Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 125

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00487/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А-д  холбогдох

“Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч А.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Х- нь 1991 онд Ахмадын мөнх цаст хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадууд бидний цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллаж ирсэн. Миний бие өөрийн эх С-гийн төрсөн эгч Б-гийн өргөж авсан охин Ц-ын охин болох А.А-ыг 2008 онд Улаанбаатар хотод ажилгүй, орох оронгүй, ядарч явахад амьдралд нь тусалж дэмжихээр хажуудаа авсан юм. 2017 онд би тархиндаа тал цус харваж, 2018 онд хөлөө гэмтээснээр хүний асаргаанд байх зайлшгүй шаардлагатай болсон ба тус ондоо ахмадын мөнх цаст хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн.

Түүнээс хойш А.А- надад таны үр хүүхэд, ач, зээ нар таныг хаясан, одоо надаас өөр таныг харж хандах хүн байхгүй гэж удаа дараа хэлж, шахаж шаардсаар байгаад миний Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газрыг тус тус 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар түүний нэр дээр шилжсэнээс хойш А.А- нь надтай муухай харьцах нь улам бүр нэмэгдсэн төдийгүй миний үр хүүхэд над дээр ирэхэд түүнийг хөөж, муухай аашилсан. А.А-ын урьд гаргаж байсан сайхан зан харьцаа нь байшин, газрыг өөрийнх болгох санаа зорилготой байсан бөгөөд миний урьд өгсөн газрыг бусдад худалдсан, түүнийгээ надаас нууж худал хэлснийг би сая мэдсэн. Түүнчлэн миний үр хүүхэд бэлэглэлийн гэрээгээр байшин газраа А.А-д шилжүүлэн өгсөн талаар тодруулахаар А.А-аас асуухад Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн гэж худал хэлсэн байна.

Иймд тус бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газрыг миний өмчлөлд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай шаардлагадаа:

Миний эмээ Д.Х- нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 805.0м.кв газрыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийг нь асарч байсан А.А-д бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн өгсөн байдаг. Бид эмээгээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөр дээрээ авсан бөгөөд түүнийг дэргэдээ авахад байдал хүнд, өөрийн хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй, сэтгэл санаа тогтворгүй, зарим зүйлийг мартаж, санах зэрэг бие болон сэтгэлийн маш хүнд дарамтад амьдарч ирсэн мэт байсан. Одоо эмээгийн бие дээрдэж байгаа бөгөөд өөрийн /Ахмадын мөнх цаст хоршооны/ үл хөдлөх эд хөрөнгийг А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснөө ойлгохгүй, тийм зүйл байх учиргүй, А.А- хуурч, буруу ойлголт төрүүлж бэлэглэлийн гэрээ хийж авсан гэж тайлбарладаг бөгөөд эмээ маань өөрөө хоршооны тодорхой нэр бүхий гишүүдэд хуваан өгөх хүсэлтэй байгаа билээ. Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг улсаас өгсөн биш харин эмээгийн маань эрүүл мэндийн байдал хүнд, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн авсан байдаг.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 805.0м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Х-гийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэмэлт тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ

Хариуцагч А.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх Улаанбаатар хотод дотоодын шүдний эмнэлэгт 2006 онд ажиллаж байгаад 2007 онд амралтаа аваад ирэхэд Д.Х- эгч, Н- эгч 2 аавыг очиж гахайчин тахиачин хийж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сард над руу яриад дулаан байхгүй, хувцас авчирч өгөөч гэсэн. Ингээд нөхөр бид 2 шүүр энэ тэрийг янзлаад өгсөн. Манай эмч надад замын зардал 20.000 төгрөг өгөөд явуулсан байсан. 2015 онд Х.Б-гийн аав нь Д.Х- гуайн хүү нь нас барсан. 2013 оноос эхлүүлээд надад өгнө гэсэн яриа байдаг байсан. 2016 онд гишүүд хувааж авна гэж ярьж байсан. 2017 онд би энэ газрыг авахаар явсан. Ингээд Н- гэдэг дүүг нь хотоос авчруулсан. Тэр дүү нь хуурамч итгэмжлэл хийлгээд авсан байсан. Тухайн үед Д.Х- гуай цоо эрүүл ухаантай байсан. Э-, М- гэдэг хүмүүс нийлж хуурамчаар итгэмжлэл үйлдсэн байсан. Бид 2 хамтдаа хоршоог татан буулгах асуудлаар 2-3 удаа яваад удсан. Тэгээд итгэмжлэл хийлгэсэн хүндээ өгөхгүй юм уу гээд холбогдох хүмүүс нь асуухад миний өвгөн болон намайг асардаг байсан энэ хүнд өгнө гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 31 хүртэл ухаан санаа нь сэргэг байсан. Х.Б-г авч яван явтал зүгээр л байсан. Би хуурч залилж, мэхэлсэн зүйл байхгүй. Өөрөө л надад өгнө гээд байсан. Хамгийн анх өндөр насны зөвлөл гэж нээгдсэн юм билээ. 1995 онд Жаргалан гэж хоршоо, 1996 Мөнхцаст хоршоо нээсэн. Тэгээд албан газрын акталсан хөрөнгийг авч босгосон юм билээ. Энэ 7 гишүүн байна гээд байна, хоршоо бол байнга өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлийн дүрэм 2013 онд өөрчлөгдсөн. Түүн дээр 10 хүн байсан, 4 хүн нас барсан. 6 хүн бий. Ч.Х-, П.Б- нарыг гишүүдээр сонгох гэхэд тусдаа ажилтай гээд Д.Я- гуайг ч болгохгүй гэж байсан. Би, Т.Я-, Д.Я-, Х.Ц-, Г.Т-, гээд 6 хүн байна. Энэ бол зөвөөр шийдэж хуулиараа надад ирсэн. Би хувь өгнө гэж хэлж байсан, өөрөө ч тэгж байсан. Д.Х- гуай ухаан санаа нь эрүүл биш байсан бол нотариатч шилжүүлэхгүй байсан. Өөрөө л надад өгнө залуу гишүүн, намайг олон жил асарсан гэж хэлж өгсөн.

Надад өгөхөд нь сэтгэлийн сайхнаар хандаад өгч байна даа гэж бодоод харж хандаж байсан. Үүнийг өгөхөд буруудаад байхгүй, надаас өчнөөн зардал гарсан. Энэ мөнгийг өгчихвөл, буцааж өгөхөд буруудах зүйл байхгүй. Зөв шийдүүлэх хүсэлтэй. Энэ бол миний нэр дээр байгаа, алсдаа үүнийг хуваана гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ахмадын мөнх цаст хоршооны гишүүн Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-ханд, Г.Т-, Ч.Х- нарын нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Х- нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х- нь 1991 онд Ахмадын Мөнх цаст хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадуудын цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллуулж ирсэн. 2018 онд Ахмадын мөнх цаст хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн гэж бичжээ. Д.Х-гийн өмчлөлд ирсэн гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 349.0м.кв талбай бүхий 9.388.300 төгрөгөөр тухайн үед үнэлэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай 1906м.кв /0,2га/ эзэмших эрхтэй газар нь Д.Х-гийн өмч биш харин Ахмадын мөнх цаст хоршооны өмч юм.

Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг нэгтгэж тэднийг ажил орлоготой байлгах зорилгоор Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны /хуучин нэрээр/ 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар Өндөр настны зөвлөл нэртэй анх байгуулагдсан бөгөөд уг зөвлөл нь улмаар Ахмадын мөнх цаст хоршоо болон өргөжин зохион байгуулагдаж 70 гаруй ахмад настныг ажлаар хангаж оёдол, мужаан, гар урлал зэрэг ажлыг хамтран хийж зохих хэмжээний цалин орлого олгож ажиллаж байсан байна. Энэ хоршоо нь 40 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа 7 даргын нүүр үзэж, ихэнх гишүүд нь хорвоогийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж 2018 онд татан буугдах үед нь тус хоршооны гишүүн 9 хүн үлдсэн байдаг. Ахмадын мөнх цаст хоршоо нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан бөгөөд ийнхүү татан буугдах үед хоршооны хөрөнгө болох барилга, газрын талаар гишүүдийн дунд маргаан үүсэж тус хоршооны нэр дээр 2001 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2003008136 дугаарт бүртгэгдсэн 349.0м.кв талбай бүхий барилга, 1906м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хоршооны гишүүд худалдан борлуулж тэнцүү хэмжээтэй хувааж авах талаар тохиролцох хүсэлттэй байсан боловч хоршооны дарга Д.Х- нь зөвшөөрөхгүй байснаар шүүхэд удаа дараа хандаж байсан боловч буцаагдаж байсан байна. Гэтэл Ахмадын мөнх цаст хоршооны дарга байсан Д.Х- хоршооны гишүүдийн зөвшөөрлийг авалгүй нууцаар, хууль бус аргаар дээрх хоршооны хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж улмаар өөрийн хамаатны дүү А.А-ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг хоршооны дээр нэр дурдсан 7 гишүүн Д.Х- нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэж өөрсдийн өмчлөх эрхийг хамгаалуулахаар энэхүү иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор шийдэж өөрсдийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч З.Э- надад олгосон болно.

Ахмадын мөнх цаст хоршооны гишүүн дээрх 7 этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан Ахмадын мөнх цаст хоршооны гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай улсын бүртгэлийн 2003008136 дугаарт бүртгэлтэй 349.0м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай 805м.кв талбай бүхий гэр орон сууцны хашааны газрын эзэмших эрхийг А.А-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүд,

А.А-ын нэр дээр улсын бүртгэлийн 2003008136 дугаарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн 000733843 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ,

Улсын бүртгэлийн Э-2003000898 дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн Иргэний газар эзэмших эрхийн 000054323 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцож дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамтран өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-ханд, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна.

Ахмадын мөнх цаст хоршоо нь Д.Х-г дарга болохоос өмнө 2 га гаруй газартай, 8 тооны барилга байгууламж, мал аж ахуйтай, Зил-130 маркийн машин 2, Газ-53 машин 1, Трактор 2, мужаа, оёдлын цехтэй, бусад аж ахуй эрхлэхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмжтэй орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллаж байсан бөгөөд Д.Х- нь дарга болсноос хойш хоршооны эзэмшил газрыг гишүүдийн зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа бусдад зарж борлуулж хувьдаа ашиг олж байсан, бусад эд хөрөнгийг өөрийн үзэмжээр зарж, татан буугдах үед үлдсэн барилга, газрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул энэ хоршоонд олон жил ажиллаж хувь нэмрээ оруулсан гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул дээрх бие даасан шаардлагыг гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөрөнгийн өмчлөлийг Д.Х-гийн нэр дээр шилжүүлж, Хоршооны тухай хуулийн 38-40 дүгээр зүйлд зааснаар хоршоо татан буугдах ажиллагаа хийгдэж, улсын бүртгэлээс хасагдаж, Д.Х-гийн нэр дээр шилжсэн байсан. Харин Д.Х-гийн нэр дээрээс шилжүүлсэн ажиллагааг А.А- Х.Б-гийн оролцоотой хийсэн бөгөөд Хоршооны тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар татан буулгах шийдвэр гарснаар, хоршоог татан буулгах комисс томилогдож хоршооны хөрөнгийг хуваах ажиллагаа хийх ёстой боловч хоршоог татан буулгах комисс байгуулаагүй, шууд Д.Х-гийн нэр дээр шилжүүлж, бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хоршоо татан буугдахад Д.Х-гийн нэр дээр шилжсэн байсан тул Д.Х-гийн нэр дээр шилжүүлж, манай тал 45 хувийг авч үлдэх хэсгийг хариуцагч нар хэрхэн хуваарилах нь өөрсдийнх нь асуудал, энэ тохиролцоогоор хөрөнгийг хувааж болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.А- нь худал хэлж хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нь 2013 оноос хойш манай эмээ А.А- гэдэг хүнд хоршооны хөрөнгийг шилжүүлж өгнө гэж ярьсан, тийм хүсэл зориг байсан гэдэг талаар ярьсан байдаг. А.А- нь Д.Х-г төөрөгдүүлж, худал хэлж хөрөнгийг шилжүүлж авсан гэж үзэж байгаа бол энэ талаар нотлох баримтыг тайлбар өгч байгаа тал өөрөө гаргаж өгөх ёстой. Хэргийн материалд тийм нотлох баримт байхгүй тул хоршооны хөрөнгийг А.А-ын нэр дээр байлгах нь хуульд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Х-гоос А.А-д Дархан сум 7 дугаар багт байрлах 349м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 0036434 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805м.кв газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-ханд, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ Хоршооны тухай хуулийн заалтыг зөрчиж Д.Х-гийн нэр дээр шилжүүлсэн гэж дүгнээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Гэтэл Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хоршооны тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж дүгнээд хүчин төгөлдөр бусд тооцож байгаа нь огт ойлгомжгүй. Шүүх Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар тус бэлэглэлийн гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар дүгнэж шийдвэрлэхээр байтал тэс хөндлөнгийн хоршооны тухай хуулийг зөрчсөн гэж бэлэглэлийн гэрээтэй холбогдуулж шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Д.Х-гоос А.А-д холбогдуулан “Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй.

2. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай хамтатган хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлдог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1- т “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.” Энэ заалтаас үзэхэд маргааны зүйлийн талаар гэж урьдчилсан нөхцөлийг маш тодорхой тусгаж өгсөн. Гэтэл Д.Х-гийн нэхэмжлэлтэй А.А-д холбогдох “Бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн маргааны зүйл нь худал хэлж төөрөгдүүлж, өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй байхад хэлцэл хийсэн эсэх тухай юм.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох гэрчилгээг хүчингүйд тооцуулж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нь үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйлтэй огт холбоогүй, өөр харилцаанаас үүдэлтэй, өөр үндэслэлтэй, ижил биш агуулгатай байх тул гуравдагч этгээд өөрийн шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр тусдаа шийдвэрлүүлэх нь хууль ёсны дагуу болох юм.

Тодруулбал Хоршооноос нэхэмжлэгч Д.Х- руу шилжсэн хэлцэл нь хууль ёсны дагуу явагдсан тухай юм. Гэтэл шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Мөн Хоршооноос Д.Х- руу шилжүүлсэн хэлцэл нь өөрөө хууль зөрчсөн хэлцэл юм бол энэ хэлцлийг хэн хянаад шийдвэр гаргах бэ гэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс. Гэтэл энэ шийдвэрийг гаргасан төрийн байгууллагыг оролцуулалгүйгээр, тэдний байр суурь, яагаад энэ шийдвэрийг гаргах болсон талаарх тайлбарыг сонсолгүйгээр гуравдагч этгээдийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

З. Шийдвэрийн тогтоох хэсгийн 5-т захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахыг дурдсан, гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “...шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, ... шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж зохицуулсан дээрх алдааг давтан санаатай, санамсаргүй аль нь болох ойлгомжгүй зүйл тусгасан байдаг.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Х-гоос хариуцагч А.А-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газар зэргийг бэлэглэсэн бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамтран өмчлөгчөөр Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгөхийг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэнийг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хангаж Д.Х-гоос А.А-д үл хөдлөх эд хөрөнгө болон газар шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

1. “Бэлэглэлийн гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар:

Нэхэмжлэгч Д.Х-гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан” гэх үйл баримт болон тухайн бэлэглэлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан эсэх нь эрх зүйн хувьд тус тусдаа бие даасан ойлголт юм.

Иргэний хуулийн үндсэн зарчим болон талуудын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-гээр бэлэглэгч нь эрхийн ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргааны зүйл болсон эд хөрөнгүүдийн өмчлөлийн талаар Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-ханд, Г.Т-, Ч.Х- нар хамтран бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдээр оролцсон байна.

Ийнхүү маргааны зүйл болсон эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн талаар маргаан гарсан тул Д.Х-гоос А.А-д 120.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг бэлэглэсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1907 тоот “Бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр гэрээ байсан эсэхийг хянан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Х- нь “Ахмадын мөнх цаст хоршоо”-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүх гишүүдийн хурлаар хоршоо татан буугдаж, хоршооны үлдэх эд хөрөнгүүдийг тэнцүү хуваан авахаар тохиролцон, татан буулгах комиссоор хоршооны даргаар ажиллаж байсан Д.Х-, хоршооны гишүүн Ч.Х-, А.А-, Г.Т-, Т.Я- нарыг томилсон байна.

Гэтэл Д.Х- нь хоршооны үлдсэн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар багт байрлах 349м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байсан барилга болон 805м.кв газар зэргийг тус хоршооны гишүүн байсан Д.Я-, Г.Т- нараар улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргуулан өөрийн нэр дээр зориулалтыг нь өөрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг гаргуулан авчээ.

Улмаар дээрх хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1907 тоот “Бэлэглэлийн гэрээ”-гээр А.А-д шилжүүлэн өгч, бэлэглэсэн үндэслэлээ “...таныг надаас өөр харж хандах хүн байхгүй гэж удаа дараа шаардсаар байгаад авсан...” хэмээн тайлбарлаж байжээ.

Хоршооны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “...хоршооны харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа энэ хуулийн 14, 16 дугаар зүйлийг үндэслэн гишүүдэд хоршооны үлдсэн хөрөнгийг хуваарилна...” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “...Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэхийг хоршооны дүрэмд тусгайлан заагаагүй бол уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлнэ...” хэмээн тус тус заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Х-г хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөлийн бүртгэлийг өөрчлөхийг улсын бүртгэлийн байгууллагад даалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

2. Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “...маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно...”заасны дагуу маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлсэн  талаарх буюу бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар шаардлага болон мөн дээрх хөрөнгүүдийн хамтран өмчлөлийн талаарх шаардлагыг бие даасан шаардлага гаргасан этгээдүүд  шүүхэд гаргасныг шүүх хамтатган шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ  хоршооны гишүүдийн дундын өмчлөлийн буюу  өөрөө дангаар өмчлөх эрхгүй үл хөдлөх хөрөнгүүдийг бусдын өмчлөлд шилжүүлэн бэлэглэлийн гэрээ байгуулсан нь  хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тодорхой болсон тул хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу өмчлөх эрхгүй этгээд өөрийн өмчлөлд байхгүй эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үндэслэлээр Д.Х- болон А.А- нарын байгуулсан бэлэглэлийн  гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан этгээдүүдийн эхний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэстэй юм.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “маргааны зүйл ижил байх шаардлагын тухайд  бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар” маргаан гарсан.

Харин 2 дахь шаардлагын тухайд буюу хоршооны гишүүдийн дундын өмчлөлийг тогтоох нь маргааны зүйлд хамаарахгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээд дээрх шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Маргааны зүйлтэй тухайлбал Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газар зэрэг дурдагдсан хөрөнгөтэй холбоотой боловч уг хөрөнгөтэй холбоотой бүх маргааныг бие даасан шаардлага гэж үзэн нэг хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь  маргааны зүйлтэй холбоотой өөр харилцаанаас ,үүссэн өөр агуулгатай  маргаан байгаа тул нэхэмжлэгч нарын шаардлагын зарим хэсэгтэй холбоотой үүссэн “хэргийг” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв байна.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-, Г.Т-, Ч.Х- нарын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул цаашид энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “Шийдвэр” гаргасан атлаа шийдвэрийнхээ “Тогтоох нь:” хэсгийн 5 дахь заалтад “...захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай...” гэсэн нь ойлгомжгүй, хэргийн оролцогчийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гарган хэргээ хянуулах эрхийг хязгаарласан үйлдэл болжээ.

Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухай хэсгийг нь хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлын “үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хэсгүүдийг нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрийн “...ТОГТООХ нь:...” хэсгийн 2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-ханд, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоох өгнө үү гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-ханд, Г.Т-, Ч.Х- нарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай...” гэснийг  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлын 3 дахь хэсгийг нь хүлээн авч ханган, үлдэх хэсгүүдийг нь хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         

                                                                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                   ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                                   М.МӨНХДАВАА