Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01075

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01075

 

*******, *******, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2258 дугаар магадлалтай,

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, өмгөөлөгч Ч.Анар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, өмгөөлөгч Ч.Анар, С.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, өмгөөлөгч Ц.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.2, 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч *******, *******, М.Баттогтох нарыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112.74 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707.295 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас 707.295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2258 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, өмгөөлөгч Ч.Анар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1 Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргах, хүсэлтээсээ татгалзах эрх зөвхөн хэргийн оролцогч нарт бий. Нэхэмжлэгч талаас шүүхэд хандан 2020.08.20-ны өдөр хүсэлтийг бичгээр гаргасан. Хэдийгээр шүүх тухайн үед хүсэлтийг хангаагүй боловч нэхэмжлэгч талын эрх зөрчигдөөгүй, тухайн хүсэлт ач холбогдолгүй, бусад нотлох баримтууд, дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзээд дэмжээгүй. Мөн хариуцагч талаас энэ талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-ийн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийх замаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг нотолгооны хэрэгслээр тогтоохтой холбоотой, түүнчлэн хэргийн хавтаст цугларсан бусад бүхий л нотлох баримттай шүүгч харьцуулан үнэлсний эцэст шийдвэр гаргах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх /гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн тайлбар, паспорт биеийн байцаалтын хуулбар гэх баримтыг бүрдүүлэх/-ээр гаргасан хүсэлтийг хилийн чанадад гэрчийг асуух ажиллагаа мэтээр өөрөөр тайлбарлаж нэхэмжлэгчийн дурдаагүй хүсэлтийг үндэслэн хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь талуудын зарчимтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс хэргийг бүхэлд нь хянахдаа, энэхүү хэргийн оролцогч нарын хэн аль нь энэ талаар маргаагүй, гомдол, хүсэлт гаргаагүй байхад хэргийг ахин хэлэлцүүлэх үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

4.2 Гуравдагч этгээдээр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийг оролцуулах үндэслэл байгаагүй талаар: Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээ тодорхойлохдоо, Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь буруу гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Худалдаа хөгжлийн банк ХХК маргаж буй хөрөнгөөс гадна үүргийн гүйцэтгэлийн шаардлагаа хангуулахад илэрхий хангалттай хэмжээний хөрөнгийг барьцаалсан байдаг. Нөгөөтээгүүр, ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан Худалдаа хөгжлийн банк ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт хэрхэн сөргөөр нөлөөлөх талаараа ямар нэгэн үндэслэлтэй тайлбар, баримт ирүүлээгүй нь тухайн хүсэлтийг хангахгүй орхих үндэслэл болсон нь анхан шатны шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ямар эрх ашгийг хөндөж байгаа нь ойлгомжгүй, нотлогдохгүй байхад давж заалдах шатны шүүх урьдчилсан байдлаар үндэслэл муутай дүгнэлт өгч, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлт үндэслэлгүй байсныг хангахгүй орхисон нь магадлалд тусгасан 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, өмгөөлөгч Ч.Анар нар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ болон ******* нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн Чингисийн өргөн чөлөө гудамжны 44В байрны 304 тоот 112.74 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох, тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ... *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2017.06.07-ны өдөр Ёонг Лонг /YONGLONG/-оос 95,829,000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан. ...Ёонг Лонг /YONGLONG/ нийт барилга маань 70 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029524 дугаарт бүртгэгдсэн, үүнийг 100 хувь болохоор өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн ... гэтэл 2018.03.06-ны өдөр 304 тоот сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056107 дугаарт бүртгэн гэрчилгээ олгож, 2018.03.07-ны өдөр Ёонг Лонг /YONGLONG/, ******* нар нь 1,000,000 төгрөгөөр гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. ... энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байна.

 

7. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг би өөрийн хөдөлмөрөөрөө олж авсан, ...миний хувийн өмч 338,220,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө 95,829,000 төгрөг болох учиргүй ... гэж маргаж байна.

 

8. Анхан шатны шүүх БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ болон иргэн ******* нар нь маргаан бүхий 112.74 м.кв талбайг *******, *******, ******* нарт зарагдсан, үнэ төлөгдсөн гэдгийг мэдсэн атлаа өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэж дүгнэн БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ ба *******ын хооронд 2018.03.07-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *******, *******, ******* нарыг өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу гэрчээр БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ асуулгах тухай хүсэлт, Худалдаа хөгжлийн банкны гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтүүдийг тус тус хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд ******* нь БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-оос Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн Чингисийн өргөн чөлөө гудамжны 44В байрны 304 тоот 112.74 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, 95,829,000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтад суурилсан, хуульд нийцсэн байна. Энэ үнийн дүнгээр тохирч бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн худалдах, худалдан авах гэрээ хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан байх ба тус гэрээний 2.2-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж тэмдэглэж, гэрээний арын нүүрэнд гэрээ байгуулагч тал болон тэдгээрийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдийн биеийн байцаалтыг хуулбарлан нотариат гэрчилжээ.

 

11. Маргаан бүхий талбайг 2018.03.07-ны өдөр 1,000,000 төгрөгөөр өмчлөлдөө шилжүүлж авахаар тохирч БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-той худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа худалдан авагч ******* уг эд хөрөнгийг шударгаар олж авсан эсэх, эд хөрөнгийн талаар өөр бусад этгээд шаардах эрхтэй эсэхийг мэдэж байсан эсэх нь тус маргааны зүйл болсон гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийг Ёонг Лонг /YONGLONG/ болон ******* нар хийсэн гэж үзэж уг хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан байгаагаас үзвэл *******ын үл хөдлөх эд хөрөнгө олж авах үеийн хүсэл зоригийг хуулиар хамгаалагдах боломжгүй итгэл үнэмшилд суурилсан гэж маргасан байна.

 

12. Нэхэмжлэгч нарын дээрх тайлбар үндэслэл бүхий буюу хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* нь 112.74 м.кв талбайн хувьд өмчлөлийг шилжүүлэн авахыг шаардах эрх үүссэн, БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-ийн өмчлөх эрхийн бүртгэл буруу ташаа болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө дэх 112.74 м.кв талбай нь нэхэмжлэгч нар БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-той гэрээ байгуулах үед буюу 2017.06.07-ны өдрийн байдлаар тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн статусаар бүртгэгдээгүй байсан тул уг эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хууль зүйн боломжгүй байжээ

12.2. ******* нь БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-оос 2018.02.05-ны өдөр түүнд олгосон итгэмжлэлийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулан авах үйл ажиллагаа явуулж, Ёонг Лонг /YONGLONG/ 3 жилийн хугацаанд төлөөлөх эрхтэй байжээ /хх-ийн 60-р тал/. Улмаар 112.74 м.кв талбайг бие даасан үл хөдлөх эд хөрөнгөөр 2018.03.06-ны өдөр Ү-2206056107 дугаарт бүртгэж, өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ тодорхойлжээ. /хх-ийн 63/. Хариуцагч ******* нь маргааш нь буюу 2018.03.07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авах тохиролцоо хийж өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

12.3. Хариуцагч ******* нь Ёонг Лонг /YONGLONG/той 2016 оноос хойш маргаан бүхий талбай багтаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар харилцаж ирсэн болон ******* нь тус талбайд тодорхой хугацааны турш албан байгууллагын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа, *******-ийн өмч гэх үйл баримтыг мэдэж байсан болохыг илтгэсэн гэрч *******-ийн нягтлан бодогч Ж.Алтанцэцэг /хх-ийн 148-150/, Мастер зуурмаг ХХК-ийн хүний нөөцийн менежер Т.Хоролсүрэн нарын мэдүүлэг, БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/-ийн ярьсан дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 171-176 дугаар тал/-ээр тус тус тогтоогдож байна.

 

13. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжгүй буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэх нөхцөл бүрдээгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй. Иймд хариуцагч ******* нь 2018.03.07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөгчөөр бүртгүүлсэн Ёонг Лонг /YONGLONG/ нь уг эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд гэдгийг буюу бүртгэл буруу ташаа гэдгийг мэдэж байсан гэж үзэх үндэстэй байх тул түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй, тэдгээрийн хооронд хийсэн өмчийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэнэ.

 

14. Нэгэнт хариуцагч *******ын өмчлөх эрх олж авсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж тооцогдох үндэстэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг арилгуулахаар шаардлага гаргах эрх нэхэмжлэгч *******-д хадгалагдах юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

15. Тус хэрэг маргаанд иргэн *******, ******* нар нь нэхэмжлэгчээр өөрийгөө тодорхойлсон байх боловч 2017.06.07-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал нь ******* байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг хангасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч *******, ******* нар нь тус гэрээнд худалдан авагчийн хувиар бус, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар оролцсон гэж үзэхээр байна. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагыг гагцхүү ******* гаргах хууль зүйн боломжтой ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/ гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь хилийн чанадад нотлох баримт бүрдүүлж гэрч асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан боловч эдгээр хүсэлтээсээ үндэслэлтэйгээр татгалзсан байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцсэн бөгөөд хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй, гэрчийн мэдүүлгээр нотолбол зохих баримтуудыг өөр хэлбэрээр нотлох боломжтой гэж үзсэн бол хүсэлтээсээ татгалзах нь хэргийн оролцогчийн бүрэн эрх байна.

 

17. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ипотек үүссэн үндэслэлээр Худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Ипотекийн хүчин төгөлдөр байдал тус хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэхтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл, ипотекийн хүчин төгөлдөр байдалд ипотекийг шударгаар олж авсан эсэх асуудал л нөлөөтэй бөгөөд энэ нь тус хэрэг маргааны мэтгэлцээний зүйл болоогүйг анхаарах шаардлагатай. Энэ хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэснээр Худалдаа Хөгжлийн банкны ипотекийн эрх хөндөгдөхгүй бөгөөд энэ нь хуульд заасан тодорхой үндэслэлээр бие даасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тусдаа шийдвэрлэгдэх маргаанд хамаарна.

Ийнхүү тодорхой иргэний хэрэг маргааныг тухайлсан этгээд тус бүрт хамаатуулан шийдвэрлэх нь процесс хэмнэлттэй байх зарчимд нийцэх юм.

 

18. Дээр дурдсан үндэслэлээр (16, 17) анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Харин анхан шатны шүүх *******-д холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх хэдий ч нэхэмжлэгч *******, ******* нарыг шаардах эрх бүхий этгээд гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, өмгөөлөгч Ч.Анар нарыг хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2258 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Ёонг Лонг /YONGLONG/, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч *******-ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112.74 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056107 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 707,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.