Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2017/00669

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Алтан завъяа ундарга ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар болон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг нийт 28 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Даншийцоодол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Амарсайхан, Д.Готовдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даншийцоодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Манай "Алтан завъяа ундарга" ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажлын тендерт журмын дагуу оролцон ялалт байгуулсан. 2014 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажил гүйцэтгэх ШЖ2014/17 тоот гэрээг 2014 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан.Тухайн гэрээний төсөвт өртөг нь 146 308 023 төгрөгийн санхүүжилттэй байсан ба эхний жилийн санхүүжилт нь 50 000 000 төгрөг байхаар гэрээгээр харилцан тохиролцон баталсан. Гэтэл Шинэжинст сумын ИТХ-аас, тоггүй байгаа айлууддаа нэмж тог татмаар байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр, ажлын ерөнхий зураг дээр гараар нэмж зурж манайх ажлаа нэмж явуулан нийт 69 000 000 төгрөгийн өртөг бүхий ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн.

Харин 2015 онд Шинэжинст сум нь тухайн ажилд зориулан 15 000 000 төгрөг төсөвт суулгасан, танай илүү хийсэн ажлын хөлсийг өгнө гэж мэдэгдэж байсан болов ч манайд одоо хүртэл олгоогүй. Тухайн жилд төсөвлөсөн 15 000 000 төгрөгийг яагаад олгоогүй талаар холбогдох байгууллага шалгахад, гүйцэтгэгч компани нь Өвөрхангай аймгийн Эрчим хүчний газраас нэг бичиг авчирч өгөх ёстой, тэгсний дараа мөнийг нь олгоно гэж мэдэгдсэн гэж байсан. Манайх Өвөрхангай аймгаас ямар нэг бичиг авах шаардлага байхгүй юм. Манайх гэрээний үүргээ биелүүлж, захиалагчийн саналын дагуу ажлаа, өндөр гүйцэтгэлтэйгээр ажлаа хийсэн боловч илүү хийсэн 19 000 000 төгрөгийн өртөг бүхий ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохироод байгаа юм. Ажил гүйцэтгэх тухайн гэрээний дагуу захиалагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэгчээс шалтгаалаагүйгээр гэрээний дагуу алданги тооцоход 34 675 000 болж байгаа. Үүнээс хуульд заасны дагуу алдангийг, үндсэн нэхэмжлэлийн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцон бодоход 9 500 000 төгрөг болж байгаа. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захилагч тал болох Шинэжинст сумын засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгуулага ИТХ-ын дарга нараас 28 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Даншийцоодол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын тендерт оролцож ялаад Шинэжинст сумын Засаг даргын тамгын газартай 146 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 04 шугамын ажлыг хийх гэрээ байгуулсан. Тухайн гэрээндээ 50 000 000 төгрөгөөр 04 шугамыг Шинэ хороололд хийнэ гэж тусгасан. Манай компанийг тухайн ажлыг хийж гүйцэтгэсний дараа он дамжиж хийх ажил тул гэрэлгүй айлуудыг гэрэлтэй болго гэсэн. Манай талаас гэрэл тавиулах бол мөнгө нэм гэсэн чинь дараа жил хийх юм чинь ажлаа эхэл гэж Шинэжинст сумын Засаг дарга хэлсэн. Шинэжинст сумын Засаг дарга дараа өгнө та ямар нэгэн аргаар ажлаа хий гэхэд би банкнаас зээл авсан. Нийт 49 936 231 төгрөг байгаа. 69 000 000 төгрөгийн төсөв үйлдэж хүүхдээ явуулж гарын үсэг зуруулах гэтэл өмнөөс нь чулуудаад гарын үсэг зурж өгөөгүй. Би ажлын гүйцэтгэл, төсөв хоёрыг хамтад нь гаргасан. Нийт 28500000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цахилгаан дамжуулах 04 квт агаарын шугамын өргөтгөл хийх ажлыг тухайн сумын зарласан тендерт ялалт байгуулж, 2014 онд ажил хийх тухай гэрээг Шинэжинст сумын Засаг дарга, Тамгын газрын даргыг төлөөлсөн Г.Цэдэнсодномтой байгуулсан байдаг. Тухайн суманд агаарын шугамыг барихад нийт 146 308 223 төгрөгийн төсөв байсан. Санхүүжилтийг эхний жилдээ 50 000 000 төгрөг дараа жилд үлдэгдэл мөнгийг хийх байдлаар тохирсон байдаг. Гэрээг хэрэгт өгсөн байгаа. Гэрээний үндсэн гол нөхцөлийг тусгаад, гэрээний тусгай нөхцөлд тухайн сумын Засаг даргыг төслийн менежерт томилсон байдаг. Гэрээний дагуу 2014 онд хийгдэх ажлыг хийж дууссан. Ингээд төслийн ерөнхий менежер болон ажлын хэсгээс айлууд хэл ам хийгээд байгаа учир дараа жилийн ажлыг 2014 онд хийхийг амаар хэлсэн байдаг. Хувийн орон сууц, гэрээгээ банкинд барьцаанд тавьж 25000000 төгрөгийг тухайн ажилд зарцуулсан байдаг. Гэрээнд энэ ажлыг 2014 онд хийнэ гэсэн ажлын дарааллыг тусгаж өгөөгүй. Ер нь 2014-2015 онд энэ ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний санхүүжилтийн хувиараа гэрээндээ тусгасан байдаг.

Хэрэгт авагдсан ажил хүлээлцэх акт дээр тусгасан сумын Засаг даргын Тамгын газраас санал болгосны дагуу хороололд хийж гүйцэтгэсэн ажлыг нэмж гүйцэтгэсэн болно гэсэн агуулгатай, утга санаа бүхий акт байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр ийм ажил хийгдсэн нь нотлогдон тогтоогдож байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэрээний дагуу ажлаа хийсэн харин захиалагч тал нь хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй. Иргэний хуульд нийцүүлэн алдангийг 8 000 000 төгрөг, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18 206 211 төгрөг, нийт 26 206 211 төгрөгийг Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэх байна. Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2 293 789 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Готовдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 онд гэрээ байгуулаад ажил гүйцэтгэсэн. Дараагийн сумын Засаг дарга 2016 онд томилогдсон, үүнээс харахаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. 2015 онд ажлаа гүйцэтгэсэн гэрээ байгуулсан бол мөнгөө нэхэмжилж авах боломжтой байсан. Энэ хугацаанд ямар нэгэн зүйл ярихгүй байж байгаад 2016 онд сумын шинэ Засаг дарга томилогдсон хойно мөнгө нэхэмжилж байгаа нь өөр агуулгатай гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан ямар нэгэн баримт байдаггүй, гэрээ байгуулсан буюу нэхэмжлэгч тал нь хаана юу хийсэн, ямар гэрээ байгуулсандаа мэдэхгүй буюу гэрээ байгуулаагүй үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Хариуцагч талаас ямар нэгэн баримт байхгүй байгаа учир мөнгө төлөх үндэслэлгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийг үзэхэд дараагийн санхүүжилт гэж мөнгө бодогдоогүй, 2014 онд ажил дуусаад сум орон нутгийн бүртгэлд 50 000 000 төгрөгийн хөрөнгө хийсэн гэж бүртгэж авсан, дансандаа ямар нэгэн өртэй гэсэн бүртгэл байхгүй. Дараа оны төсөвт 15 000 000 төгрөг төсөвлөсөн нь тог ороод хэдэн жилдээ сааталд ордог тул түүнд зарцуулагдах, айлд өрх нэмэгдэж өргөтгөл хийх мөнгө гэж тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч нар нь тайлбар хэлдэг. Нотлох баримт нь албан тушаал хашиж байсан сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар ирж мэдүүлэг өгсөн, миний бие уулзаж лавласан. Хийсэн гэрээгээ биелүүлээд 50 000 000 төгрөг өгсөн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамтарч шийдвэр гаргадаг байгууллага, төсвийг батлаад баталсан хуваарийн дагуу Тамгын газар зарцуулдаг. Сүүлд өгсөн нэхэмжлэх дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Засаг даргын Тамгын газарт мөнгөө шилжүүлээгүйгээс хохирол үүссэн гэж хэлж байгаа нь тохиромжгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтан завъяа ундарга ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа 2014 онд 50 000 000 төгрөгийн гэрээ, үлдсэн хөлсийг 2015 онд байгуулна гэж гэрээг хийсэн байдаг. Нэхэмжлэгч илүү хийсэн ажлыг хийхийн тулд зээл авсан гэдэг боловч 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулаад 10 хоногийг дараа Төрийн банкнаас зээл авсан нь худлаа шинжтэй харагдаж байгаа. Аман хэлцэлээр гэрээ хийсэн Бат-Эрдэнэ даргатай, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганбаттай гэрээ хийсэн, Төрийн сангийн төлөөлөгч гэрээ хийлгэсэн гэхээр тухайн хүмүүсийг гэрчээр асуулгасан. Гэрчүүд аман хэлцлээр гэрээ хий гэж хэлээгүй, айлуудыг нэмж цахилгаантай болгох, 15 000 000 төгрөгийн ажлыг хийнэ гэж хэлээгүй. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээний дагуу ажлыг хүлээлцсэн, ажил хүлээлцэх комисст Даншийцоодол нь өөрийн биеэр орсон, комиссын дарга нь тухайн үеийн орлогч дарга Энхтөр гэж хүн байсан. 15 000 000 төгрөгийн ажлыг хийгээд илүү хүлээлгэж өглөө, илүү хийсэн ажил гэсэн комиссын хурлын протокол байдаггүй. Нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэгбүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Дамбын Даншийцоодол нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг зөвтгүүлэх тухай хүсэлт гаргаж нэхэмжлэгчээр Алтан завъяа ундарга ХХК, хариуцагчаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19000000 төгрөг, алданги 9500000 төгрөг нийт 28500000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18206211 төгрөг, алданги 8000000 төгрөг нийт 26206211 төгрөгийг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсвийг баталж өгөөгүйн хохирол, алданги 2293789 төгрөгийг нийт 28500000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж хариуцагч байгууллагын төлөөлөгч нар гэрээнд заасны дагуу 2014 онд 50000000 төгрөгийн ажил гүйцэтгэх байсан, 2014 онд нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдаагүй гэж эс зөвшөөрч маргажээ./хх-ийн 1, 81, 267-268-р тал/

Нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-ий захирал нь Д.Даншийцоодол мөн бөгөөд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй болох нь компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн албан бичиг зэрэг баримтаар, хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрыг Д.Амарсайхан нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй болох нь Шинжинст сумын засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаар захирамжаар нотлогдож, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөөлж хурлын дарга Д.Готовдорж оролцож байх тул нэхэмжлэгч, хариуцагч байгууллагуудыг бүрэн төлөөлөх эрхтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар болон нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК нар нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ШЖ2014/17 дугаартай Шинэжинст сумын"Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" тухай гэрээг байгуулж эрх зүйн харилцаа үүсгэсэн болох нь зохигч нарын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож энэ талаар маргаангүй байна./хх-ийн 159-168-р тал/

Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нь нэг талаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нь Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийлгэх ажлыг захиалсан захиалагч бөгөөд захиалагч нь үр дүнг хүлээн авч хөлс төлөх, нөгөө талаас Алтан завъяа ундарга ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зориг нэгдсэнийг илэрхийлж талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, энэ талаар зохигч нар маргаангүй түүнчлэн гэрээ байгуулах эрх бүхий субъектуудын хооронд хуулиар хориглоогүй зүйлийн талаар харилцан тохиролцон зэрэг нь тус гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК нь 2014 онд хийж гүйцэтгэвэл зохих гэрээгээр тохиролцсон ажил болох Шинэжинст сумын 0.4 квт шугамын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэн энэ ажлын батлагдсан төсөв болох 50000000 сая төгрөгийг авсан бөгөөд тухайн ондоо хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг нь захиалагч байгууллагын хүсэлтээр нэмэгдэж 69.000.000 төгрөг болсон тул Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18206211 төгрөг, алданги 8000000 төгрөг нийт 26206211 төгрөгийг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсвийг баталж өгөөгүйн хохирол, алданги 2293789 төгрөгийг хариуцагч нараас нийт 28500000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны явцад Иргэдийн төлөлөгчдийн хурлаас нэхэмжилсэн 2293789 төгрөг нь зөвхөн алданги бөгөөд хохирол гэдэг нь үгийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" тухай гэрээний 1 дүгээр заалтад биеийн тамир, тоглоомын талбай байгуулах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино гэж гэрээний үйлчлэх хүрээг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэх ажил нь уг гэрээний 1 дүгээр заалтад тусгагдсан ажлуудын аль ажилд хамаарах эсэх нь тодорхойгүй нөгөөтэйгүүр гэрээний 6 дугаар зүйлд гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, санхүүжилтийн хуваарь, ажил гүйцэтгэх хуваарь зэрэг нь гэрээни салшгүй хэсэг мөн болох талаар зааж гэрээний 4 дүгээр заалтаар талууд 2014 онд 50000000 төгрөгийн санхүүжилтийн хүрээнд ажил гүйцэтгэхээр, гэрээний ерөнхий нөхцлийн 1.1 дэх хэсэгт гүйцэтгэгч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлыг техникийн тодорхойлолт болон төсвийн дагуу хийж гүйцэтгэнэ, гэрээний тусгай нөхцлийн Г-д ажил 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгах талаар нөхцлийг тохирсон байгаагаас үзэхэд гүйцэтгэгч Алтан завъяа ундарга ХХК нь Баянхонгор аймгийн Шинжинс суманд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд 50000000 төгрөгийн өртөгт багтаан ажил гүйцэтгэхээр тохиролцсон болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК нь тус суманд 2014 онд ажил гүйцэтгэхдээ гэрээнд заасан төсөвт өртгөөс давуулан нийт 65137500 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 410 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа хэдий ч ямар үндэслэлээр гэрээний заалтыг зөрчин нэмэлт ажил гүйцэтгэсэн болох, ямар албан тушаалтантай хэзээ, хэрхэн тохиролцсон эсэх талаар болон гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ үндэслэлээр 18206211 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд анх 146 308 023 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ байгуулагдсан ч 2014 онд түүнээс 50000000 төгрөгийн санхүүжилтэнд багтаан ажил гүйцэтгэх талаар талууд гэрээний салшгүй хэсэг болох тусгай нөхцөл-ийн заалтаар тохиролцсон болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож харин 2015 онд үлдэгдэл хэдэн төгрөгийг санхүүжүүлж, ямар хугацаанд, ямар ажил гүйцэтгүүлэх талаар тусгайлан тохирсон нөхцөл гэрээнд тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Ц.Ганбат нараас нэмэлт ажил хийж гүйцэтгэх саналыг амаар тавьсан гэж тайлбарладаг боловч энэ талаар гэрч Б.Бат-Эрдэнийнмэдүүлэгт...15000000 төгрөгийн гэрээ хийгдээгүй. Сумын төвийн бүх айл өрхүүдийг гэрэлтэй болгох шаардлага тавьсан. 2014 онд байгуулсан 50000000 төгрөгийн гэрээнд бүх асуудлыг багтаасан. 2014 онд байгуулсан гэрээг өөрчлөх, сунгах, цуцлах талаар засаг даргын зүгээс санал гаргаж байгаагүй..., гэрч Ц.Ганбатын мэдүүлэгт...тоггүй байгаа айлууддаа нэмж шугам татмаар байна гэсэн хүсэлтийг ИТХ-аас албан ёсоор гаргаж байгаагүй... зэрэг мэдүүлгээр няцаагдаж, өөр байдлаар нотлогдохгүй байх тул 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ШЖ2014/17 дугаартай Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдээгүй, дахин нэмэлт гэрээ хийгдээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч талаас Барилгын засварын ажлын гүйцэтгэл гэсэн баримтыг гарган өгч уг баримтаар 69816383 төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдож байгаа талаар тайлбар гаргасан боловч дээрх баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, уг гүйцэтгэлийг Шинэжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ баталж, сумын ЗДТГ-ын дарга Ж.Цэдэнсодном, төрийн сангийн мэргэжилтэн Х.Дагважав нар хянахаар заасан боловч дээрх албан тушаалтнууд танилцаж, гарын үсэг зураагүй байгаа нь тус баримтыг албан ёсоор хянаж, шалгаж, дүгнэж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримт гэж үзэх үндэсгүй байх тул нотлох чадвараа алдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг даргын тамгын газраас алданги 8000000 төгрөг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсвийг баталж өгөөгүйн алданги 2293789 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх боловч алданги төлөх талаар гэрээний ерөнхий нөхцлийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зөвхөн гүйцэтгэгч талд нэмэлт хариуцлага болгож тусгасан, нөгөө талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж тус тус заасны дагуу алданги төлөх талаар бичгээр хийгдсэн гэрээ байхгүй байх тул алдангийг гаргуулах үндэслэлгүй болно.

Хэрэгт нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны төсөвт 15000000 төгрөгийг баталсан хэдий ч нэхэмжлэгч компанид өгөөгүй талаар маргаж байх боловч тус 15000000 төгрөг нь ямар зорилго, зориулалтаар батлагдсан болох талаар тодорхойгүй, нэмэлт ажлын хөлс төлөх зориулалтаар батлагдсан талаар нотлогдохгүй түүнчлэн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар албан бичиг хүргүүлж нэмэлт ажлын хөлсөө шаардсан гэх боловч уг баримт нь хаяглагдсан байгууллагадаа хүрсэн эсэхийг нотлож чадахгүй байна. Мөн гүйцэтгэсэн ажлын зураг төслийг нотлох баримтаар гаргаж өгсөн ч тухайн зураг төсөл нь нэр болон тайлбар бичигдээгүй, зургийг үйлдсэн, баталсан албан тушаалтны нэр гарын үсэггүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Баянхонгор аймаг Шинэжинст суманд Алтан завъяа ундарга ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 04 шугамын гүйцэтгэлийн акт гэх баримтад хорооллуудад байгаа айл өрхийг гэрэлтэй болгох асуудлыг Засаг даргын тамгын газраас санал тавьж зөвшилцсөнөөр ажлыг хийж дуусгаад байна гэсэн нь 2014 онд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, хариуцагч байгууллагаас нэмэлт ажил хийх санал гаргаж, түүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдлыг нотлохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Алтанзавъяа ундарга ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнэ 18206211 төгрөг, алданги 8000000 төгрөг нийт 26206211 төгрөгийг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсвийг баталж өгөөгүйн алданги 2293789 төгрөгийг нийт 28500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүхийн зардал 500000/таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Алтан завъяа ундарга ХХК-аас гаргуулж, хөрөнгийн үнэлгээний төвийн төрийн банкин дахь 100000142787 дугаар дансанд олгуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА