Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00000

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, “З” ХХК /РД:5272378/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: тоотод байрлах, “А” ХХК /РД:5563607/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 158,352,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай “З” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд "А" ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 108/201Э/АР/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.

Барьцааны гэрээгээр С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16-22 тоотод байршилтай 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээнд өмчлөгч С.Тосонхүү болон хариуцагч компанийн захирал П.Баатар нар гарын үсэг зурж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компаниас хариуцагч “А” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 363,948,650 төгрөгийн үнэтэй 192,330 литр шатахууныг нийлүүлсэн бөгөөд хариуцагч үүнээс 258,380,650 төгрөгийг төлж барагдуулсан.

Бидний зүгээс шатахууны үлдэгдэл төлбөр болох 105,568,000 төгрөгийг удаа дараа шаардахад удахгүй төлж барагдуулна гэсээр одоог хүртэл төлөлтийг хийхгүй байсаар байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна.” гэж, тус гэрээний 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт “Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тус тус заасан байдаг.

Хариуцагчийн төлбөр төлөх ёстой хугацаа нь хамгийн сүүлийн нийлүүлэлт хийгдсэнээс буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож үзэхэд 2019 оны 10 сарын 04-ний өдөр байсан бөгөөд үүнээс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үнийн дүн 105,568,000 төгрөгөөс 0,5 хувиар тооцож үзэхэд өнөөдрийг хүртэл 54,367,520 төгрөгийн алданги “А” ХХК нь манай компанид төлөх ёстой байгаа.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 108/2019/АР/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 105,568,000 төгрөг болон Иргэний хуульд заасан алданги нь биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх шаардлагад нийцүүлэн 52,784,000 төгрөгийн алданги, нийт 158,352,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.

Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2019 оны 8 сар байсан тул хожим гарсан цар тахал үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 105,660,000 төгрөгийн шатахуун аваад төлж барагдуулаагүй нь үнэн. Үүнээс 95,000,000 төгрөгийн шатахуун нь “Жисү” ХХК-д өгсөн боловч тус компанийн S500, S300 экски 50 ковшт эвдрэл гарч уг эвдрэл нь шатахуунаас болж гарсныг “Вагнер Ази” ХХК тогтоосон. Мөн циркийн хажууд байрлах лабораторид өгөхөд хариу нь шатахуун шаардлага хангаагүй гэж гарсан тул надад 180,000,000 төгрөгийн төлбөр тавигдах болсон. Би Монгол инженер залууд учир байдлаа хэлж 95,000,000 төгрөгийн шатахууны мөнгийг авахаар тохиролцсон боловч Хятад эзэд нь нутаг яваад орж ирж чадаагүй тул түр хүлээж өгнө үү.

Улс орны эдийн засаг, манай компанийг ойлгож хүүгүйгээр төлүүлж тус болно уу гэжээ.

 

Шүүх зохигчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 105,568,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 52,784,000 төгрөг буюу нийт 158,352,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байна.

 

Хариуцагч нь үндсэн төлбөр 105,568,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги төлүүлэхгүй байх агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй.

 

Шүүх энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа товлож, талуудын хэн алины хүсэлтээр 2 удаа, хариуцагч талын хүсэлтээр 1 удаа тус тус хойшлуулж байсан боловч хариуцагч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй, нотлох баримт гаргаагүй буюу хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд заасан ажиллагааг огт хийгээгүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг шүүх хариуцагчийн төлөөлөгч П.Баатар өвчтэй гэсэн шалтгааныг хүлээн авч төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох боломжоор түүнийг хангах үндэслэлээр хойшлуулсан.

 

Гэтэл хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй бөгөөд төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй учир шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 108/2019/АР/01 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “З” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн болох өвлийн болон зуны дизель түлш нийлүүлэх, худалдан авагч “А” ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор үнийг төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөх үүргийг харилцан хүлээжээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “З” ХХК нь “А” ХХК болон С.Тосонхүү нартай “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт С.Тосонхүүгийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 22 тоотын 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ худалдагч, худалдан авагч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 24, 5 дугаар сарын 17, 27, 29, 30-ны өдрүүдэд 1 литр нь 1,910 төгрөгийн үнэтэй 64,300 литр түлш /122,813,000 төгрөг/, 2019 оны 7 дугаар сарын 10, 16, 18, 24, 25, 26, 29-ний өдрүүдэд 1 литр нь 1,890 төгрөгийн үнэтэй 30,000 литр түлш /56,700,000 төгрөг/, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 литр нь 1,855 төгрөгийн үнэтэй 21,030 литр түлш /39,010,650 төгрөг/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 литр нь 1,855 төгрөгийн үнэтэй 3,000 литр түлш /5,565,000 төгрөг/, 2019 оны 8 дугаар сарын 03, 20-ны өдрүүдэд 1 литр нь 1,890 төгрөгийн үнэтэй 74,000 литр түлш /139,860,000 төгрөг/ буюу нийт 363,948,650 төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 363,948,650 төгрөгийн төлбөрөөс 2019 оны 5 дугаар сарын 16, 27, 29, 30-ны өдрүүдэд 39,190,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12, 28, 30-ны өдрүүдэд 33,730,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 04, 05, 18, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31-ний өдрүүдэд 81,010,650 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02, 06, 07, 09, 12, 13, 16, 20, 29, 31-ний өдрүүдэд 73,200,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04, 05, 09-ний өдрүүдэд 31,250,000 төгрөг буюу нийт 258,380,650 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгч талаас гаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон төлбөрийн үлдэгдэл 105,568,000 төгрөг /363,948,650-258,380,650/-ийн хэмжээнд талууд маргаагүй тул тогтоогдсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1 дэх заалтаар хариуцагч нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн тул “А” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан 37,000 литр түлшний үнэ 69,930,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан 37,000 литр түлшний үнэ 69,930,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор тус тус төлөх үүрэгтэй байжээ.

 

Гэтэл хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх төлбөрөөс 33,992,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ төлбөрийн зарим хэсэг 35,638,000 төгрөгийг болоод 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх 69,930,000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “шилжүүлэн авсан дизель түлш нь чанарын шаардлага хангахгүй байсан нь лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлийг дурдсан атлаа энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх худалдсан эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байсан эсэх, доголдолтой байсан бол энэ талаар хуулиар тогтоосон хугацаанд худалдагчид мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн бол худалдан авагч одоо шаардлага гаргах эрхтэй эсэх, эсхүл шаардлага гаргах эрхээ алдсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй тул баримтаар нотлогдоогүй тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч “З ойл” ХХК нь үлдэгдэл 105,568,000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас шаардах эрхтэй тул шүүх хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Талууд гэрээний хавсралт 1-ийн 4 дэх заалтаар “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх болон хоног тутамд тооцох алдангийн хэмжээ 0,5%-аас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг үндэслэн хариуцагчаас алдангид 52,784,000 төгрөг шаардахдаа анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн заалтыг үндэслэжээ.

 

Нэхэмжлэгчийг шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх төлбөрийг 261 хоногоор, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх төлбөрийг 244 хоногоор тус тус хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул шүүх хэтэрсэн хугацааны алданги тооцоход нийт 131,822,190 /(35,638,000х0,5%х261)+(69,930,000х0,5%х244)/ төгрөг гарч байна.

 

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт хэмжээ хариуцагчийн гүйцэтгээгүй үндсэн үүрэг 105,568,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 52,784,000 төгрөгийг алдангид шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хуульд нийцсэн гэж үзэв. 

 

Хариуцагч нь улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон өөрийн компанийг ойлгож, алданги төлүүлэхгүй байхыг шүүхээс хүссэн тайлбарыг бичгээр гаргасан боловч хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн явдалд Ковид 19 цар тахалтай холбогдуулан 2020 оны 1 дүгээр сараас хойш Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дагавар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүх алдангийн хэмжээг багасган шийдвэрлэх өөр бусад нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд шүүх хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул дизель түлшний үлдэгдэл төлбөр 105,568,000 төгрөг, төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 52,784,000 төгрөг буюу нийт 158,352,000 төгрөгийг “А” ХХК-аас гаргуулж “З ойл” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул “А” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан “А” ХХК-аас 158,352,000 төгрөгийг гаргуулж “З ойл” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “А” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Тосонхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008665 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 22 тоотод байршилтай 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,020,000 төгрөгөөс 1,019,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 90 төгрөгийг, хариуцагчаас 1,019,910 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА