Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2018/00020

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн 131/ШШ2018/ 00214 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ы давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 3-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж захирал *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "Алтан завъяа ундарга" ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх ажлын тендерт журмын дагуу оролцон ялалт байгуулж, ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний төсөвт өртөг нь 146.308.023 төгрөгийн санхүүжилттэй байсан ба эхний жилийн санхүүжилт нь 50.000.000 төгрөг байхаар гэрээгээр харилцан тохиролцон баталсан. Гэтэл Шинэжинст сумын ИТХ-аас, тоггүй байгаа айлууддаа нэмж тог татмаар байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр, ажлын ерөнхий зураг дээр гараар нэмж зурж манайх ажлаа нэмж явуулан нийт 69.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн.

Харин 2015 онд Шинэжинст сум нь тухайн ажилд зориулан 15.000.000 төгрөг төсөвт суулгасан, танай илүү хийсэн ажлын хөлсийг өгнө гэж мэдэгдэж байсан болов ч манайд одоо хүртэл олгоогүй. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захилагч тал болох Шинэжинст сумын засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгуулага ИТХ-аас 28.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын тендерт оролцож ялаад Шинэжинст сумын Засаг даргын тамгын газартай 146.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 онд тухайн ажлыг хийж гүйцэтгэсний дараа он дамжиж хийх ажил тул гэрэлгүй айлуудыг гэрэлтэй болго гэсэн. Нэмж гэрэл тавиулах бол мөнгө хэрэгтэй гэсэн чинь дараа жил хийх юм чинь ажлаа эхэл гэж Шинэжинст сумын Засаг дарга хэлсэн. Шинэжинст сумын Засаг дарга дараа өгнө та ямар нэгэн аргаар ажлаа хий гэхэд би банкнаас зээл авсан. Үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичигийг 2015 онд хүргүүлж байсан. Тухайн сумын ирэх жилийн төсвийн тодотгол дээр шугамын өргөтгөл гэж 15.000.000 төгрөг тодотгож тавьсан талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, түүний хавсралтаас харагддаг юм. Одоо Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас 26.206.211 төгрөг, Шинэжинст сумын өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2.293.789 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулсан. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Алтан завъяа ундарга ХХК нь зээл авсан байдаг. Энэ байгууллага нь зээлээ төлж барагдуулахын тулд мөнгө нэхэмжилж байгаа нэг арга гэж бодож байна. Алтан завъяа ундарга ХХК-нь 2014 онд ажлаа хийчихээд 2015 оноос хойш 2 жил чимээгүй байж байгаад сумын удирдлага, дарга нар солигдохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрээг байгуулахдаа 2014 онд 50.000.000 төгрөгийн гэрээ, үлдсэн хөлсийг 2015 онд байгуулна гэж гэрээг хийсэн байдаг. Сумын засаг дарга байсан , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нартай аман хэлэлцээр гэрээ хийсэн гэж тайлбарладаг юм. Төрийн сангийн төлөөлөгч зэрэг тухайн үед мэдэх хүмүүсийг гэрчээр асуулгасан. Гэрчүүд шүүхэд тайлбар өгөхдөө 15.000.000 төгрөгийг төлөх ёсгүй гэсэн зүйл мэдүүлсэн байдаг. Гэрээний дагуу ажлыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хүлээлцсэн, ажил хүлээлцэх комисст Ц.Даншийцоодол нь өөрийн биеэр орсон. Тэр үед 15.000.000 төгрөгийн ажлыг хийгээд илүү хүлээлгэж өглөө, илүү хийсэн ажил гэсэн комиссын хурлын протокол, тэмдэглэл байдаггүй. Нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан ямар нэгэн баримт байдаггүй, нэхэмжлэгч тал гэрээ байгуулаагүй үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлийн талаар өмнө нь ажиллаж байсан засаг дарга болон холбогдох бусад хүмүүсээсээ асуухад тийм мөнгө төлөх ёсгүй гэж хэлсэн. Мөн энэ хүмүүсийг гэрчээр ч асуулгасан байдаг. Өмнөх 4 жилд сум хөгжүүлэх сангаас хангалттай мөнгө орж ирдэг байсан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2014 онд гэрээ байгуулаад ажил гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Дараагийн сумын Засаг дарга 2016 онд томилогдсон, үүнээс харахаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. ******* ХХК-нь 2015 онд ажлаа гүйцэтгэсэн гэрээ байгуулсан бол мөнгөө нэхэмжилж авах боломжтой байсан. Манай сумаас 15.000.000 төгрөгтэй холбоотой баримт бичгүүдийг шүүх үзэж байсан гэтэл тухайн мөнгөтэй холбоотой бичиг баримт байхгүй байдаг. Хариуцагч талаас ямар нэгэн баримт байхгүй байгаа учир мөнгө төлөх үндэслэлгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийг үзэхэд дараагийн санхүүжилт гэж мөнгө бодогдоогүй, 2014 онд ажил дуусаад сум орон нутгийн бүртгэлд 50.000.000 төгрөгийн хөрөнгө хийсэн гэж бүртгэж авсан, дансандаа ямар нэгэн өртэй гэсэн бүртгэл байхгүй. Дараа оны төсөвт 15.000.000 төгрөг төсөвлөсөн нь тог ороод хэдэн жилдээ сааталд ордог тул түүнд зарцуулагдах, айлд өрх нэмэгдэж өргөтгөл хийх мөнгө гэж тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч нар нь тайлбар хэлдэг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамтарч шийдвэр гаргадаг байгууллага, төсвийг батлаад баталсан хуваарийн дагуу Тамгын газар зарцуулдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,346 дугаар зүйлийн 346.2-д тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 18.206.211 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Алтан завъяа ундарга ХХК-д олгож, ЗДТГ-аас алдангийн 8.000.000 төгрөг, ИТХ-аас баталсан төсвөө шилжүүлээгүйтэй холбоотой хохирлын 2.293.789 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.450 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Шинэжинст сумын ЗДТГ-аас 248.981 төгрөгийг гаргуулж Алтан завъяа ундарга ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан шинжээчийн зардлын 500.000 төгрөгийн 345.000 төгрөгийг Шинэжинст сумын ЗДТГ-аас, 155.000 төгрөгийг нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-аас тус тус гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 дугаар дансанд тус тус оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2018/00214 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргаж байна. Ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй, орон нутгийн удирдлагаас нэмж ажил гүйцэтгүүлэх албан бичиг байхгүй байхад Шинэжинст сумд 15.000.000 төгрөгийн ажлыг нэмж хийсэн байна гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрчим хүчний норм, стандартыг мэддэггүй, худал үнэлгээ гаргадаг үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлж, бодит мэтээр ярьж нэг талыг барьдаг санаатайгаар төрд их хэмжээний хохирол учруулахыг оролддог иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндсэн болон нотлох баримтуудыг үнэлэхгүй, нотлох баримтгүйгээр шийдвэр гаргадаг, нэхэмжлэгчийн худал хэлж байгааг бодит мэтээр ойлгож, хариуцагч миний хэлсэн үгийг худал хэлж буй мэтээр ойлгож шийдвэр гаргаж буй нь шүүх үнэн худал хоёрыг ялгахгүй болчихсон юм шиг санагдаж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сумын удирдлагаар ажиллаж байсан *******, нар нь энэ яригдаад байгаа 15.000.000 төгрөгийг Алтанзавъяа ундрага ХХК-д төлөхгүй мөнгө шүү гээд учрыг тайлбарлаад, мэдүүлэг өгсөөр байхад төлөх мөнгө байна гэсэн шийдвэр гараад байгааг шүүх үнэний талд биш танил талынхаа талд зогсдог болжээ гэж ойлгохоор байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18.206.211 төгрөг, алданги 8.000.000 төгрөг нийт 26.206.211 төгрөг, Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын төсвийг баталж өгөөгүй хохирол 2.293.789 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 18.206.211 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож, алданги 8.000.000 төгрөг, хохирол 2.293.789 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэг талаас захиалагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нөгөө талаас гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК-ийн хооронд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийхээр харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 159-168 дугаар тал/

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар захиалагч ЗДТГ нь 2014 онд 46.931.289 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК- д шилжүүлсэн, ажил гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК нь 2014 онд хийвэл зохих ажлаа гүйцэтгэж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгсөн болох нь /хэргийн 169-170 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ Баянхонгор аймаг Шинэжинст суманд Алтан завъяа ундарга ХХК-ийн гүйцэтгэсэн 04 шугамын гүйцэтгэлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн актаар гэх баримтаар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* манай компани гэрээнд заасны дагуу тус сумын төвд 2014 онд хийвэл зохих 0.4 кв-н цахилгаан дамжуулах шугамын өргөтгөлийн ажлаа хийж хүлээлгэн өгсөн. Өргөтгөлийн ажил явагдаж байх үеэр сумын дарга нар хүсэлт гаргасны дагуу гэрэл цахилгаангүй хэсэг айл өрхийг гэрэл цахилгаантай холбох ажил хийсэн. Тухайн үед Шинэжинст сумын ЗДТГ нь харилцан тохирсон санхүүжилтээ өгөөгүйгээс ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн гүйцэтгэсэн ажлын хөлс 15.000.000 төгрөгөө авъя гээд төрийн сангийн хүнтэй нь уулзахад манай суманд мөнгө орж ирээгүй байна. Мөнгө орж ирэхээр өгье, сумаас 15.000.000 төгрөгийг баталсан гэж хэлсэн боловч өгөөгүй тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон алданги 26.202.211 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК нь захиалагч ЗДТГ-ын 2014 онд санхүүжүүлсэн 46.931.289 төгрөгийн хэмжээгээр хийж гүйцтгэвэл зохих ажлаа хийж гүйцэтгэсэн харин Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ, ИТХ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тус сумын гэр хороололын зарим айл өрхүүдийг гэрэл цахилгаантай холбох санал тавьсаны дагуу Алтан завъяа ундарга ХХК нь 2015 онд хийх ажлын заримыг өөрийн хөрөнгөөр 2014 онд хийж гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэг авагдсан хороололуудад байгаа айл өрхийг гэрэлтэй болгох асуудлыг ЗДТГ-аас санал тавьж зөвшилцсөнөөр уг ажлыг хийж дуусгаад байна гэх Баянхонгор аймаг Шинэжинст суманд Алтан завъяа ундарга ХХК-ийн гүйцэтгэсэн 04 шугамын гүйцэтгэлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн акт, 04 шугамын өргөтгөлийг хийх 2015 онд санхүүжих 15.000 000 төгрөг гэх Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон байна. /хэргийн 169-170,192-193,270-279 дүгээр тал /

 Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд цахилгаан дамжуулах агаарын шугамын 0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх гэрээний 2-4-д зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нь 2014 онд 50 000 000 төгрөгийн, 2015 онд 96 308023 төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үе шаттайгаар санхүүжүүлж, гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд 0.4 кв-н цахилгаан дамжуулах шугамын өргөтгөлийн ажлыг 2014, 2015 онд үе шаттайгаар гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна гэж үзлээ.

Иймд ажил гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж зааснаар захиалагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүндээ тохирсон хөлсийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-ийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь тухайн ажил гүйцэтгэсэн газарт 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр очиж маргалдагч талуудыг байлцуулан хийгдсэн ажлын хэмжээг нэг бүрчлэн үзэж, тоо хэмжээг гарган тэмдэглэл үйлдэн маргалдагч хоёр тал энэ ажлын тоо хэмжээг зөвшөөрч энэ талаар дахин маргахгүй болохоо илэрхийлж,гарын үсэг зурж баталгаажуулаад гүйцэтгэсэн ажлын хөлс нь нийт 65.137.500 төгрөг болох талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Дэлхийн банкны эдийн засгийн институтээс зохих байгуулагдсан сургалтад хамрагдаж үнэлгээ хийх тусгай эрх бүхий гэрчилгээ, Монгол улсын Сангийн яамнаас олгосон 0712200023 тоот тусгай зөвшөөрөлтэй, хариуцлагын даатгалтай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр нотлогдож байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захилагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК-ийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 65.137.500 төгрөгөөс санхүүжилтээр авсан 46.931.289 төгрөгийг хасч тооцон 18.206.211 төгрөгийг нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин гэрээнд заасан санхүүжилтийг шилжүүлж олгоогүйн алдангийн 8.000.000 төгрөгийг ЗДТГ-аас, Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан төсвөө шилжүүлээгүйтэй холбоотой алданги 2.293.789 төгрөгийг ИТХ-аас тус тус нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй буюу захиалагч тал гэрээнд заасан хугацаанд санхүүжилтээ өгөөгүй бол алданги төлөх талаар гэрээнд заагаагүй тул 2.293.789 төгрөгийг ИТХ-аас тус тус гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамыг байгуулах ажлыг ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гүйцэтгэсэн байна. Шинэжинст сумын ЗДТГ, ИТХ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тус сумын гэр хороололын зарим тог цахилгаангүй үлдэж байгаа айл өрхүүдийг гэрэл цахилгаантай холбох санал тавьсаны дагуу Алтан завъяа ундарга ХХК нь 2015 онд хийх ажлын заримыг өөрийн хөрөнгөөр 2014 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ өөрийнхөө хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 18.206.211 төгрөгийг захиалагч талаас нэхэмжлэж авах үндэстэй болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч *******ы давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн 131/ШШ2018/00214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч *******ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                     ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                   Г.УЛАМБАЯР