Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02422

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00033

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02784 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н-, А.Б- нарт холбогдох

12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Т.Н-, А.Б- нарын өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие найз Б.Алтансүхийн хамт Билгүүт Оюу ХХК-ийг үүсгэн байгуулж улмаар барилгын сантехникийн ажил хийж гүйцэтгэдэг байсан юм. Гэтэл Б.Алтансүхийн хамаатан Т.Н- гэх залуу Хан-Уул дүүрэгт Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлалтай 16 давхар орон сууцны зориулалттай блокон барилгын инженерээр ажилладаг бөгөөд тухайн барилгын сантехникийн ажлыг авч өгч чадна, та хоёр хийж чадна гэвэл 12 000 000 төгрөг өгчихөө би зохицуулаад сантехникийн ажил аваад өгнө гэсэн. Т.Н- нь Б.Алтансүхийн хамаатан, тус барилгын инженерээр ажилладаг тул бид хоёр итгэж найдаад Т.Н-ийн хаан банк дахь 5006464438 тоот дансанд 12 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Э- миний бие шилжүүлсэн болно. Хэсэг хугацааны дараа Т.Н-ээс сантехникийн ажил маань юу болж байгаа талаар асуухад удахгүй болно бүтнэ гэх мэтээр удаа дараа худал хэлсээр тухайн барилгаас сантехникийн ажлыг авч өгөөгүй. Иймд Т.Н-ээс надад учруулсан хохирол 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Э- надаас иргэн Т.Н- болон А.Б- нар нь ажил олж өгнө хэмээн 12 000 000 төгрөгийг аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Иймд иргэн Т.Н-, А.Б- нараас 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Бадрах цамхаг ХХК-ийн ерөнхий инженер А.Б- 12 000 000 төгрөг өгөөд манай барилгын сантехникийн ажил хийлгэх хүн байвал уулзуулж өгөөч гэж хэлэхэд нь өөрийн хамаатан болох Б.Алтансүхийг А.Б-тэй уулзуулж өгсөн. 12 000 000 төгрөг шилжиж орж ирэхэд нь АТМ-ээс бэлэн 2 000 000 төгрөгийг А.Б-д авч өгөн, үлдсэн 10 000 000 төгрөгийг түүний машин лизингээр авсан Банк бус санхүүгийн данс руу шилжүүлж өгсөн. Б.Э- нь намайг мөнгө аваагүйг мэдсээр байж А.Бат-Эрдэнийн олж өгсөн 2 ажил ямар ч ашиггүй өрөнд орчихлоо одоо чиний данс руу шилжүүлсэн 12 000 000 төгрөгөө чамаас авна. А.Б- Т.Н-эд ямар ч хамааралгүй бүх мөнгө, би авч хэрэглэн зарцуулсан гэдгээ хэлсэн байдаг. Намайг Б.Э-ыг хуурч мэхлээд хуйвалдаад явсан мэтээр яриад байна. А.Б-д мөнгө өгнө гэдгээ Б.Алтансүх, Б.Э- нар өөрсдөө ярьж байгаад шийдсэн. Мөнгийг миний данс руу шилжүүлэхдээ ч А.Б-д өгнө гэдгээ маш сайн мэдэж байсан. Сүүлдээ Б.Э- 12 000 000 төгрөгийг надад зээлдүүлсэн гэсэн зүйлийг яриад байгаа. Миний данс руу 12 000 000 төгрөгийг хийхдээ урьдчилгаа гээд хийсэн байдаг. Энэ яг юуны урьдчилгааг ойлгохгүй байна. Зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч А.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед Нисэхийн барилга дээр Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тэр үед сантехникийн ажил гараад гайгүй хийчихээр хүүхдүүд байна уу гэж асуухад Т.Н- нь Б.Э-, Б.Алтансүх нарыг надтай уулзуулсан. Уулзаад нэг л асуудал яригдсан буюу Баагий ахаа гурвуулаа хамтарч ажиллая гэсэн санал тавьсныг нь би хүлээж аваад ажил төрлөө хөөцөлдөөд явсан. Нисэхийн барилга дээр үнийн санал оруулаад хэнээр хийлгэхийг захирлууд шийддэг байсан. Үнийн саналаасаа болоод тэр ажлыг авч чадаагүй байгаа. Ганц үнийн санал өгөөд л тухайн ажлыг авна гэж байхгүй. Ажлын туршлага болон олон зүйлийг харгалздаг. Тэгээд дараа нь би Б.Батцоожтой яриад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд баригдаж байсан 9 давхар барилгын сантехникийг ажлуудыг бид гурав авсан. Тэр ажлыг аваад Б.Э-, Б.Алтансүх хоёрын хамтарч байгуулсан компани дээр гэрээ хийгдсэн. Тэр ажилд орохдоо анх ярьснаараа хамтарч ажиллаад ашгаа хуваана гэж байсан. Дунд нь ажил эхлээд нэлээн явсны дараа намайг энэ ажлаас нэрээ татчих, 12 000 000 төгрөгийг чинь хаая, 2 дүү нь энэ ажлыг цааш нь хийгээд явъя гэж хэлээд гар бариад салцгаасан. Би тэр ажлаас нь гарсан ч гэсэн Улсын комисс хүлээж автал барилга дээр нь хяналт тавиад л явж байсан. Тухайн үед тэр ажил нь бага хэмжээний өртөгтэй ажил биш байсан. Үүнийг гэрч Б.Батцоож ч гэрчилнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нисэхийн барилга дээрээс зугтаасан зүйлгүй. Би тэр барилгыг хариуцаж байсан хүмүүсийн нэг тул 24 цаг байдаг байсан. Тэгэхэд хайгаад олдоогүй гэж худал ярьж болохгүй. Бид эхний ажил бүтээгүй учраас дараагийн ажил руу оръё гээд Б.Батцоожтой яриад ажлаа хийж байгаа шүү дээ. Нэхэмжлэгч болохоор өөрийгөө анх Б.Батцоожтой ярьсан гэж байна. Гэтэл Б.Батцоожийг энэ хүн танихгүй. Бид бүгд нэг барилга дээр ажиллаж байгаад би Б.Батцоожид сантехникийн ажил байвал өгөөрэй гэж захисан. Та хоёрт сантехникийн ажлыг нь авч өгөөд гэрээ хийсэн. Хэрэв анхны ярьснаараа ашгаа хуваасан бол би 12 000 000 төгрөгөөс их ашиг хүртэх боломжтой байсан. Гэрч бүдэг бадаг тайлбарлаад байна. Хасуу мандал-тай 3 гэрээ хийсэн. Би анх гэрчтэй ярихдаа энэ гурван ажлыг хариуцаад хянаад явъя гэж тохироод улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг хамт ажиллаж байсан өөр хүмүүс ч гэрчилнэ. Хэн ч энд тэнд очиж үнэгүй ажил хийхгүй. Тэр үедээ тэгвэл яагаад 12 000 000 төгрөгөө авъя гэж маргаагүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 439.5-д заасныг баримтлан хариуцагч А.Б-эс 12 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, хариуцагч Т.Н-эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-эс 206 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б. Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Т.Н-эд 12 000 000 төгрөг зээлдүүлж, уг мөнгөө Т.Н-ээс гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүх хурал дээр хариуцагч нарын хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Ашиггүй ажиллах эсвэл ажил олж өгч чадахгүй бол уг мөнгийг буцаах талаар тохиролцоогүй байдаг. Би өөрийнхөө гүйцэтгэж байсан өндөр ашигтай ажлаа нэхэмжлэгч Б.Э-т өгч 12 000 000 төгрөгөөр хаасан. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Т.Н-, А.Б- нарт холбогдуулан 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э- нь ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн 5005709946 тоот дансаар дамжуулан хариуцагч Т.Н-ийн эзэмшлийн 5006464438 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Т.Н-ийн хувьд дээрх 12 000 000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан А.Б-д шилжүүлсэн нь тогтоогдсон тул шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, мөн тэдгээрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг бүхий тэмдэглэлүүд, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2162 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хариуцагч А.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын тухайн маргаантай эрх зүйн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь Хан-Уул дүүрэг, Нисэхийн спорт цогцолборын дэргэдэх барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд 21 дүгээр хорооллын барилгын сантехникийн ажлыг Б.Э- хийж гүйцэтгэсэн боловч уг барилгын ажлыг хариуцагч А.Б- зуучлан олж өгсөн, хамтран ажиллаж, улмаар ашиг орлогоо хуваахаар хэлэлцэж тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч А.Б-эс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, хариуцагч Т.Н-эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг 493 дугаар зүйлийн 439.5 дахь хэсэгт гэж алдаатай бичсэнийг залруулж өөрчлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02784 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 439.5 гэснийг 493.5 өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ