Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02431

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Ө М Г ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 77 713 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 07 сарын 23-ны өдөр барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч компани нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорьтой, 10 давхар кинотеатр бүхий худалдаа үйлчилгээний энтертайнмент төв, В1 давхартаа 32 машины зогсоолтой 9 давхар үйлчилгээний барилгын цутгамал ханатай 5-9 давхар болон техникийн давхрын араг бүтээцийн угсралтын ажил, 5-8 дугаар давхар 1 670 м.кв, 4, 9 давхар 1 410 м.кв, техникийн давхар 797 м.кв ба нийт 9 069 м.кв, 8-10 давхрын парпедний ажлыг Монгол улсын хууль тогтоомж болон бусад холбогдох техникийн нөхцөлийн дүрмийн дагуу хийж гүйцэтгэсэн болно. Дээрх гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн 50 хувь нь бараа солилцоо байх ба гүйцэтгэгч нь захиалагч талын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 5 тоот хаягт баригдаж буй худалдаа үйлчилгээний барилгын 2 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий барааны дэлгүүрийн зориулалттай байр, зөрүү талбайг 6 давхрын 892 м.кв талбайг бартераар солилцох нөхцөлийг тохирсон. Бартераар авах үйлчилгээний зориулалттай талбайн 1 м.кв-ын үнэ 2 500 000 төгрөг байхаар тохирсон.

2018 оны 12 сард ажил гүйцэтгэж дууссанаас хойш удаа дараа гэрээний 5.1 дэх хэсэгт заасан төлбөрийг нэхэмжилсэн боловч хойшлуулсаар ирсэн. 2020 оны 04 сарын 07-ны өдөр талуудын нэмэлт гэрээгээр бартераар олгох хэсгийг нэхэмжлэгч компани, Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилга болох барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайг олгохоор тохиролцсон. 2020 оны 04 сарын 28-ны 2020/203 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар Улсын комисс хүлээн авсан бөгөөд 2020 оны 04 сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2020 оны 06 сарын 07-ны өдрийн дотор бартерт ногдох 249 170 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулах, заагдсан хугацаанд барагдуулж чадахгүй бол 2018 оны 07 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу баригдсан кино театрын барилга болох барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайг олгохоор байсан боловч олгоогүй, шаардахаар өгөхгүй өдийг хүрсэн болно.

Иймд Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилга болох барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөгчөөр Д ХХК-ийг тогтоож, хариуцагч Ө М Г ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 6-д гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхойлсон бөгөөд 6.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанар сайтай хийж гүйцэтгэнэ, 6.3-д барилгын ажил ажилбаруудыг БНБД-д заагдсан хүлцэх алдааны хэмжээнээс хэтрүүлснээс үүдэн гарах дутагдлыг гүйцэтгэгч өөрөө засаж залруулна гэж заасан. Гэвч гүйцэтгэгч нь ажлаа доголдолтой /алдаатай/ хийснээс шалтгаалан хийсэн ажлыг нь хүчитгэх буюу засан сайжруулах шаардлага гарснаар Ө М Г ХХК нь 2019 оны 08 сарын 29-ний өдөр, 2019 оны 09 сарын 09-ний өдрүүдэд Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д ХХК-ийн хийсэн ажлуудад хүчитгэлийн ажил хийлгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.14-д Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэж заасан. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж олгохоор Барилгын тухай хууль /БтХ-ийн 49.1/-Д заасан байна. Ө М Г ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан зоорьтой 10 давхар барилгаа ашиглалтад оруулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар тодорхойлогдсон байдаг. Уг бүрэлдэхүүнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл заавал байхаар тусгасан. Гэтэл гүйцэтгэсэн ажлын хөлсөнд барилгаас 100 м.кв талбай өгөх тухай гэрээ байгуулснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах эрх бүхий улсын комисст ажиллана гэсэн. Хэрэв барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах эрх бүхий улсын комисс ажиллахгүй бол барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдохгүй, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдохгүй бол барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй, барилгад үйл ажиллагаа явуулахгүй бол компанийн хувьд санхүүгийн болон бусад эрсдэлд орох байсан тул аргагүйн эрхэнд тухайн гэрээнд ямар нэг зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 07-ны өдрийн Нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан талаар тухайн үед мэдэгдээгүй. Уг доголдлыг арилгуулах талаар хүсэлт гаргаагүй. Учир нь барилгыг улсын комисст яаралтай хүлээлгэж, ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул гарсан доголдлыг нь өөр компаниар гүйцэтгүүлсэн. Нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан тул уг нэмэлт гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ө М Г ХХК нь 2019 оны 08 сарын 29-ний өдөр, 2019 оны 09 сарын 09-ны өдрүүдэд Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д ХХК-ийн хийсэн ажлуудад хүчитгэлийн ажил хийлгэсэн. Энэхүү хүчитгэлийн ажлын нийт зардал нь 77 713 000 төгрөг болсон. Талуудын хооронд 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд Д ХХК-аас 77 713 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани доголдолтой ажил гүйцэтгээгүй. Хэрвээ доголдолтой байсан бол барилгыг улсын комисс хүлээн авахгүй байсан. Гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан талаар хариуцагчаас мэдэгдэж байгаагүй. Доголдол гарсан бол манайд мэдэгдэж, тухайн гарсан доголдлыг арилгуулах эрх нь нээлттэй байсан. Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх боловч уг гэрээ нь бодитоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. Тус компанид 77 713 000 төгрөгийн ажлын хөлс төлсөн талаарх баримтгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан кино театрын барилгаас 2 дугаар давхрын шатны зүүн хажуудах 100 м.кв талбайн өмчлөгчөөр Д ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг Д ХХК-д гаргаж өгөхийг Ө М Г ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар Д ХХК-аас 77 713 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 474 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 546 515 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 474 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж заасан байна. Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан бөгөөд доголдлыг засан сайжруулсны дараа буюу 2020 оны 04 сарын 09-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ыг ажиллуулсан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...барилгыг улсын комисс хүлээн авах үед гүйцэтгэсэн ажлын тайлангаа өгөхгүй байсан... гэх тайлбарыг өгөөгүй болно. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ын 2.5-д Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хавсаргах бөгөөд уг баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зааврын дагуу хөтөлж бүрдүүлсэн байна. гэж уг дүрмийн 3.1-д Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараах арга хэмжээ авна гээд 3.1.1-д Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахдаа барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт зэргийг хавсарган хүргүүлдэг бөгөөд эдгээрийг ирүүлсэн тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулагдан ажилладаг байхад үйл явдал болж өнгөрсөн цаг хугацааны хувьд шүүх буруу дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Захиалагч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд кино театрын барилга баригдаж буй хашаанд байрладаг, гүйцэтгэгч Д ХХК-тай нэг хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа тул доголдол арилгах шаардлагыг амаар удаа дараа хэлсэн гэдэг тайлбар хэлсэн бөгөөд гүйцэтгэгчид мэдэгдээгүй, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэгчээр засан сайжруулах талаар хандаагүй гэж хэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25'.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ гээд 25.1.3-д гэрчээс мэдүүлэг авхуулах... гэж заасан эрхийнхээ хүрээнд Бүрэн трейд девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Болорбатыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43 дугаар зүйлийн 43.8, 43.8.1, 43.8.2-д тус тус зааснаас үзэхэд Бүрэн трейд девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болорбатаас гэрчийн мэдүүлэг авч болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Талуудын маргааны гол зүйл нь нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжилсэн хариуцагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул засан сайжруулсан гэх утгаар маргасан. Бүрэн трейд девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болорбат нь талуудын маргаж буй ажлын гүйцэтгэл, түүний доголдлын талаар хамгийн сайн мэдэж байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ө М Г ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан кинотеатр бүхий барилгын 2-р давхрын шатны зүүн хажуу дахь 100 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хохиролд 77 713 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ. /хх 1-2, 29, 49-50, 85-93/

 

Талууд 2018 оны 07 сарын 23-ны өдөр Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Д ХХК нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын араг бүтээцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, Ө М Г ХХК нь нийт ажлын хөлс 1 178 970 000 төгрөг төлөх, үүний 50 хувийг бартераар төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсоныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв дүгнэн, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ хэмээн тооцсон нь үндэслэлтэй. /хх 5-9/

 

Улмаар талууд дээрх гэрээний ажлын хөлсний зарим хэсгийг бартераар төлөх нөхцөлийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 оны 04 сарын 07-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулж, захиалагч Ө М Г ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 249,170,000 төгрөгт Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан кино театр бүхий барилгын 2-р давхрын шатны зүүн хажуу дахь 100 м.кв талбайг тооцож ажил гүйцэтгэгч Д ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх үүргийг хүлээжээ. /хх 10/ Өөрөөр хэлбэл гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцооны үлдэгдлийг хэрхэн дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 04 сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 11-13/-д барилгын ажлын гүйцэтгэгчээр Д ХХК тусгагдсан, барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул ашиглалтад оруулах нь зүйтэй хэмээн дүгнэгдсэн байхаас гадна гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, уг доголдлыг арилгуулахаар захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд гомдол гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн Нэмэлт гэрээ-г хүч хэрэглэн хийсэн, аргагүй байдалд орж хийсэн гэх хариуцагчийн татгалзал мөн баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн 37-42, 43-48-р талд авагдсан Ө М Г ХХК, Бүрэн трэйд девелопмент ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ээр нэхэмжлэгч Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж үзэх боломжгүй, Бүрэн трэйд девелопмент ХХК-ийн захирал Т.Болорбатыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч Ө М Г ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 11 сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 474 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР