Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/02159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            08             17                                               183/ШШ2020/02159                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Л овогт Х /РД:0000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  00 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 0000 тоотод байрлах, А ХХК /РД:0000/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, бага тойруу гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Ч овогт Д.Н /РД:0000/ нарт холбогдох,

 

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 156.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, гэрч С.З, А.Ц,  нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 12 сард хариуцагч А ХХК нь БНХАУ-ын иргэн Л.Х /монгол нэр н.Цолмон/-гийн Сүхбаатар дүүрэгт байрлах рестораныг үргэлжлүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийг түрээслэх эрхийн хамт  худалдан авч цаашид үйл ажиллагааг явуулахаар тохиролцсон. 2018 оны 12 сарын 07-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. С ХХК болон Л.Х-н эд зүйлс гэж хоёр тусдаа ялгаж 236.000.000 төгрөгийн эд зүйлсийг 200.000.000 төгрөг болгож бодсон. 2018 оны 12 сарын 07-ний өдөр гэрээ байгуулагдаж. Үүнээс хойш урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх байсны 34.000.000 төгрөгийг төлсөн, мөн 21.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь худалдах худалдан авах гэрээний гадуур хангамжийн материалын төлбөр 515.220 төгрөг техникийн барааны төлбөр 3.198.755 төгрөг, гал тогооны иж бүрэн тавилга 2.444.450 төгрөг, түрээсийн урьдчилгаа 13.110.000 төрөг,  12 сарын 22-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр 6.387.098 төгрөг нийт 25.250.476 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцоо хийсэн. Манайх гэрээний үнээс 21.000.000 төгрөгийг төлсөнд тооцсон, хариуцагч тал үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул 156.000.000 төгрөгийн төлөх үүргийг биелүүлээгүй гэж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 2 сарын 27-ны өдөр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч н.Нямсүрэн шүүхэд бичгээр тайлбар гаргасан. Тус тайлбарт манай компани Л.Х-тай Сүхбаатар дүүрэгт байрлах рестораныг түрээслэх, зоогийн газрын тоног төхөөрөмж эд хогшлыг худалдан авах гэрээг 2018 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан. Л.Х нь харилцан тохиролцож рестораныг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч тус рестораны үйл ажиллагааг 2019 оны 06 сард зогсоож өөрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх гэсэн боловч Сарны титэм үзэсгэлэн ХХК тоног төхөөрөмжийг манай эзэмшил гэж хэлээд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулаагүй болно. Уг явдлыг Л.Х-д мэдэгдэхэд бүх төхөөрөмж миний эзэмшлийнх гэсэн тайлбар хэлсэн. Тус тайлбарыг Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн удирдлагуудад мэдэгдсэн боловч рестораны тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлээгүй болно. Тухайн үед Л.Х нь жирэмсэн байсан учир төрсний дараагаар дээрх маргаантай эд хогшлын тухай асуудлыг шийдвэрлүүлэхийг хүлээж байсан. С ХХК нь рестораны үйл ажиллагаа явуулж байсан талбайгаа Л.Х-д түрээслээд Л.Х  нь манай компанид шилжүүлсэн. Манай компани 6 сарын турш үйл ажиллагаа явуулсан, 2018 оны 12 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 236.000.000 төгрөгийн бараа материалыг 200.000.000 төгрөгт бодон түүнээс манайх 2018 оны 12 сарын 10-ны өдөр Хаан банкны дансанд 21.000.000, мөн өдөр 24.000.000 төгрөг нийтдээ дансаар 45.000.00 төгрөг шилжүүлсэн. Дараагаар нь татварын паданаар 34.087.540 төгрөгийг хийсэн гүйлгээ харагдаж байгаа. Нийт 79.087.540 төгрөг төлөгдсөн байдаг. Талуудын хоорондын тооллогоос  анхнаасаа хариуцагч талд шилжиж ирээгүй 11 төрлийн тавилга хэрэгсэл байдаг. Энэ нь 55.678.247 төгрөгийн үнэ бүхий материал. Ингээд нийт 134.765.687 төгрөг төлөгдсөн гэж үзээд үлдэгдэл 65.234.333 төгрөгийг төлөх үүрэгтэй гэв.

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Л.Х худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 156,000,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хариуцагч А ХХК, Д.Н нарт холбогдуулан гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас зарим тооцоог хасаж тооцохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн болно.

 

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н хариу тайлбартаа “...рестораны үйл ажиллагааг 2019 оны 6 дугаар сард зогсоон тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх гэтэл Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн хэмээн нүүлгэн шилжүүлээгүй” гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Л.Х, хариуцагч А ХХК-ийн хооронд 2018.12.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний нийтлэг үндэслэлийг Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Гурван гол үйлчилгээний газрын нэг давхарт орших L рестораны төсөл болох түрээслэх эрх, зоогийн газрын бүхий л тоног төхөөрөмж, эд хогшлыг худалдах, худалдан авах асуудлыг зохицуулах гэж талууд заажээ.

 

 Дээрх гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4-т зааснаар талуудын тохиролцсон 200,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг худалдагч нь 2018.12.07-ны өдөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгсөн акт үйлдэх, харин худалдан авагч нь L рестораны орлого болон бусад эх үүсвэрээс 2018.12.31-ний өдөр үнийг төлөхөөр, мөн гэрээний 2.5, 2.6-д зааснаар гэрээнд гарын үсэг зурмагц урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг 2018.12.31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний хавсралт 2018.12.11-ний өдрийн L рестораны эд хөрөнгийн тооллогоор нийтдээ 236,985,330.60 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг 2018.12.12-нд Д.Н хүлээн авснаар гарын үсэг зурсан байх бөгөөд “...С ХХК болон Л.Х-нэд зүйлс гэж хоёр тусдаа ялгаж 236.000.000 төгрөгийн эд зүйлсийг 200.000.000 төгрөг болгож бодсон” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбар  үндэслэлтэй байна.

 

Мөн худалдах худалдан авах гэрээний гадуур хангамжийн материалын төлбөр 515.220 төгрөг, текний барааны төлбөр 3.198.755 төгрөг, гал тогооны иж бүрэн тавилга 2.444.450 төгрөг, түрээсийн урьдчилгаа 13.110.000 төрөг,  12 сарын 12-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр 6.387.098 төгрөг нийт 25.250.476 төгрөгийг худалдагч талын Г банкны дансанд төлөхөөр тохирсон гэжээ.

 

Талуудын тайлбараас үзэхэд 200,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хавсралт 2018.12.11-ний өдрийн тооллогоор L рестораны эд хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байх боловч тухайн эд хөрөнгийг бүрэн хэмжээгээр нүүлгэн шилжүүлсэн эсэх талаар маргасан байна.

 

С ХХК-ийн оффисын нэг давхрын үйлчилгээний талбайн түрээслэгч байсан А ХХК-ийн эд хогшил болон холбогдох бүх зүйлсийг тухайн компани өөрсдөө нүүлгэн авч явсан, талбайд эд зүйлс огт үлдээгүй гэх” С ХХК-ийн 2020.03.18-ны 20/17 албан тоот хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч тал “...анхнаасаа шилжиж ирээгүй 55.678.247 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн тавилга хэрэгсэл байдаг, зарим эд зүйлс С ХХК-д үлдсэн” гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтгүй тул худалдах, худалдан авах  гэрээний дагуу  хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг А ХХК  хүлээнэ,

 

Иймд Д.Н-н Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2012.12.10-ны өдөр тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 21,000,000 төгрөг, Голомт банкны дансны хуулгаар 2018.12.10-нд 24,000,000 төгрөгийг, 2019.02.11-ний өдрийн падаанаар 34,087,540 төгрөгийг тус тус төлсөн, мөн дарсны тавиур болон кассын хоёр программ гэх мэт /4,915,677+1,800,000+800,000/ 7,515,677 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113,396,783 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,603,217 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр БНХАУ-ын иргэн Л.Х нь 2018.12.07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг А ХХК-тай байгуулсан, уг гэрээнд компанийг төлөөлж захирал Д.Н гарын үсэг зурсан байхад түүнийг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзээд Д.Нямсүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 113,396,783 төгрөгийг гаргуулж Л.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,603,217 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Н-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 724,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ