Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 226/МА2022/00026

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр            226/МА2022/00026                                 Хэрлэн сум

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Н-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00026/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сайнбат, Л.Отгондорж /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, шүүгч Б.Марина, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэртэй Д.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-т холбогдох “гэм хорын хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Н- нь гэм буруутай болох нь тогтоогдсон. Д.Б- нь Турк улс руу хагалгаанд орохоор явсан боловч хагалгаанд орох хугацаа нь өнгөрсөн байсан. Одоо хагалгаанд орох боломжгүй. Явцын дунд хөл нь тайрагдах нөхцөл байдал үүснэ гэсэн хариуг өгсөн. Иймд Турк улс руу явж ирсэн зардал болох онгоцны зардал 5.483.200, шатахууны зардал 385.087, гадаад улс руу зуучилсан байгууллагад төлсөн төлбөр 300.000, буудлын зардал болон үзлэгийн мөнгө 1.067.872 төгрөг, нийт 7.234.000 төгрөг, мөн хөдөлмөр эрхлэлтийн байдал хүнд учир 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1.484.000 төгрөгийг нэмж, нийт гэм хорын хохиролд 8.718.000 төгрөгийг Б.Н-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б- өмнө нь шүүхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаартай шүүхийн шийдвэрээр надаас Д.Б-гийн эмчилгээний зардалд нийт 9.165.709 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг би бүрэн төлж барагдуулсан. Мөн эрүүгийн хэргийг шалгах үед Д.Б-д 3.978.000 төгрөг өгсөн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэнд нь сэргээгдэх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно гэсний дагуу хохирлыг төлөгдсөн гэж үзэж байна. Иймд одоо нэхэмжилж буй хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.О дүгнэлтдээ: “ ...хариуцагч буруутай учир мөнгө төлөх нь зөв байна...” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын  13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Н-аас нийт 6.901.072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.816.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас ногдох улсын тэмдэгтийн хураамжид 125.367 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрт “...2021 онд хариуцагч Б.Н-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр 9.165.709 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хэрэгт нотлох баримтаар өгч байгаа нь гэм хор учруулсан этгээд бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэй, дээрх шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо дахин шаардах эрхийг хязгаарлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох ба гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь учирсан бодит хохиролд үндэслэж хохирлыг нөхөн төлөхөөр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй, нөгөө талаар гэм хорын хохиролд учруулсан хохирол төлбөрийг өөрт учирсан хохирлыг арилгахад зарцуулах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь 2021 онд гэм хорын хохирол буюу эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж 9.165.709 төгрөгийг Б.Н-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх мөнгийг аваад хариуцагчаас анх нэхэмжилсэн зорилгоор ашиглаагүй буюу эмчилгээндээ зарцуулалгүйгээр хариуцагчаас дахин эмчилгээний зардал гэж 8.718.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн хариуцагч Б.Н- нь нэхэмжлэгч Д.Б-д зодуулсны улмаас хөнгөн гэмтэж, улмаар түүнийг эсэргүүцэж биед нь хүндэвтэр хохирол учруулсан нь эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогддог. Гэм хорыг арилгахад гэм хор учруулах үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэхээр зохицуулсан байдаг бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Д.Б-гийн согтуурсан үедээ зүй бус үйлдэл гаргаж бусдын биед гэмтэл учруулснаас үүдэлтэй гэдгийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй юм.

2. Нэхэмжлэгч Д.Б- нь Т улсад мэс засал хийлгэхээр явахдаа 1 өдөр эмнэлэгт үзүүлж, эмнэлэгт үзүүлэх хугацаанд буудал, хоол үнэгүй байхаар орчуулгын баримтад тусгагдсан байх боловч тус улсад 16 хоногийн хугацаанд аяллын визээр зорчсон байдаг. Гадаад улсад эмчилгээний зорилгоор Монгол Улсын иргэд зорчиход эмчилгээний визээр зорчих ёстой бөгөөд эмчилгээний хугацаанд визийг олгодог. Нэхэмжлэгч нь аяллын визээр, эхнэрийн хамт гадаад улсад зорчсоныг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох боломжгүй тул аяллаар явсан 2 талын онгоцны тасалбар болон бусад зардлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос И руу нисэж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Т улсын эмнэлэгт үзүүлсэн байхад, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн баримтыг үнэлж, буудлын зардлыг хариуцагчаас гаргуулж байгаа нь шалтгаант холбоо бүрэн тогтоогоогүй, хэргийг нэг талд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гэмт хэргийн улмаас учирсан гэм хор хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Эрүүл мэндэд учирсан гэмтэл, гэм хорыг арилгахад тусгай мэдлэгтэй этгээд буюу эмч эрүүл мэндийн ажилтны тодорхойлолт, өвчний түүх зэрэг баримтуудад тулгуурлаж шалтгаант холбоо бий эсэх, зайлшгүй хийгдэх эмчилгээ мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл хэрэгт эмч, эрүүл мэндийн ажилтны тодорхойлолт, өвчний түүхийн баримтууд авагдаагүй.

Мөн нэхэмжлэгч Д.Б- нь эхнэр Х-н хамтаар гадаад улсад зорчсон бөгөөд эхнэрийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалд хамааралгүй буюу шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад тус зардлыг гэм хорын хохиролд тооцож, хангасан нь үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Н-т холбогдуулан “гэм хорын хохирол 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр 6.282.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 8.718.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.  

 

Хариуцагч Б.Н- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.

 

Шүүх хариуцагч Б.Н-аас 6.901.072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, 1.816.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдолдоо “...Нэхэмжлэгч Д.Б- нь Т улсад мэс засал хийлгэхээр явахдаа 1 өдөр эмнэлэгт үзүүлж, эмнэлэгт үзүүлэх хугацаанд буудал, хоол үнэгүй байхаар орчуулгын баримтад тусгагдсан байх боловч тус улсад 16 хоногийн хугацаанд аяллын визээр зорчсон байдаг. Гадаад улсад эмчилгээний зорилгоор Монгол Улсын иргэд зорчиход эмчилгээний визээр зорчих ёстой бөгөөд эмчилгээний хугацаанд визийг олгодог. Нэхэмжлэгч нь аяллын визээр, эхнэрийн хамт гадаад улсад зорчсоныг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох боломжгүй тул аяллаар явсан 2 талын онгоцны тасалбар болон бусад зардлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос И руу нисэж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Турк улсын эмнэлэгт үзүүлсэн байхад, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн баримтыг үнэлж, буудлын зардлыг хариуцагчаас гаргуулж байгаа нь шалтгаант холбоо бүрэн тогтоогоогүй, хэргийг нэг талд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гэмт хэргийн улмаас учирсан гэм хор хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Эрүүл мэндэд учирсан гэмтэл, гэм хорыг арилгахад тусгай мэдлэгтэй этгээд буюу эмч эрүүл мэндийн ажилтны тодорхойлолт, өвчний түүх зэрэг баримтуудад тулгуурлаж шалтгаант холбоо бий эсэх, зайлшгүй хийгдэх эмчилгээ мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл хэрэгт эмч, эрүүл мэндийн ажилтны тодорхойлолт, өвчний түүхийн баримтууд авагдаагүй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Н- нь Д.Б-тэй марган улмаар ТОЗ-8 маркийн буугаар түүний зүүн гуян тус газарт буудаж Д.Б-гийн эрүүл мэндэд зүүн гуяны дунд гадна болон дотор хэсгийн нэвтэрсэн бууны шарх, N.Ischiadicus мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун гуяны няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо талуудаас шүүхэд гаргасан зарим нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судалж бодитой дүгнэлт хийгээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

 

Тухайлбал:  Нэхэмжлэгч Т улсад хагалгаа, эмчилгээ хийлгэхээр явсан гэх боловч тухайн улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай талаар мэргэжлийн байгууллага, эмчийн дүгнэлт тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй, эмчилгээний виз хүссэн, гарсан эсэх баримтыг хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлэгч нь эхнэрийн хамт аяллын визээр тус улсад 2022 оны 03 дугаар сарын 01-16-ны өдөр хүртэлх хугацаанд зорчсон гэх боловч энэ 16 хоногийн хугацаанд /үзлэг хийлгэснээс өөр/ хагалгаа, эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хэрэгт ирүүлээгүй ба визний үнэ 5.483.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн тухайн улсад байхдаа зочид буудалд байрласан төлбөрт 644.800 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн ба “К зочид буудал” гэх баримтад хэн, хэдий хугацаанд буудалд байрласан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэж шийдвэрлэсэн, түүнчлэн “Ш” эмнэлгийн үйлчилгээний төлбөр 300.000 төгрөгийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн “Ш” олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний /хх-ийн 24-26 хуудас/ гүйцэтгэгч тал нь БНСУ-ын нэр бүхий эмнэлгүүдийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох талаар тус гэрээнд дурдагдсан, уг гэрээний дагуу ямар үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, төлбөр төлсөн гэх баримт буюу кассын орлогын ордер /хавтаст хэргийн 23 хуудас/ нь огноо дугааргүй, гүйлгээ хийсэн гэх үнийн дүн засвартай, эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардал мөн эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба нийт 6.428.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн байна.

 

Харин Т улсын “А” эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагад үзүүлсэн үзлэгийн төлбөрт 2.034 турк лир буюу 423.072 төгрөг төлсөн болох нь цахим архивын нэхэмжлэлээр /хавтаст хэргийн 36 хуудас/,  2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд ирэхдээ шатахуунд 50.000 төгрөг төлсөн нь шүүхэд өгсөн и-баримт /хавтаст хэргийн 84 хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул дээрх зардлуудыг хариуцагч Б.Н-аас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Б.Н-аас нийт 6.901.072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.816.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...хариуцагч Б.Н-аас нийт 473.072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.244.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125.367 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэснийг “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14.842 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                      ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА       

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ