| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2020/02567/И |
| Дугаар | 001/ХТ2022/01218 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2022/01218
| 2022 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 001/ХТ2022/01218 |
Баамтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2423 дугаар магадлалтай,
Баамтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй
Визардконстракшн ХХК-д холбогдох
Ажлын хөлс 6,346,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Баамтрейд ХХК нь хариуцагч Визардконстракшн ХХК-д холбогдуулан ажлын хөлс 6,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Визард констракшн ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,346,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баамтрейд ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2423 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 116,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
4.1 Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:
4.1.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Баамтрейд ХХК, хариуцагч Визард констракшн ХХК-иуд нь 2017.02.20-ны өдрийн Тохиролцооны гэрээ байгуулж, ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хойно барьж ашиглалтад оруулсан 18 дугаар байрны 1 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгт тооцуулан Баамтрейд ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон байна гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тохиролцооны гэрээг байгуулаагүй байхад буюу 2017.01.11-ний өдөр уг авто зогсоолыг Баамтрейд ХХК-ийн захирал Д.Амараагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байхад /хх-6/ Тохиролцооны гэрээ"-ний дагуу шилжүүлсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл уг тохиролцооны гэрээ нь авто зогсоол шилжүүлсний дараа буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.11 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
4.1.2. Мөн хэсэгт Зохигч талууд 2014 онд Хан-Уул дүүрэг, Ар Зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашааны ажил гүйцэтгэх гэрээг 12,458,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, Баамтрейд ХХК уг ажлыг хийж гүйцэтгэн, Визард констракшн ХХК нь ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлсөн..." гэжээ. Баамтрейд ХХК нь тус ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 2,458,000 төгрөг /бүрэн хийж дуусгаагүй ажлын төлбөр/ болон Оймон ХХК-тай байгуулсан 53,365,500 төгрөгийн үлдэгдлийг Визард констракшн ХХК-ийг төл гэж өдөр бүр компани дээр ирж шахаж шаардаж, ажил хийлгэх боломжгүй байдалд хүргэж дарамталж байсан учир дээр дурдсан авто зогсоолыг шилжүүлж өгсөн талаар тайлбарласан. Уг тайлбарыг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/ нотлох бөгөөд түүнийг давхар нотлохоор Оймон XXК, Баамтрейд ХХК-ийн хооронд байгуулсан Энглиш Гарден хотхоны ажил гүйцэтгэх гэрээг /Визард констракшн ХХК-д хийсэн гэх ажил давхардсан байгаа/ гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан /хх-61/ боловч хүсэлтийг хангахаас татгалзаж /хх-62/ хариуцагчийн эрхийг зөрчсөн. Түүнчлэн 2020.09.14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баамтрейд ХХК-ийн хийсэн гэх ажлыг шинжээч томилуулж, үнийн дүнг тодорхойлох зорилгоор дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хэлэлцэхгүй орхиж оролцогчийг нотлох үүргээ биелүүлэх боломжгүй байдалд тус тус хүргэсэн.
4.1.3. 2014.05.28-ны өдрийн 03 тоот гэрээгээр хийх ажлын нийт өртөг 12,458,000 төгрөг болохоор байсан боловч гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй хашааны бетон суурь ажлын хөлс 102.5 m2 талбай 1,025,000, бетон хашаа 42.5 м2 ажлын хөлс 850,000, 207.85 m2 ажлын хөлс 6,235,500 төгрөг, нийт 8,110,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй хариуцагч өөрийн компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн /хх- 25,33, 52-53/ юм. Энэ талаар даргалагчаас Баамтрейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ажил гүйцэтгэх гэрээ хаана байгаа вэ. Ажил хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн акт хаана байгаа вэ? 26,340,000 төсөвтэй ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн ажил гүйцэтгэх гэрээг Визард констракшн ХХК авсан гэж тайлбарласан. Тохиролцооны гэрээний үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээ байхгүй тохиолдолд танай компани өөр байдлаар нотлох үүрэгтэй. Тэгэхээр эдгээрийг хэрхэн нотлох вэ? Та шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох ёстой. Тэгэхээр тохиролцооны гэрээ нь шаардах эрхийн үндэслэл болох юм уу гэх зэргээр нотлох баримт байгаа эсэх талаар нэхэмжлэгч талаас асуухад Баримт байхгүй гэж хариулсан болно /шүүх хуралдааны тэмдэглэлийн засвар оруулсан 7 дахь тал/.
4.1.4. Мөн ҮНДЭСЛЭХ хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний онцлог зохицуулалтаар гэрээний талууд ажлын хэмжээг тогтоохоор гүйцэтгэх ажлын төсөв зохиох, хөлс төлөх арга журам, хугацаа зэргийг тохирох ба нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаагүй боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг тул шүүх талуудыг ажлын үр дүнг тохирсон байна гэж үзэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна гэжээ. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ажил гүйцэтгэсэн талаар баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба шүүх түүнийг нотлох баримтгүйгээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчиж гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй байхад талууд ажлын үр дүнг тохирсон байна гэж хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.
4.2 Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар:
4.2.1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт 2017.02.20-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хойно барьж ашиглалтад оруулсан 18 дугаар байрны 1 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгт тооцуулан Баамтрейд ХХК-д өгөхөөр харилцан тохиролцсон гэж тухайн авто зогсоол өмнө нь шилжсэн байхад гэрээ байгуулсны дараа өгөхөөр тохиролцсон гэж дүгнэж анхан шатны шүүхийн алдааг залруулаагүйд гомдолтой байна. Тодруулбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн ... гэжээ. Гэтэл уг тохиролцооны гэх гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус, байх хэлцэл буюу авто зогсоол шилжсэн байхад нөхөж хийсэн байна.
4.2.2. Мөн хэсэгт ... нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна" гэж дүгнэсэн. Баамтрейд ХХК нь тус компаниас хийсэн ажлын хөлс нэхэмжилж байгаа боловч уг хийсэн гэх ажлаа гүйцэт дуусгаагүй болохыг хариуцагч өөрөө гүйцээж хийсэн талаар нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай манай компанид хийж гүйцэтгэсэн гэх ажлыг Оймон ХХК-тай гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн болохыг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаагүй нь зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй ба оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн юм.
4.2.3. Мөн хэсэгт ... хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт ач холбогдолгүй ... гэжээ. Энэхүү хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хэрэгт ач холбогдолтой бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор Баамтрейд" ХХК-ийн хийсэн гэх ажлыг шинжээч томилуулж, үнийн дүнг тодорхойлох зорилготой юм. Ингэснээр маргаан бүхий ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг нэхэмжлэгчийн амаар бус бодитоор тогтоолгох ач холбогдолтой төдийгүй үндэслэл бүхий шийдвэр болох юм. Иймд хэргийг хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч Баамтрейд ХХК нь хариуцагч Визард констракшн ХХК-д холбогдуулан 6,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...төмөр хашааг нийт 26,346,000 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн. ... нийт 10,000,000 төгрөгийг бэлнээр ... авсан. 2017.02.20-ны өдөр ... дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгт тооцуулан өгсөн, ... үлдэгдэл 6,346,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй.... гэж тайлбарлаж байх бол хариуцагч ... ажлын ... нийт өртөг нь 12,458,000 төгрөг болсон ... 10,000,000 төгрөгийг төлсөн ...... Гэтэл ... 8,110,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй бид өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Компанийн эзэмшлийн 15 сая төгрөгийн үнэтэй автозогсоолыг байнга дарамталсны улмаас өгсөн. гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба авто зогсоолыг дарамт шахалтаас өгсөн нь тогтоогдсонгүй гэж дүгнэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хариуцагч Визард констракшн ХХК-иас 6,346,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баамтрейд ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
8. Талууд 2014.05.28-ны өдөр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Инглиш Гарден хотхоны гадна төмөр хашаа /өөрийн материалаар 171.8 метр хашаа төмөр, нийт 20 ширхэг/ барих ажлыг 12,458,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон /хх-ийн 36-р тал/ байх ба шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. Харин нэхэмжлэгч анх төмөр хашааг барихаар тохирсон бол ажлыг хийх явцад төмөр хашааны суурийг хийхээр ажлын цар хүрээ нэмэгдэн, улмаар ажлын хөлс 26,346,000 төгрөг болсон гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа гэрээнд заасан ажил үүргийг дутуу гүйцэтгэсэн, ажлын хөлсийг энэ хэмжээгээр төлөх үндэслэлгүй гэснээс үзвэл ажлын цар хүрээ, түүнийг даган үнэ хөлс нэмэгдсэн эсэх, ажлыг дутуу гүйцэтгэсэн эсэх асуудал нь тус маргааны зүйл болжээ.
10. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулсан, мөн ондоо 10,000,000 төгрөг хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрөө өгөөгүй тул 2017 онд Тохиролцооны гэрээ байгуулан төлбөрөө хэрхэн авах талаар тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч 2014 онд гэрээ байгуулсан, тухайн үед 10,000,000 төгрөгийг өгсөн талаар маргаагүй боловч удаа дараагийн дарамт шахалтаас болж 2017 онд автозогсоолыг нэмж шилжүүлсэн, энэ нь тохиролцооны гэрээг 2017.02.20-ны өдөр байгуулсан атлаа автозогсоолыг мөн өдрөөс өмнө буюу 2017.01.11-ний өдөр шилжүүлснээр нотлогдоно гэж тайлбарлажээ.
11. Талуудын хооронд 2017 онд байгуулсан Тохиролцооны гэрээнд гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга, тэдгээрийн төмөр бетон суурь/-ийг 26,346,000 төгрөгөөр хийсэн талаар талууд баталгаажуулсан /хх-ийн 7-р тал/ байх тул ажлын цар хүрээ нэмэгдэн 171.8 м урттай 20 ширхэг төмөр хашааны ажил дээр төмөр хаалга, бетон суурийн ажил нэмэгдэн, улмаар ажлын хөлс өссөн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
12. Түүнчлэн тохиролцооны гэрээ байгуулсан огноо болон автозогсоолын өмчлөх эрх шилжүүлсэн огнооны зөрүүтэй байдал нь дангаараа гэрээний зүйлийг дарамт шахалтын улмаас шилжүүлснийг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй тул энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй, хүлээн авсан ажлын хөлсөнд автозогсоолыг тооцон шилжүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасантай нийцжээ.
13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох баримтын хүрээнд тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан тохиролцооны гэрээ ба үйл баримтын хамаарлыг бүрэн үнэлж дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зохигчийн гаргасан хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг хангаагүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2423 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Визард констракшн ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.