Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01040

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01040

 

Э.Баттөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар магадлалтай,

 

Э.Баттөрийн нэхэмжлэлтэй

Д.Балдандоржид холбогдох

 

Гэм хорын хохиролд 4,775,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Баттөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Э.Баттөр нь нь хариуцагч Д.Балдандоржид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,775,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Балдандоржоос 2,387,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баттөрд олгож, үлдэх 2,387,875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53,156 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэрийн ...ТОГТООХ нь:... хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Балдандоржоос 2,387,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баттөрд олгож, үлдэх 2,387,875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Балдандоржоос 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баттөрд олгож, үлдэх 3,775,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 2 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53,156 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч Э.Баттөрийн гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Балдоржийн гаргасан давж заалдсан гомдлыг энэ магадлалд дурдсан үндэслэлээр зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,156 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,156 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нэхэмжлэгч Э.Баттөр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах худалдааны төв дотор өөрийн лангуунаас алга болсон хөшигний талаар Д.Балдандоржоос асуухад тэрээр хэрүүл маргаан хийн Э.Баттөрийг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон, цохиулах үедээ газар унаж хавиргаа гэмтээсэн асуудал цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод шүүх гэм буруутайд тооцсон. Ингээд эрүүгийн шүүх хуралдааны дараа Э.Баттөр өөрийн шүдний гэм хорын хохирол 4,775,750 төгрөгийг Д.Балдандоржоос гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх хуралд эрүүгийн 2018002210190 дугаартай хавтаст хэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Эдгээр нотлох баримтуудад: Д.Балдандоржийг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан Э.Баттөрийн өргөдөл гомдолд ... зодуулснаас үүдэн дээд үүдэн 1 шүд хажуугийнхаа 1 шүдтэй хамт хөдөлсөн сул байна гэх агуулга бүхий гомдол /хх-007-р талд/, эмчийн тодорхойлолт 2020 оны 02 дугаар сарын 29-нд, 21, 22-р шүд хөдөлгөөнтэй /хх-019-р талд/, Амбулаторийн үзлэг 21, 22-р шүд хөдөлгөөнтэй /хх-021/, хохирогч Э.Баттөр, би одоо хоёр шүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-029/, гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг /хх-032/, гэрч С.Сүхбаатарын мэдүүлэг, Э.Баттөрийн 2020 оны 02 дугаар сарын 20-оос өмнө шүд нь бүрэн бүтэн харагддаг байсан гэх мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт №205-д хэсэг газрын шинж... үүдэн дээд зүүн талын 2 шүд хөдөлгөөнтэй /хх-043/, Д.Балдандоржийн би Э.Баттөрийг нүүрлүү нь гараараа хоёр удаа цохисон гэх мэдүүлэг /хх-058/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгсдийн карт-д 21, 22-р үүдэн шүдний ором эдгэрсэн имплант хийх шаардлагатай /хх-098/, шүдний гэмтлийн хохирол 269,800 төгрөгийг Д.Балдандорж төлсөн тухай баримт /хх-113/ гэх зэрэг нотлох баримтуудаар гэм хор учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Э.Баттөр 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирж Ундарга дент шүдний эмнэлэгт үзүүлж маргааш нь буюу 22-ны өдөр тус эмнэлэгт 3 шүдэндээ мэс заслын аргаар 3 имллант шүд суулгуулж 6,700,00 төгрөгийг Ундарга дент шүдний эмнэлэгт төлсөн. Үүнээс шүдний нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн эмчилгээний төлбөрийг авч үзвэл: 21. 22. 23, 24 дүгээр шүднүүдэд эмчилгээ хийлгэсэн. Ундарга дент шүдний эмнэлэгт нийг 6,700,000 төгрөг төлсөн байна. Үүнээс 24-р шүдний имплантын үнэ 2,000,000 төгрөгийг өөрөө зай нөхүүлэх зорилгоор суулгасан учраас гэм хорын хохирол хамааралгүй гэж хассан. Харин 21-р шүдний эмчилгээ хийлгэсэн 700,000 төгрөгийг, 22, 23-р шүдний имппантын үнэ 4,000,000 төгрөгийг, / 23-р шүдийг заавал бариулж бэхжүүлэх шаардлагаар/ шүдний имплантыг гэм хорын хохирол гэж, мөн имллант суулгасан эмчилгээний дараа авч хэрэглэсэн эмийн үнэ 23,150.төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулсан 20,000 төгрөг, Дархан-Улаанбаатар хот руу ирж буцсан 20,800 төгрөг, 6,000 төгрөг, 6,000 төгрөг, нийт замын зардал 32,600 төгрөгийг эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гэж үзэн Д.Балдандоржоос нэхэмжилсэн байна.

Хариуцагч Д.Балдандоржийн зүгээс би Э.Баттөрийг цохиж зодоогүй алгадсан гэм хорын хохирлыг зөвшөөрөхгүй гэж анхан шатны шүүх дээр маргасан, хөдөлсөн шүдийг бэхжүүлж эмчлүүлэх, эсвэл муудсан шүдээ авч хийлгүүлэх хоёр өөр ойлголт бөгөөд төлбөр эмчилгээ ч өөр байх ёстойг бодитойгоор авч үзсэнгүй гэж давж заалдах шатны шүүхэд маргасан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар үгүйсгэж байгаа үндэслэлээ хуульд заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн хуулийн дагуу гэм хор учруулаагүй гэдгээ тус тус нотлоогүй болно.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримталсан дээр маргахгүй. Харин Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж маргаж байна Д.Балдандоржийн үйлдэл санаатай үйлдэл байсан. Уг үйлдлийн үед хохирогчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдоогүй байхад шүүх хохирлыг үндэслэлгүйгээр багасгасныг буруу гэж гомдолтой байна.

Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс анхнаасаа гэм буруугийн асуудлаар маргаж байснаас биш нэхэмжлэгчийн хийлгэсэн эмчилгээний сонголтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч өөрийн эцэг, эхээс заяагдмал шүдийг гэмтээснийг мэс заслын аргаар хиймэл суулгацаар орлуулсан төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгт авагдсан ямар баримтаар үнэтэй зардал гэж үзээд байгаа нь тодорхой бус харин ч зах зээлийн ердийн үнэ ханшаар хийлгэсэн, хатуу суудалтай нийтийн вагоны билетээр зорчин явж хийлгэсэн. Зүгээр байсан шүдээ цохиулах, хиймэл суулгац суулгах зовуурь шаналгааг мөнгөөр тооцох боломжгүй ч aмap байгаагүй нь ойлгомжтойг дурдмаар байна. Давж заалдах шатны шүүх шинжлэх ухааны олон арга байдаг гэж хохирлыг хассан хэдий ч өөр ямар арга хэрэглэж болох байсныг хэрэглээгүй, энэ тухай магадлалдаа тодорхой ойлгомжтой бичээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

4.2 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баттөрийн нэхэмжилсэн гэм хорын хохирол 4,775,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй 3,775,750 төгрөгийг Д.Балдандоржоос гаргуулж нэхэмжлэгч Э Баттөрд олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Э.Баттөр нь хариуцагч Д.Балдандоржид холбогдуулан гэм хорын хохиролд 4,775,750 төгрөг нэхэмжилсэн байх ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдэл болох нүүрэн тус газартаа цохиулсны улмаас амны хөндий дэх 21, 22 дугаар шүднүүд гэмтэж, хөдөлгөөнтэй болсон, ... шүдний эмнэлэгт үзүүлэхэд гэмтсэн 2 шүдэнд зай нөхөж нэмж нэг шүд эмчлэгдэх шаардлагатай болсон, ... нийт 3 шүдэнд имплант суулгасны төлбөр 6,200,000 төгрөг болсон, ... үүнээс 22, 23 дугаар шүдний имплантын төлбөр 4,000,000 төгрөг, 21 дүгээр шүдний эмчилгээний төлбөр 700,000 төгрөг, эм худалдаж авсан 23,150 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулсан төлбөр 20,000 төгрөг, хот хооронд зорчсон нийтийн тээврийн төлбөр 26,000 төгрөг, нийт 4,775,750 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд шүдний гэмтлийн талаар байхгүй, миний үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эрүүл мэндийг сарниулахгүй гэж үзсэн тул гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж маргаж байна.

 

8. Анхан шатны шүүх, хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдож байх боловч хохирлын хэмжээ нэмэгдэхэд буюу хоёр шүдээ авахуулахад хохирогчийн гэмтлээс хамааралгүй, шүд чулуужсан, цооролттой, шүд хоорондын зай ихэссэн, хөдөлгөөнтэй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж үзэн нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнг 50 хувиар багасган нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ба хариуцагч нарын гомдлоор хэргийг хянаж, гэмтэл учрахад хариуцагч гэм буруутай гэж үзсэн боловч шүдэнд учирсан гэмтлийг арилгах олон төрлийн арга байхад хамгийн үнэтэй эмчилгээний аргыг сонгосон байх тул гарсан зардлын ихэнх хэсгийг нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзэн зайлшгүй зардал гэх 1,000,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

10. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Балдандорж нь нэхэмжлэгч Э.Баттөртэй маргалдаж 2020.02.20-ны өдөр эрүүл мэндэд нь гэм хор учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ үйлдэлдээ хариуцагч эрүүгийн хариуцлага хүлээж торгох ял шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд тусгагджээ. Зохигч энэ талаар маргаагүй. Харин түүний гэм буруутай үйлдлийн улмаас шүдэнд гэмтэл учраагүй гэж хариуцагч маргасан байх ба энэ нь үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны 2020.02.21-ний өдрийн 205 дугаар шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудаар ...Э.Баттөрийн биед дээд уруулын салстын язрал үүсч, улмаар 21, 22 дугаар шүд гэмтсэн нь тус тус тогтоогдсон байна. Иймд түүний үйлдлийн улмаас шүдэнд гэмтэл учраагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүд эмчлэх олон хувилбарт аргууд бий боловч хамгийн үнэтэй эмчилгээний аргыг сонгосон гэж дүгнэснийг эс зөвшөөрч байх ба эцэг эхээс заяагдмал шүдийг гэмтээснийг мэс заслын аргаар хиймэл суулгацаар орлуулсан аргыг зөв харьцуулан үзсэнгүй гэж хяналтын гомдлын үндэслэлээ тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна. Учир нь хүний төрөлх шүдийг хамгийн дөхүү орлохуйц эмчилгээний аргыг сонгосон нэхэмжлэгчийн үйлдлийг давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ учруулсан хохирол ба түүнийг арилгах арга тэнцвэртэй байх, зохицсон байх зарчмыг хайхраагүй нь буруу болжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн сонгосон эмчилгээний аргыг зөвшөөрч, учирсан хохирол ба түүнийг арилгах арга зам эдийн засгийн болон үр дүнгийн хувьд тэнцвэртэй байх зарчимд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулан тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

 

12. Хэрэв хохирогчийн төрөлх шүд имплантын аргаар суулгасан хиймэл суулгацаас муу, угаас өвчлөлтэй, эмчилгээний дүнд түүний төрөлх шүдний байдал гэмтлийн өмнөх байдлаасаа сайжирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бол дээр дурдсан тэнцвэрт байдлын зарчмын хүрээнд урьд байснаас илүү сайжирсан шүдний үнэ, зардлыг хариуцагч бүхэлд нь хариуцах үүрэг хүлээхгүй. Хоёр шатны шүүх хохирогчийн төрөлх шүд сайн биш, өвчилсөн, эсхүл зарим талаараа эрүүл шүд биш байсныг нотлох баримт хэрэгт авагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх боловч энэ шалтгаанаар давж заалдах шатны шүүх эмчилгээний зардлыг 1,000,000 төгрөг хүртэл хэмжээнд бууруулахдаа эмчилгээний арга хэрэгслийн талаар шинжлэх ухааны үндэстэй дүгнээгүй, нотлох баримтад үндэслээгүй байх тул учир дутагдалтай болжээ.

 

13. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн ... өөрийн эцэг, эхээс заяагдмал шүдийг гэмтээснийг мэс заслын аргаар хиймэл суулгацаар орлуулсан төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгт авагдсан ямар баримтаар үнэтэй зардал гэж үзээд байгаа нь тодорхой бус, ... шинжлэх ухааны олон арга байдаг гэж хохирлыг хассан хэдий ч өөр ямар арга хэрэглэж болох байсныг хэрэглээгүй, энэ тухай магадлалдаа тодорхой ойлгомжтой бичээгүй ... гэх агуулга бүхий гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Баттөрийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 24ий өдөр төлсөн 76,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БАЯРМАА

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД