Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02274

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02274

 

 

 

БНХАУ-ын иргэн............. нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн .............. хариуцагч ..............органик фүүдс ХХК, Д.Н холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 156 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2018 оны 12 дугаар сард ..........органик фүүдс ХХК нь БНХАУ-ын иргэн Ли Хуйчин /монгол нэр н.Цолмон/-тай Сүхбаатар дүүрэгт байрлах рестораны түрээслэх эрхийг тоног төхөөрөмжийн хамт худалдан авахаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Сарны титэм үзэсгэлэн ХХК болон .............эд зүйлс гэж хоёр тусдаа ялгаж 236 000 000 төгрөгийн эд зүйлсийг 200 000 000 төгрөг болгож бодсон. Урьдчилгаа 50 000 000 төгрөг өгөх байснаас 34 000 000 төгрөг, 21 000 000 төгрөгийг төлсөн. Мөн худалдах худалдан авах гэрээнээс гадуур хангамжийн материалын төлбөр 515 220 төгрөг, техникийн барааны төлбөр 3 198 755 төгрөг, гал тогооны иж бүрэн тавилга 2 444 450 төгрөг, түрээсийн урьдчилгаа 13 110 000 төрөг, 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр 6 387 098 төгрөг, нийт 25 250 476 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцоо хийсэн. Манайх гэрээний үнээс 21 000 000 төгрөгийг төлсөнд тооцсон. Иймд үлдэгдэлд төлбөр 156 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Манай компани Ли Хуйчинтай Сүхбаатар дүүрэгт байрлах рестораныг түрээслэх, зоогийн газрын тоног төхөөрөмж эд хогшлыг худалдан авах гэрээг 2018 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан. Ли Хуйчин нь харилцан тохиролцож рестораныг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч тус рестораны үйл ажиллагааг 2019 оны 06 дугаар сард зогсоож өөрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх гэсэн боловч Сарны титэм үзэсгэлэн ХХК тоног төхөөрөмжийг манай эзэмшил гэж хэлээд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулаагүй. Энэ талаар Ли Хуйчинд мэдэгдэхэд бүх төхөөрөмж миний эзэмшлийнх гэсэн тайлбар хэлсэн. Үүнийг Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн удирдлагуудад мэдэгдсэн боловч рестораны тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлээгүй. Тухайн үед .......... нь жирэмсэн байсан учир төрсний дараа маргаантай эд хогшлын тухай асуудлыг шийдвэрлүүлэхийг хүлээж байсан. Сарны титэм үзэсгэлэн ХХК нь рестораны үйл ажиллагаа явуулж байсан талбайгаа Ли Хуйчинд түрээсэлж, Ли Хуйчин манай компанид шилжүүлсэн. Манай компани 6 сарын турш үйл ажиллагаа явуулж, 2018 оны 12 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 236 000 000 төгрөгийн бараа материалыг 200 000 000 төгрөгт тооцон түүнээс 2018 оны 12 сарын 10-ны өдөр Хаан банкны дансанд 21 000 000, мөн өдөр 24 000 000 төгрөг, дансаар нийт 45 000 00 төгрөг шилжүүлсэн. Дараа нь татварын падаанаар 34 087 540 төгрөгийг хийсэн гүйлгээ хийгдэж, нийт 79 087 540 төгрөг төлөгдсөн. Талуудын хоорондын тооллогоос анхнаасаа хариуцагч талд шилжиж ирээгүй 55 678 247 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн тавилга хэрэгсэл байдаг. Нийт 134 765 687 төгрөг төлөгдсөн, одоо үлдэгдэл 65 234 333 төгрөгийг төлөх үүрэгтэй гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ай Би Ай Си Эс органик фүүдс ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113 396 783 төгрөг гаргуулж, Ли Хуйчинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 603 217 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 724 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх ... худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113 396 783 төгрөгийг ... гаргуулж нэхэмжлэгчид олгож... шийдвэрлэсний 48 162 470 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Зохигч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уул гэрээгээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Гурван гол үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах La Gгаре рестораны төсөл болох түрээслэх эрх, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг бүгдийг 200 000 000 төгрөгөөр үнэлэн хариуцагчид худалдах, түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар хариуцагч рестораны үйл ажиллагааг гэрээ байгуулснаас хойш 2019 оны 06 дугаар сар хүртэл эрхлэн явуулсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 45 000 000 төгрөг дансаар, гэрээний 2.6-д заасны дагуу 34 087 540.27 төгрөгийг өдөр тутмын үйл ажиллагааны орлогоос шилжүүлж, нийт 79 087 540.27 төгрөг төлсөн.

Түүнчлэн гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээгээр тохиролцсон зарим тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг бүрэн шилжүүлээгүй. Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн рестораны эд хөрөнгийн тооллого гэх баримтын жагсаалтад дурдагдсан виноны тавиур- 4 200 000 төгрөг; гадна террас, нөмрөг (ком) 32 100 000 төгрөг, клас флоор шал 4 915 677 төгрөг; пүүлт 1 800 000 төгрөг; программ 800 000 төгрөг, программ 1 800 000 төгрөг; тек-6 163 000 төгрөг; тень өндөр 2 072 470 төгрөг; угаалгын машин 250 000 төгрөг; чүүл тогтоогч 1 190 000 төгрөг; чүүл улаан 387 000 төгрөг, нийт 55 678 147 төгрөг. Эдгээр тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг хариуцагч рестораны үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлэлт хийх үед түрээслүүлэгч Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн зүгээс өөрсдийн өмчлөлийн хөрөнгө хэмээх тайлбар өгч, хариуцагчид өгөөгүй, мөн нэхэмжлэгч ч анхнаасаа хариуцагч талд шилжүүлж, хүлээлгэн өгөөгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаагүй. Дээрх нөхцөл байдал нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны явцад гэрч С.Зандангийн ...үлдсэн зүйлсийг мэдэж байна ... Заалны эд хогшил үлдсэн. Гадаа саравч, касс программ, дарсны тавиур, хяналтын камер, телевизор, гал тогооны хэрэгсэл бүгд үлдсэн ... Бид нар хамаг юмаа авч явах гээд бэлдсэн байсан. Тэгэхэд Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн хүн дээрээс бууж ирээд та нар манай эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч явах гэж байна гээд авч үлдсэн ..." гэх мэдүүлэг, мөн гэрч А.Цэрэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог. Гэрээгээр тохиролцсон дүн 200 000 000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн дүн 79 087 540 төгрөг, гэрээгээр тохиролцсон төлбөрөөс хасагдах дүн 55 678 147 төгрөг, үлдэгдэл 65 234 313 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 65 234 313 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн .....................нь хариуцагч ..................... ХХК, Д.Нямсүрэн нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 156 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч тал 65 234 333 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ................... ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ли Хуйчинтай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал үйлчилгээний газрын 1 давхарт байрлах La Grape рестораны төсөл болох түрээслэх эрх, зоогийн газрын бүх тоног төхөөрөмж, эд хогшлыг 200 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан байна. /хх5-6, 57-59/

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг бүхэлд нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь зөв.

Хариуцагчаас нэхэмжлэгч эд хөрөнгийн тооллогын актад тусгагдсан эд зүйлсээс заримыг нь шилжүүлж өгөөгүй, шилжүүлсэн эд зүйлсээс 11 төрлийн эд зүйлс буюу дарсны тавиур, гадна саравчны иж бүрэн хэрэгсэл, класс шал, кассын хоёр программ, тек, өндөр тенн, угаалгын машин, чүүл тогтоогч, чүүл, фүлт зэргийг Сарны титэм үзэсгэлэн ХХК авч үлдсэн гэх тайлбараа баримтаар нотолсонгүй.

Нэхэмжлэгч нь рестораны нийт 236 985 330 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг 200 000 000 төгрөгт тооцон хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн тооллогын акт хэргийн 74-76 дугаар талд авагдсан байна.

Зохигчид гэрээний зүйлийн үнийг гэрээний 2.3, 2.4, 2.5, 2.6-д заасан нөхцлөөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 21 000 000 төгрөг, 24 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр НӨАТ-ын падаанаар 34 087 540.27 төгрөг төлсөн болох нь хэргийн 57-59 дүгээр тал дах баримтуудаар тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцохыг зөвшөөрсөн дарсны тавиур, кассын хоёр программын үнийг хариуцагчийн гэрээний дагуу төлбөл зохих дүнгээс хасч нийт 86 603 217 төгрөг /21 000 000+24 000 000+34 087 540+7 515 677/ төлөгдсөн гэж үзэж худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт хариуцагчаас 113 396 783 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн 77 дугаар тал дахь нийт 25 250 476.27 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримт нь нэг талын баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, анхан шатны шүүх уг тооцоог хариуцагчийн төлөх үнийн дүнд оруулж тооцоогүй нь зөв.

Хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдолдоо дурьдсан 11 төрлийн эд зүйлс нь нэхэмжлэгчийн хариуцагчид 190 нэр төрлийн рестораны эд зүйлсийг шилжүүлэн өгч, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулсан жагсаалтад тусгагдсан байна.

Мөн хэргийн 32 дугаар талд авагдсан Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн албан бичигт Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн оффисийн 1 давхарын үйлчилгээний талбайн түрээслэгч байсан Ай Би Ай Си Эм органик фүүдс ХХК-ийн эд хогшил болон холбогдох бүх зүйлсийг тухайн компани өөрсдөө нүүлгэн авч явсан, манай түрээсийн талбайд тухайн компанийн эд зүйлс огт үлдээгүй гэж тусгагдсан байх ба хариуцагч нь уг баримтыг үгүйсгэж няцаагаагүй болно.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн эд зүйлсээс нийт 55 678 147 төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг ............. ХХК хариуцагчид өгөөгүй, нэхэмжлэгч анхнаасаа эдгээр эд зүйлсийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн ажилтан С.Зандан, нэхэмжлэгч ..............ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Цэрэн нар гэрчээр асуугдаж харилцан адилгүй буюу нэхэмжлэгч, хариуцагчийн шаардлага, татгалзалд нийцсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байх ба тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон баримтгүйгээр үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Шүүх хариуцагчийн ............... ХХК-ийн талбайд үзлэг хийлгэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/02159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 763 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ