Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 110

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00974/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-ид холбогдох

“Гэм хорын хохирол 4.775.750 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Б-, хариуцагч Д.Б- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Б- миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах дотор Д.Б-ид нүүрэн тус газраа цохиулж эрүүл мэнддээ хохирол авсан, газар унахдаа хавиргаа гэмтээсэн асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Д.Б- миний 2 шүд буюу амны хөндийд байрлах 21, 22 дугаар шүдийг хөдөлгөөнтэй болгож гэмтээсэн ба шүд гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэргийн шүүхийн шатанд Д.Б- надад шүдний зураг авхуулсан 10.000 төгрөг, 2 шүдээ 30.000 төгрөгөөр авхуулсан, Саран эмнэлэгт 180.000 төгрөгөөр томограф хийлгэсэн, эрүүний дэлгэрэнгүй зураг нийт 269.800 төгрөгийг өгсөн. Харин би шүдээ хийлгэсний дараа өөрт учирсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэхээр, Д.Б- төлөхөөр тохирч шүүх хурал тарж байсан. Ингээд шүүх хурлаас хойш өөрийн зардлаар УБ хот руу Ундарга дент шүдний эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр очиж үзүүлж маргааш нь буюу 22-ны өдөр нь тус эмнэлэгт 3 шүдэндээ мэс заслын аргаар 3 имплант шүд суулгуулж 6.200.000 төгрөгийг Ундарга дент шүдний эмнэлэгт төлсөн.

Д.Б-ийн буруутай үйлдлээс шалтгаалсан 2 шүдэндээ өөрөө зай нөхүүлэх, зорилгоор 1 шүд нэмж нийт 3 имплант шүдний төлбөр 6.200.000 төгрөг болсон. Уг төлбөрөөс би өөрөө нэмж суулгасан 24 дүгээр шүдний имплантын үнэ 1.500.000 төгрөгийг хасаж, 22, 23 дугаар шүдний имплантын үнэд 4.000.000 төгрөг, 21 дүгээр шүдний эмчилгээний 700.000 төгрөг төлсөн, нийт 4.700.000 төгрөг болсон. Имплант суулгуулсны дараа авч хэрэглэсэн эм 23.150 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авхуулахад төлсөн 20.000 төгрөг, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот явсан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврээр зорчсон тасалбарын үнэд төлсөн 20.600 төгрөг, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу буцахдаа Улаанбаатар Төмөр замын галт тэргээр зорчсон тасалбарын үнэ 6.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очин оёдлоо авхуулсан галт тэрэгний зардлын үнэ 6.000 төгрөг, нийт 4.775.750 төгрөгийг өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гэж үзэн Д.Б-оос нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-оос 4.775.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б- надаас шүд гэмтсэн гэх 4.775.750 төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний 233 тоот шийтгэх тогтоолд шүдний гэмтэл байхгүй, нөгөө талаар шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 205 тоот дүгнэлтэд Э.Б-ийн биед дээд уруулын салстын язрал, баруун гарын зулгарал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь 233 тоот шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан тул дээрх баримтуудыг үндэслэн Э.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед Д.Б- гэдэг хүн намайг цохиж, миний 2 шүд дотогшоо хөндлөн болж, намайг нүүрээ дарж байх хооронд миний зүүн хавирга руу 2-3 удаа цохиж, миний 10, 11 дүгээр хавирга хугарсан.

Энэ цагаас хойш би бараг хэвтрийн байдалтай байсан. Сүүлд 3 дугаар сард Саран эмнэлэгт компьютер томографын зураг авхуулж хавирганы хугарлыг мэдсэн. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд уруул язарсан, гарын шуу улайсан гэж бичигдсэн байсан. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүд хийлгэхээр зураг авхуулахад 20-21 дүгээр шүдний эрүүний ясны дотор тал сэт цохигдсон тул шүд хийх боломжгүй. 20-22 дугаар шүдийг хийсний дараа 21 дүгээр шүдийг хийж болно гэж хэлсэн. Эдгээр шүдийг хийлгэхэд хойд талын арааг хийх шаардлагатай болно гэж эмч хэлсэн. Миний хувьд шүд хийлгэх мөнгийг төлөх боломжгүй болоод байна. 1 шүд хийлгэхэд 1,5 сая төгрөг гэдэг ба одоогоор би 3 шүдний имплант суулгуулсан байгаа. Намайг цохичхоод шалан дээр унахдаа хавиргаа хугалсан гэж хариуцагч хэлсэн байсан. Шүүх хурал болсны дараа ална гэж намайг заналхийлсэн. 1 шүд хийлгэхэд 2 сая төгрөг болдог, жийргэвч нь 600.000 төгрөг, эм тариа нийт 6.200.000 төгрөгөөр 3 шүд хийлгэхээр болсон.

Хариуцагч миний 2 шүдийг гэмтээсэн бөгөөд тэр хоёр шүдийг хийлгэхэд нийт 4.775.750 төгрөг болж байгаа тул Д.Б-оос гаргуулах хүсэлтэй байна. Харин хавирга эдгэрсэн тул тэр талаар нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед Д.Б-ийн үйлдлээс эрүүндээ алгадуулж, 21-22 дугаар шүд нь хөдөлгөөнд орсон нь тогтоогдсон байдаг, тэр шүд нь зажлах боломжгүй болсон тул эмчилгээнд орж, шүд хийлгэх шаардлагатай болсон. Тэр шүд нь хорхой идсэн байх, чулуутай байх нь ач холбогдолгүй, харин тэр хоёр шүд буйландаа бэхлэгдэж болох эсэх нь ач холбогдолтой байна. Хариуцагчийн хувьд эрүүгийн хэрэг дээр ч хэргээ хүлээгээгүй, эрүүгийн хэргийг шийдвэрлэж байхад 5 хоногийн завсарлага авч, шүдний хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүдэнд учирсан хохирлыг төлсний үндсэн дээр торгуулийн ялын доод хэмжээгээр ял авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээсэн. Одоо нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас гэмтсэн шүдээ хийлгэхээр эмчилгээ хийлгэж байгаа. Хариуцагчаас 21-22 дугаар шүдийг хийлгэх төлбөр болох 4.775.750 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн лангуунаас нэхэмжлэгчийн лангуу хооронд 3 метр зайтай байдаг. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энэ хүн намайг өөрөөсөө хулгай хийлээ гэж дайрсан. Өрөөсөн хөшиг авчихлаа гээд намайг хардаад байсан юм. Би 18 жилийн турш зах дээр зогсохдоо хулгай хийж байсан удаа байхгүй. Гэтэл Э.Б- нь лангуу руу 2-3 удаа орж, чи миний хөшгийг хулгайлсан гээд байсан. Миний хувьд нэхэмжлэгчийн шүдийг цохиогүй 2 удаа алгадсан юм. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн шүд нь хөдөлсөн, шүд хоорондын зай нь сунасан гэдэг байдлаар бичсэн байна лээ. Харин миний цохилтын улмаас шүд нь хугарч унасан зүйл байхгүй. Намайг буруутгахаар эхний удаа хавиргаа гэмтээсэн гэж хэлж байсан хүн шүү дээ. Би энэ хүний шүдэнд гэмтэл учруулаагүй. Надаас хөдөлсөн шүдийг минь хөндлөө гэж 280.000 төгрөг авсан. Мөн би эрүүгийн хэрэгт яллагдаж, 450.000 төгрөгөөр торгуулсан байгаа. Зөрчлийн тухай хуулиар бид хоёрыг 100.000 төгрөгөөр торгосон байдаг юм. Би энэ хүний шүдэнд гэмтэл учруулаагүй тул шүд хийлгэх үнэ хариуцахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нотлох баримтаас харахад хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн шүд унасан гэдгийг тогтоосон зүйл байхгүй, нотлогдсон зүйлгүй, шалтгаант холбоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг нотлох баримтын эх сурвалж болгож байна. Гэтэл шийтгэх тогтоолын хувьд нэхэмжлэгчид хавирганы гэмтэл учирсан тул эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал яригдаж байна. Тэр гэмтлийг учруулсан үйлдэлдээ хариуцагч хариуцлага хүлээсэн. Харин нэхэмжлэгчийн шүдийг гэмтээгээгүй талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ба хариуцагчийн гэм буруу нь шүд гэмтээсэнтэй холбоогүй байгаа. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хавирга гэмтээсэн талаар тогтоосон болохоос шүд рүү цохисон нь гэмт хэргийн шинжгүй гэсэн байна. Хэрэв шүд гэмтээсэн бол шүдтэй холбоотой гэмтлийн зэрэг тогтоогдох ёстой. Яах аргагүй болсон байсан бол гэмтлийн зэрэг тогтоогдох ёстой. Гэмтлийн зэрэг дээр гэмтэл тогтоогоогүй байх нь шүүхийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болохгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлсөн гээд байгаа шүд нь эмчилгээтэй, хөдөлсөн, чулуутай бүрэн бүтэн биш байсан. Эрүүл шүдийг хөдөлгөсөн бол хөдөлгөөнгүй болгох эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн шүд нь эмчилгээ хийлгэх боломжгүй шүд байсан юм, эрүүгийн хэрэгт холбогдсоныг далимдуулж, өвчтэй шүдээ авхуулж, шинэ шүд хийлгэнэ гээд байгааг хариуцагчийн зүгээс төлөхгүй гээд байгаа юм. Нэхэмжлэгчийн шүд авхуулсан нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-оос 2.387.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож, үлдэх 2.387.875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53.156 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ийн гэм буруу болон гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэлт хийсэн боловч Д.Б-оос 4.775.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2.387.875 төгрөгийг гаргуулж үлдэх 2.387.875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Тухайн өдөр Д.Б- миний нүүрэн тус газар цохиж унагахад миний 21, 22 дугаар шүднүүд хөдөлгөөнтэй болж өвчин орж миний эрүүл мэндэд хохирол учирсан. Би Д.Б-ид цохиулахаас өмнө шүд хөдөлгөөнгүй, өвдөх зовуурьгүй эрүүл байсан. Хэрэгт авагдсан баримтад Д.Б- миний шүдийг гэмтээсэн болон эмчилгээ, замын зардал бусад баримттай холбоотой нотлох баримтуудаа нотолж ирүүлсэн байхад миний нэхэмжилсэн гэм хорын хохирол 4.775.750 төгрөгийн шаардлагаас үндэслэлгүйгээр 50 хувийг хасаж тооцон намайг хохироосон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэм хорын хохирлоос үндэслэлгүйгээр хассан 2.387.875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

1. Нотлох баримтыг ташаа ойлгон дүгнэлт хийн надаас 2.387.875 төгрөгийг гаргуулж Э.Б-д олгох болсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 233 тоот тогтоолоор Э.Б-ийн хавиргыг гэмтээсэн гэж хариуцлага хүлээлгэсэн болохоос шүдийг нь гэмтээсэн гэм буруутай гэж үзээгүй. Энэ ялгааг салгаж үзэхгүй хавтгайруулсан нь ойлгомжгүй болсон.

2. Э.Б-ийн 2 шүд хөдөлсөн асуудал, өргөдөл дээр ямар нэг гэмтэл гараагүй болохоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол байгаа болно.

3. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 205 тоот шинжээчийн дүгнэлтэд “...үүдэн дээд зүүн талын 2 шүд хөдөлгөөнтэй зүүн шүднүүд үгүй, хуучин мөлгөр оромтой, хөдөлгөөнтэй 2 шүд нь шүд чулуужих өвчтэй, кариест, шүд хоорондын зай ихэссэн...” гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж тодорхой бичсэн байгаа. Үүнээс үзэхэд Э.Б-ийн 2 шүд өвчтэй чулуужсан, тулах шүднүүд байхгүй болохоор угаасаа хөдөлсөн байхад нь би алгадсан гэж үзэж байгаа Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хөдөлсөн гэх 2 шүдийг шинээр хөдөлсөн байна гэж дүгнээгүйг анхаарч үзнэ үү. Өвчтэй хөдөлсөн муудсан шүдээ авхуулж эмчлүүлэх нь тэр хүний өөрийн эрх бөгөөд мөнгийг нь надаас гаргуулах нь үндэслэлгүй гэж ойлгож байна.

4. Би хохирол төлөхөөр бол өвчтэй, муудсан 2 шүдийг хөдлөөд эргэж бэхжих эмчилгээтэй холбоо бүхий шүдний аппарат бэхэлгээний эм тариа хэрэглэхэд гарах эмчилгээний мөнгийг өгөх ёстой. Гэтэл ийм баримт гаргаж ирээгүй ч би 289.800 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл 2 шүд эргэн бэхжихэд зарцуулагдах хэмжээний хохирлыг эрүүгийн шүүх хурал дээр бүрэн төлсөн. Хүний өвчтэй муудсан шүдийг эрүүл шүдтэй харьцуулж хохирол гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй юм. Тухайлбал хөдөлсөн шүдийг бэхжүүлж эмчлүүлэх эсвэл муудсан шүдээ авч шүд хийлгүүлэх хоёр нь өөр өөр ойлголт бөгөөд төлбөр эмчилгээ ч өөр байх ёстойг бодиттойгоор авч үзсэнгүй. Энэ утгаар Э.Б-ийн нэхэмжлэл үндэслэлгүй юм.

5. Асуудлын гол нь Э.Б- өвчтэй шүдээ эрүүгийн хэргээр далимдуулаад шүдний эмчилгээний мөнгийг хууль бусаар гаргуулж авахыг санаархаж байгаа хүн. Э.Б-ийн зүй бус үйлдэл нь эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой, нэхэмжлэгч эрүүгийн хэргийн нотлох баримтыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа учраас эрүүгийн хэргийн талаар товч дурдахаас өөр аргагүй юм.

Э.Б- энэ эрүүгийн хэрэг шигээ далимдуулж дахин зальт арга олж хууль бусаар хөрөнгөжих гэж байгааг тунгаан шүүж хууль бус үйлдэлд нь боломж олгохгүй иргэний хэргийг сайтар нягтлан үзэхийг хүсэж Э.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж 2.387.875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Б-өөс хариуцагч Д.Б-ид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.775.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шийтгэх тогтоол гарснаас хойших эмчилгээний зардлыг нэхэмжилсэн, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүдэн 21, 22 дугаар шүд хөдөлгөөн орж авхуулсан, 21  дүгээр шүдний эрүүний ясны дотор тал сэт цохигдсон тул шүд хийх боломжгүй, 20-22 дугаар шүдийг хийсний дараа 21 дүгээр шүдийг хийх болно гэсэн. Иймд 22, 23-р шүдний имплантын үнэд 4.000.000 төгрөг 21-р шүдний эмчилгээний 700.000 төгрөг, хэрэглэсэн эмний үнэ 23.150 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авхуулсан 20.000 төгрөг, хот хооронд эмчилгээ хийлгэхээр явсан зардал /Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот/-д 32.600 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан бол, хариуцагчаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд гарсан шинжээчийн дүгнэлт, шийтгэх тогтоолд шүдэнд гэмтэл учруулсан талаар тусгагдаагүй, надаас хөдөлсөн шүд хөндсөн гэхэд нь эмчилгээнд нь зориулж 280.000 төгрөг төлсөн байхад хохирлыг давхардуулан нэхэмжилсэн гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Д.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас нэхэмжлэгч А.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж газарт унаган биеийн зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан, мөн уг үйлдлийнх нь улмаас нэхэмжлэгчид дээд уруулын язрал, баруун гарын шуу ба зүүн мөрний өмнө хэсгийн зулгаралт зэрэг гэмтэл учирчээ.

Дээрх үйлдэлдээ хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 233 тоот шийтгэх тогтоолоор /хх-ийн 4-6-р тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.Б-ийн 21, 22 дугаар шүд нь хөдөлгөөн орж эмзэглэлтэй болон рентген зураг авхуулах, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн нь түүний 2020 оны 02 дугаар сарын 21, 28-ны өдрүүдэд шүдний эмчид үзүүлсэн эмчийн тэмдэглэлээр нотлогджээ. /амбулаториор эмчлүүлэгсдийн карт хх-ийн 14-р тал/

Нэхэмжлэгч Э.Б- нь “Ундарга дент” шүдний эмнэлэгт 22, 23 дугаар шүдэнд имплант шүд хийлгэх, мөн 21-р шүдний эмчилгээ зэрэгт нийт 4.700.000 төгрөг төлсөн нь /нийт 6.200.000 төгрөг төлснөөс 24 дүгээр шүдний 1.500.000 төгрөгийг хасаж тооцсон болно/ хариуцагчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн гэх 269.800 төгрөгтэй давхцаагүй болох нь тус эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “бэлэн мөнгөний орлогын баримт”-аар тогтоогдож /хх-ийн 7-р тал/ байх тул хариуцагчийн эрүүгийн хэргийн улмаас нэхэмжлэгчийн биед шүдний гэмтэл учруулаагүй гэх тайлбар няцаагджээ.

Нэхэмжлэгчийн биед учирсан шүдний гэмтэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шүдэнд учирсан хохирлын тодорхой хэсгийг нь хариуцах үүрэгтэй этгээд юм. 

Анхан шатны шүүх хариуцагчийг дээрх хохирлыг бүхэлд нь хариуцан арилгах үүрэгтэй боловч уг гэм хор учрах, буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 2.387.875 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүй нь нөлөөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, шийдвэрт болон зохигчдын хооронд үүссэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгагдаагүй байхад анхан шатны шүүх нотлогдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №205, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №04 тоот шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл нэхэмжлэгч Э.Б-ийн хөдөлгөөнтэй 2 шүд нь шүд чулуужих өвчтэй, кариес /цооролт/-тай, шүд хоорондын зай ихэссэн байжээ.

Хэдийгээр хариуцагч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн 2 шүд нь хөдөлгөөнтэй болж эмзэглэл үүссэн хэдий ч “...бэхлэлтгүйн улмаас гурав, дөрвөн чигт ганхсан сондгой шүд булгарахыг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй, Э.Б-ийн үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүд нь шүд хоорондын зай ихэссэн, хажуугийн шүднүүд үгүй тул бэхлэлтгүй шүд үзнэ...” гэж 2018002210190 тоот эрүүгийн хэргийн 49-51-р талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.

Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгчийн уг хоёр шүд өвчлөлтэй цаашид эмчилгээ хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан нэхэмжлэгч Э.Б-ийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тэрээр зарим шүднийхээ эмгэг өвчлөлийг эмчлүүлж зайг нь нөхүүлсэн, мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан шүднүүдийг авхуулан эрүүний ясандаа металл суулгуулан авагддаггүй шүд /имплантан шүд/ хийлгэсэн байна.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн, түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, дээрх гэм хор учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Гэхдээ хүний шүдэнд учирсан гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээж болох шинжлэх ухааны олон төрлийн эмчилгээний арга байдгаас нэхэмжлэгч нь хамгийн үнэтэй аргыг нь сонгон эмчилгээ хийлгэсэн байх тул уг зардлынхаа ихэнх хэсгийг өөрөө хариуцах нь зүйтэй байх тул хариуцагч Д.Б-оос 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.775.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасантай нийцнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зардал гэдэг эрх зүйн ойлголтыг “зайлшгүй” гэж тодотгосон нь дээрх нөхцөл байдалд нийцнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохирлыг тодорхойлохдоо үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг тооцохоор хуульчилсан. Энэ утгаараа нэхэмжлэгчээс гарсан бүх зардлыг ойлгож болох хэдий ч бага зардлаар хийлгэх боломжтой байсан эмчилгээ болон хиймэл эрхтнийг өндөр үнэлгээ бүхий эмнэлгийн байгууллагаар хийлгэснийг хариуцагч бүрэн хариуцах үүрэгтэй хэмээн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд хамаатуулан ойлгож тайлбарлах боломжгүй юм. Ийм учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т дээрх зардлыг “зайлшгүй” хэмээн хязгаарлалтыг хийж өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ магадлалд дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн нөхөн төлөх хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э.Б-ийн “...нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон 2.387.875 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын “...нэхэмжлэгчийн шүдэнд гэмтэл учруулаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн, шүдний эмчилгээнд зарцуулагдах зардлыг нөхөн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өгнө үү...” гэх агуулга бүхий хэсгүүдийг нь хэрэгсэхгүй болгож “...өвчтэй, муудсан шүдээ эрүүгийн хэргээр далимдуулан эмчлүүлж эмчилгээнийхээ үнийг эрүүл шүдтэй харьцуулж хохирлыг бүрэн хариуцуулах гээд байгаа нь үндэслэлгүй...” гэх хэсгийг нь хүлээн авч хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 24-ний өдрийн 1020 дугаар шийдвэрийн “...ТОГТООХ нь:...” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-оос 2.387.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож, үлдэх 2.387.875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

            “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Б-оос 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож, үлдэх 3.775.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53.156 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж нэхэмжлэгч Э.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Балдоржийн гаргасан давж заалдсан гомдлыг энэ магадлалд дурдсан үндэслэлээр зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг нь хангасугай.      

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.156 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.156 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                          

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                     ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                      М.МӨНХДАВАА