Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01042

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01042

 

БНХАУ-ын иргэн Li. Huiqing-ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2274 дүгээр магадлалтай,

 БНХАУ-ын иргэн Li Huiqing-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй

Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК, Д.Нямсүрэн нарт холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 156,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хаиуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Li Huiqing-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг нь хариуцагч Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК, Д.Нямсүрэн нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 156,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 65,234,333 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113,396,783 төгрөг гаргуулж, Ли Хуйчинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,603,217 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 724,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2274 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,763 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх: ...худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113,396,783 төгрөгийг ... гаргуулж нэхэмжлэгчид олгож... шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын 48,162,470.00 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, зохигч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уул гэрээгээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Гурван гол үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах La Grape рестораны төсөл болох түрээслэх эрх, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг бүгдийг 200,000,000 төгрөгөөр үнэлэн хариуцагчид худалдах, түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар хариуцагч рестораны үйл ажиллагааг гэрээ байгуулснаас хойш 2019 оны 06 дугаар cap хүртэл эрхлэн явуулсан. Нийт 79,087,540.27 төгрөгийг 2018.12.10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 45,000,000 төгрөг дансаар, гэрээний 2.6.-д заасны дагуу 34,087,540.27 төгрөгийг өдөр тутмын үйл ажиллагааны орлогоос тус тус шилжүүлэх замаар төлсөн.

Түүнчлэн гэрээний 3.3-т заасанчлан нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээгээр тохиролцсон зарим тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг бүрэн шилжүүлээгүй болно. Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн La grape рестораны эд хөрөнгийн тооллого" гэх баримтын жагсаалтад дурдагдсан нийт 55,678,147.00 төгрөгийн дараах хөрөнгийг шилжүүлээгүй. Үүнд:

1.    Виноны тавиур - 4,200,000 төгрөг;

2.    Гадна террас, нөмрөг (ком) - 32,100,000 төгрөг;

3.    Клас флоор шал - 4,915,677 төгрөг;

4.    Пүүлт - 1,800,000 төгрөг;

5.    Программ - 800,000 төгрөг;

6.    Программ - 1,800,000 төгрөг;

7.    Тек - 6,163,000 төгрөг;

8.    Тень өндөр - 2,072,470 төгрөг;

9.    Угаалгын машин - 250,000 төгрөг;

10. Чүүл тогтоогч - 1,190,000 төгрөг;

11. Чүүл улаан - 387,000 төгрөг.

Эдгээр тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг хариуцагч рестораны үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлэлт хийх үед түрээслүүлэгч Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн зүгээс өөрсдийн өмчлөлийн хөрөнгө хэмээх тайлбар өгч, хариуцагчид өгөөгүй, мөн нэхэмжлэгч ч анхнаасаа хариуцагч талд шилжүүлж, хүлээлгэн өгөөгүй байдаг. Үүнийг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхэд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй болно. Эдгээр нөхцөл байдал нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны явцад гэрч С.Занданы: ...Үлдсэн зүйлсийг мэдэж байна ... Заалны эд хогшил үлдсэн. Гадаа саравч, касс программ, дарсны тавиур, хяналтын камер, телевизор, гал тогооны хэрэгсэл бүгд үлдсэн ... Бид нар хамаг юмаа авч явах гээд бэлдсэн байсан. Тэгэхэд Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн хүн дээрээс бууж ирээд та нар манай эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч явах гэж байна гээд авч үлдсэн... гэх мэдүүлэг, мөн гэрч А.Цэрэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож, нотлогддог.

 Гомдолд дурдагдсан тооцооллыг хүснэгтээр нэгтгэн үзүүлбэл:

 

Гэрээгээр тохиролцсон дүн:

200,000,000 төгрөг

Хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн дүн:

79,087,540 төгрөг

Гэрээгээр тохиролцсон төлбөрөөс хасагдах дүн:

55,678,147 төгрөг

Үлдэгдэл

65,234,313 төгрөг

 Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 65,234,313 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ли Хуйчин нь хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК, Д.Нямсүрэн нарт холбогдуулан 156,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...талууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан, ... 236,000,000 төгрөгийн эд зүйлийг 200,000,000 төгрөг болгож бодсон, ...өнөөдрийг хүртэл 156,000,000 төгрөг өгөөгүй гэж тайлбарласан байна.

6. Хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, ...рестораны түрээсийн эрхийг үргэлжлүүлэх, тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авсан, ... манай компани 6 сар ажиллуулсан, ... нийт 79,087,540 төгрөгийн хариу төлбөр төлөгдсөн гэж үзнэ. ... анхнаасаа 55,678,247 төгрөгийн эд зүйл шилжиж ирээгүй, ... үлдэгдэлд 65,234,333 төгрөг байгаа гэж маргасан байна.

7. Хариуцагч Д.Нямсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...гэрээнд гагцхүү компанийн захирлын хувьд гарын үсэг зурсан. ... гэрээний харилцаа хувь хүнд хамааралгүй гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-д холбогдох шаардлагаас 113,396,783 төгрөгийг хангаж, 42,603,217 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ БНХАУ-ын иргэн Ли Хуйчин, Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн хооронд нийт 200,000,000 төгрөгийн хариу төлбөр бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас 86,603,217 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэн үлдэх 113,396,783 төгрөгийг хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж дүгнэн хэвээр үлдээсэн байна.

10. Хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлэх боломжийг хязгаарласан, гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

 11. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гурван гол худалдааны төвд байрлах La Grape рестораныг түрээслэх эрхийг БНХАУ-ын иргэн Ли Хуйчин-аас дамжуулан авч улмаар Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК Ли Хуйчин нар рестораны тоног төхөөрөмж, эд зүйлийг 200,000,000 төгрөгөөр худалдаж авахаар 2018.12.07-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй, энэ эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 12.  Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь дээрх 200,000,000 төгрөгт тооцон худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь эрхийн доголдолтой буюу гуравдагч этгээдиЙн өмчлөлийн зүйл байсан эсэхэд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч эд хөрөнгийг анх гэрээ байгуулахдаа тоолон хүлээн авч гарын үсэг зурсан үйл баримтын тухайд маргаагүй боловч хожим эдгээр эд хөрөнгийг түрээсийн байрнаас нүүлгэн гаргах үед гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн үндэслэлээр нүүлгэн авч явж чадаагүй талаараа тайлбарласан байна. Иймд маргааны зүйл эд хөрөнгийг худалдагч шилжүүлсэн эсэх тухайд бус харин шилжүүлэн авсан эд хөрөнгө нь эрхийн доголдолтой байсан эсэх талаар маргаан өрнөсөн гэж үзэхээр байна.

 13.  Худалдах-худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргийг худалдагч хүлээнэ. Тус хэрэг маргааны тухайд 2018.12.11-ний өдрийн La Grape рестораны эд хөрөнгийн тооллогоор нийтдээ 236,985,330 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг 2018.12.12-ны өдөр хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн захирал Д.Нямсүрэн хүлээн авсан болохоо илэрхийлж гарын үсэг зурсан гэрээний хавсралт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул худалдагч эд зүйл нийлүүлэх, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

14.  Хүлээлгэн өгсөн эд хөрөнгө нь дутуу, эдийн болон эрхийн доголдолтой хөрөнгө байсан гэж маргаж байгаа үед энэ үйл баримтыг нотлох үүргийг худалдан авагч хүлээнэ. Гэвч уг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 11 эд төрлийн эд зүйлд гуравдагч этгээдийн эрхийн доголдол үүссэн тухай эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 15.  Хариуцагч энэ нөхцөл байдлыг нотлох зорилгоор шүүхэд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан гэх боловч шүүхийн үзлэгээр маргаан бүхий хөрөнгийн эрхийн доголдол эргэлзээгүй тогтоогдох боломжгүй тул энэ талаар хүсэлт шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн гэрч С.Зандан, А.Цэрэн нарын мэдүүлгийг хариуцагч эш татан маргасан байх ба гэрч нарын мэдүүлэг маргаан бүхий 11 төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлийг тухайлан нэрлэн заасан гэж үзэхэд бэрхшээлтэй байх бөгөөд тухайн цаг мөчид нэхэмжлэгчид эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, эрх зөрчигдсөн гэж үзсэн бол энэ талаар хуульд заасны дагуу худалдагчид хандан худалдан авагчийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг анхаарахгүй орхих боломжгүй байна.

 

16.  Хариуцагч 11 төрлийн эд зүйл, тоног төхөөрөмж, эдийн бус зарим хөрөнгийн тухайд гомдолтой тухайгаа илэрхийлэн маргаж байх боловч энэ жагсаалтад хамаарч буй зарим эд хөрөнгө нь анхнаасаа түрээсийн зүйлээс салган авч явах боломжгүй, гадаа террасийн тохижуулалт зэрэг засан сайжруулалтын шинжтэй эд зүйл байх магадлалтай байна. Ийм төрлийн хөрөнгийн тухайд түрээсийн гэрээний зохицуулалтын дагуу түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр зардал гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдвол энэ талаар хуульд тухайлан заасан эрх хэмжээгээ эдлэхээр шаардлага гаргах түрээслэгчийн эрхийг шүүхийн дээрх дүгнэлтүүд хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 17.  Эдгээр үндэслэлээр хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлэх боломжийг хязгаарласан, гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2274 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.12.16-ний өдөр төлсөн 398,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД