| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2021/03837/И |
| Дугаар | 001/ХТ2022/01091 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2022/01091
| 2022 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 001/ХТ2022/01091 |
Ч.Пэрэнлэйнямын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01119 дүгээр магадлалтай,
Ч.Пэрэнлэйнямын нэхэмжлэлтэй
Эрдэнэс түмэн хаус ХХК-д холбогдох
265,338,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балдандоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням, түүний өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балдандорж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням нь Эрдэнэс түмэн хаус ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдээгүй үлдсэн ажлын зардал 265,338,228.10 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-аас 265,338,228.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйнямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйнямаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,484,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01119 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-аас 128,444,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйнямд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,893,407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-аас 800,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,484,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балдандорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд
Нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням болон Эрдэнэс түмэн хаус ХХК нар нь 2020.08.28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч нь 6 ширхэг амины орон сууцыг 421,800,000 төгрөгөөр бариулах, гүйцэтгэгч нь захиалагчаас өгсөн санхүүжилтын дагуу уг ажлыг 2020.12.05-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн. Захиалагчаас гэрээт хугацаанд буюу 2020.08.28-ны өдөр 126,540,000 төгрөг, 2020.09.29-ны өдөр 126,540,000 төгрөг төлсөн байдаг. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчаас өгсөн санхүүжилтын хүрээнд ажлыг гүйцэтгэж байгаад байгалийн давагдашгүй хүчин зүйл /хур тунадас ихээр орж, уулын өөд машин техник гарах боломжгүй болсон/-ийн улмаас гэрээт ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул дээрх нөхцөл байдал арилтал талууд харилцан тохиролцож ажлыг түр зогсоож, захиалагч санхүүжилт олгохоо мөн түр зогсоосон байдаг.
Талууд гэрээт ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцож буюу анхны гэрээний хугацааг сунгаж ажлыг цааш үргэлжлүүлэхээр болсон тул гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж нийт ажлын 60 хувийг гүйцэтгэснээр захиалагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон ёсоор 3 дахь санхүүжилт болох 100,000,000 төгрөгийг 2021.06.18-ны өдөр буюу гэрээгээр тохиролцсон хугацаанаас хойш шилжүүлсэн байдаг. /1хх-18-20, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдоно/ Ажил гүйцэтгэх хугацаанд захиалагчийн зүгээс байнгын хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэгч буюу хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон ёсоор үүргээ гүйцэтгэж байсан учир 2021.08.04-ний өдөр дахин 26,540,000 төгрөгийн санхүүжилт хийсэн. /1хх-18-20, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдоно./ Дэлхий нийтэд тохиосон Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын хил хаагдаж, манай оронд барилгын материалын үнэ огцом өсөж, захиалагчийн өгсөн санхүүжилтийн хэмжээнд ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй болж захиалагчид мэдэгдсэн боловч нэмэлт санхүүжилт өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул 2021.09.30-ны өдөр гэрээг цуцалж гүйцэтгэсэн ажлаа байшин тус бүрээр акт үйлдэж хүлээлгэж өгсөн байдаг. /1хх-22-40, мэдэгдэл хүлээж авсан болох нь анхан шатны шүүх хуралдаан дээр тогтоогдсон/ Дээрх байдлаар хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн анхны тохиролцсон гэрээний хугацааг дүгнэж, гэрээний санхүүжилт гэрээний хугацаандаа бүрэн олгогдоогүй, сунгасан хугацаанд олгосон нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Зөвхөн анхны гэрээний хугацааг харгалзаж, гэрээний хугацаа сунгагдсан нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс үүргийн зөрчил буюу гэрээний хугацаа хэтэрсэн нь хариуцагчийн гэм буруугаас болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв анхны гэрээгээр ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй гэж хариуцагчийг буруутгаж байгаа бол нэхэмжлэгчийг хугацаандаа санхүүжилт хийгээгүй үйлдлийг мөн адил үүргийн зөрчил гэж үзэх учиртай юм. /магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт/ Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэж байгаа мөртлөө хугацаа хэтрүүлсний улмаас буюу үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж хуулийг зөрүүтэй тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Давж заалдах шатны шүүхээс хариуцагчаас 128,444,821 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төсвийн үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд дээрх үнэлгээг хариуцагч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2022.02.15-ны өдөр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгг зааснаар ажил дуусахаас өмнө гэрээг цуцалсан, зарим ажил гүйцэтгэгдсэн үйл баримтад үндэслэж цуцлагдсан гэрээний дагуу ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн, уг ажлын үр дүн, орлого үр шим болж захиалагчид үлдсэн эсэх үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй нь хариуцагч өөрийн тайлбарыг нотлох буюу хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчсөн зөрчлийн үргэлжлэл болсон. Гүйцэтгэсэн ажлын хэмжээг бодитойгоор тогтоохгүйгээр үүргийн зөрчлийн хэмжээг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Дээрх анхан шатны шүүхийн шатанд эхэлсэн хэргийн оролцогчийн эрхийн зөрчил нь давж заалдах шатны шүүх түүнийг мадагдлалынхаа үндэслэл болгож үнэлснээр үргэлжилсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг үүргээ зөрчсөн, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тохиолдолд ямар хэмжээнд зөрчсөн гэдгийг бодитойгоор, үндэслэл бүхий тогтоох ёстой. Мөн анхан шатны шүүхийн шатанд хариуцагч талаас шинжээч томилуулах, гэрч асуулгах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй бөгөөд дээрх хэргийн оролцогчийн эрхийн зөрчлийн улмаас өөрийн татгалзал тайлбарыг нотлох, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрх хангагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан ажлын төсвийг үндэслэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн зүгээс төсөв тогтоолгосон барилгын зураг нь анх гэрээ байгуулах үед хариуцагчид буюу гүйцэтгэгчид танилцуулсан зураг биш болох нь хэрэгт авагдсан зургийг баталгаажуулж дарсан тэмдэгийн огноо, шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд өөрсдийн зохиосон, анх тохиролцсоноос хэтэрхий ялгаатай шинэ зургийг үндэслэж гаргасан, хүлээн зөвшөөрөх боломжгүй төсөв байсан бөгөөд үүнийг үндэслэж давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс өгсөн санхүүжилтийн хүрээнд бүхий л боломжоо ашиглаж ажлыг гүйцэтгэсэн, өөрсдөөсөө нэмж зардал гаргаж хохирсон байхад давж заалдах шатны шүүхээс дахин 128,444,821 төгрөгийг гаргуулж хохирсон дээр нь хохироосон, нэг талыг барьж шийдвэрлэсэн үйлдэл юм.
Иймд Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.09.26-ны өдрийн 001ШХТ202200882 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгч М.Балдандоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням нь хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, торгууль 265,338,228 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ... ажил гүйцэтгэх гэрээ 2020.08.28-ны өдөр байгуулсан, ... ажлын үр дүн 6 байшинг 2020.12.05-ны өдөр барьж өгөх байсан. Нийт 379,620,000 төгрөг шилжүүлсэн. ... гэрээ хугацаандаа биелээгүй, 2021.09.23-ны өдөр цуцлах акт хүргүүлсэн. ... үлдэгдэл ажлыг хийхэд 241,216,571 төгрөгийн төсөв шаардлагатай болсон, ...торгууль 10 хувь буюу 24,121,657 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарласан байна.
8. Хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн ... хугацаа хоцорсон нь нэхэмжлэгч цахилгаан, усан хангамж болон замын асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй болон цаг агаар, цар тахлын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой, ... энэ байдлыг ойлголцоод талууд тохиролцон хугацаа сунгасан, ... энэ хугацаанд цар тахлын улмаас материалын үнэ 4-5 дахин нэмэгдэж бидэнд нэмэлт төсөв хэрэгтэй болсон, ... нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй гэсэн тул үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, ... 3 дахь санхүүжилтийг хийх үед гэрээний гүйцэтгэл 60 хувьтай байсан. гэж маргаж байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд тохиролцон хугацаа сунгасны үндсэн дээр ажлыг 2021 онд үргэлжлэн хийсэн болох нь санхүүжилтээ энэ онд үргэлжлүүлэн өгч байснаар тогтоогдоно. Бараа материалын үнийн өсөлтийн зөрүү нэмэлт санхүүжилт шаардаж байсныг зөвшөөрөөгүй нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 ба 345.3-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн. Иймд хариуцагч барилгын ажлыг хийж гүйцэтгэх ажлын зардал буюу хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзжээ.
10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ... талуудын байгуулсан гэрээгээр цахилгаан, усан хангамжийг захиалагч хариуцахаар тохиролцсон нь тогтоогдохгүй бөгөөд үүнээс шалтгаалан гэрээний хугацаа хоцроосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, ... нэмэлт санхүүжилт шаардлагатай талаар мэдэгдэж байсан талаараа хариуцагч нотлоогүй тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. ... гэрээний ажлын хөлсний 90 хувийг хүлээж авсан боловч ажлаа дутуу гүйцэтгэсэн нөхцөл байдалд захиалагчийг буруутгах боломжгүй. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээгээ цуцалж хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх хохирлыг тодорхойлохдоо гүйцэтгэлийн төсвийн шууд зардлыг 170,624,821 төгрөг гэж үзэн уг үнээс ажил гүйцэтгэгч ажлаа бүрэн гүйцэтгэсэн бол хүлээн авах байсан ажлын хөлсний үлдэгдэл болох 42,180,000 төгрөгийг хасаж үлдэх 128,444,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
11. Нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням, хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-ийн хооронд 2020.08.28-ны өдөр ХТ-20/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат байрлах 6 айлын амины нийт 421.8 м.кв талбайтай орон сууцыг 2020.08.27-ны өдрөөс 2020.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйням нь ажлын хөлс 1 м.кв талбай 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 421,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Тус харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Дээрх гэрээ хэрэгжих явцад нэхэмжлэгч нь 2020.08.28-ны өдрөөс 2021.08.04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 379,620,000 төгрөгийг төлсөн, зохигчид 2021.09.23-ны өдөр гэрээг цуцалж, 2021.09.30-ны өдөр актаар ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн, ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй бөгөөд үлдэгдэл ажлыг захиалагч хариуцан бусад этгээдээр хийлгүүлж дуусгасан үйл баримт тогтоогдсон байх ба эдгээр нөхцөл байдлын талаар зохигч адил тайлбар гаргаж байна. Талуудын хооронд ийнхүү ажлын үр дүн хугацаандаа дуусаагүй явдалд гүйцэтгэгч буюу Эрдэнэс түмэн хаус ХХК буруутай эсэх, уг ажлыг бусад этгээд хийж гүйцэтгэсний улмаас захиалагчаас гарсан зардлыг гүйцэтгэгч хариуцах үндэстэй эсэх асуудлаар маргаан өрнөжээ.
13. Дээрх маргаантай асуудлын талаар анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, талууд ажлыг 2020.12.05-ны өдрийн дотор хийж дуусгахаар тохиролцсон боловч 2021.09.30-ны өдрийн байдлаар ажил хийгдэж дуусаагүй байх ба хариуцагч ажлыг үндсэн хугацааны дотор дуусгаагүй шалтгаанаа нэгдүгээрт, ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил болох зам тавих, тог татах, усаар хангах үүргээ захиалагч хугацаандаа биелүүлээгүй, уг асуудлыг гүйцэтгэгч өөрийн нөөц бололцоогоор шийдвэрлэсэн, хоёрдугаарт, энэ шалтгааны улмаас ажил 2020.10 дугаар сар хүртэл удааширсан ба 2020.10 дугаар сард нойтон цас орж цаг агаарын хүндрэл учирсан, гуравдугаарт, 2020.11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд Ковид 19 цар тахлын улмаас бүх нийтээр хөл хорионд орсон, дөрөвдүгээрт хөл хорионы хугацаанд хил хаагдаж барилгын материалын хомсдол бий болж үнэ 4-5 дахин өссөн гэж тайлбарласан байна.
Уг үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон ажлын үндсэн хугацаанаас хойших үеийн гүйцэтгэгч ба захиалагчийн харилцаатай харьцуулан дүгнэж гэрээний үндсэн хугацаанд ажил гүйцэтгэж дуусаагүй явдалд хариуцагч буруугүй байх ба талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин гэрээний хугацаа сунгагдаагүй гэх үндсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал буруу болжээ.
14. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Маргаан бүхий тохиолдолд гэрээний хугацааг сунгасан байх ба гүйцэтгэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улс оронд хагас жил гаруй хугацаанд үргэлжилсэн цар тахлын хөл хорионы улмаас өргөн хэрэглээний болон барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдэж, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэхүү нийтийг хамарсан зурвас үеийн бэрхшээл үүргийн гүйцэтгэл, төсөвт хэрхэн нөлөөлж буй талаар гэрээний талууд харилцан санал солилцоогүй, энэ талаар огт дурдаж байгаагүй гэж дүгнэх нь хэт өрөөсгөл болно. Түүнчлэн ажлын гүйцэтгэл удааширсан талаар шалтгааныг гүйцэтгэгч байгууллага хэрхэн тайлбарладаг байсныг тодруулсан шүүхийн асуултад нэхэмжлэгч талаас тодорхой хариулт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
16. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй, Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. ... гэж заасан.
17. Эдгээр үндэслэлээр хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-д холбогдох 265,338,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Пэрэнлэйнямын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гэрээг цуцалсан нөхцөл байдалд ажил гүйцэтгэгчийг гэм буруутай гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хариуцагчийн төлөөлөгч М.Балдандоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01119 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч Эрдэнэс түмэн хаус ХХК-ийн төлөөлөгч М.Балдандоржийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч М.Балдандоржоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.18-ны өдөр төлсөн 800,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.