Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2225

 

“ЗНО” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02385 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “ЗНО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 158 352 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч П.Баатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “ЗНО” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд "А" ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 108/201Э/АР/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээгээр С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16-22 тоотод байршилтай 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээнд өмчлөгч С.Тосонхүү болон хариуцагч компанийн захирал П.Баатар нар гарын үсэг зурж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компаниас хариуцагч “А” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 363 948 650 төгрөгийн үнэтэй 192 330 литр шатахууныг нийлүүлсэн бөгөөд хариуцагч үүнээс 258 380 650 төгрөгийг төлж барагдуулсан. Бидний зүгээс шатахууны үлдэгдэл төлбөр болох 105 568 000 төгрөгийн төлөлтийг хийхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1, тус гэрээний 1 дүгээр хавсралтын 4-т тус тус зааснаар хариуцагчийн төлбөр төлөх ёстой хугацаа нь хамгийн сүүлийн нийлүүлэлт хийгдсэнээс буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байсан бөгөөд үүнээс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үнийн дүн 105 568 000 төгрөгөөс 0,5 хувиар тооцож үзэхэд өнөөдрийг хүртэл 54 367 520 төгрөгийн алданги “А” ХХК нь манай компанид төлөх ёстой байгаа. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 108/2019/АР/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 105 568 000 төгрөг болон Иргэний хуульд заасан алданги нь биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх шаардлагад нийцүүлэн 52 784 000 төгрөгийн алданги, нийт 158 352 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2019 оны 8 дугаар сар байсан тул хожим гарсан цар тахал үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 105 660 000 төгрөгийн шатахуун аваад төлж барагдуулаагүй нь үнэн. Үүнээс 95 000 000 төгрөгийн шатахуун нь “Жисү” ХХК-д өгсөн боловч тус компанийн S500, S300 экски 50 ковшт эвдрэл гарч уг эвдрэл нь шатахуунаас болж гарсныг “Вагнер Ази” ХХК тогтоосон. Мөн циркийн хажууд байрлах лабораторид өгөхөд хариу нь шатахуун шаардлага хангаагүй гэж гарсан тул надад 180 000 000 төгрөгийн төлбөр тавигдах болсон. Би Монгол инженер залууд учир байдлаа хэлж 95 000 000 төгрөгийн шатахууны мөнгийг авахаар тохиролцсон боловч Хятад эзэд нь нутаг яваад орж ирж чадаагүй тул түр хүлээж өгнө үү. Улс орны эдийн засаг, манай компанийг ойлгож хүүгүйгээр төлүүлж тус болно уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан “А” ХХК-аас 158 352 000 төгрөгийг гаргуулж “ЗНО” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар А ХХК нь шүүхийн шийдвэрт заасан дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 22 тоотод байршилтай 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 020 000 төгрөгөөс 1 019 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 90 төгрөгийг, хариуцагчаас 1 019 910 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Баатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани нь “ЗНО” ХХК-аас 52 000 литр дизель түлшийг худалдан авч “Жисү” ХХК-д өгсөн. Уг дизель түлш нь чанарын шаардлага хангаагүйн улмаас “Жисү” ХХК-д S500, S300 экски 50 ковшт эвдрэл гарч уг эвдрэл нь шатахуунаас болж гарсныг “Вагнер Ази” ХХК тогтоосон. Мөн “ЗНО” ХХК-ийг шаардлага хангасан дизель түлшээр сольж өгнө үү гэж удаа дараа хүссэн боловч сольж өгөөгүйн улмаас 105 000 000 төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй байгаа. Хариуцагчийн төлөөлөгч П.Баатар намайг эмнэлэгт хэвтэж байгаа тухай нотлох баримтын хамт шүүх хурал хойшлуулах хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн боловч шүүх хуралдаан болсон тул хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЗНО” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105 568 000 төгрөг, алданги 52 784 000 төгрөг, нийт 158 352 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэмэгдүүлж гаргасныг  хариуцагч 105 568 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 108/2019/АР/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “ЗНО” ХХК нь 1 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн болох өвлийн болон зуны дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч “А” ХХК худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 22 тоотын 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. / хх-ийн 7-10, 90, 91 /

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, гэрээний 5.2.1-т төлбөр төлөх хугацааг тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу “ЗНО” ХХК нь “А” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тосны 363 948 650 төгрөгийн үнэ бүхий 192 330 литр түлшийг нийлүүлж, “А” ХХК нь  төлбөрт 258 380 650 төгрөг төлсөн боловч 105 568 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь  тооцоо нийлсэн баримт, зохигчдын тайлбараар  тогтоогджээ. Хариуцагч үндсэн төлбөр 105 568 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч  маргаагүй байна.  / хх-ийн 15-54 /

 

Шүүх гэрээний 3.2-т заасан алдангийн тохиролцоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 232.6 дахь хэсгийг үндэслэн алдангийн хэмжээг тодорхойлохдоо мөн хуулийн 232.8 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг, түүнчлэн  талууд 2019 оны 12 сарын 31-ний тооцоо нийлсэн баримтад алдангийн талаар заагаагүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй. Мөн гэрээний хавсралт 1-д худалдан авсан бүтээгдэхүүний нийт үнэ 74 000 000 төгрөгт алданги тооцохоор тохиролцсон байна. Гэрээний өөр хавсралт хэрэгт байхгүй. Дээрх нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд хамаарах тул хариуцагчаас хуулийн дагуу шаардах боломжтой алдангийн дээд хэмжээнээс 50 хувиар тооцон алдангид 18 500 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 105 568 000 төгрөг, алдангид 18 500 000 төгрөг, нийт 124 068 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02385 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “А” ХХК-аас 124 068 000 төгрөгийг гаргуулж “ЗНО” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 284 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “хариуцагчаас 1 019 910 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 778 290 төгрөг” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                  Н.БАТЗОРИГ