Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2020/00027

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг, 6-6 тоотод оршин суух, Х овогтой Ж.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суух, Т овогтой Б.А-т холбогдох,

гэм хорын хохиролд 16.742.849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.А замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдож 2019 оны 06 сарын 14-ны өдрийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тогтоогдсон. Одоо толгой байнга өвдөнө, нурууны хугарал эдгэрээгүйн улмаас нуруу байнга өвдөнө, гэмтлийн улмаас 2 нүдний хараа муудаж, баруун нүдний хараа бүр илүү муудаж байна. Баруун гар мөрнөөс тохой хүртэл мэдээгүй өргөж чадахгүй. Нүдний торлог бүрхэвчийн урагдалтай хагалгаанд орох шаардлагатай, нурууны нарийн оношлогоонд орох шаардлагатай боловч санхүүгийн хүндрэлээс болоод орж чадахгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ 96 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн. Шүүх цаашид гарах эмчилгээний зардал, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна. Иймд дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 05 сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон, эм тарианы болон бусад гэм хорын хохирол 2.218.120 /хоёр сая хоёр зуун арван найман мянга нэг зуун хорин/ төгрөг, Ж.Г-ыг асарсаны асаргааны цалин хөлс 640000 / зургаан зуун дөчин мянган/ төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр Говь-Алтайгаас явсан замын зардлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдож Б.А-аас гаргуулж авсан. Харин буцаж ирсэн замын зардлын баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хохирлыг тооцуулаагүй байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд УБ хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 /нэг зуун мянган / төгрөг, Говь-Алтай аймгийн уламжлалтын анагаах ухааны төв бариа заслын сувилагч мэргэжлээр 2010 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Өвчтэй байсан хугацааны аваагүй цалин 662820 /зургаан зуун жаран хоёр мянга найман зуун хорин / төгрөг, Хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 7 318984 / долоон сая гурван зуун арван найман мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг нийт 10939924 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгний гэм хорын хохирол нэхэмжилж байна. Одоо нүдний торлог бүрхэвчийн урагдалтай хагалгаанд орох шаардлагатай, нурууны нарын оношлогоонд орох шаардлагатай боловч санхүүгийн хүндрэлээс болоод орж чадахгүй байна. Тухайн хагалгаанд орохын тулд маш олон шинжилгээ өгөх шаардлагатай, нурууны хагалгаанд нэн хурдан орох шаардлагатай тул тухайн нотлох баримтуудаар тогтоогдох гэм хорын хохирол 10939924 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг Б.А-аас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А-т холбогдох, Ж.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төв бариа заслын сувилагч мэргэжлээр 2010 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Иймд өвчтэй байсан хугацааны аваагүй цалин 999.017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 12.931.272 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы, нүдний шил хийлгэсэн зардал 2.052.560 төгрөг, Ж.Г-ыг асарсаны асаргааны цалин хөлс 640.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явж эмчлүүлэхээр Говь-Алтай аймгаас явсан замын зардлын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдож Б.А-аас гаргуулж авсан. Харин буцаж ирсэн замын зардлын баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хохирлыг тооцуулаагүй байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөг хэвээрээ нийт 16.742.849 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэм хорын хохирол 10.939.924 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Б.А-ыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 шцт 96 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Г-ын биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байдаг. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шинжээч Д.Д-ийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актаар иргэн Ж.Г-ын биед баруун нүдний ухархайн дээд ханны хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдолоо гэсэн, ерөнхий хөдөлмөрийн чадвар 25 хувь, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэдэг. Анхан шатны шүүх дээр Ж.Г нь 18.234.595 төгрөгийн нэхэмжлэлээс 10.516.570 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.565.300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж Б.А-аас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээсэн байдаг. Б.А нь шүүхээс гаргуулахар шийдвэрлэсэн хохирол 1.565.300 төгрөгийг төлж барагдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар энэ хүн хөдөлмөрийн чадвар 25 хувь алдсан гэсэн дүгнэлт байхад 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан гэж комиссын дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы үнэ, Ж.Г-ыг асарсан асаргааны үнэ, өвчтэй байсан хугацааны аваагүй цалин, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай нөхөр осол гаргасан нь үнэн. Уг хохирлыг шүүхээс гаргасан тогтоолын дагуу төлсөн. Одоо 16.000.000 төгрөг нэхэмжилж байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хууль шүүхийн байгууллагад үнэн зөв хэлэх хэрэгтэй. Танай нөхөр чинь сэхээнд ороод байсан зүйл байхгүй. Эмнэлгээс гарах хүртэл нь бид 2 эргэж тойроод хамт байж байсан. Огт үзэгдэж харагдаагүй юм ярьж болохгүй. Чи ч ээж хүн, би ч ээж хүн. Би тухайн үед жирэмсэн төрөх дөхсөн явж байсан. Дараа нь танай нөхөр чинь 7 дугаар сард наадамд морь уяад явж байсан гэж хүн бүр ярьж байсан. Манай нөхөртэй таарсан байсан. Хуулийн байгууллагад худал ярьж болохгүй гэжээ.

 

   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Т овогтой Б.А-аас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаанд аваагүй цалинд 999.017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8.960.250 төгрөг, нийт 9.959.267 /есөн сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогтой Ж.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.783.582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.298 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суух Т овогт Б.А би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Үүнд:

1. Шүүх бүрэлдэхүүн нь аваагүй цалинг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тооцсон байгаа нь хавтаст хэргийн 56-р хуудсанд байгаа Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа, хавтаст хэргийн 51-р хуудсанд байгаа ажлаас чөлөөлсөн тушаал мөн нийгмийн даатгалын 000251392 дугаартай дэвтэрийн ажлаас түр чөлөөлсөн тэмдэглэгээ зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын цалингаа бүтэн аваад мөн цалин группын мөнгөө давхар авсан нь нотлогдож байна. Иймд аваагүй цалин болох 999017 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Цалин тэтгэмжийн зөрүүг шүүх бүрэлдэхүүн нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тооцсон нь үндэслэлгүй байна.

3.  Цалин тэтгэмжийн зөрүүг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох нь үндэслэлтэй байна. Мөн шүүх бүрэлдэхүүн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалыг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сар дуустал ажилласан учир дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо шүүх бүрэлдэхүүн нь 01, 02, 03 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцсон байгаа нь буруу. Гэтэл 2019 оны 08 дугаар сарыг дуустал ажиллаж 8 дугаар сарын цалингаа бүтэн аваад группэд гарсан нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учир цалин тэтгэмжийн зөрүүг 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл тооцох ёстой байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг хэрэгсэхгүй болгож цалин тэтгэмжийн зөрүүг 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 05 дугаар сарын 29 хүртэлх хугацаагаар тооцож олгохоор тооцож, аваагүй цалин болох 999017 төгрөгийг хүчингүй болгож, цалин тэтгэмжийн зөрүүнд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хариуцагч Б.А нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас авто машины осол гаргаж, уг ослын улмаас Ж.Г-ын эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Тиймээс Ж.Г нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд дутуу авсан цалин хөлсийг Б.А-аар төлүүлэхээр шаардах эрхтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос Ж.Г-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тооцож үзвэл ажлын 38 өдөр болж байгаа тул уг 38 ажлын өдрийн нэг өдрийн цалин хөлсийг 50 121 төгрөгөөр тооцож үзвэл нийт 38 ажлын өдрийн цалин хөлс нь 1.904.598 төгрөг болохоор байна.

Анхан шатны шүүхээс Ж.Г-ын сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс 1 сарын цалин хөлсний дундажийг тооцож түүнээс нэг өдрийн цалин хөлсийг 50 121 төгрөгөөр тооцож тогтоосон нь үндэслэлтэй.

Ж.Г-ын ажлын 38 өдрийн цалин хөлс болох 1.904.598 төгрөгөөс тухайн хугацаанд Ж.Г-д нийгмийн даатгалын сангаас олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1001 199 төгрөгийг хасч тооцвол 903.399 төгрөг болж байна.

Тиймээс Ж.Г-ын хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд дутуу авсан цалин хөлс болох уг 903.399 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Б.А нь  нэхэмжлэгч Ж.Г 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал цалингаа аваад, дээр нь группын мөнгө авч байсан болох нь Ж.Г-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр дээрх ажлаас түр чөлөөлсөн тэмдэглэлээ зэргээр тогтоогдож байгаа тул түүний цалин, тэтгэврийн зөрүүг 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцох ёстой гэж маргажээ.

Гэвч нэхэмжлэгч талаас 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байгууллагаас нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож Ж.Г-ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын архивын лавлагаа зэрэгт энэ нь тэмдэглэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь Ж.Г нь тухайн хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны улмаас ажил хийж цалин хөлс авах боломжгүй байсан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Ж.Г-ыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажлаас түр чөлөөлсөн тухай нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа зэрэг нь ажил олгогчийнх нь зүгээс Ж.Г-ын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан болохыг нотлож байгаа болохоос Ж.Г нь тухайн хугацаанд ажиллаж, цалин хөлс авч байсан болохыг нотлохгүй байна.

Тиймээс хариуцагч Б.А-ын ажилгүй байсан хугацааны цалинг хэрэгсэхгүй болгож, тэтгэмжийн зөрүүг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боложгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Тухайлбал бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Мөнхийн шидэт тун эмийн сангаас авсан эм тарианы үнэ 264 600 төгрөг, Ж.Г нь -0.75, -1.00 нүдний шилний үнэ 125000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг 389600 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос өмнөх огноотой гэж хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед нэхэмжлээгүй эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх  эрхийг нь хазгаарлах үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2020/00520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Т овогт Б.А-аас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаанд аваагүй цалинд 903.399 төгрөг, эм тариа нүдний шил хийлгэсний үнэ 389600 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8960250 төгрөг нийт 10253249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Ж.Г-д олгож, нэхэмжлэлээс 6585218 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.“ гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “174298” гэснийг “177472” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй

              

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч Б.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

                               ШҮҮГЧИД                              Ч.Э

                                                                             Ш.Б