Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00974/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Өргөө баг, ... -р хороолол, ... -р байр, ... тоотод оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, Э овогт Э.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р байр, ... тоотод оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, Б овогт Д.Б холбогдох

 

Гэм хорын хохирол 4 775 750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч И.А, иргэдийн төлөөлөгч Ц.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Б миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах дотор Д.Бид нүүрэн тус газраа цохиулж эрүүл мэндэдээ хохирол авсан, газар унахдаа хавиргаа гэмтээсэн асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Д.Б миний 2 шүд буюу амны хөндийн байрлах 21, 22-р шүдийг хөдөлгөөнтэй болгож гэмтээсэн ба шүд гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэргийн шүүхийн шатанд Д.Б надад шүдний зураг авахуулсан 10 000 төгрөг, 2 шүдээ 30 000 төгрөгөөр авахуулсан, Саран эмнэлэгт 180 000 төгрөгөөр томограф хийлгэсэн, эрүүний дэлгэрэнгүй зураг нийт 269 800 төгрөгийг өгсөн. Хариу би шүдээ хийлгэсний дараа өөрт учирсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэхээр, Д.Б төлөхөөр тохирч шүүх хурал тарж байсан. Ингээд шүүх хурлаас хойш өөрийн зардлаар УБ хот руу Ундарга дент шүдний эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр очиж үзүүлж маргааш нь буюу 22-ны өдөр нь тус эмнэлэгт 3 шүдэндээ имплант мэс заслын аргаар 3 имплант шүд суулгуулж 6 200 000 төгрөгийг Ундарга дент шүдний эмнэлэгт төлсөн. Д.Бийн буруутай үйлдлээс шалтгаалсан 2 шүдэндээ өөрөө зай нөхөж бариулах зорилгоор 1 шүд нэмж нийт 3 имплант шүдний төлбөр 6 200 000 төгрөгөө Ундарга дент шүдний эмнэлэгт төлсөн. Уг төлбөрөөс би өөрөө нэмж суулгасан 24 шүдний имплантын үнэ 1 500 000 төгрөг төлснийг хасаж тооцоод харин 22, 23 дүгээр шүдний имплантын үнэд 4 000 000 төгрөг, 21-р шүдний эмчилгээний 700 000 төгрөг төлсөн, нийт 4 700 000 төгрөг, 2020 оны 07 сарын 21-ний өдөр имплант суулгуулсаны дараа авч хэрэглэсэн эм 23 150 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулахад төлсөн 20 000 төгрөг, Дархан-Уул аймгаас УБ хот явсан 2020 оны 7 сарын 21-ний өдрийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврээр зорчсон тийзний үнэд төлсөн 20 600 төгрөг, УБ хотооос Дархан-Уул аймаг руу буцахдаа УБТөмөр замын галт тэргээр зорчсон тийзний үнэ 6 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр УБ хотод оёдлоо очиж авахуулсан галт тэрэгний зардлын үнэ 6 000 төгрөг, нийт 4 775 750 төгрөгийг өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гэж үзэн Д.Боос нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Боос 4 775 750 төгрөгийг нэхэмжлэгч Э.Б надад гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б надаас шүд гэмтсэн гэх 4 775 750 төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн 2020 оны 06 сарын 11-ний 233 тоот тогтоолд шүдний гэмтэл байхгүй, нөгөө талаар шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 205 тоот дүгнэлтэд Э.Бийн биед дээд уруулын салстын язрал, баруун гарын зулгарал тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь шүүхийн 233 тоот шийтгэх тогтоолд тодорхой тул дээрх баримтуудыг үндэслэн Э.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед Д.Б гэдэг хүн намайг цохиж, миний 2 шүд дотогшоо хөндлөн болж, намайг нүүрээ дарж байх хооронд миний зүүн хавирга руу 2-3 удаа цохиж, миний 10, 11 дүгээр хавирга хугарсан, энэ цагаас хойш би бараг хэвтрийн байдалтай байсан. Сүүлд 3 дугаар сард Саран эмнэлэг дээр компьютер томографийн зураг авхуулж хавирганы хугарлыг мэдсэн. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд уруул язарсан, гарын шуу улайсан гэсэн бичигдсэн байсан. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүд хийлгэхээр зураг авхуулахад 20-21 дүгээр шүдний эрүүний ясны дотор тал сэт цохигдсон тул шүд хийх боломжгүй. 20-22 дугаар шүдийг хийсний дараа 21 дүгээр шүдийг  хийж болно гэж хэлсэн. Эдгээр шүдийг хийлгэхэд хойд талын арааг хийх шаардлагатай болно гэж эмч хэлсэн. Миний хувьд шүд хийлгэх мөнгийг төлөх боломжгүй болоод байна. 1 шүд хийлгэхэд 1,5 сая төгрөг гэдэг ба одоогоор би 3 шүдний эмплант суулгуулсан байгаа. Намайг цохичхоод шалан дээр унахдаа хавиргаа хугалсан гэж хариуцагч хэлсэн байсан. Энэ шүүх хурал болсны дараа ална гэж намайг заналхийлсэн. 1 шүд хийлгэхэд 2 сая төгрөг болдог, жийргэвч нь 600,000 төгрөг, эм тариа нийт шүд 6,200,000 төгрөгөөр 3 шүд хийлгэхээр болсон. Хариуцагч миний 2 шүдийг гэмтээсэн бөгөөд тэр хоёр шүдийг хийлгэхэд нийт 4,775,750 төгрөг болж байгаа тул Д.Боос гаргуулах хүсэлтэй байна. Харин хавирга эдгэрсэн тул тэр талаар нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед Д.Бийн үйлдлээс эрүүндээ алгадуулж, 21-22 дугаар шүд нь хөдөлгөөнд орсон нь тогтоогдсон байдаг, тэр шүд нь зажлах боломжгүй болсон тул эмчилгээнд орж, шүд хийлгэх шаардлагатай болсон. Тэр шүд нь хорхой идсэн байх, чулуутай байх нь ач холбогдолгүй, харин тэр хоёр шүд буйландаа бэхлэгдэж болох эсэх нь ач холбогдолтой байна. Хариуцагчийн хувьд эрүүгийн хэрэг дээр ч хэргээ хүлээгээгүй, эрүүгийн хэргийг шийдвэрлэж байхад 5 хоногийн завсарлага авч, шүдний хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүдэнд учирсан хохирлыг төлсний үндсэн дээр торгуулийн ялын доод хэмжээгээр ял авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээсэн. Одоо нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас гэмтсэн шүдээ хийлгэхээр эмчилгээ хийлгэж байгаа. Хариуцагчаас 21-22 дугаар шүдийг хийлгэх төлбөр болох 4,775,750 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай лангуунаас эдний лангуу 3 метр зайтай байдаг юм. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энэ хүн намайг өөрөөсөө хулгай хийлээ гэж дайрсан. Өрөөсөн хөшиг

авчихлаа гээд намайг хардаад байсан юм. Би 18 жилийн турш зах дээр зогсохдоо хулгай хийж байсан удаа байхгүй. Гэтэл Э.Б нь лангуу руу 2-3 удаа орж, чи миний хөшгийг хулгайлсан гээд байсан. Миний хувьд нэхэмжлэгчийн шүдийг цохиогүй 2 удаа алгадсан юм. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн шүд нь хөдөлсөн, шүд хоорондын зай нь сунасан гэдэг байдлаар бичсэн байна лээ. Харин миний цохилтын улмаа шүд нь хугарч унасан зүйл байхгүй. Намайг буруутгахаар эхний удаа хавиргаа гэмтээсэн гэж хэлж байсан хүн шүү дээ. Би энэ хүний шүдэнд гэмтэл учруулаагүй. Надаас хөдөлсөн шүдийг минь хөндлөө гэж 280,000 төгрөг авсан. Мөн би эрүүгийн хэрэг яллагдаж, 450,000 төгрөгөөр торгуулсан байгаа. Зөрчлийн тухай хуулиар бид хоёрыг 100,000 төгрөгөөр торгосон байдаг юм. Би энэ хүний шүдэнд гэмтэл учруулаагүй тул шүд хийлгэх үнэ хариуцахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нотлох баримтаас харахад хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн шүд унасан гэдгийг тогтоосон зүйл байхгүй, нотлогдсон зүйлгүй, шалтгаант холбоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг нотлох баримтын эх сурвалж болгож байна. Гэтэл шийтгэх тогтоолын хувьд нэхэмжлэгчид хавирганы гэмтэл учирсан тул эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал яригдаж байна. Тэр гэмтлийг учруулсан үйлдэлдээ хариуцагч хариуцлага хүлээсэн. Харин нэхэмжлэгчийн шүдийг гэмтээгээгүй талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ба хариуцагчийн гэм буруу нь шүд гэмтээсэнтэй холбоогүй байгаа. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хавирга гэмтээсэн талаар тогтоосон болохоос шүд рүү цохисон нь гэмт хэргийн шинжгүй гэсэн байна. Хэрэв шүд гэмтээсэн бол шүдтэй холбоотой гэмтлийн зэрэг тогтоогдох ёстой. Яах аргагүй болсон байсан бол гэмтлийн зэрэг тогтоогдох ёстой. Гэмтлийн зэрэг дээр гэмтэл тогтоогоогүй байх нь шүүхийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болохгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлсөн гээд байгаа шүд нь эмчилгээтэй, хөдөлсөн, чулуутай бүрэн бүтэн биш байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлгөөнтэй шүдийг авхуулж, бэхэлгээ хийлгэж тогтоолгох боломжгүй, авч шинэ шүд суулгах арга хэмжээ авах шаардлага гарсан гэж байна. Гэмтсэн шүдийг авхуулж, заавал шүд хийлгэнэ гээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн зүгээс шүдийг хөдөлгөсөн гэж хохирлыг төлсөн шүү дээ, харин хөдөлгөөнтэй шүдээ бэхлүүлж болох байтал авхуулж, шинэ шүд хийлгэх гэж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь сонголт шүү дээ, харин хариуцагчийн зүгээс шүд хөдөлсөн хэмжээний хохирол төлөх ёстой. Эрүүл шүдийг хөдөлгөсөн бол хөдөлгөөнгүй болгох эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн шүд нь эмчилгээ хийлгэх боломжгүй шүд байсан юм, эрүүгийн хэрэгт холбогдсоныг далимдуулж, өвчтэй шүдээ авхуулж, шинэ шүд хийлгэнэ гээд байгааг хариуцагчийн зүгээс төлөхгүй гээд байгаа юм. Шүд нь юунаас болж хөдөлсөнтэй холбоотой гарсан хохирлыг төлсөн гэж үзээд байгаа, тэр шүдийг бэхжүүлэх хэмжээний хохирол төлсөн гэж үзэж байгаа. Энэ хүн ямар шүдээ авхуулж, ямар шүд хийлгэх нь өөрийнх нь асуудал шүү дээ.  Хэргийн материалыг харахаар хавиргад учруулсан гэмтлээс болж эрүүгийн хэрэг үүсэж, ял авсан байдаг. Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө шүд хамаагүй, хавирга гэмтсэн байдаг боловч сүүлд нь эрүүгийн хэрэг үүсээд хэрэг шийдэгдэх болоход шүдээ эмчлүүлэх гээд байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө вагон дээрээс унаж хавиргаа гэмтээчхээд тэрийгээ хэлэхгүй, энэ хүнд зодуулж гэмтсэн гэж, цаг хугацааны хувьд дараа нь учирсан гэмтлээ хариуцагчид тохсон асуудал байдаг. Энэ хүн за яах вэ дээ гээд давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч өвчтэй шүдээрээ далимдуулж, хариуцагчаас мөнгө авах гээд байна. Шүүх хэргийн үйл баримтыг сайтар нягтлан үзэж, өвчтэй шүдийг бэхжүүлэх хэмжээний төлбөр төлөх байсныг тогтоож, түүнд ногдох хохирлыг хариуцагч төлсөн байгааг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн шүд авхуулсан нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Д.Бид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 4 775 750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/...  дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах дотор Э.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож ялаар шийтгэж, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4-6 хуудас/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дээрх шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Д.Бийн үйлдлийн улмаас шүд хөдөлж, авахуулсан. Улаанбаатар хот явж Ундарга дент шүдний эмнэлгээр хиймэл шүд суулгуулсан. Үүнд 2 шүдний имплантын үнэд 4 000 000 төгрөг, 21-р шүдний эмчилгээний 700 000 төгрөг, 2020 оны 07 сарын 21-ний өдөр имплант суулгуулсны дараа авч хэрэглэсэн эмийн үнэ 23 150 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулахад төлсөн 20 000 төгрөг, Дархан-Уул аймгаас УБ хот явсан 2020 оны 7 сарын 21-ний өдрийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврээр зорчсон тийзний үнэд төлсөн 20 600 төгрөг, УБ хотооос Дархан-Уул аймаг руу буцахдаа УБТөмөр замын галт тэргээр зорчсон тийзний үнэ 6 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр УБ хотод оёдлоо очиж авахуулсан галт тэрэгний зардлын үнэ 6 000 төгрөг, нийт 4 775 750 төгрөг гэж тодорхойлж байгаа болно.

Хариуцагч Д.Б нь эрүүгийн хэргийн хэлэлцүүлэгт хохирогчийн шүд гэмтээсэн асуудлыг хүлээн зөвшөөрч, хохирогч Э.Бийн нэхэмжилсэн шүдний зураг 10 000 төгрөг, 2 шүдээ авахуулсан 30 000 төгрөг, Саран эмнэлэгт томограф хийлгэсэн 180 000 төгрөг, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулсан нийт 269 800 төгрөгийг төлж барагдуулсан талаар шийтгэх тогтоолд дурдсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Бид холбогдох эрүүгийн 2018002210190 дугаартай хэргээс Э.Бийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргийг шинжлэн судалсан бөгөөд тус хэрэгт нотлох баримтаар Ундарга дент шүдний эмнэлэгийн бэлэн мөнгөний орлогын баримт, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, галт тэрэгний тасалбар, Ариун Асгат Хангай ХХК-ийн эмийн сангийн нөат-ын баримт, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулахад төлсөн баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг авагдсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ ... би хавирга гэмтээсэн асуудлаар ял шийтгүүлсэн, шүд авахуулсан, зураг авахуулсан төлбөрийг барагдуулсан, шинжээчийн дүгнэлтэд шүд чулуужсан, сунасан, хөдөлсөн гэж дурдсан бөгөөд шүд нь бүрэн бүтэн шүд байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан болно.

Хариуцагч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт Э.Бийн шүд рүү алгадсан талаар тайлбар гаргаж маргаагүй бөгөөд дээрх үйлдлийн улмаас Э.Бийн биед дээд уруулын салстын язрал үүсч улмаар 21, 22 дугаар шүд гэмтсэн болох нь Д.Бид холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримтаар шинжлэн судалсан хохирогч Э.Бийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан  ... үүдэн дээд 1 шүд хажуугийнхаа 1 шүдтэй хамт хөдөлсөн, сул байна, зүүн талын хавирга гэмтээсэний зураг авахуулна гэсэн өргөдөл, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэгт хэсэгт ... үүдэн дээд зүүн талын 2 шүд хөдөлгөөнтэй, зүүн талын 2 шүдний харалдаа дээд уруулын салстад 0,4х0,2 см хэмжээтэй язарсан, зүүн шүднүүд үгүй, хуучин мөлгөр оромтой, хөдөлгөөнтэй 2 шүд нь шүд чулуужих өвчтэй, кариестэй, шүд хоорондын зай ихэссэн гэсэн бичилт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэгт хэсэгт 2020.2.21-ий шүдний үзлэг: зовиур 21 дээд 2 шүд хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй, юм идэж ууж чадахгүй, дээд уруул хавдсан ил шарх байхгүй эмч Энхээ, 2020.2.28-нд 21, 22 шүд хөдөлгөөнтэй, онош 21, 22 шүдний мултрал, эмчилгээнд шүд авах эмч Д.Оюунбадрах гэсэн бичилт, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ...шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт ...хохирогчийн шүд гэмтээсэн асуудлыг хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Э.Б нь шүдний зураг, 2 шүдээ авахуулсан болон Саран эмнэлэгт томограф хийлгэсэн, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулсан нийт 269 800 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэдийгээр хариуцагч Д.Бийн гэм буруу болон гэм хорын хохирол хариуцах үндэслэл тогтоогдож байх боловч хохирлын хэмжээ нэмэгдэхэд буюу 2 шүдээ авахуулахад хүрсэн байдал нь хохирогч Э.Бийн 21, 22 дугаар шүд нь хуучин шүд чулуужих өвчтэй, кариестэй, шүд хоорондын зай ихэссэн, хөдөлгөөнтэй байсан зэрэг нь нөлөөлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохиролын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно гэж зааснаар гэм хорын хохиролыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулж хариуцагч Д.Боос 2 387 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, үлдэх 2 387 875 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Бийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн Ундарга дент шүдний эмнэлэгийн бэлэн мөнгөний орлогын баримт, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, галт тэрэгний тасалбар, Ариун Асгат Хангай ХХК-ны эмийн сангийн нөат-ын баримт, эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулахад төлсөн баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах эрхийнхээ хүрээнд хариуцагчийг гэм буруутай тул хохирол хариуцна гэж дүгнэж, дүгнэлтээ уншин сонсгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Боос 2 387 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, үлдэх 2 387 875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 156 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА

 

 

 

                  ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНДАРЬ

 

 

 

                                                                                        М.ОЮУНЦЭЦЭГ