгээ, хагалгаа хийлгэх хугацаа оройтсон гэх шалтгаанаас болж яаралтай буцаж ирэх шаардлагатай болсон боловч тэр өдрөө Монгол Улс руу нисэж чадахгүй, нэг сарын хугацаатай авсан визний нислэгийн хугацааг наашлуулах гэж хэд хоногийн хугацаа алдсан. Түүнээс Турк улсаар аялах зугаалах гэсэн санаа зорилго байгаагүй. Мөн дээр нь нэмж хэлэхэд миний бие дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, хөл гэдэг эрхтэн тулгуур эрхтэн учраас миний бие суга таягтай явдаг, намайг асран хамгаалах хүн зайлшгүй хэрэгтэй байсан тул эхнэр Б.Хосзаяагийн хамт явсан. Эмчилгээ хийлгэхээр явж байгаа хүн заавал эмчилгээний визээр зорчино гэсэн журам байхгүй, амьдрал болоод санхүү эдийн засгийн бололцоогоо харгалзан үзэж эмчилгээний визээр зорих уу, аяллын визээр зорих уу гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал юм. Иймд анхан шатны шүүхээс Турк Улс руу шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа  хийлгэхээр явсан онгоцны билетийн зардал 5,483,200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ нь Б.Хосзаяагийн дансны хуулга, “Шинэсэгэ мед” эмнэлгийн эмчилгээний төлөвлөгөө орчуулга, “Шинэсэгэ мед” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, НӨАТ-ын баримт зэргээр давхар нотлогдож байна. Турк улсад эмчилгээ хийлгэхэд буудалд байрласан 644,800 төгрөг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Ажыбадэм эрүүл мэндийн үйлчилгээний ба худалдааны хувьцаат компани гэх Турк хэлнээс орчуулсан орчуулга, Көшк аялал зуучлалын зочид буудал гэх турк хэлнээс орчуулсан орчуулга, Турк хэл дээр буудлын төлбөр төлсөн баримт зэргээр Хөшк аялал зочид буудалд Д , Б.Хосзаяа нар нь байрласан болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхээс “Шинэсгэ мед” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс 300,000 төгрөгийг хариуцагч Б аас гаргуулж Д д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. “Шинэсэгэ мед” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байдаг бөгөөд тухайн гэрээн дээр төлбөр бичигдсэн байдаг тул дээрх баримтаар “Шинэсгэ мед” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс 300,000 төгрөгийг Д  төлсөн болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нөхөн олговор болох 1,484,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, миний бие дээрх хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нөхөн төлбөр болох 1,484,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Иймд миний бие дээрх хуулийн дагуу 2022.02.09-ний өдрөөс 2023.02.09-ний өдрийн хүртэл хугацааны цалин хөлсний нөхөн төлбөр гэж 1,484,000 төгрөгийг Хэнтий аймгийн Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг нотариатаар баталгаажуулсан баримтад үндэслэн нэхэмжилсэн. Миний бие хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нөхөн олговор болох 1,484,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тооцож өөрийн авч байгаа группийн мөнгө болох 280,000 хасаж тооцсон болно. Иймд Турк Улс руу шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр явсны онгоцны билетийн зардал 5,483,200 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэхэд буудалд байрласан зардал 644,800 төгрөг, “Шинэсэгэ мед” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс 300,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нөхөн төлбөр болох 1,484,000 төгрөг, нийт 7,912,000 төгрөгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б аас гаргуулж өгнө үү гэж хяналтын журмаар гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.           

7. Нэхэмжлэгч Д  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б  миний хөл рүү буудсаны улмаас эрүүл мэндэд хохирол учирч Турк улс руу шөрмөс залгуулах хагалгаа хийлгэхээр явсан боловч хагалгаа хийх боломжгүй гэсэн хариу өгсөн, одоо явж чадахгүй, хөлөө тайруулах нөхцөл байдалтай болсон. Иймд хариуцагчаас Турк улс руу эхнэр Хосзаяатай цуг явсан замын зардал 5,483,200 төгрөг, энд шүүхэд ирэхэд болон эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт үзүүлсэн, шатахууны зардал 385,087 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 1,484,000 төгрөг, Турк улс руу явахад зуучлалын компанийн хөлс 300,000 төгрөг, Турк улсад очоод буудлын хөлс 1,067,872 төгрөг, нийт 8,718,000 төгрөг нэхэмжилж байна...” хэмээн тодорхойлсон,

хариуцагч Б  “...би эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан. Д  шүүхэд өмнө нь хандаж надаас 9,165,709 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, би түүнийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэл дээр төлбөрийг төлж барагдуулсан, одоо дахиж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хэрэгт би ч гэсэн хохирогч болж оролцсон...” хэмээн маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж, хариуцагчаас 6,901,072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 473,072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул хариуцагчаас 7,912,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

10. Хариуцагч Б  нь 2020.10.05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд  нэхэмжлэгчтэй маргалдаж, улмаар ТОЗ-8 маркийн буугаар нэхэмжлэгчийн зүүн гуян тус газар буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр болсон Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.28-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “...эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

12. Нэхэмжлэгч эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин хохирол шаардсан үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “...эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхээр Турк улс руу явсан зардлыг нэхэмжилсэн...” шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д хамаарна гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтад хамаарах үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэжээ.

13. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзлээ.

14. Хариуцагч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д гийн биед зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун гуяны няцарсан шарх тогтоогдсон нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020.10.21-ний өдрийн №658 дугаартай дүгнэлтээр нотлогдсон, дээрх гэмтлээс хойш нэхэмжлэгчийн хөл эдгэрээгүй, суга таягтай явж байгаа талаар маргаагүй, 2021.01.28-ны өдөр Турк улсын Ажыбадэм /Acibadem Altunizsade Hospital/Istanbul/ эмнэлгээс “шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжтой” гэсэн хариуг үндэслэн нэхэмжлэгч нь эхнэр Б.Хосзаяагийн хамт Турк улсад очиж, тухайн эмнэлэгтээ үзлэг хийлгэхэд “...Зүүн доод мөчний гуяны нийт мэдрэлийн гэмтэл нугардаг булчин ба шөрмөсний бүлэг идэвхгүй, шөрмөс шилжүүлэн суулгах боломжгүй” гэсэн хариу өгсөн тул зохих эмчилгээг хийлгэж чадалгүй буцаж ирсэн үйл баримт тогтоогджээ.

15. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш Монгол улсад хоёр ч удаа эс шилжүүлэн суулгах хагалгаанд орсон боловч бүрэн эмчлэгдээгүй, хөл нь мэдээ ороогүй тул эхнэрийн хамт Турк улс руу эмчлүүлэхээр явсан боловч хугацаа алдсан байна гэх үндэслэлээр эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Иймд Турк улс руу ирж, очсон онгоцны тийзийн үнэ, тэнд байрласан буудлын хөлс, эмнэлгийн үзлэгийн төлбөр, зуучлалын хөлсийг өөрт учирсан хохиролд тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох үүргийг буруу хуваарилсан, улмаар нэхэмжлэлийн шаардлага гэм хор учруулсантай шалтгаант холбоотой нь бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсанаар магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй байна.

16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,901,072 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулахаар, үлдэх хэсгийг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо дээр шийдвэрлэсэн үнийн дүнг эс зөвшөөрч, хариуцагчаас 7,912,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хүрээнд гомдлыг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангасугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                    Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Д.ЦОЛМОН                                                                                      

      Х.ЭРДЭНЭСУВД