Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02273

 

 

“П Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П Д ” ХХК-ийн хариуцагч МУЗГт холбогдуулан гаргасан 24 039 936 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулаптын газар болон “П Д ” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх концессын гэрээг байгуулсан. Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай тэмдэглэлд тус тус үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Концесс эзэмшигч “П Д ” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж заасны дагуу нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч компанийн хувьд Засгийн газрын тогтоолоор тогтоосон 22.2 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн ажлын үр дүнг бодит байдлаар хүлээлгэн өгч албан ,ёсоop улсын комиссын дүгнэлтүүдээр баталгаажуулсан байхад хариуцагч Засгийн газар, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулахаар заасан гэж үндэслэлгүй шалтгаанаар төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусган төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй манай компанид хохирол учруулсаар байна. “П Д ” ХХК өмнө нь 2017 оны 9 057 600 000 төгрөг, 2018 оны 8 791 200 000 төгрөг буюу нийт 17 848 800 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02429 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар магадлалаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 9 057 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас концессын гэрээний үүрэгт 2018 оны 8 791 200 000 төгрөг, 2019 оны 8 791 200 000 төгрөг, нийт 17 582 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч “П Д ” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатарын хотын банкнаас 32 000 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдэн авч МУЗГтай байгуулсан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд хүртэл 63 км авто замын ажилд зарцуулахаар болсон боловч “Си Эф Си” ХХК газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй ажилд саад учруулсан. Гэрээний үнийн дүн буурснаас хамаарч анх Улаанбаатар хотын банктай нэг жилийн 16,8 хувийн хүүтэй байхаар тохирсон зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 24 хувь болгон нэмэгдүүлж, зээлийн гэрээг байгуулсан болно. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны санхүүжилт 9 057 600 000 төгрөгийг олгоогүйгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны санхүүжилт 8 791 200 000 төгрөгийг олгоогүйгээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2019 оны 8 791 200 000 төгрөгийн санхүүжилт олгоогүйгээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө олгоогүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй тул 2017 оны санхүүжилт 9 057 600 000 төгрөгт ногдох банкинд төлсөн 1 жилийн 24 хувийн хүү 2 173 824 000 төгрөг, 2018, 2019 оны 2 жилийн зээлийн хүүд 4 347 648 000 төгрөг нийт 6 457 536 000 төгрөгийг тус тус төлсөн болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 6 457 536 000 төгрөгийг зээлийн хүүнд төлж хохирсон байна. Иймд Концессын гэрээний үүрэгт 17 592 400 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 6 457 536 000 төгрөг, нийт 24 039 936 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Концессын гэрээ нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-т зааснаар Захиргааны гэрээ тул Захиргааны хэргийн шүүх нь захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийг удирдлага болгон Иргэний хуулийг нөхөн тохируулах замаар шийдвэрлэх эрхтэй. Иймд уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан юм. Концессын гэрээний үүргийн төлбөр болох 17 582 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МУЗГт даалгаж, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гаргах хүртлэх хугацаанд санхүүжилтийг түр хугацаагаар хойшлуулах гэсэн. Энэ дагуух Үндэсний аудитын газрын 2019 оны ҮАГ-ГАГ/2017/06.02-ДГА Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт-д хийсэн аудитын дүгнэлтээр 2 195 837 864.38 төгрөгийг суутган тооцохоор заасан. Үндэсний аудитын газрын тус дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр тул бидний зүгээс дээрх аудитын дүгнэлтээр суутган тооцсон дүнг нэхэмжпэгчид шилжүүлэх боломжгүй. Гэрээний дагуу 2018, 2019 онуудад олгогдохоор байсан 17 582 400 000 төгрөгөөс Үндэсний аудитын дүгнэлтээр суутган тооцогдсон 2 195 837 864.38 төгрөгийг хасвал 15 386 562.62 төгрөг үлдэж байна. Үүнээс Үндэсний хөгжлийн газар нь “П Д ” ХХК-д 2019 оны улсын төсөвт тусгагдсан байсан 2 600 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард олгосон бөгөөд энэхүү үнийн дүнг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох ёстой боловч хасаагүй байна. Мөн үүнээс үлдэх 12 786 562 135.62 төгрөгийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-т зааснаар Улсын Их хурал баталдаг бөгөөд уг концессын төлбөр нь 2020 оны Улсын төсөвт суугдаагүй тул дээрх төлбөрийг гаргах боломжгүй болно. Нэхэмжлэгчийн учирсан хохирол гэх 6 457 536 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Концессын гэрээ бөгөөд уг гэрээтэй холбоотой харилцаа нь Концессын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэх зохицуулалтын хүрээнд хамаарч байх тул концессын эрх зүйн харилцааг зохицуулах шууд эрх зүйн хэм хэмжээ нь Концессын тухай хууль байна. Иймд Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжуулэхэд учирсан аж ахуйн уйл ажиллагааны эрсдлийг концесс эзэмшигч бүрэн хариулна. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх  концессын гэрээ болон түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хохирол, эрсдлийг хэрхэн хуваарилах, тодруулбал Засгийн газар эрсдлийг хариуцах тухай зохицуулалт, тохиролцоо тусгагдаагүй. Түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээг байгуулах уед концесс эзэмшигч “П Д ” ХХК нь зээлийн хүүг жилийн 24 хувиар тооцоолон төсвөө ирүүлсний дагуу 26 640 000 000 төгрөгөөр тогтоосон болно. Иймд “П Д ” ХХК-аас хохиролд 6 457 536 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх концессын гэрээний санхүүжилтийн төлбөрийг цаг хугацааны хувьд 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх боломжгүй байсан болно. Энэхүү концессын гэрээний төлбөр нь дээрх шалтгаанаар Улсын Их Хурлаас баталсан 2020 оны төсвийн хуульд тусгагдаагүй тул 2020 оны төсвийн тухай хуулиар санхүүжилт гаргах боломжгүй, эх үүсвэр нь байхгүй болно. Иймд “П Д ” ХХК-аас Засгийн газарт холбогдуулан концессын гэрээний үүрэгт 17 582 400 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6  457 536 000 төгрөг, нийт 24 039 936 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 21 844 136 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П Д  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 195 800 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгч “П Д ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгч П Д  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90 357 630 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 120 357 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П Д ” ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчтэй 26 640 000 000 төгрөгийн үнийн дүнтэй Концессын гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчийг тус гэрээгээр хүлээсэн бүрэн гүйцэтгэсэн талаар маргадаггүй. Нэхэмжлэгч “П Д ” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатарын хотын банкнаас 32 000 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдэн авч МУЗГтай байгуулсан “Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам”-ын ажилд зарцуулсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Анхан шатны шүүх “Дархан Эрдэнэтийн автозамаас Орхон Сант чиглэлийн 22.2 км автозамын батлагдсан төсөвт өртөгт цалин, материал, тээврийн зардап, аиггийн тооцооллоор нийт 2 195 800 000 төгрөгийн бодит бус зардлыг нэмж тусгасан нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хяналтаар тогтоогдсон байна гэжээ. Иймд хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр 8 791 200 000 төгрөг, 2019 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулачтын төлбөрт 8 791 200 000 төгрөг, нийт 17 592 400 000 төгрөгөөс Аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал 2 195 800 000 төгрөгийг хасаж үлдэх 15 396 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Д ” ХХК-д олгох үндэстэй хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2 195 800 000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч хариуцагч нь гэрээний гол нөхцөл, үнийн дүнг харилцан тохиролцож өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 3-д заасан үнийн дүнг 90 000 000 төгрөгөөр бууруулж гэрээг байгуулсан байгуулдаг. Тухайн гэрээний үнийн дүн зөв бурууг Үндэсний аудитын газар дүгнэлт гаргах хэлбэрээр тогтоох үндэслэлгүй юм. Концессийн гэрээ нь одоо ч ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр хэвээр байхад Үндэсний аудитийн газрын дүгнэлт, зөвлөмжийн дагуу Хариуцагч талын Концессийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн хэмжээг шууд хасаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба Иргэний болон Концессийн хуулийн аль зүйл заалтад үндэслэж байгаа нь тодорхойгүй, Иргэний эрх зүйн харилцаа болон гэрээний оролцогчийн хууль ёсны эрх ашгийг төрийн байгууллагын зүгээс шууд зөрчих боломж үүсгэж байна. Нэхэмжлэгч нь захиалагч Үндэсний хөгжлийн газартай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам”-ын барилга угсралт, их засварын ажлыг тухайн үед холбогдох төрийн байгууллагаар хөндлөнгийн хяналт хийгдэж баталгаажсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ба төсөвт өртгийн дагуу хийж гүйцэтгэсэн талаар гүйцэтгэлийн акт үйлдсэн  уг актаар төсөвт өртөг 26 640 000 000 төгрөг, тайлант үеийн гүйцэтгэлийн өртөг 26 470 766 787 төгрөг гаргасан нь тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 2 195 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Концессын гэрээний үүрэгт 2018 оны 8 791 200 000 төгрөг, 2019 оны 8 791 200 000 төгрөг, нийт 17 582 400 000 төгрөг нэхэмжилснээс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2 600 000 000 төгрөгөөр багасгаж, 14 982 400 000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх анхны нэхэмжлэлийн шаардлагаас аудитын дүгнэлтэд дурдсан бодит бус зардал  хасаж 15 396 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй болохыг илэрхийлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 21 439 536 000 төгрөг гэж гаргасан байхад шийдвэрт тусгахдаа нэхэмжлэлийн дүнг 24 039 936 000 төгрөг гаргуулах гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Концессын гэрээний дагуу төлөх төлбөрийг улсын төсөвт тохирсон хугацаанд нь суулгаж чадаагүй нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар хариуцагчийн зүгээс тодорхой тайлбарлаж, нотлох баримтуудыг гаргаж  өгсөн боловч анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг хэрхэн үзэж байгаа талаар дүгнээгүй. Гэрээний үүрэг гүйцэтгэж, холбогдох мөнгөн хөрөнгийг улсын төсөвт тусгах боломжгүй байсан эдгээр нөхцөл байдал нь Засгийн газрын хүсэл зоригоос үл хамаарах ба хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэхгүй байх хууль, эрх зүйн боломж Засгийн газарт байхгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй нь анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь шинжпэн судалж шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дэх хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн заалт байгааг анхаарч үүрэг гүйцэтгэгчийн гэм бурууд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй болно. Шүүхийн шийдвэрийн 9 дэх талын үндэслэх хэсэгт гэрээний 2.10-т Концесс эзэмшигч нь авто замыг 1.3-т заасан дарааллын дагуу барьж хүлээлгэн өгсний дараа тухайн хүлээлгэн өгсөн авто замын хөрөнгө оруулалтыг эрх бүхий этгээд нь улсын төсөвт суулган төлүүлэх арга хэмжээг авах бөгөөд хэрвээ улсын төсөвт суулгаж чадаагүй бол санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага вексэлээр хөрөнгө оруулалтыг нөхөн төлнө” гэж заасан буюу гэрээний төлбөр улсын төсөвт тусгагдаагүй одоогийн нөхцөл байдалд хэрэглэх зохицуулалтыг тодорхой дурдсан, мөн Тогтоох хэсэгт Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримталсан байна. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад концесс эзэмшигч нь “гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах” эрхтэй тухай заасан ба шүүх уг заалтыг баримтлан шийдвэр гаргасан хэрнээ мөнгөн төлбөрийн үүрэг хүлээлгэсэн нь алдаатай байна. Учир нь гэрээний төлбөр гүйцэтгэх мөнгөн хөрөнгийг улсын төсөвт суулгаагүй тохиолдолд “векселээр хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх” тухай гэрээнд тодорхой заасан ба шүүхээс гэрээнд зааснаас өөр хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна6 Үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 6 457 536 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох тухайд төлбөрийн дүн улсын төсөвт тусгагдаагүй бол Засгийн газрын үүрэг нь “вексел” гаргаж өгөх хэлбэрээр хязгаарлагдах ба нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй байхад үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж хохирол тогтоох боломжгүй юм. Шүүхээс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх банкинд төлөх хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ юун түрүүнд гүйцэтгээгүй гэх үүрэг хэзээнээс зөрчигдсөн тухай тодорхой дүгнээгүй байна. Нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ хариуцагчтай байгуулсан “концессын гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол”-гэж тодорхойлон хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл шүүх хохирлыг тодорхойлох хэм хэмжээний тодорхойлолт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлоогүй таамаг дээр үндэслэн нэхэмжлэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлыг хууль зүйн үүднээс тодорхойлж чадаагүйн зэрэгцээ, бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үндсэн үүргийг бусад этгээдэд ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх шалтгаант холбоо, хэм хэмжээний бүрэлдэхүүнийг тогтоогоогүйгээр хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь Концессын гэрээний хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоогүй. Гэтэл шүүх хэм хэмжээний бүрэлдэхүүн, түүний урьдчилсан нөхцөлийг тодорхойлоогүй байна. Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг тодорхойлохын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд эрх зүйн ач холбогдол бүхий шалтгаант холбоо байхыг шаардана. Тодруулбал, нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон атлаа мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгээр дахин шаардах эрхээ тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх шаардах эрхийн үндэслэлийг тодруулаагүй төдийгүй өөрөө хариуцагчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохдоо тусгайлсан зохицуулалт байхад ерөнхий зохицуулалтыг хэрэглэн түүнд үндэслэсэн. Гэтэл гэрээний үүргийн зөрчил болон хохирол хоёрын хооронд шууд шалтгаан холбоо байхгүй төдийгүй угаас хохирол учраагүй байхад шүүх хамааралгүй ерөнхий зохицуулалт болох 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс хохирол шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсгийг тус тус зөрчиж, хуулийн шаардлагыг шүүх хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Худалдаа хөгжлийн банкнаас хэргийн оролцогч болох нэхэмжлэгчид хандан гаргасан албан бичигт “авто замын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар” гэж дурдсан байгаа ч дээрх зээлийн гэрээнд “эргэлтийн хөрөнгө” гэж зээл олгосон байсантай зөрүүтэй байдлаар тодорхойлсон байгаа нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч байгууллагад хандан гаргасан албан бичгийг шүүх нотлох баримтын эх сурвалжийг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийнн 38.9 дэх хэсэгт зааснаар харьцуулан шалгах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтын зээлийн гэрээг зээлдэгч нь эргэлтийн хөрөнгө олгох зориулалтаа нотлосон эх үүсвэрээ бүрдүүлсэн баримт байж зээл олгогдох учиртай. Хэрэв уг зээлийг концессын гэрээний биелэлтэд зориулсан бол хэдэн хувийг зарцуулсан, гэрээний ажил гүйцэтгэлийн тайлан баланстай таарсан дүнгийн хэмжээгээр хүү төлж хохирол амссан эсэх зэрэг нарийн тооцоолсон тоо баримтыг дүгнэж гаргаж гэрээнээс учирсан хохирлыг шийдвэрлэх ёстой. Тэрхүү эх сурвалжууд баримтуудыг харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр концессийн гэрээнээс учирсан хохирол гэж дүгнэлт гаргалгүй. “замыг хүлээлгэж өгөх үед хүү төлсөн болох нь тодорхойлолтоор нотлогдож байна. гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд оролцогчийн бүрэн эрхтэй итггэмжлэлээр оролцсон боловч түүнд эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг явуулаагүйг дурдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “П Д ” ХХК нь хариуцагч МУЗГт холбогдуулан 24 039 936 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21 439 536 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “П Д ” ХХК нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх (DBT) концессын гэрээг МУЗГ, түүний хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулж, Дархан-Эрдэнийн авто замаас Орхон сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын байгууламжийн ажлыг  батлагдсан зураг төслийн дагуу өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх, гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 75 600 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 онд 35 000 000 000 төгрөг, 2018 онд 20 300 000 000 төгрөг, 2019 онд 20 300 000 000 төгрөгийг тус тус Монгол Улсын Засгийн газраас нөхөж шилжүүлэхээр тохиролцжээ./хэргийн 14-20 дугаар тал/

 

Улмаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэрээний “Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл” гэснийг “Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл” гэж, гэрээний зорилго хэсгийн “Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам” гэснийг “Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам” гэж, “1.3.1-1.3.3т” гэснийг “1.3.1, 1.3.2–т” гэж, “75 600 000 000” гэснийг “26 640 000 000” гэж, “1.13 дахь хэсгийг” “Концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна” гэж, 1.14 дэх хэсгийг “Концессын зүйлийг концесс эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөнажаж өдрөөс хойш түүний баталгаат хугацаа 3 жил байна” гэснийг “Концессын зүйлийг концессын эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүнийг зүгшрүүлэх хугацаа 1 жил, баталгаат хугацаа 3 жил байна” гэж өөрчлөн найруулж, гэрээний 1.16 дахь хэсгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9 057 600 000 төгрөг, 2018 онд 8 791 200 000 төгрөг, 2019 онд 8 791 200 000 төгрөг гэж, гэрээний 1.3.3, 1.4, 6.8 дахь хэсгийг тус тус хасаж, өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 21 дүгээр тал/

 

Талуудын хооронд Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигч гэрээний харилцаа, түүний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч компани гэрээнд заасан авто зам, замын байгууламжийн нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих төлбөр төсөвт батлагдаагүй болон хэргийн харьяаллын талаар маргажээ.

 

Талуудын хооронд үүссэн концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр гаргуулахтай холбоотой маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Өмнө нь нэхэмжлэгч “П Д ” ХХК нь дээрх гэрээний дагуу 2017 оны 9 057 600 000 төгрөг, 2018 оны 8 791 200 000 төгрөг буюу нийт 17 848 800 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02429 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар магадлалаар тус тус хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 9 057 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 64-73, 153-154 дүгээр тал/ Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул шүүхийн харъяаллын талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Иймээс нэхэмжлэгч “П Д ” ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газраас концессын гэрээний дагуу 2018 оны 8 791 200 000 төгрөг, 2019 оны 8 791 200 000 төгрөг нийт 17 582 400 000 төгрөг төлөхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

           

Харин анхан шатны шүүх хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 2 600 000 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч шаардлагаа багасгасныг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлээгүй атлаа талуудын гэрээгээр харилцан тохиролцсон үнийн дүнгээс гэрээний оролцогч биш этгээдийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал гэх 2 195 800 000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу болжээ./хэргийн 95-109 дугаар тал/ Иргэний хуулийн 189 дүгээр зүлйийн 189.1 дэх хэсгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” байхаар зохицуулсныг шүүх анхаарч үзээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “П Д ” ХХК-ийн нь хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 6 457 536 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 1.16-д “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна” гэж тохиролцсон байх бөгөөд түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хохирол, эрсдлийг хэрхэн хуваарилах, бусад Засгийн газар эрсдлийг хариуцах тухай тусгайлсан тохиролцоогүй байна. /хэргийн 14-21 дүгээр тал/

Мөн Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэхэд у

зчирсан аж ахуйн үйл ажиллагааны эрсдлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна.” гэж заажээ. Нөгөө талаар, гүйцэтгэгч нь бусдын хөрөнгөөр ажлыг хийж гүйцэтгэх талаар хууль болон гэрээнд талууд тохиролцоогүй байна.

 

Улмаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүн 2017 онд 26 640 000 000 төгрөг болж өөрчлөгдсөн байхад нэхэмжлэгч компани 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 32 000 000 000 төгрөг зээлж уг ажилд зарцуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд тухайн хугацаанд нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлөх төлбөрийг хариуцагч МУЗГ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.           

 

            Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2018, 2019 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр 17 582 400 000 төгрөгөөс 2 600 000 000 төгрөгийг хасаж, 14 982 400 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “П Д ” ХХК-д олгож, үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6 457 536 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02200 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 14 982 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П Д ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 457 536 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “120 357 630 төгрөг” гэснийг “75 069 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 136 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                             С.ЭНХТӨР