Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00009

 

 

 

Б , Г  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02941 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01904 дүгээр магадлалтай,                                                                                                                                

Б , Г  нарын нэхэмжлэлтэй,

М т холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг, алдангид 32,250,000 төгрөг гаргуулах, ....... талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ..., нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б , Г  нар нь хариуцагч М т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алдангид 32,250,000 төгрөг гаргуулах, ... талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02941 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ээс 32,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б , Г  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,400 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 354,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01904 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ээс нийт 32,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б , Г  нарт олгосугай.” гэж, 3 дах заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч М ээс 319,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.19-ний өдрийн 210/МА2022/01904 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргах тухай. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21 өдрийн 53 дугаартай тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Үндэслэл нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21 өдрийн 53 дугаар тогтоолын 6.1-д “ Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан “тооцоо нийлэх гэрээ” гэдэгт талуудын хоорондох ажил хэргийн харилцаанаас үүссэн үйл ажиллагааны үр дүнд гарах төлбөр тооцоог хэдийд харилцан тохиролцож дүгнэх, төлбөрийн үлдэгдэл гарвал үүрэг хүлээгч тал хэрхэн барагдуулах зэргээр талууд урьдчилан тохиролцсоноо бичгээр илэрхийлснийг ойлгоно.” гэж ойлгомжтой байдлаар тайлбарласан. Гэтэл Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...анхан шатны шүүх хэргийн 70, 71 дүгээр талд авагдсан баримтыг үнэлж, хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй байна...” гэжээ. Гэтэл уг баримт дээр зочид буудалтай холбоотой бүх төлбөр тооцоо дууслаа гэж талууд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр тооцоог гэрээний дагуу маргаангүйгээр дуусгавар болгосон талаараа хүсэл зоригоо хангалттай ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүх дээрх иргэдийн сайн дурын үндсэн дээр гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд харилцан тооцоо нийлж дүгнэж гарын үсгээ зурсан баримтыг Улсын дээд шүүхийн тайлбарт нийцээгүй байдлаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхдөө хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй хэрэглэсэнд гомдолтой байх тул давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Б , Г  нар нь хариуцагч М т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32,250,000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан ба тэрээр эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж “түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх” шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо ”... 2021.01.27-ны өдөр ... тэй харилцан тохирч, өөрсдийн өмчлөлийн ...  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаагаар, сарын төлбөр 4,000,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Түрээслэгч нь 2021.03.01-ний өдөр төлөх төлбөрөөс 1,000,000 төгрөг, 2021.04.01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 21,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, 2022.04.18-ны өдөр түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн боловч түрээслэгч нь тус мэдэгдлийн хариуг 2022.04.19-ний өдрийн албан бичгээр өгөхдөө ямар ч үндэслэлгүйгээр засан сайжруулалтын зардал 180,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Гэрээний төлбөр болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход 10,750,000 төгрөг болж байна. Ингээд нийт 32,250,000 төгрөгийг хариуцагч ... гээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... цар тахалтай холбоотой 2021.03.04-ний өдрөөс эхлээд зочид буудал, караоке, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаасан. 2021.08.10-наас эхлээд зочид буудал ажиллуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос өгсөн. Нэхэмжлэгч нар 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааны явцад бид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар караокегоо цааш нь ажиллуулахаар болж 2022.07.01-ний өдөр буудлыг хүлээлцээд, манай зүгээс хийсэн буудлыг тохижуулсан ор, дэвсгэр, дотор засан сайжруулалт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь 2022.06.28-ны өдөр хоёр хувааж өгсөн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийн зөрүүг караокены 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр рүү шилжүүлсэн, үүнээс цааш ямар нэг маргаан байхгүй гэж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлийг заажээ.

7. Анхан шатны шүүх түрээсийн гэрээний харилцааг талууд тооцоо нийлж дуусгавар болгосон гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх талуудын бичгээр байгуулсан баримтыг үнэлэхдээ “талууд түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн, ингэхдээ засан сайжруулалтыг харилцан тооцсон болохоос түрээсийн төлбөрийн талаар харилцан тохироогүй” гэж үзэж, түрээсийн төлбөр, алданги 32,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг хэрэгсэхгүй болгож, түрээсийн төлбөр 21,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

8. Талууд 2021.01.27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээж авсан боловч 2022.07.01-ний өдөр түрээсийн зүйлийг буцааж өгсөн, нэхэмжлэгч нар засан сайжруулалтын зардалд 30,000,000 төгрөгийг төлөхөөс 26,460,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үлдэгдэл 3,540,000 төгрөгийн 540,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлд суутгаж, 3,000,000 төгрөгийг караоке-ний 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт суутгасан үйл баримтыг зохигч маргаагүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслүүлсэн бөгөөд хоёр шатны шүүх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин талууд тооцоо нийлж гэрээг дуусгавар болгосон эсэх, хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

9. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2022.07.01-ний өдрийн талуудын бичгээр үйлдсэн баримтад “...Б  А талаас, М  Б талаас гэрээ байгуулж,  ... зочид буудлаа 7 сарын 01-нд өгч, авч хүлээлцэж байна. А талаас тохиролцсон 30,000,000 төгрөгөө Б талын 5033189898 тоот дансанд 6 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 6,460,000 төгрөгөөр 2 хуваан шилжүүлсэн. Үлдэгдэл 3,540,000 төгрөгөөс 540,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлд суутгаж 3,000,000 төгрөгийг караоке-ний 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт суутгаж тохиролцов. ... буудлын эд хөрөнгө болох доорх зүйлсийг тоолж хүлээлцэв. Буудалтай холбоотой бүх төлбөр тооцоо дуусав.” гэсэн мэдээлэл тусгагджээ.

Уг баримтыг хоёр шатны өөр өөрөөр дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгыг анхаарч, гэрээний агуулгыг тайлбарласан нь хууль зөрчөөгүй байна. Тухайн баримтад түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн зардлын талаар талууд харилцан тохирч, зочид буудлыг эд хөрөнгийн хамт түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгсөн агуулга тусгагдсан, харин түрээсийн төлбөрийн талаар тохиролцоогүй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн дагуу хийжээ.

Иймд түрээсийн зүйлийг ашигласан 2021.03.01-2022.07.01 хүртэл хугацааны түрээсийн гэрээний төлбөр 21,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Энэ талаар буюу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

10. Харин хариуцагч нь өөрийн буруугаас бус цар тахал гарсан, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг зогсоосон учраас үйл ажиллагаа явуулж чадаагүй баримтуудыг шүүхэд гаргасан ба энэ нөхцөл байдлыг үндэслэн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ агуулгаар хариуцагчийн гомдлын зарим хэсэг хангагдана.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01904 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “32,250,000” гэснийг “21,500,000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “319,200” гэснийг “265,450” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 319,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                              Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД