Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2020/00487/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж       ... тоотод оршин суух ... овогт Д.Х /РД:..., утас:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт А.А /РД:..., утас:.../-д холбогдох,

 

"... Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, гуравдагч этгээд Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Д.Х нь 1991 онд “Ахмадын мөнх цаст” хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадууд бидний цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллаж ирсэн. Миний бие өөрийн эх С төрсөн эгч Б-ийн өргөж авсан охин Ц-ийн охин болох А.А-ыг 2008 онд Улаанбаатар хотод ажилгүй, орох оронгүй, ядарч явахад нь амьдралд нь туслаж дэмжихээр хажуудаа авсан юм. 2017 онд би тархиндаа тал цус харваж, 2018 онд хөлөө гэмтээснээр хүний асаргаанд байх зайлшгүй шаардлагатай болсон ба тус ондоо “Ахмадын мөнх цаст” хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн. Түүнээс хойш А.А надад “Таны үр хүүхэд, ач, зээ нар таныг хаясан, одоо надаас өөр таныг харж хандах хүн байхгүй” гэж удаа дараа хэлж, шахаж шаардсаар байгаад миний Дархан-Уул аймаг, Дархан сум            ... баг, ... гудамж, ... тоот 349.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрыг тус тус 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар түүний нэр дээр шилжсэнээс хойш А.А нь надтай муухай харьцах нь улам бүр нэмэгдсэн төдийгүй миний үр хүүхэд над дээр ирэхэд түүнийг хөөж, муухай аашилсан. А.А-ын урьд гаргаж байсан сайхан зан харьцаа нь байшин, газрыг өөрийнх болгох санаа зорилготой байсан бөгөөд миний урьд өгсөн газрыг бусдад худалдсан, түүнийгээ надаас нууж худал хэлснийг би сая мэдсэн. Түүнчлэн миний үр хүүхэд бэлэглэлийн гэрээгээр байшин газраа А.А-д шилжүүлэн өгсөн талаар тодруулахаар А.А-аас асуухад “Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн.” гэж худал хэлсэн байна. Иймд тус бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум ... баг, ... гудамж, ... тоот 349.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрыг миний өмчлөлд буцааж өгнө үү.” гэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” шаардлагадаа:

            “Миний эмээ Д.Х нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум,           ... баг, ... гудамж, ... тоот 349.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 805.0 м.кв газрыг 2019 оны 10 сарын 28-ны өдөр өөрийг нь асарч байсан А.А-д бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн өгсөн байдаг. Бид эмээгээ 2020 оны 03 сарын 01-ний өдөр өөр дээрээ авсан бөгөөд түүнийг дэргэдээ авахад байдал хүнд, өөрийн хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй, сэтгэл санаа тогтворгүй, зарим зүйлийг мартаж, санах зэрэг бие болон сэтгэлийн маш хүнд дарамтанд амьдарч ирсэн мэт байсан. Одоо эмээгийн бие дээрдэж байгаа бөгөөд өөрийн /Ахмадын мөнх цаст хоршооны/ үл хөдлөх эд хөрөнгийг А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснөө ойлгохгүй, “Тийм зүйл байх учиргүй, А.А хуурч, буруу ойлголт төрүүлж бэлэглэлийн гэрээ хийж авсан.” гэж тайлбарладаг бөгөөд эмээ маань өөрөө хоршооны тодорхой нэр бүхий гишүүдэд хуваан өгөх хүсэлтэй байгаа билээ. Миний бие эмээгээ авахдаа А.А-д “Хоршооны газар, байшинг эмээг амьд байхад битгий зараарай, дараа нь бол та өөрөө мэддээ” гэхэд “Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн, би өөрийнхөө өмч хөрөнгийг яахаа өөрөө мэднэ.” гэж хэлсэн. Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг улсаас өгсөн биш харин эмээгийн маань эрүүл мэндийн байдал хүнд, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн авсан байдаг. Иймд 2019 оны 10 сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... гудамж, ... тоот 805.0 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, 349.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Х-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэмэлт тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би анх Улаанбаатар хотод дотоодын шүдний эмнэлэгт 2006 онд ажиллаж байгаад 2007 онд амралтаа аваад ирэхэд Х эгч, Н эгч 2 аавыг очиж гахайчин тахиачин хийж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 12 сард надруу утасдаад дулаан байхгүй, хувцас авчирч өгөөч гэсэн. Ингээд нөхөр бид 2 шүүр энэ тэрийг янзлаад өгсөн. Тэгээд манай эмч надад замын зардал 20,000 төгрөг өгөөд явуулсан байсан. 2015 онд Х.Б-ийн аав нь Д.Х гуайн хүү нь нас барсан. 2013 оноос эхлүүлээд надад өгнө гэсэн яриа байдаг байсан. 2016 онд гишүүд хувааж авна гэж ярьж байсан. 2017 онд би энэ газрыг авахаар явсан. Ингээд Н гэдэг дүүг нь хотоос авчруулсан. Тэр дүү нь хуурамч итгэмжлэл хийлгээд авсан байсан. Тухайн үед Д.Х гуай цоо эрүүл ухаантай байсан. Э, М гэдэг хүмүүс нийлж хуурамчаар итгэмжлэл үйлдсэн байсан. Н намайг зодлоо гээд хөөгдөөд хүүгээр нь хүргүүлж ирсэн байсан. Тэгээд би шинэ шөл чанаад гэдэс ид гээд хэлэхэд таяггүй явж байгаад халтирч унаад хөлөө гэмтээсэн. Энэ хүнийг эмнэлэгт хэвтүүлэх гэтэл хөгшин хүн авахгүй гээд би гэрээрээ асардаг байсан. Бид 2 хамтдаа хоршоог татан буулгах асуудлаар 2-3 удаа яваад нилээн удсан. Тэгээд итгэмжлэл хийлгэсэн хүндээ өгөхгүй юм уу гээд холбогдох хүмүүс нь асуухад миний өвгөн болон намайг асардаг байсан энэ хүнд өгнө гэсэн. 2019 оны 10 сарын 31 хүртэл ухаан санаа нь сэргэг байсан. Х.Б-г авч яван явтал зүгээр л байсан. Би хууран залилж, мэхэлсэн зүйл байхгүй. Өөрөө л надад өгнө гээд байсан. Хамгийн анх өндөр насны зөвлөл гэж нээгдсэн юм билээ. 1995 онд Жаргхалан гэж хоршоо, 1996 Мөнхцаст хоршоо нээсэн. Тэгээд албан газрын акталсан хөрөнгийг авч босгосон юм билээ. Энэ 7 гишүүн байна гээд байна, хоршоо бол байнга өөрчлөгдөж байдаг. Хагмийн сүүлийн дүрэм 2013 онд өөрчлөгдсөн. Түүн дээр 10 хүн байсан, 4 хүн нас барсан. 6 хүн бий. Х Б гишүүдээр сонгох гэхэд тусдаа ажилтай гээд Я гуай болгохгүй гэж байсан. Би, Я, Я, Ц, Т гээд 6 хүн байна. Энэ бол зөвөөр шийдэж ирсэн. Хуулиар яваад надад зөвөөр ирсэн. Би хувь өгнө гэж хэлж байсан, өөрөө ч тэгж байсан. Х гуай ухаан санаа нь хачин байсан бол нотариатч шилжүүлэхгүй байсан. Өөрөө л надад өгнө залуу гишүүн, намайг олон жил асарсан гэж хэлж өгсөн.

Надад өгөхөд нь сэтгэлийн сайханаар хандаад өгч байна даа гэж бодоод харж хандаж байсан. Үүнийг өгөхөд буруудаад байхгүй, надаас өчнөөн зардал гарсан. Энэ мөнгийг өгчихвөл, буцааж өгөхөд буруудах зүйл байхгүй. Зөв шийдүүлэх хүсэлтэй. Энэ бол миний нэр дээр байгаа, алсдаа үүнийг хуваана.” гэв.

 

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан шаардлагадаа:  

 “Ахмадын мөнх цаст” хоршооны гишүүн Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарын нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Х нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Х нь 1991 онд “Ахмадын Мөнх цаст” хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадуудын цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллуулж ирсэн. 2018 онд “Ахмадын мөнх цаст” хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн.” гэж бичжээ. Д.Х-ийн өмчлөлд ирсэн гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах 349.0 мкв талбай бүхий 9,388,300 төгрөгөөр тухайн үнэлэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... баг, ... гудамжны ... тоотод байршилтай 1906 м.кв буюу /0,2 га/ эзэмших эрхтэй газар нь Д.Х-ийн өмч биш харин “Ахмадын мөнх цаст” хоршооны өмч юм.

Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг нэгтгэж тэднийг ажил орлоготой байлгах зорилгоор Дархан хотын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны /хуучин нэрээр/ 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 47-р захирамжаар “Өндөр настны зөвлөл” нэртэй анх байгуулагдсан бөгөөд уг зөвлөл нь улмаар “Ахмадын мөнх цаст” хоршоо болон өргөжин зохион байгуулагдаж 70 гаруй ахмад настныг ажлаар хангаж оёдол, мужаан, гар урлал зэрэг ажлыг хамтран хийж зохих хэмжээний цалин орлого олгож ажиллаж байсан байна. Энэ хоршоо нь 40 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа 7 даргын нүүр үзэж, ихэнх гишүүд нь хорвоогийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж 2018 онд татан буугдах үед нь тус хоршооны гишүүн 9 хүн үлдсэн байдаг. “Ахмадын мөнх цаст” хоршоо нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан бөгөөд ийнхүү татан буугдах үед хоршооны хөрөнгө болох барилга, газрын талаар гишүүдийн дунд маргаан үүсэж тус хоршооны нэр дээр 2001 оны 9 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 349.0 мкв талбай бүхий барилга, 1906 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хоршооны гишүүд худалдан борлуулж тэнцүү хэмжээтэй хувааж авах талаар тохиролцох хүсэлтэй байсан боловч хоршооны дарга Д.Х нь зөвшөөрөхгүй байснаар шүүхэд удаа дараа хандаж байсан боловч буцаагдаж байсан байна. Гэтэл “Ахмадын мөнх цаст” хоршооны дарга байсан Д.Х хоршооны гишүүдийн зөвшөөрлийг авалгүй нууцаар, хууль бус аргаар дээрх хоршооны хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж улмаар өөрийн хамаатны дүү А.А-ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг хоршооны дээр нэр дурдсан 7 гишүүн Д.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэж өөрсдийн өмчлөх эрхийг хамгаалуулахаар энэхүү иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор шийдэж өөрсдийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч З.Э надад олгосон болно.

“Ахмадын мөнх цаст” хоршооны гишүүн дээрх 7 этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан “Ахмадын мөнх цаст” хоршооны гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ... баг, ... гудамжны ... тоотод байршилтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 349.0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..., ... гудамжны ... тоотод байршилтай 805 м.кв талбай бүхий гэр орон сууцны хашааны газрын эзэмших эрхийг А.А-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүд А.А-ын нэр дээр улсын бүртгэлийн ... дугаарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Э-... дугаарт 2020 оны 01 сарын 08-ны өдөр бүртгэсэн Иргэний газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцож дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамтран өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. “Ахмадын мөнх цаст” хоршоо нь Д.Х-г дарга болохоос өмнө 2 га гаруй газар эзэмших, 8 тооны барилга байгууламж, мал аж ахуйтай, Зил-130 маркийн машин 2, Газ-53 машин 1, Трактор 2, мужааны тоног төхөөрөмжтэй цехтэй, оёдолын олон тооны машинтай цехтэй бусад аж ахуй эрхэлхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмжтэй орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллаж байсан бөгөөд Д.Х нь дарга болсноос хойш хоршооны эзэмшил газрыг гишүүдийн зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа бусдад зарж борлуулж хувьдаа ашиг олж байсан бусад эд хөрөнгийг өөрийн үзэмжээр зарж үрж татан буугдах үед үлдсэн барилга, газрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул энэ хоршоонд олон шил ажиллаж хувь нэмэрээ оруулсан гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул дээрх бие даасан шаардлагыг гаргаж байгаа болно.” гэжээ.

 

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Олон дахин ярих шаардлагагүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ хөрөнгө нь 2001 онд ахмадын Мөнх цас хоршооны нэр дээр бүртгэгдсэн байдаг. Улсын бүртгэлд байгаа материалд хийсэн үзлэгт нь оролцож, хуудас хуудсаар нь хоршооны хөрөнгийн материалыг би үдсэн юм. Хоршооны үл хөдлөх хөрөнгө болон газар нь Мөнх цаст хоршооны нэр дээр бүртгэлтэй байсан ба 2019 онд Д.Х-гийн нэр дээр шилжихдээ хууль зөрчиж, шилжсэн байдаг. Уг хоршооны хөрөнгийг авахдаа бусад 9 гишүүнээс Д.Х-д хөрөнгийг өгнө гэсэн хүсэлтийг авалгүй, н.Я, н.Т нарын хүсэлтээр шилжүүлсэн байдаг. Гэтэл бусад 6 гишүүний зөвшөөрлийг аваагүй хэрнэ ямар журмаар хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь тодорхойгүй, тэр талаар баримт байгаагүй. Үл хөдлөх хөрөнгө болоод газар нь Д.Х-ийн нэр дээр шилжихдээ хуульд заасны дагуу шилжээгүй, хэлцэл хийгээгүй үндэслэлгүйгээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн гэдэг нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн юм. Д.Х гэдэг хүн анх хоршоог удирдахад газрын хэмжээ нь 1500 мкв байсан, одоо 800 мкв үлдсэн бөгөөд Д.Х нь дур мэдэн хоршооны газрын талыг нь худалдаж, өөртөө ашигласан байдаг. Хоршооны хувьд дарга нь давуу эрх эдлэхгүй байдаг. Хоршооны тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хоршооны хөрөнгийг хоршооны бусад гишүүдэд хуваарилдаг. Хоршооны тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг үндэслэн, хоршоо татан буугдахад үлдсэн эд хөрөнгийг хуваарилна гэж заасан байгаа. Хоршооны нийт 9 гишүүн тэгш хувааж авах ёстой байдаг. Хоршооны эд хөрөнгийг анхны нь бүртгэлтэй байсан Мөнх цас хоршооны нэр дээрх бүртгэлийг сэргээе гэсэн агуулга бүхий 7 хүний нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. А.А, Д.Х нарын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулъя, бүх гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хөрөнгийн өмчлөлийг Д.Х-ийн нэр дээр шилжүүлж, Хоршооны тухай хуулийн 38-40 дүгээр зүйлд зааснаар хоршоо татан буугдах ажиллагаа хийгдэж, улсын бүртгэлээс хасагдаж, Д.Х-ийн нэр дээр шилжсэн байсан. Харин Д.Х-ийн нэр дээрээс шилжүүлсэн ажиллагааг А.А н.Б оролцоотой хийсэн бөгөөд Хоршооны тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар татан буулгах шийдвэр гарснаар, хоршоог татан буулгах комисс томилогдож хоршооны хөрөнгийг хуваах ажиллагаа хийх ёстой боловч хоршоог татан буулгах комисс байгуулаагүй, шууд Д.Х-ийн нэр дээр шилжүүлж, бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хоршоо татан буугдахад Д.Х-ийн нэр дээр шилжсэн байсан тул Д.Х-ийн нэр дээр шилжүүлж, манай тал 45 хувийг авч үлдэх хэсгийг хариуцагч нар хэрхэн хуваарилах нь өөрсдийнх нь асуудал, энэ тохиролцоогоор хөрөнгийг хувааж болно” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.А нь худал хэлж хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь 2013 оноос хойш манай эмээ А.А гэдэг хүнд хоршооны хөрөнгийг шилжүүлж өгнө гэж ярьсан, тийм хүсэл зориг байсан гэдэг талаар ярьсан байдаг. А.А нь Д.Х-г төөрөгдүүлж, худал хэлж хөрөнгийг шилжүүлж авсан гэж үзэж байгаа бол энэ талаар нотлох баримтыг тайлбар өгч байгаа тал өөрөө гаргаж өгөх ёстой. Хэргийн материалд тийм нотлох баримт байхгүй тул хоршооны хөрөнгийг А.А-ын нэр дээр байлгах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х “Д.Х-оос А.Ад үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... гудамж, ... тоот 805.0 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, 349.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Х-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ахмадын мөнх цаст” хоршооны 2003008636 дугаартай 349 м2 үл хөдлөх хөрөнгө, 805 м2 бүхий гэр орон сууц хашааны газрын эрхийг, бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү.”  гэжээ.

Шүүх хуралдаанаар дараах үйл явдал, нотлох баримтыг тогтоов.

 

Нэхэмжлэгч Д.Х нь ... регистрийн дугаартай “Ахмадын мөнх цаст” хоршооны дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байсан бөгөөд уг хоршоо гишүүдийн хүсэлтээр татан буугдаж, энэ тухай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, улсын бүртгэлд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 200 дугаар хуудас ар тал, 229-230, 238, 239, 240 дүгээр хуудас/

Тухайн хоршооны хөрөнгө болох / 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр /  хуулийн этгээдийн төлөөлөгч Д.Х-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Дархан сум... дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга,  805 м.кв  газар  зэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гишүүн Я /хэргийн 1 дүгээр хавтас 198 дугаар хуудас/ гишүүн Т-ийн гаргасан /хэргийн 1 дүгээр хавтас 199 дүгээр хуудас/ өргөдлөөр Д.Х-ийн нэр дээр зориулалтыг өөрчилж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас 193 дугаар хуудас/, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ / хэргийн 1 дүгээр хавтас 191 дүгээр хуудас / тус тус олгожээ.

            Д.Х маргааны зүйл болж байгаа үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.А-д шилжүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 187-196 дугаар хуудас/

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж хуульчилжээ.

... регистрийн дугаартай “Ахмадын мөнх цаст” хоршооны 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинэчилсэн дүрмийн 61.1-д хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг Татан буулгах комиссын саналаар бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэхээр, хоршооны тэргүүлэгчдээр Д.Х, Д.Я, Г.Т нарыг томилжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 241-254 дүгээр хуудас/

А.Ад бэлэглэлийн гэрээгээр шилжсэн хөрөнгийг хариуцагч А.А “хоршооны отгон гишүүн, өөрийг нь асарч байсны хувьд надад өгнө гэхээр нь авсан, авья гэж аваагүй, энэ талаар бусад гишүүдэд хэлсэн” гэж  шүүх  хуралдаанд тайлбарлаж “гишүүдэд хуваахад татгалзах зүйлгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б “эмээ А.А-ыг тухайн байранд амьдарч бай гэсэн болохоос  шилжүүлж өгөөгүй, тэр үед хөлөө хугалж бие нь муу байснаас гэрээ хйисэн, үр дагаварыг мэдээгүй, одоо хөрөнгийг буцаан авч хөрөнгө аваагүй гишүүдэд хувааж өгөх юмуу улсад эргүүлж өгнө.” гэж тайлбарлаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч 7 гишүүнийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно.” гэжээ.

Шүүх дээрх үйл явдал, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлав. 

“Ахмадын мөнх цаст” хоршоог татан буулгах үед бүртгэлтэй байсан гэх маргааны зүйл болж байгаа Дархан сум 7 дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар зэргийг нэхэмжлэгч Д.Х-ийн нэр дээр шилжүүлэхдээ Хоршооны хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд энэ талаар гаргаж байгаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлтэй байна.

Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ гээд мөн хуулийн 8.1. Хоршооны эд хөрөнгө  нь гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө, дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар; хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө; бэлэглэсэн, хандивласан хөрөнгө , хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгөнөөс бүрдэх бөгөөд хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байна гэжээ.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.10-т хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1. Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр, мөн хуулийн 47.1. Хоршооны харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хувь хэмжээг тогтоон гишүүдэд хоршооны үлдсэн эд хөрөнгийг хуваарилах мөн хуулийн 48.1. Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэхийг хоршооны дүрэмд тусгайлан заагаагүй бол уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлэхээр байжээ.

Дээрх хуулийн заалт болон дүрэмд заасан ажиллагааг хийхгүйгээр хоршооны дарга байсан Д.Х-д хөрөнгийг шилжүүлсэн, А.А гишүүний хувьд  хоршооны хөрөнгийг өөрт шилжүүлж буйг мэдэж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргаан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Д.Х-оос бэлэг хүлээн авагч А.А-д Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.1-д зааснаар эрхийн зөрчилгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 27,  42 дугаар хуудас/

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3436 тоот “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Т.Я-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А, Д.Х нарт холбогдох  “Ахмадын мөнх цаст” хоршооны үл хөдлөх хөрөнгө, газар, конторын барилгыг хууль дүрмийн дагуу гишүүн бүрт хуваарилуулах тухай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд гишүүдийг  хамтран эзэмшичгээр бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан байна.

Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг хаагаагүй бөгөөд, хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа” гэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 29.3. Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 29.5-т Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Харин Хоршооны тухай хуулийн 23.4.10-т зааснаар “Ахмадын мөнх цаст” хоршоо татан буугдсан, энэ талаар улсын бүртгэл бүртгүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд “Ахмадын мөнх цаст” хоршооноос Д.Х-д Дархан сум ... дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв  газар зэргийг шилжүүлсэн үйлдэл нь  хууль зөрчсөн  тул Д.Х-оос А.А-д Дархан сум 7 дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар  зэргийг шилжүүлсэн  2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн бэлэглэлийн  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцов.

Хоршооны тухай хуулийн 23.4.10-т зааснаар “Ахмадын мөнх цаст” хоршоо татан буугдсан, энэ талаар улсын бүртгэл бүртгүүлсэн, Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д зааснаар Хоршооны тухай хуулиар гишүүд шийдвэрлэсэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болох тул маргааны зүйл болж байгаа хөрөнгийг Хоршооны нэр дээр бүртгэх үндэслэлгүй байна.

Харин Хоршооны тухай хууль, дүрэмд зааснаар Дархан сум 7 дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга,  805 м.кв  газар  зэрэг нь гишүүдэд  хуваарилах болон хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэх,  уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлэхээр эсэхийг шийдвэрлэх нь хоршоог татан буулгах комиссын эрх болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны         05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.1.4. гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд  2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үнэ 120,000,000 төгрөг,                       Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үнэ бичигдээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 757,950 төгрөг, 70,200 төгрөг нэхэмжлэгч төлөх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ахмадын мөнх цаст” хоршооноос Д.Х-д Дархан сум ... дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар зэргийг шилжүүлсэн үйлдэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад 70,200, Д.Х-оос А.А-д үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад 757,950 төгрөг, 70,200 төгрөг төлөхөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төлсөн тул дутуу тушаасан 828,500 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар  Д.Х-оос А.А-д  Дархан сум ... дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.
  4. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  даалгасугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн   170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ