Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01177

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01177

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2431 дүгээр магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 77,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан кинотеатр бүхий барилгын 2-р давхрын шатны зүүн хажуу дахь 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хохиролд 77,713,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуугийн 100 м.кв талбайн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг ******* ХХК-д гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар ******* ХХК-аас 77,713,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,474,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 546,515 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,474,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2431 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020.11.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,474,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ...барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул ашиглалтад оруулах нь зүйтэй хэмээн дүгнэгдсэн... гэжээ. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг шууд улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул Бүрэн трейд девелопмент ХХК-тай 2019.08.29-ний өдөр БТД-ӨМГ003 дугаартай, 2019.09.09-ний өдөр БТД-ӨМГ005 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хүчитгэлийн ажил гүйцэтгүүлсэн болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллах үед хүчитгэлийн ажил хийгдсэн байсан тул улсын комисс тухайн ажлыг бүрэн хийсэн гэж дүгнэх нь зүйн хэрэг болно. Хариуцагч нь ...******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул Бүрэн трейд девелопмент ХХК-аар хүчитгэлийн ажил хийлгэсэн, хүчитгэлийн ажил бусдаар гүйцэтгүүлсэн тул төлбөр төлөх үндэслэлгүй. ******* ХХК нь гүйцэтгэж байсан ажлынхаа баримтуудыг өгөхгүй гэсэн, мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад гарын үсэг зурахгүй гэсэн тул аргагүй байдалд орж 2020.04.07-ны өдөр Нэмэлт гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан тул энэхүү баримтыг хүчин төгөлдөр бус ... гэж маргасан.

4.1 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тусгасан бөгөөд 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д .... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг ... хүлээнэ. гээд 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх тухай баримт байхгүй, доголдолгүй гүйцэтгэсэн эсэх тухай баримт байхгүй байхад төлбөр төлөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх, доголдолгүй гүйцэтгэсэн эсэхээ нотлоогүй болно.

4.2 Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ гээд 25.1.3-д гэрчээс мэдүүлэг авхуулах,... гэж заасан эрхийнхээ хүрээнд Бүрэн трейд девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Болорбатаас гэрчийн мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гээд 43.2-д Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна. гэж заасан байдаг. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д Дараах хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гээд 43.8.1-д үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч, 43.8.2-д иргэний эрх зүйн чадамжгүй этгээд гэж зааснаас харахад Бүрэн трейд девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Болорбатаас гэрчийн мэдүүлэг авч болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Талуудын маргааны гол зүйл нь нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжилсэн хариуцагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул засан сайжруулсан гэх утгаар маргасан. Бүрэн трейд девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болорбат нь талуудын маргаж буй ажлын гүйцэтгэл, түүний доголдлын талаар хамгийн сайн мэдэж байсан болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018.07.23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ... ажлын хөлсний 50 хувийг бартераар тохирсон. ...бартераар авах үйлчилгээний талбай өөрчлөгдөж кино театрын барилгын 2 давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбай болсон ... боловч олгоогүй гэж, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... ажлаа доголдолтой хийснээс ажлыг нь хүчитгэх, засан сайжруулах шаардлага бий болсон ... хүчитгэлийн ажлын зардал гарсан, ... 100 м.кв талбай олгох гэрээнд гарын үсэг зурахгүй бол улсын комиссын бүрэлдэхүүнд орохгүй гэсэн тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

 

7. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэгчид холбогдуулан 77,713,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг мөнгөн дүнг ажил гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажлын доголдлыг арилгуулахад гарсан зардал буюу энэ зорилгоор Бүрэн трейд девелопмент ХХК-тай байгуулсан гэрээний хөлс гэжээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа ... хэрэв доголдолтой байсан бол улсын комисс хүлээн авахгүй байх байсан, ... манайд хандаагүй, хандсан бол доголдлоо арилгуулах эрх нь нээлттэй байсан, ... Бүрэн трейд девелопмент ХХК-тай байгуулсан гэрээ бодитой хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн байна.

 

8. Анхан шатны шүүх маргаан бүхий талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа бартерын талаарх нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан нь тогтоогдоогүй, Бүрэн трейд девелопмент ХХК-аар ямар ажил гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй, ажлын хөлс төлсөн баримтгүй гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улмаар гэрчээр Т.Болорбатыг асуулгах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэсэн.

 

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд 2018.07.23-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. Улмаар талууд ажлын хөлсний 50 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын тухайд маргаагүй. Харин ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг доголдолтой гүйцэтгэсэн эсэх, төлбөрийн тохиролцооны зүйл болох ажлын гүйцэтгэлд төлөх бартерын зүйл өөрчлөгдсөн эсэх асуудлаар тус тус маргасан байх ба энэ нь үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тогтооход чухал ач холбогдол бүхий үйл баримтууд болжээ. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, үйл баримтыг нотлох баримтын хүрээнд тогтоон дүгнэлт өгөхдөө хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

10. Тодруулбал, бартерын зүйл өөрчлөгдөж 2020.04.07-ны өдөр ******* ХХК болон Өгөөмөр монгол групп ХХК нарын хооронд нэмэлт гэрээ байгуулагдан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгын 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайг ажлын хөлсөнд олгохоор заасан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаас үндэслэлгүй татгалзаж байсан учир аргагүйн эрхэнд гэрээнд гарын үсэг зурсан хэмээн маргасан. Гэвч нэхэмжлэгч нэгэнт доголдол гаргаагүй тул ажлын хөлсөө авах эрхтэй, хэрэв доголдолтой ажилласан бол эхлээд бидэнд хандах учиртай байсан гэж маргасныг улсын комиссын бүрэлдэхүүнд орохгүй байх шалтгаан үгүй гэх агуулгаар тайлбарласан гэж ойлгоно.

Ажлын үр дүн доголдолтой бол уг доголдлын талаар хуульд заасан тодорхой шаардах эрхийг захиалагч эдэлнэ. Доголдлын талаар захиалагчийн хэрэгжүүлэх эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т тодорхой заасан бөгөөд тус зүйлд заасан аль нэг шаардах эрхийг захиалагч эдлэхдээ эхний ээлжинд доголдлын талаар ажил гүйцэтгэгч талд мэдэгдсэн байх урьдчилсан нөхцөл үйлчилнэ. Ийнхүү мэдэгдсээр байхад гүйцэтгэгч доголдлыг засаагүй, эсхүл мэдэгдэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон бол захиалагч доголдлыг өөрөө арилгаж, зардлыг гаргуулах, доголдлын үнийн дүнгийн хэмжээгээр хөлсөө бууруулахыг шаардаж болно. Гэвч ийнхүү мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

11. Хариуцагч ******* ХХК хүчитгэлийн ажлыг хийлгэсэн хуулийн этгээд болох Бүрэн трейд девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болорбатыг гэрчээр асуулгах хүсэлтийг 2020.10.14-ний өдөр шүүхэд гаргаж, шүүх уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзахдаа Бүрэн трейд девелопмент ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаарх үйл баримтыг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэжээ. Доголдлыг арилгуулах талаар эхний ээлжинд ажил гүйцэтгэгч ******* ХХК-д хандаагүй шалтгаан тодорхойгүй, доголдлыг яагаад гүйцэтгэгчээр бус бусад этгээдээр арилгуулсан нь ойлгомжгүй байгаа үед Т.Болорбатыг гэрчээр асуух нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой бус. Энэ үндэслэлээр гэрч асуухаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

12. Хоёр шатны шүүх үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2431 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.25-ны өдөр төлсөн 1,474,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.