Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2022/01904

 

 

 

 

 

 

2022 10 19 210/МА2022/01904

 

 

Б.Ө , Г.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02941 дугаар шийдвэртэй, Б.Ө , Г.Н нарын хариуцагч М.Б-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг, алдангид 32,250,000 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, тоот хаягт байрлах 248 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.Ө , Г.Н нар М.Б тэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, тоот хаягт байрлах 248 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. М.Б 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөх түрээсийн төлбөрөөс 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 21,500,000 төгрөгийг төлөөгүй. Түрээсийн төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Түрээслэгч 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг цуцалж дуусгавар болгохыг зөвшөөрч, засан сайжруулалтын зардал 180,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн хариу өгсөн. Засан сайжруулалтын зардал 180,000,000 төгрөг нь үндэслэлгүй. Буудлыг засан сайжруулалттай холбогдсон зардал нь түрээсийн гэрээний үндсэн үүрэг болох төлбөр төлөх үүрэгт хамааралгүй. Иймд, гүйцэтгээгүй үүрэгт 21,500,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 10,750,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийг М.Б ээс гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Б үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн тул М.Б ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ковид цар тахалтай холбоотой 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс зочид буудал, караоке, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаасан. Улсын онцгой комисс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс зочид буудал ажиллуулах зөвшөөрөл өгсөн. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөд засан сайжруулалт хийж М.Б-т урт хугацаанд түрээслүүлнэ гэсэн. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл гарч, зочид буудлын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буудлыг хүлээлцсэн. Хариуцагчийн зардлаар хийгдсэн буудлын тохижуулалт, засан сайжруулалтын 30,000,000 төгрөгөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-т шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг караокены 2022 оны 07, 08 , 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт тооцсон. Иймд талууд харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б ээс 32,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө , Г.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,400 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 354,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгч Б.Ө , хариуцагч М.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хүлээлцэх актыг үндэслэн талуудын гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь маргааны зүйл үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх гэрээг хариуцагч М.Б тэй байгуулахдаа өмчлөгч Г.Н , Б.Ө нар байгуулсан. Гэтэл эд хөрөнгө хүлээлцэх актад түрээслүүлэгч Г.Н гарын үсэг зураагүй, тус актад түүнийг хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурах эрх олгогдоогүй байхаас гадна тус акт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа хамтран өмчлөгчөөс хэлцэл хийх зөвшөөрөл болон итгэмжлэл олгогдоогүй байтал зөвхөн хамтран нэхэмжлэгч Б.Ө гарын үсэг зурснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөвөөр үнэлээгүй. Түүнчлэн, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэхдээ өмчлөгч буюу хамтран нэхэмжлэгч Г.Н ийн зөвшөөрөлгүй хийсэн нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх эрхгүй этгээдийн хэлцэл хамаарч байх тул Г.Н оос зөвшөөрөл болон итгэмжлэл аваагүй, мөн хэлцэл хийснийг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь нэхэмжлэгч Б.Ө , Г.Н нар нь гэр бүл бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нотлох баримтыг хүлээн зөвшөөрч байна маргахгүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүх шийдвэр гаргасан. Б.Ө , Г.Н нартай М.Б зочид буудлын түрээсийн гэрээнээс гадна караоке ажиллуулах түрээсийн гэрээ байгуулсан. М.Б ийн зочид буудалд оруулсан хөрөнгийг тооцож 30,000,000 гаруй төгрөг болсон тул 3,000,000 төгрөгийг 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсэнд суутгаж тооцоод үлдэгдэл 26,000,000 төгрөгийг М.Б ийн Хаан банкны дансанд шилжүүлснээр зочид буудалтай холбоотой гэрээний харилцаа бүрэн дууссан болно. Нэхэмжлэгч Б.Ө , хариуцагч М.Б нарын эд хөрөнгө хүлээлцэх акт гэх баримтаар нотлогдож нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байсан тул шүүх шийдвэр гаргасан. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Ө , Г.Н нар нь хариуцагч М.Б-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алдангид 32,250,000 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, тоот хаягт байрлах 248 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн зөвшөөрч чөлөөлөн өгсөн, засан сайжруулалтын зардал төлсөн хэмээн үзэж хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. /хх77/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...түрээсийн гэрээний дагуу түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж хөрөнгө шилжүүлсэн тул ашигласан хугацааны түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-2, 25/

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

Зохигчид хоорондоо 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, тоот хаягт байрлах 248 м.кв талбай бүхий хувийн сууцны 3 дугаар давхарыг 2 жилийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь сар бүр 4,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

6. Нэхэмжлэгч нар гэрээний дагуу эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашиглаж караокены үйл ажиллагааг тодорхой хугацаанд явуулсан, түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч гэрээний зүйлийг хэдий хугацаагаар ашигласан болон ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас ажиллаж чадаагүй гэж маргасан байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн 70, 71 дүгээр талд авагдсан баримтыг үнэлж, хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасанд нийцээгүй байна. Учир нь уг баримт нь түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн зардлын талаар харилцан тохирч, зочид буудлыг эд хөрөнгийн хамт түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгсөн агуулгатай баримт болохоос биш түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгосон талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч М.Б ийг гэрээнд заасан хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөлгүй үүргээ зөрчсөн гэж үзэж 2022 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хариуцагчид гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг дуусгавар болгоно, мөн гэрээний 4.5-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй байна. Учир нь хариуцагч түрээсийн талбайг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид буцааж хүлээлгэн өгсөн, хариуцагч талбайг энэ хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтыг үгүйсгээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон байна.

8. Зохигчид түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн зардлын талаар тохиролцон төлбөрийн баримт үйлдсэн, зочид буудлыг ковид цар тахал өвчний улмаас ажиллуулаагүй хугацааны талаар маргаагүй байгаа зэрэг нь хариуцагч түрээсийн зүйлийг бодитойгоор ашигласан хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөх, багасгах үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрт 21,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

9. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг буцаан авч, үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, мөн талуудын байгуулсан гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасантай тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 133 хоногоор алданги тооцвол 14,297,000 төгрөг /21,500,000*0,5%=107,500*133/ болж байх ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 10,750,000 төгрөгөөр тооцож, түрээсийн гэрээний үүрэгт 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б ээс нийт 32,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ө , Г.Н нарт олгосугай. гэж,

3 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч М.Б ээс 319,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 319,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН