Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01041

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01041

 

Ж.Гантогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэр,

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00027 дугаар магадлалтай,

 Ж.Гантогтохын нэхэмжлэлтэй

Б.Азбаатарт холбогдох

 Гэм хорын хохиролд 16,742,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ж.Гантогтох нь хариуцагч Б.Азбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 16,742,849 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Тайж овогтой Баасандоржийн Азбаатараас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаанд аваагүй цалинд 999,017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8,960,250 төгрөг, нийт 9,959,267 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хайрхан овогтой Жадамбаагийн Гантогтоход олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,783,582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Азбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 174,298 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00027 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Тайж овогт Баасандашийн Азбаатараас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаанд аваагүй цалинд 903,399 төгрөг, эм тариа, нүдний шил хийлгэсний үнэ 389,600 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8,960,250 төгрөг нийт 10,253,249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хайрхан овогт Жадамбаагийн Гантогтоход олгож, нэхэмжлэлээс 6,585,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын: 174,298 гэснийг 177,472 гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Азбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй, эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Гантогтохын хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх шинжээчийн дүгнэлт нь 25 хувиар тогтоогдсон нь эрүүгийн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан ба эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар тогтоолгож хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 12,931,272 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хөдөлмөрийн чадвар алдалтын аль хувийг үнэлсэн нь тодорхой бус байгаа ба хөдөлмөрийн чадвар алдалтаас хамааран хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс нь өөр гарах юм. Мөн хөдөлмөрийн чадвар алдсанаас үүдэн Ж.Гантогтохыг асарсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Цалин тэтгэмжийн зөрүүг 2019.06.14-ний өдрөөс тооцсон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь дараах байдлаар нотлогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаанаас үзэхэд Ж.Гантогтох нь 2019 оны 08 сарыг дуустал ажиллаж тухайн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал нь харагдаж байна. Иймд цалин тэтгэмжийн зөрүү нь 2019.09.01-ний өдрөөс эхлэн тооцогдож 2020.05.29-ний өдөр хүртэл тооцох нь зүйн ёсны бөгөөд нотлох баримтыг үнэн зөв үнэлэх юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тоот тушаалд заасанчлан сүүлийн 3 cap буюу 05, 06, 07 сарын дундаж цалин хөлснөөс тооцох нь хууль зүйн хувьд нийцэж байна.

4.2 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах нэг асуудал бол хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал юм. Нотлох баримтыг үнэн зөв үнэлснээр шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлийг бүрдүүлдэг. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд эргэлзээтэй баримтууд байх бөгөөд ялангуяа ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх, түүнтэй холбоотой дундаж цалинг бодсон байдал нь холбогдох эх сурвалжаасаа эхлэн үндэслэл бүхий эргэлзээ дагуулж байх тул дахин нягталж үзэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоон зохигчийн хоорондын эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 6. Нэхэмжлэгч Ж.Гантогтох нь хариуцагч Б.Азбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 16,742,849 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ ... хариуцагч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс учруулсан эрүүл мэндийн хохирлоо мөнгөн дүнгээр шаардана гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын дагуу хохиролд 1,565,300 төгрөгийг барагдуулсан, ... шүүх эмнэлгийн үзлэгийн актаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 25 хувийн алдагдалтай гэсэн, ... хожим наадмаар таарахад эрүүл, морь уяад явж байсан гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох өвчтэй байх хугацааны аваагүй цалин 999,017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосноос хойших хугацааны цалингийн зөрүү 12,931,272 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, эмчилгээ, эм, нүдний шилний зардал 2,052,560 төгрөг, эхнэр Долгорсүрэнгийн асаргааны хугацааны алдагдсан цалин хөлс 640,000 төгрөг, эмчилгээ хийлгэхээр ирж буцсан зардал 100,000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаас ажилгүй хугацааны цалин хөлс 999,017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8,960,250 төгрөг, нийт 9,959,267 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж үзэн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

8. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хохирол гаргуулах болсон хууль зүйн үндэслэлийг буруутгаагүй боловч тооцооллын хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардсан хэмжээгээр гаргуулах үндэслэлгүй, тус дүнгээс уг хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,001,199 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэн энэ шаардлагад хариуцагчаас 903,399 төгрөг, цалин тэтгэмжийн зөрүүнд 8,960,250 төгрөгийг тус тус гаргуулах, түүнчлэн нүдний шилний үнэ 125,000 төгрөг, эмийн сангаас авсан эм тарианы үнэ 264,600 төгрөгийн хохирол нь гэм буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэн нэмж гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулжээ.

 9. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн, эргэлзээтэй нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэл хяналтын журмаар гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

10. Хариуцагч хэрэгт нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар хоёр өөр баримт авагдсан бөгөөд тус баримтын нэгийг үнэлж, нөгөөг үгүйсгэхдээ үндэслэл заагаагүй гэж үзэн хоёр шатны шүүхийн дүгнэлтэд эргэлзэж байгаагаа дурджээ.

 

11. Хавтаст хэрэгт хохирогч Ж.Гантогтохын биед баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун нүдний мултрал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон, хөдөлмөрийн чадвар алдалтын 25 хувь, гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарах тухай шинжээч Д.Даваахүүгийн дүгнэлт, 2019.06.14-ний өдрийн ЭХМК-ийн хурлаар Жадамба овогтой Гантогтохын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон шийдвэр тус тус нотлох баримтаар авагдсан байна. Хоёр шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардсан дүнгээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэхдээ ЭХМК-ийн шийдвэрийг үндэслэл болгосныг зөв, зүйтэй гэж үзнэ. Учир нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хийгдсэн ажиллагаа бол ЭХМК-ийн дүгнэлт нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ, хугацааг мэргэжлийн нарийвчилсан түвшинд тухайлан тогтоож, улмаар нийгэм хангамжийн байгууллагаас олгох тэтгэмжийн хэмжээг тодорхойлох үндэс болох баримт тул энэ баримтыг үндэслэн үйл баримтыг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цалин тэтгэмжийн зөрүүг ЭХМК-ийн шийдвэр гарсан 2019.06.14-ний өдрөөс тогтоосон нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч 2019.08-р сарыг дуустал ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаас тогтоогдоно, иймд цалин тэтгэмжийн зөрүүг 2019.09.01-ний өдрөөс тооцох байсан гэж үзэн хоёр шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэжээ.

Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл 2019.04.24-ний өдөр үйлдэгдсэн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолд дурдсаны зэрэгцээ энэ талаар зохигч маргаагүй. Улмаар хохирогчийн биеийн байдал, гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсан байх ба 2019.06.14-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч хэвийн байдлаар хөдөлмөрлөх боломжгүй, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байсан нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогджээ. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 2019.05, 06, 07, 08 дугаар сарын шимтгэлийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байх боловч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцогдсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг цалин хөлсөө ердийн журмаар авч, ажил үүргээ хэвийн эрхэлж байсан гэж дүгнэх нь бодит байдлаас хэт зөрүүтэй, учир зүйн хувьд үйл баримтыг алдаатай тогтоосонд тооцно. Иймд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 50,121 төгрөгөөр тогтоосон байх ба тус дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэг өдрийн дундаж цалин хөлсийг буруу тогтоосон гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ.

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гарсан 2019.04.24-ний өдрөөс ЭХМК-ийн шийдвэр гарсан 2019.06.13-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 1,904,598 төгрөг гэж үзэн уг дүнгээс хохирогчийн хүлээн авсан тэтгэмж 1,001,199 төгрөгийг хасаж тооцон 903,399 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тооцсон нь үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн 2019.07.21-ний өдөр Мөнхийн шидэт тун эмийн сангаас авсан эм тарианы зардал 264,600 төгрөг, нүдний шилний 125,000 төгрөгийг гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 15. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.   Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэндэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 179,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                 ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

                                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД