Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01064

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01064

 

 

Зууннайман ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02385 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2225 дугаар магадлалтай,

 

Зууннайман ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Альфарөүд ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 158,352,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч төлөөлөгч П.Баатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, өмгөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч Альфарөүд ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105,568,000 төгрөг, алданги 52,784,000 төгрөг, нийт 158,352,000 гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэмэгдүүлж гаргасныг хариуцагч 105,568,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02385 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан Альфарөүд ХХК-аас 158,352,000 төгрөгийг гаргуулж Зууннайман ойл ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Альфарөүд ХХК нь шүүхийн шийдвэрт заасан дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 22 тоотод байршилтай 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,020,000 төгрөгөөс 1,019,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 90 төгрөгийг, хариуцагчаас 1,019,910 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2225 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21ий өдрийн 181/ШШ2020/02385 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Альфарөүд ХХК-аас 124,068,000 төгрөгийг гаргуулж Зууннайман ойл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,284,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын хариуцагчаас 1,019,910 төгрөгийг гэснийг хариуцагчаас 778,290 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,019,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч П.Баатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Манай компани Зууннайман ойл ХХК-аас 2019 оны 04 дүгээр сараас дизелийн түлш худалдан авч тухай бүрт нь төлбөр тооцоогоо хийж байсан болно. 2019.08.20-нд 520.000 литр дизелийн түлшийг Зууннайман ойл ХХК-аас авч Жи Сү ХХК-д нийлүүлсэн болно. Уг шатахуунаас Жи Сү ХХК нь 7 тонн шатахуун хэрэглээд S500, S300 экски, 50 ковш зэрэг техникт эвдрэл гарч шалгуулахад Вагнер ази ХХК-аас чанарын шаардлага хангаагүй дизель түлш хэрэглэсэн тул эвдрэл гарсан гэж акт гарсан. Үүнийг Зууннайман ойл ХХК-ний менежерт мэдэгдсэн болно. Уг шаардлага хангаагүй шатахууны 45000 литр нь Жи Сү ХХК болон манай компанийн 2 талын лацтайгаар Жи Сү ХХК-ийн шатахууны саванд байгаа тул уг чанарын шаардлага хангаагүй шатахуунаа авч өөр шаардлага хангасан шатахуунаар сольж өгнө үү гэж Зуунайман ойл ХХК-д мэдэгдсэн боловч одоо болтол шатахуунаа авалгүйгээр мөнгө нэхэмжилж алданги тооцож байгаа тул уг алдангийг болиулж шаардлага хангасан шатахуунаар сольж өгөх зөв шийдвэрийг гаргаж өгнө үү.

4.2 Мөн хариуцагчийн төлөөлөгч П.Баатар намайг эмнэлэгт хэвтэж байгаа тухай нотлох баримтын хамт шүүх хурал хойшлуулах хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн боловч анхан шатны шүүх хуралдаан хариуцагч П.Баатар миний оролцоогүйгээр шүүх хуралдаан болж Зууннайман ойл ХХК-ийн талд шийдэгдсэн тул үүнийг дахин хянаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн төлөөлөгч П.Баатарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

6. Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч Альфарөүд ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 158,352,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талууд 2019.04.10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. ... иргэн С.Тосонхүүгийн өмчлөлийн гурван өрөө орон сууцыг барьцаалан, гэрээ байгуулж, бүртгүүлсэн. ... нийт 363,948,650 төгрөгийн үнэтэй 192,330 литр шатахуун нийлүүлсэн. ... хариуцагч 258,380,650 төгрөгийг төлсөн боловч үлдэх хэсгээ төлөөгүй. гэжээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 105,660,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн, ... гэвч шатахуун нь шаардлага хангахгүй байснаас бидэнд 180,000,000 төгрөгийн төлбөр тавигдсан. гэх агуулгаар маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаны зэрэгцээ алдангийн тохиролцоо нь хуулийн шаардлага хангасан, худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөлгүй гэрээний хугацааг 2020.06.04-ний өдрийг хүртэл 261 хүртэл хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргасан буруутай, гэрээний үүргийн зөрчил нь Ковид 19 цар тахалтай холбогдуулан авсан Засгийн газрын арга хэмжээтэй холбоо хамааралгүй гэж дүгнэн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, тус төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй бол С.Тосонхүүгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцааны эрхийг хангуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх худалдан авагч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хэдий ч 2020.02.01-ний өдрөөс Монгол Улсад хөл хорио тогтоосон, гэрээний хавсралтад 74,000,000 төгрөгт алданги тооцохоор тохирсон нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэл бүрдүүлнэ гэж үзэн алдангийг 18,500,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.

 

9. Анхан шатны шүүх хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй зөрчил гаргасан байх ба энэ нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодорхойлох, хэргийн шийдэлд нөлөөлөхүйц үр дагавартай байна.

 

10. Хариуцагч татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байх боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна. Хариуцагч хоёр удаагийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх ба нэг хуралдаан түүний өмгөөлөгч авах хүсэлтээр, нэг хуралдаан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулсан шалтгаанаар тус тус хойшилжээ. Харин 2020.09.14-ний өдрийн шүүх хуралдаанд 2020.09.11-ний өдөр хөлөө хугалсаны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсноо мэдэгдэн холбогдох баримтыг хавсарган ирүүлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч хуралдааныг 2020.09.21-ний өдөр хийхээр товлон хойшлуулсан байна.

 

11. Шүүх хурлын товыг хариуцагчийн төлөөлөгч П.Баатарын утсанд зурвас үлдээн 2020.09.14-ний өдөр мэдэгдсэн байх ба тэрээр 2020.09.16-ны өдөр компанийн нягтлан бодогч Солонгос улсад хөл хорионд байгааг болон өөр төлөөлөгч томилох боломжгүй талаараа тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дахин ирүүлснийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагч Альфарөүд ХХК-ийг төлөөлж нэхэмжлэлийг гардан авсан тус компанийн захирал П.Баатар хөлийн дунд чөмөгний ясны хугарал оноштой хэвтэн эмчүүлж байгаагаа нотолсон зураг болон бусад баримтыг хэрэгт ирүүлсэн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцож, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхийн дуудсан цагт байнга ирж байсан нь хэргийн баримтаас тогтоогдож байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.

 

12. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол улсын иргэн бүрийн ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ... үндсэн эрхийг баталгаажуулж, уг эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, ... тэгш эрхтэйг заасан. Гэвч маргаан бүхий хэрэгт хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар, татгалзлаа нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх тэгш боломж алдагдсан гэж үзэж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо хариуцагч дээрх үндэслэлийг дурдсан байх боловч давж заалдах шатны шүүх энэ гомдлыг хэрхэн үзсэн талаар дүгнэлт өгөөгүй байна.

 

13. Ийнхүү шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, хэргийн нөхцөл байдлыг мэдэх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэх үндэслэлээр хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, ... нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчмыг зөрчжээ.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч Альфарөүд ХХК-д холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх боловч ипотекийн зүйлийн өмчлөгч нь иргэн С.Тосонхүү болох талаар хэрэгт баримт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн шаардлагыг өмчлөгч бус этгээдэд холбогдуулан гаргасан байхын зэрэгцээ тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтад суурилаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

 

15. Иймд хариуцагч Альфарөүд ХХК-ийн төлөөлөгч П.Баатарын ... эмнэлэгт хэвтэж байгаа нотлох баримтын хамт хурал хойшлуулах хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн боловч ... шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр хийсэн ... гэх агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг тус тус хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02385 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2225 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч Альфарөүд ХХК-ийн төлөөлөгч П.Баатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.25-ны өдөр төлсөн 250,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.