Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 124

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Алтанзавъяа ундарга ХХК, захирал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-4-13 тоотод оршин суух, ВЮ50121111 регистрийн дугаартай, Буурал овогт Дамбын Даншийцоодолын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ, дарга Д.Амарсайхан, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ, хурлын дарга Д.Готовдорж нарт холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19.000.000 төгрөг, алданги 9500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намбарнанзад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Амарсайхан, Д.Готовдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даншийцоодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Манай "Алтан завъяа ундарга" ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажлын тендерт журмын дагуу оролцон ялалт байгуулсан. 2014 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажил гүйцэтгэх ШЖ2014/17 тоот гэрээг 2014 оны 09 сарын 02.-ны өдөр байгуулсан.Тухай гэрээний төсөвт өртөг нь 146.308.023 төгрөгийн санхүүжилттэй байсан ба эхний жилийн санхүүжилт нь 50.000.000 төгрөг байхаар гэрээгээр харилцан тохиролцон баталсан. Гэтэл Шинэжинст сумын ИТХ-аас, тоггүй байгаа айлууддаа нэмж татмаар байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр, ажлын ерөнхий зураг дээр гараар нэмж зурж манайх ажлаа нэмж явуулан нийт 69.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн.

Харин 2015 онд Шинэжинст сум нь тухайн ажилд зориулан 15.000.000 төгрөг төсөвт суулгасан, танай илүү хийсэн ажлын хөлсийг өгнө гэж мэдэгдэж байсан болов ч манайд одоо хүртэл олгоогүй. Тухайн жил төсөвлөсөн 15.000.000 төгрөгийг яагаад олгоогүй талаар холбогдох байгууллага шалгахад, гүйцэтгэгч компани нь Өвөрхангай аймгийн Эрчим хүчний газраас нэг бичиг авчирч өгөх ёстой, тэгсний дараа мөнийг нь олгоно гэж мэдэгдсэн гэж байсан. Манайх Өвөрхангай аймгаас ямар нэг бичиг авах шаардлага байхгүй юм. Манайх гэрээний үүргээ биелүүлж, захиалагчийн саналын дагуу ажлаа, тендер гүйцэтгэлтэйгээр ажлаа хийсэн боловч илүү хийсэн 19.000.000 төгрегийн өртөг бүхий ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохироод байгаа юм. Ажил гүйцэтгэх тухайн гэрээний дагуу захиалагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэгчээс шалтгаалаагүйгээр гэрээний дагуу алданги тооцоход 34.675.000 болж байгаа. Үүнээс хуульд заасны дагуу алдангийг, үндсэн нэхэмжлэлийн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцон бодоход 9.500.000 төгрөг болж байгаа. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захилагч тал болох Шинэжинст сумын засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгуулага.ИТХ-ын дарга нараас 28,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намбарнанзад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай дүү нь ажилтай тул би түүнийг төлөөлөн оролцох болно. Энэ ажлыг анхнаас нь гүйцэтгэж дуусах хүртэл хариуцаж байсны хувьд миний бие шүүхэд төлөөлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хамгийн анх 2014 онд гэрээнд заасны дагуу зураг төсвийн дагуу 50 сая төгрөгийн хийх ёстой ажлаа хийж дуусгасан.  Энэ ажлаа хийж дууссаны дараа үнэхээр тоггүй байсан айлууд байсан. Сумын засаг дарга нь биднийг өрөөндөө дуудсан энэ үед Тамгын газрын дарга, төрийн санч нь цуг байсан. Гэтэл нэмэлт ажил хийх шаардлагатай байна. Тоггүй байгаа айлуудыг тогтой болго, айлууд хэл ам хийгээд ажил хийлгэхгүй байна, тогтой болгож чадахгүй бол гэрээг чинь цуцална, эрх нь надад байна гэсэн.Тэгээд бид энэ ажлуудыг хийж дуусгасны дараа засаг даргын өрөөнд орж нэмэлт ажлын зарлаа нэхэхэд засаг дарга нь манай дүүг өрөөнөөсөө хөөж гаргасан. Тэгэхдээ чаддаг юм бол олоод аваарай гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш удаа дараа нэхсэн, мөнгө ороод ирвэл төлнө гэх шалтгаанаар хойшлуулж байсан.Бид Баянхонгор аймгийн төрийн сан дээр орж хүртэл хэлсэн. Гэрээний нийт өртөг бол 146.308.023 төгрөгийн нийт санхүүжилттэй ажил юм. Эндээс 2014 оны санхүүжилт нь 50.000.000 төгрөг өгнө гээд 46.593.436 төгрөг л авсан. Эндээс хяналтын ажлын зардал, магадлашгүй ажлын зардал зэргийг суутгаж авсан байсан. Нэмэлт ажил хийх шаардлагын хувьд энэ ажил нь 2014-2015 онд үргэлжилж хийгдэх ёстой ажил тул бид хийх болсон. Бид энэ ажлыг хийх гэж банкнаас хүртэл зээл авсан. Маш их хохирсон. Гэрээний гол нөхцөл бол цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийх нөхцөлтэй юм. 2014 онд хийгдэх ажил нь 50.000.000 төгрөгөөр урд талын хороололд тог татах байсан. 2015 оны хийх ажил бол тоггүй айлуудыг тогтой болгох байсан. Нэмэлт ажлыг яагаад хийх болсон бэ гэхээр 2015 онд 96 орчим сая төгрөгийн ажил хийх ёстой байсан тул урьдчилаад хийчихэд болохгүй зүйл байхгүй л гэж хийсэн юм. Нөгөө талаар захиалагч маань гэрээ цуцална гэхээр нь бид нэмэлт ажлыг хийсэн юм. Энэ нь 2015 онд хийх ажлын зарим хэсгээл хийчихсэн юм. Энэ нь зураг төсөв, ажил хүлээн өгсөн акт, гүйцэтгэлийн баримт зэргээр тогтоогдож байгаа юм. Энэ ажил нь 19.000.000 төгрөг болсон.Энэ санхүүжилтийг сумын ИТХ-д манай дүү сууж байгаад 15.000.000 төгрөг батлуулсан боловч энэ мөнгийг өгөхгүй байгаа юм. Аудитын шалгалтаар 15 сая төгрөг нь сумын төсөвт байна гэсэн, танай байгууллага Өвөрхангай аймгаас нэг бичиг аваад өгөхөд мөнгө чинь өгөгдөх юм байна гэж байсан юм. Барилгын засварын ажлын гүйцэтгэл гэсэн баримтыг манайх өөрсдөө хийгээд үүнийг сумын удирдлагад хүлээлгэн өгч ийм төсөвт  ажил хийлээ  гэдгээ л харуулж байгаа хэлбэр юм. Ажил хүлээлгэн өгсөн акт дээр хийгдсэн ажлын мөнгө төгрөг бичигддэггүй юм. Нэхэмжлэлийн мөнгийг гаргаж өгнө үү?гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч байгууллага 2014 онд 50.000.000 төгрөгийн ажил хийх байтал захиалагчийн хүсэлтээр 69.000.000 төгрөгийн ажил хийсэн юм. Тэгээд илүү хийсэн ажлын зардлаа нэхэж сумын ИТХ-аар 15.000.000 төгрөг батлуулсан боловч өгөхгүй байгаа юм. Нэмэлт ажлын хувьд тоггүй айл өрхүүдийг тогтой болгосон юм. Энэ нь гүйцэтгэлийн баримтаар тогтоогдож байгаа юм. Урьд байсан сумын удирдлагууд энэ ажлыг хүлээн зөвшөөрөөд төсөвтөө хүртэл 15.000.000 төгрөг төсөвлөсөн байсан, гэтэл дараагийн удирдлагууд гарч ирээд огт ажил хийгээгүй мэтээр хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн алба бол залгамж халаатай байх ёстой, бодитой нүдэн дээр нь ил хийгдээд, айл өрхүүд 24 цагийн тогтой болсон байтал ажил хийгдсэн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзаж байгааг ойлгохгүй байна. Ер нь бол 146 сая төгрөгөөр 2 онд хийх ажлаас 69 сая төгрөгийн ажлыг хийчихлээ гэж байгаа юм. Барилгын ажлын засварын ажлын гүйцэтгэл гэдэг бол 69816383 төгрөгийн төсөвтэйгээр ийм ийм ажлыг хийж гүйцэтгэлээ гэдгээ л нөгөө талдаа танилцуулж байгаа юм. Илүү мөнгө нэхэх гэж хуурамч юм хийгээд, санаанаасаа зохиогоод сууж байна гэж байхгүй шүү дээ. Агаарын шугамын цахилгаан дамжуулах өргөтгөлийн ажил хийсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Ажил гүйцэтгэнэ гэдэг маань үр дүн шаардаж байдаг гэтэл хийсэн ажил нь бодитойгоор байсаар байтал хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэмэлт ажлын 19 сая, алданги 9.5 сая нийт 28.5 сая төгрөг гаргуулж өгнө үү?гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Готовдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй.Ер нь бол хүн аливаа нэг ажил хийсэн бол хийсэн ажлын хөлсөө авах ёстой хийлгэсэн хүн түүнийг төлөх ёстой гэж бид үзэж байгаа. Гэтэл гэрээгээ яаж хийсэн нь тодорхой биш, олон салаа утгатай хэдэн төгрөгт ямар ажил хийх байсан, хэдэн төгрөгийг яаж өгөх ёстой зэрэг нь тодорхойгүй байна. Гэрээний ерөнхий нөхцөл нь хүртэл ойлгомжгүй байгаа юм. Санхүүжилтийн хувьд 2014 онд 50.000.000 төгрөгийн ажил хийлгэнэ гээд төсвийг ИТХ баталж гэрээний үүргийн дагуу зарим зардлыг хасаад 46.931.289 төгрөгийг төлсөн байгаа юм. Нэмэлтээр 19 сая төгрөгийн ажил хийсэн гэх боловч сумын захиргааны зүгээс нэмэлт ажил хийлгэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, баримт бичиг байхгүй байна. Мөн хийгдсэн ажлууд нь хэдэн төгрөгийн ажил болсныг мэдэх боломжгүй баримт үнэлгээ байхгүй байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага нь 19.0 сая төгрөг нэхэмжилж хүсэлт гаргаж байсан талаар мөн баримт архивт байхгүй байна.Хэрэгт байгаа хүсэлт гэх баримт нь манай байгууллагын архив байхгүй байгааг бодоход сүүлд хийсэн гэж бодож байна. Мөн 2015-2016 онуудад энэ нэхэмжлэлээ гаргаагүй, сумын удирдлагад хандаж байгаагүй одоо яагаад шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай юм. Хэрэгт байгаа  ажил хүлээн авсан акт нь бас тодорхой биш ажил гүйцэт хийгдсэн эсэх, дараа хийх гэж байгаа мэт ойлгогдож байгаа юм. Мөн сумын үндсэн хөрөнгийн бүртгэлд тухайн ажлыг 50.000.000 төгрөгөөр хүлээн авч бүртгэсэн, ямар ч өр үүсгэсэн талаар дурдаагүй байна. 2015 оны төсөвт 15.000.000 төгрөг төсөвлөсөн нь үнэн гэхдээ би сумын ИТХ-ын тэргүүлэгч байсны хувьд дээрх мөнгийг Алтанзавъяа ундрага ХХК-ийн хүсэлтээр батлагдаагүй. Харин цаашид сум орон нутагт тог цахилгаантай холбоотой зайлшгүй гарах зардал, засварт зориулж байталж байсан юм. Хэрэв энэ байгууллага 19 сая төгрөгийн ажил хийсэн юм бол 15 сая төгрөг сумын ИТХ аар батлуулж байсан гэх нь үндэслэлгүй юм. Ямар ч хүн хийсэн ажлын зардлаа бууруулж төсөвлөхгүй шүү дээ. Мөн ажил хүлээн авсан актыг бодит байдал дээр хийгдсэн ажилтай тулгаж нэг бүрчлэн үнэлгээ гаргаад ирвэл бодит байдалд нийцэх байх гэж бодож байна. Нотлох баримтаар өгсөн гэрэл зураг бусад баримтыг хараад бид 50 сая төгрөгийн ажил уу 69 сая төгрөгийн ажил уу гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Гэрээнд бол 2014 онд 50 сая төгрөгийн ажил хийнэ л гэж байгаа нэмэлт зардал гарвал хэрхэх талаар гэрээнд байхгүй илүү зардал гарсан бол албан ёсоор гэрээ хэлцэл хийгээд шийдвэрлээд явах ёстой болов уу?Ажил хүлээн авсан актанд гэр хорооллын айлуудыг тогтой болгох асуудлыг хүсэлт гаргасны дагуу хийж гүйцэтгэв гэснийг 50 сая төгрөгтөө хийгдсэн ажил гэж бодож байна. Барилгын засварын ажлын гүйцэтгэл гэх баримт нь 2 өөр байгаа, засаг дарга бол төсөв баталдаг хүн биш гэтэл энэ гүйцэтгэлийн баримтыг сүүлд  нөхөж хийсэн гэж бодож байна. Төрийн сангийн төлөөлөгч, тамгын дарга гарын үсэг зураагүй байна. Ийм баримтыг хэн ч хийх боломжтой..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум орон нутагт төсөв батлах эрхтэй газар нь ИТХ байдаг, яагаад 146 сая төгрөгийн гэрээ байгуулсан атал 50 сая төгрөгийн төсөв баталсан нь ойлгомжгүй байна. Гэрээнд бол 2014 онд 50 сая төгрөгийн ажил хийх тул 50 сая төгрөг л төсөвлөх ёстой. Ажлын хэсгийн ажил хүлээн авсан актанд 19 сая төгрөгөнд ийм ийм ажил нэмж хийлээ гэсэн ямар ч тэмдэглээ байхгүй байна. Ажлын хэсэгт Даншийцоодол гэж хүн байсан атлаа энэ талаар огт санал гаргаагүй байна. Бид өмнө нь ажиллаж байгаагүй учир одоо байгаа баримтанд тулгуурлаж л шийдвэр гаргах болно. Хэрвээ энэ байгууллага 69 сая төгрөгийн ажил хийсэн бол ийм үнэлгээтэй ажил хийлээ гэдгээ огт гаргаж танилцуулаагүй байна.Иймд нэхэмжлэгч байгууллага нь 69 сая төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотолж холбогдох баримтаа гаргаж өгсөн бол бид төрийн албан хаагчийн хувьд төлбөр мөнгийг төлөхгүй гэх зүйл байхгүй гол нь бид баримтгүй мөнгө гаргах эрх байхгүй гэдгийг анхаарна уу?Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Алтанзавъяа ундарга ХХК, захирал Д.Даншийцоодол нь хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ, дарга Д.Амарсайхан, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ, хурлын дарга Д.Готовдорж нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19.000.000 төгрөг, алданги 9500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах”ыг хүссэн шаарджээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ, дарга Д.Амарсайхан, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ, хурлын дарга Д.Готовдорж нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  Учир нь:

1. Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаагаар зохицуулагдахаар байна.

Үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Алтанзавъяа ундарга ХХК-ийн захирал Д.Даншийцоодол нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг даргын тамгын газрын дарга Ж.Цэдэнсодномтой 2014 оны 09 сарын 02-ны өдөр Шинэжинст сумын Цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, 146.308.023 төгрөгийн төсөвтэйгээр 2014, 2015 онуудад ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр 2014 онд хийх ажлын санхүүжилтэнд 50.000.000, 2015 онд 96.308.023 төгрөг тус тус төсөвлөхөөр тусгасан байна.

Харин нэхэмжлэгч Д.Даншийцоодол нь 2014 онд хийж гүйцэтгэвэл зохих гэрээгээр тохиролцсон ажил болох Шинэжинст сумын 0.4 квт шугамын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэн энэ ажлын батлагдсан төсөв болох 50.000.000 сая төгрөгийг авсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг нь захиалагч байгууллагын хүсэлтээр нэмэгдэж 69.000.000 төгрөг болсон тул илүү хийсэн 19.000.000 төгрөг, түүний алданги 9.500.000 нийт 28.500.000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”..гэжээ.

Гэтэл Д.Даншийцоодол нь  2014 онд хийж гүйцэтгэсэн Шинэжинст сумын 0.4 квт шугамын өргөтгөлийн ажил дээр захиалагч байгууллагын хүсэлтээр нэмж хийсэн 19.000.000 төгрөгийн ажилтай холбоотойгоор гэрээнд нэмэлт оруулаагүй, энэ талаар 2 тал харилцан тохиролцсон гэрээ хэлцэл хийгдээгүй байна.

Нэхэмжлэгч талаас Барилгын засварын ажлын гүйцэтгэл гэсэн баримтыг гарган өгч уг баримтаар 69816383 төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдож байгаа талаар тайлбар гаргасан боловч дээрх баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, уг гүйцэтгэлийг Шинэжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ баталж, сумын ЗДТГ-ын дарга Ж.Цэдэнсодном, төрийн сангийн мэргэжилтэн Х.Дагважав нар хянахаар хэвлэгдсэн боловч дээрх албан тушаалтнууд танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нэг талын санаачлагаар хийгдсэн баримт байна.

Эндээс үзвэл уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намбарнанзад нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага бол 2014 онд хийгдсэн ажлын нийт өртөг болох 69816383 төгрөгөөс захиалагч байгууллагаас олгогдоогүй байгаа 19.000.000 төгрөгийг алдангийн хамт нөхөн гаргуулах талаар тайлбарлан шаардсан боловч 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ШЖ2014/17 дугаар гэрээнд 2014 онд 50.000.000 төгрөгийн санхүүжилтээр ажил гүйцэтгэнэ гэж тусгасан, 19.000.000 төгрөгийн ажлыг илүү хийсэн болохоо хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шалгуулж үнэлгээ дүгнэлт гаргуулаагүй 69.000.000 төгрөгийн ажил хийсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ  нь:

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.1-д заасныг тус тус баримтлан Алтанзавъяа ундарга ХХК, захирал  Д.Даншийцоодолын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ, дарга Д.Амарсайхан, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ, хурлын дарга Д.Готовдорж нарт холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19.000.000 төгрөг, алданги 9500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ