Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02941

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02941

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, З.Х овогт Б-ын Ө /РД: .../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, Уяачдын гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Г-ын Н /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, С овогт М-ын Б /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 32,250,000 төгрөг гаргуулах, ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нар нь тус шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Бтэй 2 жилийн хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч тал нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрөөс 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 21,500,000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлөлгүй түрээслэгч нарыг хохироогоод байна. Түрээслүүлэгч нар нь тухайн цаг хугацаануудад төлбөр төлүүлэх талаар амаар болон утсаар шаардлага гаргахад ямартай ч төлж барагдуулна түр хүлээгээрэй гэж хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Түрээслүүлэгч нарын зүгээс түрээслэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул түрээслүүлэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Түрээслэгч нь тус мэдэгдлийн хариуг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн албан бичгээр ямар ч үндэслэлгүйгээр засан сайжруулалтын зардал 180,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Уг мэдэгдлээр түрээслэгч тал гэрээг цуцалж дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн боловч тус гэрээний үүрэгт огт хамааралгүй засан сайжруулалтын зардал нэхэмжилж тооцоо нийлж тохиролцоонд хүрч чадаагүй тул түрээсийн гэрээний төлбөрийг гаргуулж, түрээслэгчийн хууль бус эзэмшлээс өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байх цаг хугацаанд түрээсийн төлбөрт нийт 21,500,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөөр ирсэн. Гэрээний төлбөр болох гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 10,750,000 төгрөг, нийт 32,250,000 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б нь нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна. Мөнгөн төлбөрийн шаардлагаа дэмжиж байгаа.

 

Буудлыг засан сайжруулсантай холбоотой асуудал хариуцагч ярьж байна. Гэрээ байгуулах үе шат 03-н сарын хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сараас хойш үргэлжилсэн. Энэ хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа засан сайжруулалт хийгдээд, хариуцагч өөрөө хийхээр тохиролцоод түүнийхээ дагуу 2021 оны гэрээ байгуулахад болон тухайн объектыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байсан. 2022 оны 06 дугаар сард тохиролцсон тохиролцооны хувьд гэвэл хариуцагчийн тодорхой хэмжээнд оруулсан засан сайжруулалт болон дотор оруулсан эд хөрөнгийг худалдан авах төлбөр тооцооны асуудал байсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудалд хамааралгүй гэж үзэж байна. Цар тахалтай холбоотой ашиглах боломжгүй байсан гэж байна. Хариуцагч талаас гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах боломжтой байсан. Тухайн үед ямар нэг байдлаар түрээсийн гэрээнээс чөлөөлөгдье, нэмэлт өөрчлөлт оруулъя гэж гэрээнд заасны дагуу санал хүсэлт гаргаагүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн гэрээний үйл ажиллагаа явуулахад зориулалтын шаардлага хангахгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.Бийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Түрээсийн гэрээн дээрээ хоёр жил гэж заасан боловч урт хугацааны буюу таван жилийн хугацаатай гэрээ байсан. Хоёр жилийн дараа түрээсийн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэх учир эхний гэрээгээ хоёр жилийн хугацаагаар хийх тохиролцоотой байсан. Тухайн гэрээ хийгдэж буудлын үйл ажиллагаагаа хариуцагч эхлүүлсэн. Цар тахалтай холбоотой 2021 оны 03 дугаар сарын 04-нөөс эхлээд зочид буудал, караоке, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаасан. 2021 оны 08 дугаар сарын 10-наас эхлээд зочид буудал ажиллуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос өгсөн. Нэхэмжлэгч Б.Өын шаардсанаар хариуцагч нь тухайн обьектод үйл ажиллагаа явуулахдаа тусдаа компани байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд засан сайжруулалт хийгээд урт хугацаанд М.Бт түрээслүүлнэ гэснийг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн. Ингээд М.Б буудлын зөвшөөрлийг гаргуулахын тулд ... ХХКомпанийг байгуулсан. Тухайн компанийн тусгай зөвшөөрөл 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гарсан учир буудлын зориулалтаар ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нар 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо харилцан тохиролцож буюу нэхэмжлэгч нарын кара-окегоо цааш түрээслүүлээд ажиллуулж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай буудлыг чөлөөлөөд өгчих бид нар тодорхой хэмжээний ашигтай зүйлээ өөрсдөө ажиллуулмаар байна гэсэн учир 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буудлыг хүлээлцсэн. Буудлыг хүлээлцэхдээ тухайн буудлыг тохижуулсан ор, дэвсгэр, дотор засан сайжруулалтыг хариуцагч 30,000,000 төгрөгийн зардлаар хийсэн. Тухайн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хоёр хувааж хариуцагч М.Б рүү шилжүүлсэн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийн зөрүүг караокены 2022 оны 07, 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөр лүү шилжүүлж хүлээлцсэн. Үүнээс цааш ямар нэг зөрчил маргаан байхгүй гэж талууд бичиг хийж гарын үсэг зурсан. Түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон, хоёр тал харилцан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000841090 тоот гэрчилгээ, түрээсийн гэрээг цуцлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэл, түрээсийн гэрээг цуцлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл, мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч М.Б нь хариу тайлбараа бичгээр гаргасан, мөн ... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар зөвшөөрөл, Хаан банк ХХК дахь М.Б-ийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... буудал хүлээлцсэн акт, эд хөрөнгийн тооллого хийсэн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр фэйсбүүк чатанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нар нь хариуцагч М.Б-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32,250,000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Бтэй 2 жилийн хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч тал нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрөөс 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 21,500,000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлөлгүй түрээслэгч нарыг хохироогоод байна. Түрээслүүлэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Түрээслэгч нь тус мэдэгдлийн хариуг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн албан бичгээр өгөхдөө ямар ч үндэслэлгүйгээр засан сайжруулалтын зардал 180,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Гэрээний төлбөр болох гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг тооцоход 10,750,000 төгрөг болж байна. Ингээд нийт 32,250,000 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б нь нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: цар тахалтай холбоотой 2021 оны 03 дугаар сарын 04-нөөс эхлээд зочид буудал, караоке, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаасан. 2021 оны 08 дугаар сарын 10-наас эхлээд зочид буудал ажиллуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос өгсөн. Нэхэмжлэгч нар 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо харилцан тохиролцож буюу нэхэмжлэгч нарын кара-окегоо цааш түрээслүүлээд ажиллуулж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай буудлыг чөлөөлөөд өгчих бид нар тодорхой хэмжээний ашигтай зүйлээ өөрсдөө ажиллуулмаар байна гэсэн учир 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буудлыг хүлээлцсэн. Буудлыг хүлээлцэхдээ тухайн буудлыг тохижуулсан ор, дэвсгэр, дотор засан сайжруулалтыг хариуцагч 30,000,000 төгрөгийн зардлаар хийсэн ба тухайн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хоёр хувааж хариуцагч М.Б рүү шилжүүлсэн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийн зөрүүг караокены 2022 оны 07, 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөр лүү шилжүүлж хүлээлцсэн. Үүнээс цааш ямар нэг зөрчил маргаан байхгүй гэж талууд бичиг хийж гарын үсэг зурсан гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Алтай ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 3 дугаар давхарт байрлах ... м/к талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэх шаардлагаасаа хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлсэн гэх үндэслэлээр татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нараас түүнд олгосон 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0089, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0621 дүгээр итгэмжлэлд заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ дээр дурдсан шаардлагаас татгалзсаныг тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нар нь өөрсдийнхөө өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Алтай ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 814.04 м/к талбай бүхий хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөний 3 дугаар давхарт байрлах ... м/к талбайг 2 жилийн хугацаатайгаар, сарын 4,000,000 төгрөгөөр, зочид буудлын зориулалтаар түрээслүүлэхээр хариуцагч М.Бийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь тогтоосон хугацаанд түрээсийн төлбөрийг төлөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан гэж дүгнэлээ. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан боловч хуулийн энэхүү зохицуулалт нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгөд хамааралтай бөгөөд дээрх гэрээний зүйл болох 248 м/к талбайг хэсэгчлэн түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалт хамааралгүй буюу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Б.Ө, Г.Н нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Алтай ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 814.04 м/к талбай бүхий хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөний 3 дугаар давхарт байрлах 248 м/к талбайг хэсэгчлэн түрээслэхээр зохигчид гэрээ байгуулжээ.

 

6. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн эзэмшилд түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн, 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан хүлээлцсэн, нэхэмжлэгч Б.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 28ы өдөр хариуцагч М.Бт 26,460,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч тал түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000841090 тоот гэрчилгээ, түрээсийн гэрээг цуцлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэл, түрээсийн гэрээг цуцлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл, мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн бичиг, ... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар зөвшөөрөл, Хаан банк ХХК дахь М.Бийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... буудал хүлээлцсэн акт, эд хөрөнгийн тооллого хийсэн тэмдэглэл, Ulzii Boldoo гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч рүү ... фэйсбүүк хаягтай хэрэглэгчээс бичсэн захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

Нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нар нь хариуцагч М.Бийн эзэмшилд Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Алтай ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөний 3 дугаар давхарт байрлах 248 м/к талбайг 2 жилийн хугацаатайгаар, сарын 4,000,000 төгрөгөөр, зочид буудлын зориулалтаар түрээслүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч М.Б нь зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ... ХХК-ийн нэрээр тухайн түрээсийн зүйлд ... зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулсан, нэхэмжлэгч нар нь хариуцагчийг түрээсийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 28-нд нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч М.Бийн Хаан банк ХХК дахь ... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр буюу 20,000,000 төгрөг, 6,460,000 төгрөгөөр нийт 26,460,000 төгрөгийг буудлын эвлэрлийн гэрээний төлбөр гэх утгаар шилжүүлсэн ба 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгч Б.Өд актаар буцаан хүлээлгэн өгсөн байна. Уг актад Б.Ө А талаас, М.Б Б талаас, Бид ... зочид буудлаа тохиролцсон гэрээнийхээ дагуу 7 сарын 1-нд өгч, авч хүлээлцэж байна. А талаас тохиролцсон 30,000,000 төгрөгөө Б талын ... тоот дансанд 6 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 6,460,000 төгрөгөөр 2 хуваан шилжүүлсэн. Үлдэгдэл 3,540,000 төгрөгийг 540,000 түрээсийн төлбөрийн үлдэгдэлд суутгаж 3,000,000 төгрөгийг караок-ний 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт суутгаж тохиролцов. ... буудлын эд хөрөнгө болох доорх зүйлсийг тоолж хүлээлцэв. Буудалтай холбоотой бүх төлбөр тооцоо дуусав. гэж тохиролцсоноос үзвэл хариуцагч М.Б нь түрээсийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, мөн 236.1.1үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэж заасан үндэслэлээр зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

 

8. Иймд хариуцагч М.Б-ээс түрээсийн гэрээний үүрэгт 32,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн дээрх 2 шаардлагадаа 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 389,400 төгрөгийг хамтатган төлсөн байх бөгөөд түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг нэхэмжлэгч нар энэ шаардлагаасаа татгалзсан тул буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 354,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс 32,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө, Г.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн түрээсийн зүйлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,400 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нар олгож, үлдэх 354,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР