Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01182

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01182

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02784 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2422 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

*******, А.Бат-Эрдэнэд холбогдох

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, А.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02784 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 439.5-д заасныг баримтлан хариуцагч А.Бат-Эрдэнээс 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бат-Эрдэнээс 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2422 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02784 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 439.5 гэснийг 493.5 өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ... гэх заалтыг зөрчсөн. Тухайлбал: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *******эд зээлдүүлсэн мөнгөө буцааж авахаар шаардлага гаргасан байдаг. Хариуцагч *******ийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж ажил олж өгөх тухай зуучлалын гэрээ хийсэн нь тогтоогддог. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн.

4.2 Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт гаргасан. Тухайлбал: Нэхэмжлэгч Б. Энхбаяр хариуцагч *******, А.Бат-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан ... Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ ... гэх заалтын дагуу А.Бат-Эрдэнэ нь *******т ажил олж өгөхөд зуучлах талаар тохиролцоо үүссэн нь зохигчид болон гэрч н.Батцоож нарын тайлбар, мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хууль дахь зуучлалын гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, А.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...*******, А.Бат-Эрдэнэ нар нь ... зохицуулаад сантехникийн ажил олж өгч чадна гэсэн ... би 12,000,000 төгрөг *******ийн дансанд нь шилжүүлсэн. ... сүүлд олж уулзахад ажил бүтэхээ байсан, ...мөнгийг техникийн нөхцөл гаргуулахад хэрэглэнэ, буцааж өгөх мөнгө гэж ойлгосон. гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...би зөвхөн дансаа ашиглуулсан, ...А.Бат-Эрдэнэ сантехникийн ажил хийх хүн бна уу гэж асуухаар нь хамаатны залуу Алтансүхтэй танилцуулсан. ... н.Алтансүх нь ******* гэх залуугаа хамт дагуулж ирсэн. А.Бат-Эрдэнэ эхлээд 2,000,000 төгрөгөө бэлнээр аваад ... 10,000,000 төгрөгөө ББСБ-д шилжүүлүүлсэн гэж, хариуцагч А.Бат-Эрдэнэ ... Би Нисэхийн барилга дээр ерөнхий инженерээр ажиллаж байсан. ... Барилгын салбарынхан нэг нэгнийгээ ажилд зуучилж өгч, ажлын хөлс авдаг, нэг бол хамтарч ажиллаад ашиг гарвал хувааж авдаг зарчимтай. ... зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцжээ.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч А.Бат-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн түүнээс 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч *******эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн техникийн алдааг засаж, зохих өөрчлөлтийг оруулан, шүүхийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

9. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, үйл баримтыг зөв тогтоож хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч *******, хариуцагч А.Бат-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдаагүй, хариуцагч А.Бат-Эрдэнэ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь хуульд нийцжээ.

 

10. Нэхэмжлэгч 2020.06.11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа хариуцагчаар *******ийг тодорхойлон 12,000,000 төгрөгийн шаардлага гаргасан. Тэрээр 2020.09.01-ний өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар А.Бат-Эрдэнийг татах, 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хамтран хариуцагч А.Бат-Эрдэнээс нэхэмжилнэ гэж тайлбарлажээ. Шүүх А.Бат-Эрдэнийг хамтран хариуцагчаар оролцуулах захирамж гарган нэхэмжлэлийг гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулжээ. Нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэл ойлгомжтой, түүнийг гардуулах, хариу тайлбар ирүүлэх, хэргийг хэлэлцэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

11. Хариуцагч ******* 12,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан боловч уг мөнгөн дүнг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр А.Бат-Эрдэнэ болон түүний заасан этгээдэд шилжүүлсэн тухайгаа тайлбарласныг хариуцагч А.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрчээ. Иймд *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, ******* ба *******ийн хооронд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч ******* нь *******ээс 12,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

12. Хариуцагч А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар нь бүхэлдээ хууль бус, албан тушаалын эрх хэмжээгээ зохисгүй байдлаар ашиглаж, бусдаас мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй олж авсан үйл баримтаа барилгын салбарт, хэвийн бөгөөд байх ёстой үзэгдэл гэх агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэргийн шүүхийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэвэл энэ үйлдэл нь үндэслэлгүй хөрөнгөжсөн төдийгүй гэм хорын эрх зүйн шаардах эрхийг холбогдох этгээдэд олгох бөгөөд энэ үндэслэлээр А.Бат-Эрдэнэд холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын шаардлагыг хангах хууль зүйн үндэстэй. Энэ талаар хоёр шатны шүүхээс өгсөн дүгнэлт хуульд бүрэн нийцжээ.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2422 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.19-ний өдөр төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.