Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01274/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ...р хороо, ... гудамж, Х банкны төв байр /РД:..., утас: ..., ../,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банкны Д салбарын зээлийн менежер Д.О /утас:.../

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, .. дүгээр баг, ... дугаар хороолол, .. дугаар байр, .. тоотод оршин суух ... овгийн Б.Э /РД:..., утас:.../,

 

“... 15,811,089.91 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Иргэн Б овогтой Э нь Х банктай 2018 оны 05 дугаар сарын          30-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 05 сарын 30-ны өдөр зээлдэгч Б овогтой Э-ийн Х банк дахь ... дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,160,178.89 төгрөг, зээлийн хүүд 3,633,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28,557.25 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан ... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 386 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ... дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт  үндсэн зээлийн төлбөр 13,039,821.11 төгрөг, 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 2,686,016.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг, нийт 15,811,089.91 төгрөгийг Б.Э-ээс гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Э би Х банктай 2018 оны 05 сарын 30-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Би зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс зээл төлөлт тасалдсан. Зээлийн гэрээний хуваарь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 8,682,207 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэдийгээр би энэ хугацаанаас хойш зээлийн гэрээний үндсэн хугацаа бүрэн дуусаагүй 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусна. Миний хувьд Х банктай байгуулсан гэрээг цуцлахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж хугацааг сунгуулах аль эсвэл улс оронд цах тахал гарсан, орлого алдсан шалтгаан нөхцөлөөс зээлийг 12 сараар царцаах санал хүсэлтэй байна. Нэхэмжлэгч талаас уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл одоо шаардаж байгаа 15,811,089 төгрөгийг төлөх боломж одоогоор байхгүй байна. Иймд надад холбогдуулж гаргасан 15,811,089 төгрөгийн шаардлагаас 8,682,207 төгрөг төлөхийг зөвшөөрнө, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х банк ХХК хариуцагч Б.Э-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг зээл 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. Хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс зээл төлөлт тасалдсан. Үлдэгдэл зээл 8,682,207 төгрөг байсан. Гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусна. 15,811,089 төгрөгийн шаардлагаас 8,682,207 төгрөг төлөхийг зөвшөөрнө, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 “ зохигч  хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн зүйлийн 6.5 зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгчийн талд оролцож буй төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, 107.3 хариуцагч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилсан.

Өөрөөр  хэлбэл зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын  30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 17,100,000  төгрөгийг 48 сарын хугацаатай, төлбөрийг сар бүр тэнцүү хэмжээгээр буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг өөрийн цалинг, түүнтэй адилтгах орлогоос, 3.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийн эргэн төлөлт 2018 оны 07 дугаар сарын 02-ноос сар бүр тэнцүү хэмжээгээр  төлөх үүрэгтэй байсан.

Хариуцагч Б.Э зээлийг ашиглах хугацаанд буюу 2019  оны 06 дугаар сарын 27 -ны өдрөөс зээлийг хэсэгчлэн төлсөн 2020 оны 09 дүгээр сарын 28 хүртэл зээлийг эргэн төлж байснаас 2019 оны 10 дугаар сарын 31-нд 130,000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-нд 100,000 төгрөг тус тус төлж, зээлийн гэрээний үүргийг сар бүр 506,534.11 төгрөгөөр төлөх үүргээ биелүүлээгүй шалтгааныг ... хүүхэд төрүүлэн хүүхэд асарсны чөлөөтэй байгаагаас цалингаас төлөх боломжгүй болсон .. гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.2.6-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлж дуусгахаас өмнө 2 болон түүнээс дээш сарын хугацаанд амралт /ээлжийн амралт хамаарахгүй/ чөлөө авах тохиолдолд энэ тухайгаа банкинд урьдчилан мэдэгдэж, холбогдох нөхөн олговроос үлдэгдэл төлбөрийг төлнө  гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө мөнгө буюу шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ.  

Зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ч зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул шүүх Хаж тооцов.

Иймд гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлсэн тул зээлийн үлдэгдэл төлбөр 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулан Х банк ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хариуцагч Б.Э-ийн ... хүүгийн хувиас багасгах,  зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж  хугацааг сунгуулах, орлого алдсан шалтгаан нөхцөлөөс зээлийг 12 сараар царцаах санал.. тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн авч Монгол банкны бодлогын хорооноос гаргасан чиглэлийн дагуу талууд харилцан зөвшилцөлд хүрээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс зээлийн үлдэгдэл төлбөр  13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулан Х банк ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 237,005  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Э-ээс 236,579 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ