Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар     001/ХТ2022/01135

 

 

                                  Д.Х-гийн нэхэмжлэлтэй иргэний

                                   хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар магадлалтай,

Д.Х-гийн нэхэмжлэлтэй,

А.А-д холбогдох,

2019.10.28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамтран өмчлөгчөөр Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоолгох тухай гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч А.А, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Х.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, хариуцагч А.А, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Х-гоос хариуцагч А.А-д холбогдуулан 2019.10.28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газар зэргийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлэх гэж тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан, гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамтран өмчлөгчөөр Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Х-гоос А.А-д Дархан сум, 7 дугаар багт байрлах 349 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 0036434 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрийн “...ТОГТООХ нь: ...” хэсгийн 2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 5 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлын 3 дахь хэсгийг нь хүлээн авч ханган, үлдэх хэсгүүдийг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч А.А, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 125 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт “... бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-гээс дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ” гэж дүгнэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь анх шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаснаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилснөөс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ Хоршооны тухай хуулийн заалтыг зөрчиж Д.Х-гийн нэр дээр шилжүүлсэн гэж дүгнээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн 2019.10.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Гэтэл Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Хоршооны тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж дүгнээд хүчин төгөлдөр бусд тооцож байгаа нь огт ойлгомжгүй. Шүүх Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тус бэлэглэлийн гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар дүгнэж шийдвэрлэхээр байтал Хоршооны тухай хуулийг зөрчсөн гэж бэлэглэлийн гэрээтэй холбогдуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.3. Мөн магадлалын хянавал хэсэгт “...бэлэглэгч нь эрхийн ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй”. Гэтэл хоршооноос Д.Х руу шилжүүлсэн хэлцэл нь өөрөө хууль зөрчсөн хэлцэл юм бол энэ хэлцлийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хянаад шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг гаргасан төрийн байгууллагыг оролцуулалгүй, тэдний байр суурь, яагаад энэ шийдвэрийг гаргах болсон талаарх тайлбарыг сонсолгүйгээр гуравдагч этгээдийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хоршооноос Д.Х руу шилжсэн хэлцэл нь хуульд нийцсэн эсэх талаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хариуцагч болох улсын бүртгэлийн байгууллага байсаар байтал алгасан дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь буруу юм.

4.4. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай хамтатган хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.” гэж зааснаас үзэхэд маргааны зүйлийн талаар гэж урьдчилсан нөхцөлийг маш тодорхой тусгаж өгсөн бөгөөд Д.Х-гийн нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн маргааны зүйл нь худал хэлж төөрөгдүүлж, өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй байхад хэлцэл хийсэн эсэх тухай юм. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох гэрчилгээг хүчингүйд тооцуулах нь үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйлтэй огт холбоогүй, өөр харилцаанаас үүдэлтэй, өөр үндэслэлтэй, ижил биш агуулгатай байх тул гуравдагч этгээд өөрийн шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр тусад нь шийдвэрлүүлэх нь хууль ёсны болно. Тодруулбал, хоршооноос нэхэмжлэгч Д.Х руу шилжсэн хэлцэл нь хууль ёсны дагуу явагдсан. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Д.Х-гоос хариуцагч А.А-д холбогдуулан 2019.10.28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр шаардсан, гуравдагч этгээд нараас Д.Х-гоос А.А-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамтран өмчлөгчөөр Т.Я, Д.Б, Д.Я, Х.Ц, П.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан.

 7. Анхан шатны шүүх гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагаас Д.Х-гоос А.А-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн 2019.10.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хэсгийг хангаж, үлдэх хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг (хамтран өмчлөгчөөр тогтоолгох) хэрэгсэхгүй болгосныг хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

8. Нэхэмжлэгчээс “... Миний бие Д.Х нь 1991 онд “А м ц”  хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж 2018 он хүртэл удирдан ажилласан. А.А-ыг 2008 онд Улаанбаатар хотод ажилгүй, орох оронгүй, ядарч явахад нь тусалж дэмжихээр хажуудаа авсан. 2017 онд би тархиндаа тал цус харваж, 2018 онд хөлөө гэмтээснээр хүний асаргаанд орсон, тус ондоо хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн. Түүнээс хойш А.А надад одоо надаас өөр таныг харж хандах хүн байхгүй гэж удаа дараа хэлж, шахаж шаардсаар байгаад миний хөрөнгийг 2019.10.28-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хөрөнгө түүний нэр дээр шилжсэнээс хойш А.А нь надтай улам бүр муухай харьцаж, миний үр хүүхэд над дээр ирэхэд хөөж, муухай аашилсан... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Би хуурч залилж, мэхэлсэн зүйл байхгүй. Өөрөө л надад өгнө гээд байсан... 1995 онд “Жаргалан”, 1996 онд “А м ц”  хоршоог тус тус нээсэн. Тэгээд албан газрын акталсан хөрөнгийг авч босгосон, хоршоо бол байнга өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлийн дүрэм 2013 онд өөрчлөгдсөн... Би болон Т.Я, Д.Я, Х.Ц, Г.Т гээд 6 хүн байна... Д.Х гуай ухаан санаа нь эрүүл биш байсан бол нотариатч шилжүүлэхгүй байсан. Өөрөө л надад өгнө, залуу гишүүн, намайг олон жил асарсан гэж хэлж өгсөн... Надаас өчнөөн зардал гарсан, уг мөнгийг өгчихвөл, буцааж өгөхөд буруудах зүйл байхгүй. Зөв шийдүүлэх хүсэлтэй ...” гэжээ.

Гуравдагч этгээд нараас “... Д.Х-гийн өмчлөлд ирсэн гэх ... хаягт байрлах 349.0 м.кв талбай бүхий 9,388,300 төгрөгөөр тухайн үед үнэлэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах барилга, ... байршилтай 1906 м.кв /0,2га/ эзэмших эрхтэй газар нь Д.Х-гийн өмч биш, харин “А м ц”  хоршооны өмч юм... Анх Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1975.04.15-ны өдрийн 47 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд уг зөвлөл нь “А м ц”  хоршоо болон өргөжин зохион байгуулагдсан. Хоршоо 2018.05.24-ний өдөр татан буугдах үед хоршооны хөрөнгийн талаар гишүүдийн дунд маргаан үүсэж, барилга, газрыг хоршооны гишүүд худалдан борлуулж тэнцүү хэмжээтэй хувааж авах талаар тохиролцох хүсэлттэй байсан боловч хоршооны дарга Д.Х нь зөвшөөрөхгүй байснаар шүүхэд удаа дараа хандаж байсан. Гэтэл Д.Х хоршооны гишүүдийн зөвшөөрлийг авалгүй нууцаар, хууль бус аргаар хоршооны хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар өөрийн хамаатны дүү А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг дараа мэдсэн. Иймд Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан бэлэглэлийн гэрээнүүд болон А.А-ын нэр дээр улсын бүртгэлийн 2003008136 дугаарт бүртгэсэн 000733843 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Э-2003000898 дугаарт бүртгэсэн иргэний газар эзэмших эрхийн 000054323 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамтран өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарыг тогтоож өгөхийг хүсэж байна...” гэжээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...маргааны зүйл болж байгаа барилга, газар зэргийг нэхэмжлэгч Д.Х-гийн нэр дээр шилжүүлэхдээ Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 болон дүрэмд заасан ажиллагааг хийгээгүй, үүнийг хариуцагч мэдэж байсан байна. Д.Х-гоос бэлэг хүлээн авагч А.А-д бэлэглэлийн гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй, харин “А м ц”  хоршоо татан буугдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд нарыг тогтоох үндэслэлгүй, Хоршооны тухай хууль, дүрэмд зааснаар тухайн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх нь татан буулгах комиссын эрх болно...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... шүүх гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гуравдагч этгээд нарын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь маргааны зүйлд хамааралгүй байх тул уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...”  гэж дүгнэсэн.

11. Хариуцагч талын гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй боловч шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгааг, мөн шүүхийн зарим дүгнэлтийг залруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.

12. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан 2019.10.28-ны өдрийн 1907 тоот бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Х-гоос хариуцагч А.А-д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох барилга, газар (эзэмших эрх) нь “А м ц”  хоршооны хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээр хөрөнгийг Хоршооны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 болон холбогдох бусад заалтыг зөрчиж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, улмаар уг хөрөнгийг хариуцагчид бэлэглэсэн, хариуцагч тухайн хөрөнгийг хоршооны хөрөнгө болохыг мэдэж байснаас үзвэл, маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.

13. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан “бэлэглэгчийг гомдоосон, өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ байгуулсан” гэх үйл баримтын талаар тодорхой дүгнэлгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ тусгаагүй байхад давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хангаж... шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь оновчгүй болжээ.

14. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А.А нь нэхэмжлэгчийг гомдоосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан “эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон ... үедээ илэрхийлсэн...” гэсэн үндэслэлээр тухайн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, түүнчлэн дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасны дагуу “хууран мэхэлж хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийн аль аль нь тогтоогдохгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох” шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч Д.Х-гийн нэхэмжлэлийн зорилго биелэгдсэн боловч хоршооны гишүүдтэй маргах үндэслэл бий болсон байна. 

15. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын зарим хэсэг болох “хоршооны гишүүдийн дундын өмчийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага нь маргааны зүйлд хамаарахгүй, өөр харилцаанаас үүссэн, өөр агуулгатай тул “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох” үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Учир нь, “А м ц”  хоршоо татан буугдах үед хэдэн гишүүн байсан, нэхэмжлэгч, хариуцагч нар мөн хоршооны гишүүний хувьд шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус буюу маргааны зүйл нь өөр байна.  

16. Хэдийгээр гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын зарим хэсэг хангагдаж, маргаан бүхий бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсоноор гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр сэргэх боловч энэ нь тухайн хөрөнгийг нэхэмжлэгч Д.Х өмчлөх эрхтэй болохыг (энэ шүүхийн шийдвэрээр) тогтоож буй хэрэг биш юм. Уг хөрөнгийн өмчлөх эрхийн талаар “А м ц”  хоршоо татан буугдах үед хоршооны гишүүн байсан иргэд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

17. Иймд “... Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, хэрэгт хамааралгүй Хоршооны тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй, улсын бүртгэлийн байгууллагыг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь буруу, хоршооноос нэхэмжлэгчид шилжүүлсэн хэлцэл хууль ёсны байхад шүүх гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... тул шүүхийн шийдвэр, магадлалд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Дээр дурдсан (Хянавал хэсгийн 12-13) үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй тул талуудын зарчимтай зөрчилдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын эхэнд “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Х-гийн 2019.10.28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0 м.кв газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.Х-гийн өмчлөлд буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...” гэж, “...56.1.1-д зааснаар” гэсний дараа “гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж ...” гэж тус тус нэмж, шийдвэрийн 3 дахь заалтын “... хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д,” гэснийг хасаж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ