Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01074

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01074

 

Пик девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2273 дугаар магадлалтай,

 

Пик девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

 

24,039,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, Г.Содбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан 24,039,936,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21,439,536,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 21,844,136,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,195,800,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90,357,630 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 120,357,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2273 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 14,982,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,457,536,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 120,357,630 төгрөг гэснийг 75,069,950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,136,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1 Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүх талуудын гэрээгээр харилцан тохиролцсон үнийн дүнгээс гэрээний оролцогч биш этгээдийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал гэх 2,195,800,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу болсон гэж дүгнэж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2018, 2019 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр 17,582,400,000 төгрөгөөс 2,600,000,000 төгрөгийг хасаж, 14,982,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон гэж хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 6,457,536,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №-1 баримт, Худалдаа хөгжлийн банкны 6/5175 тоот тодорхойлолт зэрэг /хх-ийн 197, 198-р хуудас/ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,457,536,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, огт олж хараагүй мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрт учирсан хохирол болох 6,457,536,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээг Монгол Улсын Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулж, Дархан Эрдэнэтийн авто замаас Орхон сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын байгууламжийн ажлыг батлагдсан зураг төслийн дагуу өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх, гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 75,600,000,000 байхаар тохиролцсон байсан.

Улмаар Засгийн газрын 2017.3.15-ны өдрийн концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоолд үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу концессоор хэрэгжүүлэх төслийн нэрийг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам гэж, мөн гэрээний үнийн дүн буюу төслийн нийт хөрөнгө оруулалтыг 26,640,000,000 гэж өөрчилсөн. Дээрх 26,640,000,000 (хорин зургаан тэрбум зургаан зуун дөчин сая) төгрөгийн төслийг концесс эзэмшигч Пик девелопмент ХХК, Засгийн Газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн газартай Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт тухай гэрээг 2017.03.30-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Пик девелопмент ХХК, Улаанбаатар хотын банктай ЗНГ9101/170116 тоот зээлийн гэрээ байгуулан 24 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй авч зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Зээлээ 2019 онд багтаан төлж чадахгүй болсны улмаас зээлийн гэрээгээ 2020.11.30-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд зээлийн хүү, зээлийн алданги өдрөөс өдөрт нэмэгдэн банкны зээлийн үлдэгдэл 24,080,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 14,820,237,379 төгрөг байгаа нь нотлогдсон байдаг. Гэрээний 1.2-д зааснаар хариуцагч гэрээгээр тохиролцсон 26,640,000,000 төгрөгийг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөгийг захиалагч олгохоор болсон.

Хариуцагч Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нэхэмжлэгч Пик девелопмент ХХК-тай байгуулсан концессын гэрээний оролцогч бөгөөд тус газрын дарга Б.Баярсайханы баталсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №-1 баримтын 15-д зааснаар 8,118,228,626 төгрөгийн зээлийн хүүг ажил гүйцэтгэгчээс гарсан зардлын нэр төрөлд багтаж байгаа болохыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийг хүлээн авч энэ тухай акт үйлдсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх ... Засгийн газар эрсдэлийг хариуцах тухай тусгайлан тохиролцоогүй ... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн ба авто замын ажлыг санхүүжүүлэхээр авсан зээлийн хүүгийн төлбөрийг ажил гүйцэтгэгчээс гарсан зардалд тооцохыг хариуцагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүлээн зөвшөөрсөн бодит үйл .баримтыг үнэлж, дүгнээгүй орхигдуулсан байна. Дээр дурдсан байдлаар зээлийн хүүгийн төлбөр 14,820,237,379 төгрөгийн зарим хэсэг 8,118,228,626 төгрөг нь Үндэсний хөгжлийн газраас баталгаажуулсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №-1 баримтад тусгагдсан тул үлдэх 6,702,008,752 төгрөгийг анхан шатны шүүхийн дүгнэснээр 6,457,536,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй болно. Үүрэг зөрчсөний улмаас хохирол шаардсан тохиолдолд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх, учирсан хохирлын хэмжээ нотлогдсон байх, гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, уг хохирлыг эрх зүйн арга хэрэгслээр арилгах боломжтой байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд шаарддаг. Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь концессын гэрээнд заасан авто зам, замын байгууламжийн нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017.6.27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017.8.31-ний өдөр тус тус ашиглалтад бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч хариуцагч концессын гэрээний дагуу 2018 онд олгох 8,791,200,000 төгрөг, 2019 онд олгох 8,791,200,000 төгрөг нийт 17,582,400,000 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай болох нь хүчин төгөлдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, ийнхүү хариуцагч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч авто замын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар авсан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлж хохирол учирсаар байгаа болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 2273 дугаар магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 6,457,536 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, Г.Содбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2273 дугаартай магадлал дор дурдсан хууль хэрэглээний алдааны улмаас магадлал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Тус магадлалын Хянавал хэсэгт (10 нүүр) ...гэрээгээр харилцан тохиролцсон үнийн дүнгээс гэрээний оролцогч биш этгээдийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал гэх 2,195,800,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу болжээ гэж дүгнээд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" байхаар зохицуулсныг шүүх анхаарч үзээгүй байна" гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд хийсэн тайлбараас харвал дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь тодорхой байна. Үүнд:

5.1.1 Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа гэрээний эрх чөлөөг анхаарах нь зүйтэй боловч, түүнтэй зэрэгцэн орших гэрээний эрх чөлөөний хязгаарлалтыг анхаараагүй байна.

5.1.2 Гэрээний эрх чөлөөний хязгаарлалтын тухайд: Гэрээний эрх чөлөө нь хязгааргүй эрх чөлөө биш юм. Гэрээний эрх чөлөөг тодорхой зорилгоор (нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах гэх мэт) хууль тогтоомжоор хязгаарладаг. Ийнхүү хязгаарласан эрх зүйн хэм хэмжээг гэрээний эрх чөлөөний хязгаарлалт гэж нэрлэдэг. Гэрээний эрх чөлөөнд юуны өмнө агуулгын хязгаарлалт тогтоодог. Энэ нь эрх зүйн бүлээс үл хамааран аль ч улсын эрх зүйд агуулагддаг. Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид гэрээний эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтын зарим хэсгийг жишээ болгон дурдвал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний агуулга нь хуульд нийцсэн байх гэсэн хязгаарлалтыг тогтоодог. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг нь гэрээний эрх чөлөөг тодорхойлсон боловч гэрээний эрх чөлөөний хязгаарлалтыг хуулийн хүрээнд гэж тогтоосон байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4, 381 дүгээр зүйлийн 381.1-д хэнтэй гэрээ байгуулахыг талууд сонгох буюу гэрээний талаа сонгох эрх чөлөөг хязгаарласан байна. Иргэний хуульд гэрээний хэлбэрийг хязгаарласан зохицуулалтууд агуулсан байдаг бөгөөд түүний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээний эрх чөлөө нь хязгааргүй эрх чөлөө мэт тайлбарласан нь гэрээний эрх чөлөөний хязгаарлалтыг анхаарч үзээгүйг илтгэж байна.

5.1.3 Хэргийн хувьд гэрээний эрх чөлөөний хязгаарлалт тогтоосон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан концессын барих-шилжүүлэх нөхцөлтэй төрлийн концессын гэрээ юм. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т захиргааны гэрээ болохыг заасан. Иймээс энэ гэрээний хувьд хувийн эрх зүйн зэрэгцээ нийтийн эрх зүйн хэм хэмжээ үйлчилнэ. Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолд ....төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат-д даалгасугай гэж тогтоогоод 7/-д нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж," гэсний дагуу Үндэсний аудитын газраас хөндлөнгийн аудит хийсэн. Дээрх аудитаас гарсан дүгнэлтийг Үндэсний хөгжлийн газар болон Сангийн яаманд ирүүлсэн /хавтаст хэргийн 95-111 дэх тал/. Үндэсний аудитын газрын 2019 оны ҮАГ-ГАГ/2017/06.02-ДГА Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт-д хийсэн аудитын дүгнэлтээр концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох-ыг Сангийн сайдад зөвлөмж (заавал биелэгдэх шинжийг агуулна) болгосон.

5.1.4 Дээрх зөвлөмжийг заавал биелүүлэх шаардлагатай. Учир нь: Үндэсний аудитын газар нь төрийн аудитыг хэрэгжүүлж, тус хуулийн 4.1.4, 4.1.5-д заасны дагуу Засгийн газрын Пик девелопмент ХХК-тай байгуулсан концессын гэрээний хэрэгжилтэд аудит хийх, 20.1, 20.2-т заасны дагуу төрийн аудитын тайлан гаргах эрхтэй. Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд мэдэгдэнэ. гэсний дагуу аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг шалгагдсан болон аудитад хамрагдагч этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулийн дагуу хийгдсэн аудит, аудитын дүгнэлт нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Иймээс Давж заалдах шатны шүүх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг гэрээний оролцогч биш этгээдийн гаргасан дүгнэлт гэж Төрийн аудитын тухай хуулийг талууд биелүүлэх үүрэггүй байхаар, аудитын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс уг гэрээ, маргааныг харьяаллын хувьд иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн хэдий ч гэрээний нэг тал болох Засгийн газар нь нийтийн эрх зүйн этгээд болох, мөн уг концессын гэрээний хэрэгжилтэд чиглэсэн төрийн аудитын дүгнэлт, тайлан гарсан, гэрээний тал болох Пик девелопмент ХХК нь аудитад хамрагдагч этгээд болсон байгаа харилцааны онцлогийг үл харгалзан, Төрийн аудитын тухай хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаагаар аудитын дүгнэлт, зөвлөмжийг хариуцагч тал биелүүлээгүй байсан бол хууль тогтоомж зөрчсөн нөхцөл үүснэ. Улмаар төрийн аудитын зөвлөмжийг дагаж мөрдөөгүй, зөвлөмж гарсаар байтал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл бүрдэхээр байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын тохиролцоонд хөндлөнгөөс хэн ч оролцох эрхгүй боловч гэрээний эрх чөлөөний хязгаарлалт байгаа тохиолдолд эрх бүхий этгээд оролцох үүрэгтэй. Ийнхүү хуульд заасан журмын дагуу аудитын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн бодит бус зардлыг суутган тооцохоор заасан дүнг хасч тооцох нь хуульд нийцнэ. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэг хэвээр үлдсэн тохиолдолд Төрийн аудитын тухай хууль тогтоомжийг зөрчих нөхцөл үүсэхээр байна.

Иймд Үндэсний аудитын газрын 2019 оны ҮАГ-ГАГ/2017/06.02-ДГА Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт-д хийсэн аудитын дүгнэлтээр суутган тооцохоор заасан дүнг хасч, Магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, Г.Содбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

7. Нэхэмжлэгч Пик девелопмент ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Концессын гэрээний үлдэгдэл төлбөр, хохирол 24,039,936,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ 2016.07.04-ний өдрийн Концессын гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017.03.30-ны өдрийн гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, ... хүлээлгэн өгсөн. ... төлбөрийн хуваарийн дагуу 2018, 2019 он тус бүрийн 8,791,200,000 төгрөг, нийт 17,582,400,000 төгрөгийг төлөөгүй байна. ...төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа авч чадахгүй байгаагаас банкны зээлийн жилийн 24 хувийн хүү төлж байна. ... 2017 оны санхүүжилт 9,057,600,000 төгрөгт тооцогдох нэг жилийн 24 хувийн хүү 2,173,824,000 төгрөг, 2018, 2019 онд тооцогдох хүү 4,347,648,000 төгрөг, нийт 6,457,536,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч хариуцагчаас 2020.06.04-ний өдөр 2,600,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

8. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, ... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан, ... УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолоор ... барих-шилжүүлэх төсөлд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэл хугацаагаар санхүүжилтийг түр хойшлуулахаар заасан. .... аудитын дүгнэлтээр 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцохоор заасан. ... концессын төлбөр нь 2020 оны улсын төсөвт суугаагүй ... концессын үйл ажиллагааны эрсдэлийг концесс эзэмшигч бүрэн хариуцах үүрэгтэй. ... 2017.03.30-ны өдрийн нэмэлт гэрээнд зээлийн хүүг 24 хувиар тооцож төсвөө ирүүлсний дагуу 26,640,000,000 төгрөгөөр тогтоосон тул хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21,844,136,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал гэх 2,195,800,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцон гэрээний үнэд 15,396,600,000 төгрөгийг, хүүгийн төлбөр 6,457,536,000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж дүгнэжээ.

 

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба аудитын дүгнэлтийн дагуу бодит бус зардал гэх 2,195,800,000 төгрөгийг хасаж тооцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцээгүй дүгнэлт гэж үзэн гэрээний үлдэгдэл төлбөр 14,982,400,000 (17,582,400,000-2,600,000,000) төгрөгийг гаргуулж, хүүгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

11. Улсын Их Хурлын 2009 оны Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс баримтлах бодлого батлах тухай 64 дүгээр тогтоол, Концессын тухай хууль, холбогдох бусад баримт бичгүүдийг үндэслэн 2016.07.04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх (DBT) концессын гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж түүний хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон Пик девелопмент ХХК нарын хооронд байгуулжээ.

Гэрээнд заасан ажлыг 2016.12.31-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх, гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 75,600,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 онд 35,000,000,000 төгрөг, 2018 онд 20,300,000,000 төгрөг, 2019 онд 20,300,000,000 төгрөгийг тус тус Монгол Улсын Засгийн газраас нөхөж шилжүүлэхээр тохиролцжээ.

 

12. Гэвч 2017.03.30-ны өдөр дээрх гэрээний Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж өөрчлөн үнийн дүнг 75,600,000,000 гэснийг 26,640,000,000 гэж, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөг гэж тус тус өөрчлөн тогтсон байх ба ийнхүү гэрээний үндсэн ажлын обьем, үнийн дүнд өөрчлөлт орсон асуудлаар зохигч маргаагүй, гэрээний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж байна. Талуудын хооронд Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээний харилцаа үүссэн талаар болон хэргийн харьяаллын талаар өгсөн хоёр шатны шүүх дүгнэлт зөв байна.

 

13. Зохигч гэрээний харилцаа, түүний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч компани гэрээнд заасан авто зам, замын байгууламжийн нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017.06.27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017.08.31-ний өдөр бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй.

Харин дээрх гэрээний төлбөрийн үүрэг зөрчигдсөн эсэх, концесс эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөр гэрээний зөрчлийн улмаас бий болсон хохирол мөн эсэх асуудлаар зохигчийн хооронд маргаан өрнөжээ.

 

14. Хоёр шатны шүүх уг маргаантай харилцааны талаар дүгнэлт өгөхдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримт хангалтгүй, дутуу байхад хэргийг шийдвэрлэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

 

Анхан шатны шүүх концесс эзэмшигчийн банктай байгуулсан зээлийн гэрээний улмаас 6,702,008,752 төгрөгийн хохирол учирсан боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирлын хэмжээг тогтооно гэж дүгнэн уг хохирлын хэмжээг багасган гаргуулсан бөгөөд дээрх дүнгээр хохирлыг тогтоохдоо хүүгийн төлбөрт нийтдээ 14,820,237,378 төгрөг төлсөн гэх агуулга бүхий хх-ийн 197 дугаар талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, 158 дугаар талд авагдсан зээлийн хүү 8,118,228,626 төгрөгийг оролцуулан нийт дүн 26,640,000,000 төгрөг болохоор тооцсон Барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл №1 гэх актад тус тус үндэслэжээ.

Дээрх гүйцэтгэлийн актыг талууд 2019.10.18-ны өдөр үйлдсэн, хамрах хугацааны хувьд 2016.07.08-ны өдрөөс 2017.07.25-ны өдрийг хүртэлх хугацааг хамрахаар байна. Зохигчид гэрээний зүйлийг бүрэн гүйцэтгэн 2017.08.31 өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд маргаагүй. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа Улаанбаатар банкнаас авсан зээлд жилийн 24 хувийн хүүг тооцож оруулсан төсвийг ирүүлснээр 2017.03.30-ны өдрийн гэрээг байгуулсан гэж дурдсан байна.

Эдгээр нөхцөлийг нэгтгэн дүгнэвэл зээлийн хүүгийн тооцоолол концесс эзэмшигчийн төсвийн тооцоололд орсон байх магадлалтай байх ба энэ үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл аль аль нь бүрэн тогтоогдоогүй тул эргэлзээгүй хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Зээлийн хүүгийн тооцоолол анхнаасаа концессын гэрээний төсвийн задаргаанд багтсан эсэхийг анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь хүүг хохиролд тооцох эсэх, хэрэв тооцохоор бол ямар хэмжээгээр тооцоход ач холбогдол бүхий үйл баримт мөн.

 

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн тодорхойлолтын хүрээнд нэхэмжлэгчээс төлсөн хүүгийн хэмжээг шууд хохиролд тооцох боломжгүй. Зээлийн зориулалт, авсан зээлийн хэмжээ, төлөлт хийсэн байдал болон гэрээний үүргийн зөрчлийн харилцан уялдаа холбоог анхааран шалгах шаардлагатай. Хүүгийн төлбөр хэдий хугацаанд үргэлжилж байгаа энэ хугацаа гэрээний үүргийн зөрчлийн хугацаатай хэрхэн уялдаж буй нь хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэхэд нөлөөлөх юм.

 

15. Дээр дурдсанчлан хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, шаардлагатай нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэснээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгч ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2273 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.12.22-ны өдөр төлсөн 32,445,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.