Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03567

 

 

 

 

 

2020 10 14

101/ШШ2020/03567

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  байрлах, Д ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 Ө м г ХХК /рд:0/-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 77,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь барилгын материал, барилгын угсралт, сантехник угсралт, хүргэлт агаар сэлгэлтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ө м г ХХК-тай барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээгээр Ө м г ХХК нь 0 давхрын парпедний ажлыг Монгол улсын хууль тогтоомж болон бусад холбогдох техникийн нөхцлийн дүрмийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Д ХХК болон Ө м г ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 07 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дах хэсэгт төлбөрийн нөхцөл нь 50 хувь нь бараа солилцоо байх ба гүйцэтгэгч нь захиалагч талын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 5 тоот хаягт баригдаж буй худалдаа үйлчилгээний барилгын 2 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий барааны дэлгүүрийн зориулалттай байр, зөрүү талбайг 6 давхарын 892 м.кв талбайг бартераар солилцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно. Бартераар авах үйлчилгээний зориулалттай талбайн 1 мкв-ын үнэ 2,500,000 төгрөг байхаар тохиролцсон. 2018 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэж дууссанаас хойш удаа дараа гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан төлбөрийг нэхэмжилсэн боловч удаа дараа хойшлуулсаар ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Д ХХК болон Ө м г ХХК-ийн нэмэлт гэрээгээр бартераар олгох хэсгийг Д ХХК, 0 м.кв талбайг олгохоор тохиролцсон. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны 2020/203 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гарснаар Улсын комисс хүлээн авсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бартерт ногдох 249,170,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулах, заагдсан хугацаанд барагдуулж чадахгүй бол 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн гэрээний дагуу баригдсан кино театрын барилга болох барилгаас 2 дугаар давхарын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайг олгохоор байсан боловч олгоогүй, шаардахаар өгөхгүй өдийг хүрсэн болно. Иймд 0 м.кв талбайн өмчлөгчөөр Д ХХК-ийг тогтоож, хариуцагч Ө м г ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө м г ХХК болон Д ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 6 дугаар зүйлд Гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхойлсон бөгөөд 6.1-д Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанар сайтай хийж гүйцэтгэнэ гээд 6.3-д Барилгын ажил ажилбаруудыг БНбД-д заагдсан хүлцэх алдааны хэмжээнээс хэтрүүлснээс үүдэн гарах дутагдлыг гүйцэтгэгч өөрөө засаж залруулна" гэж заасан. Гэвч гүйцэтгэгч Д ХХК нь ажлаа доголдолтой /алдаатай/ хийснээс шалтгаалан хийсэн ажлыг нь хүчитгэх буюу засан сайжруулах шаардлага гарснаар Ө м г ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д ХХК-ийн хийсэн ажлуудад хүчитгэлийн ажил хийлгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.14-д Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэж заасан. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж олгохоор Барилгын тухай хууль /БтХ-ийн 49.1/-Д заасан байна. Ө м г ХХК нь 0 давхар барилгаа ашиглалтад оруулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар тодорхойлогдсон байдаг. Уг бүрэлдэхүүнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл заавал байхаар тусгасан. Гэтэл гүйцэтгэсэн ажлын хөлсөнд барилгаас 100 м.кв талбай өгөх тухай гэрээ байгуулснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах эрх бүхий улсын комиссод ажиллана гэсэн. Хэрэв барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах эрх бүхий улсын комисс ажиллахгүй бол барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдохгүй, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдохгүй бол барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй, барилгад үйл ажиллагаа явуулахгүй бол компанийн хувьд санхүүгийн болон бусад эрсдэлд орох байсан тул аргагүйн эрхэнд тухайн гэрээнд ямар нэг зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурсан. Иймд Ө м г ХХК болон Д ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан талаар тухайн үед манай байгууллагын зүгээс Д ХХК-д мэдэгдээгүй. Уг доголдлыг арилгуулах талаар хүсэлт гаргаагүй. Учир нь барилгаа улсын комисст яаралтай хүлээлгэж, ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул гарсан доголдлыг нь өөр компаниар гүйцэтгүүлсэн. Нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан тул уг нэмэлт гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ө м г ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрүүдэд Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д ХХК-ийн хийсэн ажлуудад хүчитгэлийн ажил хийлгэсэн. Энэхүү хүчитгэлийн ажлын нийт зардал нь 77,713,000 төгрөг болсон. Ө м г ХХК болон Д" ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талд нөхөн төлөх үүрэпгэй. гэж заасан байна. Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, доголтойн улмаас уг доголдлыг нь арилгуулахын тулд 77,713,000 төгрөгөөр өөр компаниар гүйцэтгүүлж хохирсон. Иймд Д ХХК-аас 77,713,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани доголдолтой ажил гүйцэтгээгүй. Хэрвээ доголдолтой байсан бол барилгыг улсын комисс хүлээн авахгүй байсан. Манай гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан талаар Ө м г ХХК-иас нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Хэрвээ үнэхээр доголдол гарсан бол манайд мэдэгдэж, тухайн гарсан доголдлыг арилгуулах эрх нь нээлттэй байсан. Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх боловч уг гэрээ нь бодитоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. Уг компанид 77,713,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн талаархи баримтгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ө м г ХХК-д холбогдуулан 0 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 77,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй худалдаа, үйлчилгээний зориулалттай 9 давхар бүхий барилгын араг бүтээцийн угсралтын ажлыг ажиллах хүчний зардлаар хэв хашмалын хамт чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, Ө м г ХХК нь нийт 1,178,970,000 төгрөг төлөх, үүнээс төлбөрийн 50 хувь 589,485,000 төгрөгийг бэлнээр, 50 хувь болох 589,485,000 төгрөгт тооцож гэрээний зүйл болох барилгаас 2 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий барааны дэлгүүрийн зориулалттай байр, 6 давхарын 892 м.кв талбайг тус тус бартерийн зүйлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Гэрээний талууд дээрх гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 249,170,000 төгрөг байгааг тодорхойлж, уг төлбөрт тооцон Ө м г ХХК нь 0 м.кв талбайг 2020 оны 06 дугаар 07-ны өдрийн дотор Д ХХК-д шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй худалдаа, үйлчилгээний зориулалттай 9 давхар бүхий барилгын араг бүтээцийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь талаар талуудын тайлбар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/203 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Хариуцагч Ө м г ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй худалдаа, үйлчилгээний зориулалттай 9 давхар бүхий барилгын араг бүтээцийн угсралтын ажлыг нэхэмжлэгч Д ХХК-ийг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй.

Харин 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан тул гэрээний үлдэгдэл төлбөрт тооцсон 100 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж маргасан.

Хариуцагч Ө м г ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээ ...барилгыг улсын комисс хүлээн авах үед гүйцэтгэсэн ажлын тайлангаа өгөхгүй байсан. Бид ажлаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд аргагүй эрхэнд нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан.

Талуудын маргааны зүйл болох барилгыг улсын комисс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан байх ба уг дүгнэлтэд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажилласан болох нь тусгагдсан байна. Үүнээс үзэхэд улсын комисс барилга байгууламж дээр ажиллаж эхлэхээс өмнө талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлэх замаар тогтоож, төлбөрт тооцон 100 м.кв талбайг шилжүүлэх талаар харилцан тохиролцож нэмэлт гэрээг байгуулжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хариуцагч нь нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээнд Ө м г ХХК-ийн компанийн захирал Б.У-ын нэрийг бичихдээ техникийн алдаа гаргаж, Б.У гэж бичсэн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болох хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан.

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг 249,170,000 төгрөг үлдсэн талаар тооцоо нийлж, уг төлбөрт тооцож 0 м.кв талбайг Ө м г ХХК-иас Д ХХК-д шилжүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээпэп хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөх эрхийг барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр олж авах эрх үүсчээ.

Иймд захиалагч Ө м г ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл болох 0 м.кв талбайг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д ХХК-ийн 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Талуудын байгуулсан нэмэлт гэрээгээр ...холбогдох бичиг баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт Үүргийн агуулга шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж зааснаар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах нэмэлт үүргийг хариуцагч Ө м г ХХК-д ногдуулсан байна. Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг Д ХХК-д гаргаж өгөхийг Ө м г ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр эхлүүлэх, 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ийг захиалагчийн эрхэд хамааруулсан байна.

Захиалагч Ө м г ХХК нь гүйцэтгэвэл зохих үүргээ чанарын доголдолтой гүйцэтгэсэн талаар гүйцэтгэгч Д ХХК-д мэдэгдэж, доголдолтой гүйцэтгэсэнтэй холбоотойгоор доголдлыг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ажлын үр дүнг доголдолтой талаар гүйцэтгэгчид мэдэгдээгүй, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэгчээр засан сайжруулах талаар хандаагүй гэж тайлбарласан. Иймд гүйцэтгэгч Д ХХК-ийг ажлын үр дүнг доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар бичгийн нотлох баримтгүй байна.

Нөгөө талаар, хариуцагч Ө м г ХХК нь Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй худалдаа, үйлчилгээний зориулалттай 9 давхар бүхий барилгын ажлын доголдлыг арилгуулсан гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.

Хариуцагч Ө м г ХХК-ийн Бүрэн трейд девелопмент ХХК-тай байгуулсан гэрээгээр 9 давхар худалдааны төвийн хүчитгэлийн ажлыг гэрээний хавсралт №1, №2-т заасны дагуу гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. Уг гэрээнээс үзэхэд талуудын маргааны зүйл болох барилгын талбайд хүчитгэлийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон байна. Гэвч хариуцагч нь гэрээний хавсралт №1, №2- гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгөөгүй тул Бүрэн трейд девелопмент ХХК-иар барилгын ямар ажил гүйцэтгүүлсэн болох нь тодорхойгүй байна.

Ө м г ХХК нь барилгын ажлын доголдолтой гэх ямар ажлын үр дүнг ямар хэмжээнд бусдаар засан сайжруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн дээр Бүрэн трейд девелопмент ХХК-д 77,713,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн талаархи баримтгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан 77,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0 м.кв талбайн өмчлөгчөөр Д ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг Д ХХК-д гаргаж өгөхийг Ө м г ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар Д ХХК-иас 77,713,000 төгрөг гаргуулах тухай Ө м г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,474,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 546,515 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,474,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ