Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2258

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК, Т.Ц, А.П нарын хариуцагч Ц.М-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Баруун бүс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.П, Т.Цнар нь БНХАУ-ын иргэн Ё /YONG LONG/-той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, УБ хот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн Чингисийн өргөн чөлөө гудамж 44В байрны 304 тоот 112.74 м.кв талбай бүхий орон сууц /оффис/-ыг 95 829 000 төгрөгөөр худалдан авч, анх ашиглалтанд орсон цагаас нь өөрийн мэдэлд авч, эзэмшиж байгаа билээ. Дээрх байдлыг оффисын зориулалтаар тохижуулж, эзэмшиж ашигласаар ирсэн юм. Ё нь нийт барилга маань 70 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа /Ү-2206029524/ үүнийг 100 болгож, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж улмаар та нарт өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хүлээлгэсээр өдийг хүрсэн юм. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүсэн нотлох баримтад 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44В байрны 304 тоот 112.74 м.кв талбай бүхий орон сууцыг Ёонг Лонгийн нэр дээр гэрчилгээг гаргуулах мэдүүлэг гаргасаны дагуу улсын бүртгэлийн Ү-2206056107 дугаар бүхий гэрчилгээ 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гарч, улмаар 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ё болон иргэн Ц.М нар тухайн байрыг 1 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ёонг Лонгоос иргэн Ц.М нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр /2018.03.07/ шилжүүлж авсан байна. /304 тоот үл хөдлөх эд хөрөнгөийн бүртгэлийн дугаар Ү-2206056107/. Энэ нь Ёонг Лонгоос иргэн Ц.М-д олгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэлээр нотлогдож байна. Б ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн А.П, Т.Цнарт нь БНХАУ-ын иргэн Ёонг Лонг-той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, УБ хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44В байрны 304 тоот 112.74 м.кв талбай бүхий орон сууц /оффис/-ын үнийг бүрэн төлж худалдан авсан байх тул БНХАУ-ын иргэн Ё нь өөрийн компаний нягтлан бодогч /нярав/ гэх Ц.М нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэгч талаас үзэж байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК-с Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44В байрны 304 тоотод байрлах 112.74 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн Ү-2206056107 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг минь ямар ч хамааралгүй, үл таних А.П, Т.Цнар нь шударга эзэмшигчээр тогтоож 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн хууль бус нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар хийж байна. Ц.М миний бие Монгол улсын үндсэн хууль болон Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44В байрны 304 тоотод байрлах 112.74 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ариун цагаан хөдөлмөрөөрөө өмчилж авсан. А.П, Т.Цнар нь миний хувийн өмчийг ямар хүмүүстэй нийлж хууль бусаар булаан авах гээд байгаа зорилгыг нь ойлгохгүй байна. Дээрх миний хувийн өмч зах зээлийн үнэлгээгээр 338 220 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө яагаад 95 829 000 төгрөг болдог байна вэ гээд олон эргэлзээтэй асуултууд гарч ирж байна. Иймд миний огт танихгүй хууль бусаар нэхэмжлэл гаргасан А.П, Т.Цнарын хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.2, 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар БНХАУ-ын иргэн Ёонг Лонг, хариуцагч Ц.М нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б ХХК, Т.Ц, М.Б нарыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112,74 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 295 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.М-аас 707 295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.”16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” заасан эрхийг зөрчсөн. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112,74 м.кв талбай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд: ‘Тэрээнин талуудын чөлеөт байдал” 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” заасны дагуу БНХАУ иргэн Боп§1оп§ Ц.М нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 07-ний өдөр хийсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.2, 56.4 заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нарыг Улаанбаатар хот ,Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112,74 м.кв талбай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд “Өмчлөгчийн шаардах эрх” 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” заасныг үндэслэсэн нь хэргээс ямар нотлох баримтыг үнэлсэн талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь зүйлийг зөрчсөн байна. Тухайн иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан ямар баримтыг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, “ гэж заасны дагуу 95 829 000 төгрөг төлсөн байна гэж дүгнэсэн нь тодорхой бус байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл “Нотлох баримтыг үнэлэх” заасныг зөрчсөн байна. Хариуцагч Ц.М нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны 304 тоот, албан тасалгааны зориулалттай 4 өрөө, 112,74 м.кв талбай бүхий өөрийн өмчийг Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж гэрээний үүрэгт худалдаа хөгжлийн банканд нийт 129 014 048 төгрөг төлсөн баримт болон бусад нотлох баримтаар тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ц.М болохыг нотолдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлдэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК, Т.Ц, А.П нар нь хариуцагч Ц.М-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хоорондын маргааны үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байна. БНХАУ-ын иргэн Ё  талуудын хэн алинд нь уг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан агуулгатай хэлцэл хийсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байна. Эдгээр хэлцлүүд ямар зорилгоор хийгдсэн, уг гэрээ хэлцлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгдсөн эсэх нөхцөл байдал маргааны зүйлд чухал ач холбогдолтой байхад уг этгээдийг гэрчээр асуух ажиллагааг хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан байна. Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх журмын дагуу гэрчээр асуух боломжтой эсэхийг анхан шатны шүүх тодруулж, зохих ажиллагааг хийх боломжтой байхад гэрчийг Монгол улсад байхгүй гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар хариуцагч нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Иймд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт шүүхэд гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймээс “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдээгүй байхад талуудын хоорондын гэрээний үүргийг тодорхойлох боломжгүй. Үүнтэй холбоотой аль гэрээний дагуу өмчлөх эрх хэрхэн шилжсэн нөхцөл байдлыг тодорхойлоход хамааралтай хууль, маргааны нөхцөл байдал буюу хэргийн үйл баримт тодорхой бус байхад түүний хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Хариуцагч энэ талаар гомдол гаргааүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Иймд шүүхээс дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02947 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ