Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2020/00520

 

 

 

 

 

 

2020  оны 07 сарын 08 өдөр               Дугаар 133/ШШ2020/00520                   Есөнбулаг сум

 

МО2020НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг, 6-6 тоотод оршин суух, Х овогтой Ж-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суух, Т овогтой Б-ийн А-т холбогдох,

гэм хорын хохиролд 16.742.849 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Б.А /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.А нь авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтзл тогтоогдож 2019 оны 06 сарын 14-ны өдрийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл тогтоогдсон. Одоо толгой байнга өвдөнө, нурууны хугарал эдгэрээгүйн улмаас нуруу байнга өвдөнө, гэмтлийн улмаас 2 нүний хараа муудаж, баруун нүдний хараа бүр илүү муудаж байна. Баруун гар мөрнөөс тохой хүртэл мэдээгүй өргөж чадахгүй. Нүдний торлог бүрхэвчийн урагдалтай хагалгаанд орох шаардлагатай, нурууны нарын оношлогоонд орох шаардлагатай боловч санхүүгийн хүндрэлээс болоод орж чадахгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 04 өдрийн 2019/ 96 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ат эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заанаар ял шийтгүүлсэн.

Шүүх цаашид гарах эмчилгээний зардал, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилттах орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.

Иймд дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 05 сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон, эм тарианы болон бусад гэм хорын хохирол 2.218.120 /хоёр сая хоёр зуун арван найман мянга нэг зуун хорин/ төгрөг, Ж.Гыг асарсаны асаргааны цалин хөлс 640000 / зургаан зуун дөчин мянган/ төгрөг, 2019 оны 5 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр Говь-Алтайгаас явсан замын зардлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдож А-аас гаргуулж авсан. Харин буцаж ирсэн замын зардлын баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хохирлыг тооцуулаагүй байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд УБ хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 /нэг зуун мянган / төгрөг, Говь-Алтай аймгийн уламжлалтын анагаах ухааны төв бариа заслын сувилагч мэргэжлээр 2010 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Өвчтэй байсан хугацааны аваагүй цалин 662820 /зургаан зуун жаран хоёр мянга найман зуун хорин / төгрөг, Хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 7 318984 / долоон сая гурван зуун нэг зуун арван найман мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг нийт 10939924 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгний гэм хорын хохирол нэхэмжилж байна. Одоо нүдний торлог бүрхэвчийн урагдалтай хагалгаанд орох шаардлагатай, нурууны нарын оношлогоонд орох шаардлагатай боловч санхүүгийн хүндрэлээс болоод орж чадахгүй байна. Тухайн хагалгаанд орохын тулд маш олон шинжилгээ өгөх шаардлагатай, нурууны хагалгаанд нэн хурдан орох шаардлагатай тул тухайн нотлох баримтуудаар тогтоогдох гэм хорын хохирол 10939924 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг Б.А-аас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Б.Ат холбогдох, Ж.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төв бариа заслын сувилагч мэргэжлээр 2010 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Иймд өвчтэй байсан хугацааны аваагүй цалин 999.017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 12.931.272 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы, нүдний шил хийлгэсэн зардал 2.052.560 төгрөг, Ж.Г-ыг асарсаны асаргааны цалин хөлс 640.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явж эмчлүүлэхээр Говь-Алтай аймгаас явсан замын зардлын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдож А-аас гаргуулж авсан. Харин буцаж ирсэн замын зардлын баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хохирлыг тооцуулаагүй байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөг хэвээрээ нийт 16.742.849 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэм хорын хохирол 10.939.924 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Б.А-ыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 шцт 96 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Г-ын биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байдаг. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шинжээч Д.Д-гийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актаар иргэн Г-ын биед баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдолоо гэсэн, ерөнхий хөдөлмөрийн чадвар 25 хувь, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэдэг.

Анхан шатны шүүх дээр Ж.Г нь 18.234.595 төгрөгийн нэхэмжлэлээс 10.516.570 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.565.300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж А-аас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээсэн байдаг. Б.А нь шүүхээс гаргуулахар шийдвэрлэсэн хохирол 1.565.300 төгрөгийг төлж барагдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар энэ хүн хөдөлмөрийн чадвар 25 хувь алдсан гэсэн дүгнэлт байхад 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан гэж комиссын дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы үнэ, Гантогтохыг асарсан асаргааны үнэ, өвчтэй байсан хугацааны аваагүй цалин, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тухайн үед манай нөхөр осол гаргасан нь үнэн. Уг хохирлыг шүүхээс гаргасан тогтоолын дагуу төлсөн. Одоо 16.000.000 төгрөг нэхэмжилж байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хууль шүүхийн байгууллагад үнэн зөв хэлэх хэрэгтэй. Танай нөхөр чинь сэхээнд ороод байсан зүйл байхгүй. Эмнэлгээс гарах хүртэл нь бид 2 эргэж тойроод хамт байж байсан. Огт үзэгдэж харагдаагүй юм ярьж болохгүй. Чи ч ээж хүн, би ч ээж хүн. Би тухайн үед жирэмсэн төрөх дөхсөн явж байсан. Дараа нь танай нөхөр чинь 7 дугаар сард наадамд морь уяад явж байсан гэж хүн бүр ярьж байсан. Манай нөхөртэй таарсан байсан. Хуулийн байгууллагад худал ярьж болохгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.А-т холбогдуулан

1. өвчтэй байсан хугацааны аваагүй цалинд 999.017 төгрөг,

2. хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсоноос хойшхи хугацааны цалин хөлсөнд 12.931.272 төгрөг,

3. нотариатын зардал 20.000 төгрөг,

4. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы зардал, нүдний шил хийлгэсэн зардал 2.052.560 төгрөг,

5. Эхнэр Долгорсүрэн нь Ж.Г-ыг асарсан хугацааны цалин хөлс 640.000 төгрөг,

6. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөг зэрэгт нийт 16.742.849 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтаант холбоо байх нөхцөлтэй бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/шцт/96  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Тайж овогтой Баасандоржийн Азбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тооцож,

Тогтоох хэсгийн 8 дугаар заалтад хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна /хх-6-13/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т ...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан тул дээрх шийтгэх тогтоолд тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид холбогдуулан:

1. Өвчтэй байсан хугацааны аваагүй цалин 999.017 төгрөг

2. Хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлс 12.931.272 төгрөг

3. Нотариатын зардал 20.000 төгрөг,

4.Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы, нүдний шил хийлгэсэн зардал 2.052.560 төгрөг

5.Ж.Гыг асарсаны асаргааны цалин хөлс 640.000 төгрөг

6. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөг нийт 6 нэхэмжлэлийн зүйл бүхий шаардлагыг гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар энэ хүн хөдөлмөрийн чадвар 25 хувь алдсан гэсэн дүгнэлт байхад 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан гэж комиссын дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы үнэ, Гантогтохыг асарсан асаргааны үнэ, өвчтэй байсан хугацааны аваагүй цалин, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож хэлсэн тайлбартаа эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн байгаа, мөн нэхэмжлэлийн шаардлагууд нь эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед хэрэгсэхгүй болгосон зүйлүүд давхардаж байна  гэж тайлбарлаж татгалзжээ.

1. Өвчтэй байсан хугацааны аваагүй цалинд 999.017 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн захирлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Ж.Гыг ээлжийн сувилагчаар 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилд эхлэн томилон ажиллуулсугай” гэх тушаалын эх хувь, Ж.Гын 000251392 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Ж.Г нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ажил эрхэлж тодорхой хэмжээний цалин орлоготой байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас ажил эрхлэх боломжгүй болж энэхүү цалингийн орлого нь тасалдсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул гэмтлийн улмаас ажил эрхэлж авч чадаагүй хугацааны цалинг олон ёстой байсан орлого гэж үзэн авч байсан цалингийн дунджын хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон дүгнэлт гарахаас өмнөх өвчтэй байсан хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар гэмтэл авахаас өмнөх гурван сарын цалин болох 2019 оны 01, 02, 03 дугаар саруудад бүтнээр ажилласан хугацааны цалингаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 808.495+936.582+1.487.742=3.232.819 : 3 сар=1.077.606:21.5=50.121 төгрөг нэг өдрийн цалин байна.

Өвчтэй байсан хугацааны аваагүй цалинг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 37 өдрөөр тооцож үзвэл цалингийн хэмжээ 50.121*37= 1.854.477 /нэг сая найман зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөг байх боловч нэхэмжлэгч хэнээс ямар үндэслэлээр юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэгч тал өвчтэй байсан хугацааны аваагүй цалинд 999.017 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 999.017 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Хөдөлмөрийн чадвар алдсан дүгнэлт гарснаас хойш аваагүй цалин хөлс 12.931.272 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Г нь Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан болох нь дээр дурдсан баримт болох Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн захирлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Ж.Гыг ээлжийн сувилагчаар 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилд эхлэн томилон ажиллуулсугай” гэх тушаалын эх хувь,

Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай  “Сувилагч Жадамбаагийн Гантогтохыг эмчийн магадлагаагаар ажлаас түр хугацаагаар чөлөөлсүгэй...” гэх тушаалын эх хувь,

Ж.Гын 000251392 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 дугаартай “...Жадамбаагийн Гантогтохыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс ээлжийн сувилагчийн ажилд нь эгүүлэн томилсугай...” гэх тушаалын Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргээр тогтоогдож, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЭХМК-ын хурлаар Жадамба овогтой Гантогтохыг хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн болох нь Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 0371962 дугаартай Ж-ийн Г-ын тэтгэврийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч шаардлагаа бүтэн цалингийн хэмжээгээр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулиар авч байсан цалин, хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд авсан тэтгэмжийн зөрүүгээр тооцогддог болно.

Хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гэж тодорхойлсон ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар гэмтэл авахаас өмнөх гурван сарын цалин болох 2019 оны 01, 02, 03 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 808.495+936.582+1.487.742=3.232.819 : 3 сар=1.077.606:21.5= нэг өдрийн цалин 50.121 төгрөг байна.

Хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны аваагүй цалинг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ажилдаа орсон хугацаа 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажлын 250 өдрөөр тооцож үзвэл цалингийн хэмжээ 50.121*250= 12.530.250 төгрөг байна. Уг хугацаанд авсан тэтгэмжийн хэмжээ 310.000 төгрөгөөр 7 сар буюу 2.170.000 төгрөг, 350.000 төгрөгөөр 4 сар буюу 1.400.000 төгрөг, нийт 3.570.000 төгрөг байх тул цалин, тэтгэмжийн зөрүү 12.530.250-3.570.000=8.960.250 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулах үндэслэлтэй байна.

3. Нотариатын зардал 20.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба шаардлага, тайлбар, татгалзлаа нотлохоор гаргасан бичмэл баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх хуулийн шаардлага тавигддаг бөгөөд энэ шаардлагыг хангасан нотлох баримтыг өгөх үүрэгтэй. Иймд нотариатын зардал нь нэхэмжлэгч нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийнхээ дагуу гарсан зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

4.Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы зардал, нүдний шил хийлгэсэн зардал 2.052.560 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан Монос Говь-Алтай ХХК-2019.10.24 өдрийн 44.100 төгрөгийн, Монос Говь-Алтай ХХК-ний 2019.09.19 өдрийн 44.850 төгрөгийн, Дулаан хайрхан трейдийн 2019.05.29-ний өдрийн 16.600 төгрөгийн, Алтай тан 2019.09.04-ний өдрийн 206.000 төгрөгийн, Мөнхийн шидэт тун ХХК-ийн 2019.06.10-ны өдрийн 4.650 төгрөгийн, Алтай тан ХХК-ийн 2019.06.14-ний өдрийн 1200 төгрөгийн, Бамбайн үндэс ЭЭС-ийн 2019.09.01-ний өдрийн 76.000 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн-2019.05.31-ний өдрийн 46.863 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтууд гаргасан, Түмэнтуяа ХХК-ийн 2019.06.20-ны өдрийн, он засвартай 330.000 төгрөгийн зарлагын баримт, Мөнхийн шидэт тун ХХК-ийн 2019.07.21-ний өдрийн 264.600 төгрөгийн зарлагын баримт, Нүдний шил-Жадамба Гантогтох-125.0 төлөв гээд хүний их эмч Товуужавын Хаш-Эрдэнэ гэсэн тэмдэг дарсан баримтууд нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос өмнөх огноотой, зарлагын баримтууд нь нөат-ын буюу эргэлзээгүй, шууд баримтаар нотлогдохгүй, тухайлан Ж.Г нь авч хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй,

Бамбайн үндэс ЭЭС-ийн 2020.03.01-ний өдрийн 27.500 төгрөгийн, Алтай тан 2020.02.09-ний өдрийн 24.300 төгрөгийн, Түмэнтуяа ХХК-ийн 2020.03.10-ны өдрийн 320.000 төгрөгийн зарлагын баримт, Түмэнтуяа ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн 420.500 төгрөгийн зарлагын баримтуудыг эмчлүүлэгчийн картад мэргэжлийн эмчийн бичсэн зайлшгүй авч хэрэглэх эм тарианы зааврыг эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн баримттай харьцуулан тулгах байдлаар судлахад энэ талаарх эм тариа эмчлүүлэгчийн картад бичигдээгүй, эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч Ж.Г эмчид үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэргийн 17-22 дугаар хуудсанд авагдсан картын хуулбар нь Ж.Гын эмнэлгийн картын хуулбар болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019/шцт/96  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байх боловч ийнхүү эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдснээс хойш эмчилгээ хийлгэж зардал гарсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул эм тариа, нүдний шилний зардлын талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

5. Ж.Гыг асарсан эхнэр Д.Аын асаргааны цалин хөлс 640.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал нь “...Ж.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд хэвтэрт байх шаардлагатай хэвтэрийн дэглэм сахиж байсан. Тухайн үед эхнэр нь асарч байсан. Эхнэр нь жирэмсний амралттай байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хоёр сар асарсан асаргааны зардал нэхэмжилж байгаа...” гэж тайлбарлаж байх боловч “МТ Сонгинохайрхан” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 71/18 дугаартай “жирэмсний болон амаржсаны амралттай байгаа түгээгч Д.Ад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосугай” гэж хүүхэд асрах чөлөө олгосон тушаалаар Д.А нь тухайн цаг хугацаанд чөлөөтэй байсан байна.

Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаад ажлаасаа чөлөө авч Ж.Гыг асарсан гэх буюу тухайн нөхцөл байдлаас шалтгаалж ажил эрхэлж чадаагүй гэх байдал тогтоогдохгүй, түүнчлэн Ж.Год асаргаа зайлшгүй шаардлагатай байсан байдал бусад баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

6. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр Говь-Алтай аймгаас явсан замын зардлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдож А-аас гаргуулж авсан. Харин буцаж ирсэн замын зардлын баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хохирлыг тооцуулаагүй байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос буцаж ирсэн замын зардал 100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд буцаж ирсэн үйл баримт нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө болсон байх бөгөөд уг замын зардлын баримт нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн замын зардлыг баримттай давхардаж байх тул замын зардлын 100.000 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлгүй байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэлийн тухайд эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болсон үнэнд дээрх шаардлагууд багтсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч хариуцагч тал энэ үндэслэлээ нотолж буюу нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд баримтаар няцаалт хийгээгүй байна.

Мөн иргэний хэрэгт баримтаар гаргасан хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ааас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацааны аваагүй цалинд 999.017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдадт тогтоогдсоноос хойш аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8.960.250 төгрөг, нийт 9.959.267 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Год олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 16.742.849 төгрөгөөс үлдэх 6.783.582 /зургаан сая долоон зуун наян гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ааас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 9.959.267 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.298 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Т овогтой Б-ийн А-аас нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаанд аваагүй цалинд 999.017 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас аваагүй цалин тэтгэмжийн зөрүү 8.960.250 төгрөг, нийт 9.959.267 /есөн сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогтой Ж-ийн Г-од олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.783.582 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 174.298 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ц.ҮЙТҮМЭН

          ШҮҮГЧИД                                   Н.ОЮУНБИЛЭГ

                                                                Д.ЯНЖИНДУЛАМ